| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 2319 00000 0218 |
| Дугаар | 2025/ХШТ/03 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 20.16.1., 10.1.2.1., 10.1.2.11., |
| Улсын яллагч | Г.Мөнгөншагай |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ХШТ/03
Г.О, Б.Ш нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнгөншагай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Ж.Хүдэрчулуун, шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, М.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар магадлалтай Г.О, Б.Ш нарт холбогдох 2319 00000 0218 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, М.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 2000 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, вагон үзэгч, засварчин мэргэжилтэй, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын ... сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан, ам бүл 3, эх, ахын хамт Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн О /РД: ... /;
2.Монгол Улсын иргэн, 1998 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаа-эрх зүйч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын ... ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Ш /РД: ... /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О, Б.Ш нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн үед Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг ... задгай тоотод Б.Ц-ийг шалтгаангүйгээр бүлэглэн толгой, нуруу, цээж хэсэгт нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож биед нь их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн чих орчмын толгойн хуйхны доорх зөөлөн эдийн цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, доод уруулын гадна салст, цээжний цус хуралт, доод уруулын гадна салст, зүүн чихний дэлбэн, баруун мөр, цээж, нурууны зулгаралт гэмтлүүд бүхий олон тооны гэмтэл шарх учруулан төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд оруулан онц харгис хэрцгийгээр алсан,
мөн дээрх цаг хугацаанд дээрх газарт дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Б.Ш, Г.О нар нь бүлэглэн, О.А, Д.М, Б.Э нарт хүч хэрэглэж, бие махбодын халдашгүй байдалд халдаж, нүүрэн тус газруудад нь цохиж, хэрүүл маргаан үүсгэж олон нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Г-ийн О, Б овогт Б-ын Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар бүлэглэн, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.О, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тус бүр 13 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Б.Ш-ын нарын цагдан хоригдсон 297 /хоёр зуун ерэн долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 15.703.813 төгрөгөөс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, оршуулгын зардалд шүүгдэгч тус бүрээс 6.851.906,5 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч тус бүрээс 49.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т олгохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 4 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, 74 см урттай улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн мод 1 ширхэг, хар хөх өнгийн оймс 1 ширхэг, саарал өнгийн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаас 1 ширхэг, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон маарал 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн алчуур 1 ширхэг, цагаан өнгийн маарал 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр 4, 5, 6 дугаараар тэмдэглэсэн цэгээс хураан авсан улаан өнгийн зүйлээр бохирлогдсон шороо 3 уут, 00113396 дугаартай 5 миль литрийн хуруу шилтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шороо 1 ширхэг, 00112940 дугаартай 5 миль литрийн хуруу шилтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шороо 1 ширхэг, 00112816 дугаартай 5 миль литрийн шилтэй шороо 1 ширхэг, 0.75 литрийн багтаамжтай “Хараа” нэртэй архины шил 4 ширхэг, 0,75 литрийн багтаамжтай “Экс” нэртэй архины шил 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан толботой хар хөх өнгийн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад “Иргэний хуулийн...511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар ...сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч тус бүрээс 49.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т олгосугай” гэснийг хасаж, 8 дугаар заалтад “...0,75 литрийн багтаамжтай “Eden” нэртэй архины шил 1 ширхэг, 0,5 литрийн багтаамжтай ногоон “Экс” нэртэй архины шил 1 ширхэг...” гэж нэмж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 50 тоот магадлалын тогтоох хэсгийн 1-д дурдсан Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч тус бүрээс 49.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т олгосугай” гэснийг өөрчлөлт оруулж шийдсэн байдал нь хууль зүйн хувьд учир дутагдалтай байна. Учир нь сэтгэл санааны хохиролд гаргуулсан 99.000.000 төгрөгийг үндэслэлгүй байна гэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ үндэслэлээ сэтгэцэд учирсан зэрэглэл тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын хэмжээнд сэтгэцэд учирсан зэрэглэлийг тогтоодоггүй байсан ба холбогдох хууль тогтоомжид тулгуурлан шийдвэрлэж байсан бөгөөд тухайн хуулийн зохицуулалт нь байхад бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Иймд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 50 тоот магадлалын 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх шийдвэр гаргахдаа дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй орхигдуулж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр гаргасан байх ба давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчийн дүгнэлт, давж заалдах гомдолд дурдагдсан үйл баримтууд нь хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар нэг ч дүгнэлт хийлгүйгээр хэт яллах талыг баримталсан, цагаатгах талын баримтуудыг үгүйсгэж няцаагаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох хуульд заасан бүхий л арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй байдаг. Гэтэл энэ хэрэгт хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотлон тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг бүрэн гүйцэт тодруулаагүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн нь тус гэмт хэргийг үйлдсэн жинхэнэ гэмт этгээдэд ял завших боломжийг олгож, миний үйлчлүүлэгч Б.Ш-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос дүгнэх нөхцөл байдлыг бий болгоод байна.
Шүүх талуудын мэтгэлцээн, шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэх дүгнэх байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, улмаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох шаардлагатай. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон, тодорхойлсон баримтгүй бөгөөд шүүгдэгч нар нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр оройн цагаар цагдаагийн байранд амарч байх үед нь талийгаач, иргэн Б.Ц-ээс дуудлага ирж, тухайн байрнаас 10 гаруй км зайтай дуудлага өгсөн газар буюу талийгаач Б.Ц-ийнд очсон талаараа мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн газарт ямар шалтгаан нөхцөлийн улмаас очсон, шүүгдэгч Б.Ш, Г.О нар нь өөрсдөө ямар нэгэн шалтгаангүйгээр тухайн газарт очсон уу, эсхүл цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх, дуудлага мэдээллийн дагуу ажиллах, гэмт хэрэг зөрчлийг талсан зогсоох зорилгоор очсон уу гэдгийг нь тогтоох нь хэргийн шийдвэрлэлтэд чухал ач холбогдолтой байсан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 10.3 дугаар зүйлд “Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах” гэмт хэргийн талаар хуульчилсан. Тус гэмт хэргийн субъект нь гэмт хэрэг үйлдсэн хүн, оргосон ялтныг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох эрх бүхий этгээд буюу хууль сахиулагч байх ба тухайн этгээд албан үүргээ гүйцэтгэх үедээ хохирогч этгээдийн үйлдсэн гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохирохгүй үйлдэл хийж, тухайн хүнд зайлшгүй хохирол учруулж саатуулах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад халдсанаар хүний амийг хохироосон бол дээрх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Нийтийн хэв журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн байгууллагын албан хаагч Б.Ш дуудлагын дагуу очиход талийгаач Б.Ц, тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэх этгээдүүд бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь өөрсдийнх нь мэдүүлгээр тогтоогддог. Гэрчүүдийн мэдүүлгээр бол гэнэт л бүгд амар тайван байх үед хаанаас хэн дуудсан нь тодорхойгүй хоёр цагдаа ирээд л бүгдийг нь зодож цохисон мэтээр тайлбарлаж байгаа нь илт үндэслэлгүй, дээрх гэрчүүд нь нэгдмэл ашиг сонирхолтой, ямар нэгэн үйл баримтыг нуун дарагдуулж байгаа гэж үзэхээр байна. Хэрэв дуудлага өгөөгүй бол шөнийн цагаар, хүнээс машин гуйж 10 км зайтай газар луу Б.Ш яах гэж очих вэ гэдгийг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсанд гомдолтой байна.
Гэтэл мөрдөгч, прокурор цагдаагийн байгууллагын албан хаагчид дуудлагын дагуу ажиллаж байгаад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудлыг огтхон ч шалгаагүй орхигдуулсан байна. Миний үйлчлүүлэгч Б.Ш нь иргэнээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нийтийн хэв журмыг алдагдуулсан үйлдлийг таслан зогсоох, цагдаагийн албан хаагчийн үүрэг гүйцэтгэх зорилгоор хэргийн газар очсон үйл баримт тогтоогдож байна. Харин бусдын биед халдсан, талийгаачийг онц харгис хэрцгийгээр бүлэглэн алсан гэж үзэх үндэслэл хангалттай нотлогдон тогтоогдоогүй байх ба хэрэв ийм үйл баримт тогтоогдсон байна гэж үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ш, Г.О нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ тангараг өргөсөн, цагдаагийн байгууллагын албан хаагчид байсан, мөн Б.Ш нь тухайн гэмт хэрэг гарсан бүс нутгийг хариуцан хууль сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсох, гомдол мэдээллийн дагуу ажиллах үүрэгтэй этгээд байсан нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийх үндэслэл болсон гэж үзэхээр байна.
Түүнчлэн хэрэг болсон цаг хугацаанд өөр этгээдийн бие махбодод гэмтэл учирсан байж болзошгүй үйл баримт тогтоогдож байхад тус этгээд буюу энэ хэрэгт хамааралтай байж болзошгүй этгээд М.М-ыг хэрэг болсон цаг хугацаанаас хойш 49 хоногийн дараа гэрчээр асуусан нь үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Үнэхээр хэрэг болсон цаг хугацаанд тус хэргийн газарт байсан хэн нэгний биед гэмтэл учирсан байсан бол тухайн үед мэдүүлэг өгч байсан гэрчүүд мэдүүлэх ёстой. Гэтэл хэрэг гарснаас хойш шалгалтын ажиллагаа явагдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх үйл баримтын талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсний дараа тухайн этгээдийг гэрчээр дуудаж асуусан байдаг. Хэргийн газарт байсан талаар бусад этгээдүүд мэдүүлсээр байхад тухайн этгээд өөрөө “Би согтуу байсан учраас болсон асуудлыг мэдэхгүй байна” гэх талаар мэдүүлсэн байгааг бид хэргээс шинжлэн судлууллаа. Тэгэхээр талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь цагдаагийн байгууллагын алба хаагчдыг очихоос өмнө үүсэж, энэ нь хохирогч Б.Ц-ийг цагдаад дуудлага өгөх шалтгаан нөхцөл болсон эсэхийг үгүйсгэх аргагүй. Гэтэл энэ эргэлзээтэй нөхцөл байдлуудыг шалгаж тогтоогоогүй орхигдуулсан.
Шинжээчийн 2023 оны 10 дугаар 23-ны өдрийн №937 дугаартай дүгнэлт /2хх140-146/-д: “... Амь хохирогч Б.Ц-ийн биед учирсан их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн чих орчмын толгойн хуйхны доорх зөөлөн эдийн цус хуралт, зүүн чихний дэлбээн дэх зулгаралт, цус хуралт гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ...” гэж тодорхой тусгасан байдаг. Шүүгдэгч Г.О, Б.Ш нар нь гэмт хэрэг үйлдэхээр нэгдээд, хүнийг алах санаа зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор нэг нэгнийхээ үйлдлийг дэмжээд, нэг нь гарыг нь барьж байгаад, эсхүл дарж байгаад нөгөөх нь зодоод цохиод байгаа үйл баримт огт байхгүй. Тэгэхээр шүүгдэгч нар нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийг бүлэглэж учруулсан уу, эсхүл хэн нэгэн этгээдийн бие даасан үйлдлийн улмаас учруулсан уу гэдгийг тогтоох ёстой байсан.
Хэргийн газар биеэр байсан, хохирогчийн биед халдсан үйлдлийг харсан гэх гэрч Д.М нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2 удаа мэдүүлэг өгөхдөө “... Г.О гэх залуу Б.Ц ахыг чимээгүй бай, чамайг ална шүү гэж хэлээд нүүрэн тус газарт нь өшиглөсөн ...” /1хх.66-67/ гэх мэдүүлгийг, “... Б.Ц ахын гэрийн баруун талд Б.Ц ахыг газар унагаачихсан. туранхай өндөр залуу /сүүлд нь очсон хойноо Г.О гэж нэрийг нь мэдсэн/ хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Яг хаашаа өшиглөсөн гэдгийг нь мэдэхгүй байна. Хажууд нь Б.Ш урагшаа хараад явган суучихсан байсан. Г.О нь углааш өмссөн байсан бөгөөд нэг хөлөөрөө талийгаачийн нуур орчимд өшиглөсөн. Талийгаач өшиглөх үед сууж байгаад унаагүй бөгөөд өшиглөснөөс хойш газар хэвтсэн” /1хх 72/ гэх мэдүүлгийг өгсөн байгаа бөгөөд шүүгдэгч Г.О-ийн өөрөө үйлдсэн, миний үйлчлүүлэгч Б.Ш-ын ямар нэгэн үйлдэл оролцоогүйгээр үйлдэгдсэн тухайн үйлдлээс шалтгаалан талийгаачийн биед үхэлд хүргэх шалтгаан нөхцөлийг үүсгэсэн хүнд гэмтэл учирсан байх бүрэн боломжтойг харуулж байна. Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан орон байранд үзлэг хийсэн тэмдэглэлд “Дорноговь аймгийн ... сумын 3 дугаар багт байрлах Цагдаагийн байранд хийхээр тогтов. ... хувцаснуудыг дэлгэн үзүүлэхэд албаны хээрийн хувцасны хар өнгийн өмд байх ба тухайн өмдийг дэлгэн үзэхэд баруун урд талын шуумаг болон баруун хажуугийн холбоос зэрэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв /шүүгдэгч Г.О-ийн өмд/”, 1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дугаар талд авагдсан №3785 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Шинжилгээнд хүргүүлсэн хөх өнгийн өмд /Г.О-ийн хураагдсан өмд/ дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь хүнийх мөн. Нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Б.Ц-ийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд хүргүүлсэн хөх өнгийн өмд дээр илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б.Ц-ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх баримтуудыг үзэхэд шүүгдэгч Г.О нь талийгаачийг өшиглөсний улмаас түүний өмд нь талийгаачийн цусаар бохирлогдсон гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байгаа юм.
Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч Б.Ш болон шүүгдэгч Г.О нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо энэхүү үйлдлийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарыг нэр бүхий гурван этгээдийн биед халдаж, нийгмийн хэв журмыг зөрчсөн, бусдад хүч хэрэглэсэн гэж буруутгаж байгаа боловч бодит байдалд дээрх нэр бүхий этгээдүүд болох О.А, Д.М, Б.Э нар нь шүүгдэгч Г.О-ийн эсрэг буюу цагдаагийн албан хаагчийн эсрэг хүч хэрэглэж, Г.О-ийн биед баруун гуяны ар, баруун гарын шууны ар, хүзүүнд ил харагдах шарх, шуунд зүсэгдсэн шарх, баруун гуяны хойд талд цус хурсан шарх, хөлд нидэрсэн шарх учруулсан, хүзүүнд учирсан шарх нь бусдад боолгуулсан нөхцөл байдлын улмаас үүссэн болох нь тогтоогдсон /2хх 93-98 Баривчлан цагдан хорих шийдвэрт заагдсан этгээдийг магадалсан тэмдэглэл/ гэж үзэх үндэслэлтэй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, холбогдогч нарын аль ч мэдүүлгийг авч үзсэн шүүгдэгч Б.Ш, Г.О нар өөр хоорондоо маргалдаагүй, Г.О-ийн биед учирсан дээрх шарх гэмтлийг Б.Ш, эсхүл Г.О нь өөртөө учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл нэр бүхий иргэд цагдаагийн байгууллагын албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхээр ирсэн үйлдлийг эсэргүүцэж, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байгаа болно. Цагдаагийн байгууллагын албан хаагч, хууль сахиулагч Б.Ш, Г.О нар нь дуудлага мэдээллийн дагуу нийтийн хэв журам хамгаалах, хууль сахиулах, зөрчлийг таслан зогсоох ажиллагаа явуулахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, 49 дүгээр зүйлийн 49.1.1 дэх заалтад заасан “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн” үндэслэлээр биеийн хүч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан” гэж үзэх үндэслэлтэй тул гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг, ... шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ... няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэж заасан байх ба хуулийн дээр зохицуулалтад нийцээгүй шийтгэх тогтоол гаргасан нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүхээс дээрх асуудлаар хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, тус заалтын тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар 08-ны өдрийн №24 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, “эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Б.Ш-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Хоёр шатны шүүхээс шүүгдэгч Б.Ш, Г.О нарыг бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар Б.Ц-ийн амь насыг хохироосон, мөн тухайн цаг хугацаанд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн нь нотлох баримтад бүрэн үндэслэгдээгүй гэж үзэж байна.
Шүүхээс шүүгдэгч нарын үйлдэл, амь хохирогчийн биед учирсан гэмтэл буюу үхлийн шалтгаан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна, шүүгдэгч нар нь гэм буруутай болох нь хангалттай нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд харин шүүгдэгч нарын гэм буруутай эсэх нь хангалттай бус, эргэлзээ бүхий байдаг юм.
Эргэлзээтэй гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байгаа гол үндэслэл нь цагдаагийн алба хаагчид болох Б.Ш, Г.О нар нь талийгаач Б.Ц-ийн өгсөөн дуудлагын дагуу гэрт нь ирсэн бөгөөд энэ үед талийгаач уг гэмтлийг авсан байсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогддог. Талийгаачийг гавал тархины гэмтлийн улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан бөгөөд тухайн гэмтлүүдийг нас барахаас 24 цагийн дотор үүссэн талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл талийгаач 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө нас барсан бөгөөд 11 сарын 11-ний өглөө, өдөр, орой аль ч цагт энэ гэмтлийг авсан байх боломжтой бөгөөд тухайн гэмтлийг авснаас хойш тархины эдийг дарах хүртлээ үйлдэл, хөдөлгөөн хийх боломжтой талаар ч шинжээч эмч /3 дугаар хавтаст хэргийн 233-235/ Б.Баяртогтох тайлбарласан байдаг. Эндээс үзвэл талийгаачийн энэ гэмтлийг цагдаагийн алба хаагчид ирэхээс өмнө хэн нэгэн этгээд учруулсан, үүний улмаас талийгаач цагдаад дуудлага, мэдээлэл өгсний дагуу Б.Ш, Г.О нар ирсэн байх ч боломжтой, өөрөөр хэлбэл гэмтлийг хэн учруулсан болох нь эргэлзээтэй.
Гэтэл цагдаад ямар учраас хохирогч дуудлага мэдээлэл өгсөн талаарх хэргийн гол гогцоог тайлаагүй байж зөвхөн цагдаа ирснээс хойших үйл баримтад ач холбогдол өгч, тухайн бүтэн өдөр хамт байсан, хамт архи ууцгааж ууж идсэн, хэрэгт хувийн сонирхолтой байж болох нэгдмэл ашиг сонирхолтой ч байж болох гэрчүүдийн мэдүүлэгт хөтлөгдөн, зөвхөн болсон хэргийн эцсийн үр дагавар буюу хохирогчийн үхэлд ач холбогдол өгснөөр хэргийг бүрэн дүүрэн шалгах ажиллагааг орхигдуулснаас эцэст нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлсөн гэж үзэж байгаа.
Үнэхээр Б.Ш, Г.О нар нь бүлэглэн хүний амь насыг санаатайгаар хохироосон гэж үзэж байгаа бол энэ үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдсон байх ёстой, гэтэл тухайн гэрчүүдийн мэдүүлээд яриад байгаа нь үнэн бол яагаад тэдний хийсэн бичлэгүүд дээр зодсон цохисон үйлдлүүд харагдахгүй байгаа вэ гэдэг нь бас нэг эргэлзэх үндэслэл болно.
Гэрч гэдэг нь хөндлөнгийн байх үндсэн агуулгатай. Тухайн үйл баримтыг нотолж байгаа хөндлөнгийн гэрч нь тухайн хэрэг, үйл баримтын талаар хувийн сонирхолгүй этгээдүүд байх ёстой атал эсрэгээрээ тухайн хэрэгт хувийн сонирхолтой, нэгдмэл ашиг сонирхолтой гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэсэн өөрөө шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах суурь болсон.
Мөн Б.Ш мэдүүлэгтээ “Талийгаач “эмч дуудаад өгөөч” гээд би гурван эмч рүү залгасан боловч утаснууд нь холбогдоогүй” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл Б.Ш-ын утсан дээрээс 3 эмч рүү залгасан дуудлага байгааг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар хэрэгт хавсаргаж өгсөн. Уг нь Б.Ш-ын утсанд үзлэг хийгээд түүний мэдүүлгийг шалгах боломж байсан ч шалгалгүй, шүүгдэгчийн хэлсэн үг, үг биш юм шиг хандаж, хэт яллах талын нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэн, уг баримтуудыг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэнд шүүгдэгч зүгээс үнэхээр гомдолтой байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж хуульчилсан. Мөн яллах талын ч нотлох баримтыг, цагаатгах талын ч нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл гэрчүүдийн мэдүүлэгт хөтлөгдөөд, тухайн хэргийн үйл явдлын төгсгөл, үр дагаварт хэт ач холбогдол өгснөөс бусад эргэлзээ бүхий ажиллагааг хийлгүй орхигдуулсан, гэмт хэрэг ямар нөхцөлд, яаж гарсан байдлыг бүрэн дүүрэн нотлоогүй, тухайн гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотлоогүй, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй.
Өөрөөр хэлбэл тухайн 2 цагдаа талийгаачийн үхлийн шалтгаан болсон гэмтлийг учруулсан гэдэг нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, харин уг гэмтлийг хэн нэгнээс учруулсны дараа цагдаагийн байгууллагад талийгаач дуудлага өгсөн байж болох эргэлзээ бүхий нөхцөл үүссэн байхад 2 шатны шүүх цагдаагийн алба хаагчид гэмтлийг учруулсан нь хангалттай тогтоогдсон гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, мөн уг заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар зэрэгт үндэслэн шүүгдэгч Б.Ш, Г.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохирол 99.000.000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулсантай холбогдуулж гомдол гаргасан. Давж заалдах шатын шүүх дүгнэхдээ сэтгэл санааны зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй байна. Ийм учраас энэ хэсгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэдгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргасан. Сэтгэл санааны хохирол, хор уршгийг арилгах зохицуулалт 2023 оноос үйлчилж эхэлсэн. Хууль эрх зүйн орчин бүрдсэнтэй холбоотойгоор Монгол Улсад хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад тухайн цаг хугацаанд сэтгэцэд учирсан зэрэглэлийг өмнө тогтоож байсан шинжээч байгаагүй, боловсон хүчин бэлтгэж байгаатай холбогдуулаад шинжээчийн дүгнэлт гаргахгүй, ажиллахгүй гэх цаг хугацаа байсан. Яг энэ цаг хугацаатай зэрэгцээд энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлж шүүх рүү шилжүүлж орж ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хохирол, түүний зэрэглэлийг тогтоох тухай хүсэлтийг гаргасан боловч одоогоор энэ чиглэлийн дүгнэлт гаргах шинжээч бэлтгэгдээгүй, бэлтгэгдэх ажилдаа явж байгаа учраас дүгнэлт гаргах боломжгүй байна гэх хариуг өгч байсан. Гэхдээ тухайн үед хууль зүйн хувьд Улсын Дээд шүүхийн тогтоол, аргачлал, Иргэний хуулийн зохицуулалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж явагдаж байсан. Улсын Дээд шүүхээс тогтоосон аргачлал, Иргэний хуулийг хэрэглэх боломжтой байхад давж заалдах шатны шүүхээс үүнийг хэрэглэхгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 99-150 дахин буюу 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлээд 99,000,000 төгрөгийг анхан шатны шүүхээс гаргуулж шийдвэрлэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр гараагүй гэх боловч Улсын Дээд шүүхээс тогтоосон аргачлалыг хэрэглэхгүй байх эсхүл Иргэний хууль тогтоомжийг хэрэглэхгүй байх үндэслэл няцаалтыг тусгаагүй. Хуульд хэрэглээний хувд Улсын Дээд шүүхийн тогтоол, аргачлал, Иргэний хуульд заасан зохицуулалтыг хэрэглээд явах боломжтой байхад бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Сэтгэл санааны хохиролтой холбогдуулаад нэгдүгээрт цагдаагийн алба хаагч нар, хоёрдугаарт урт хугацаанд зовуурь шаналал мэдрэх буюу онц харгис хэрцгийгээр амь насыг хохироосон нь ар гэрийнхэнд нь хүнд тусаж байгаа. Хүнийг онц харгис хэрцгий аргаар хүний амь нас хохироосон гэмт хэрэгт сэтгэл санааны хохирол гаргуулахгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгахтай холбоотой хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй учраас магадлалын энэ хэсэгт өөрчлөлт оруулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын энэ хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн гомдол гаргасан. Гаргасан гомдлын үндэслэлийг танилцуулъя. Шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийг Г.О-тэй бүлэглэн шалтгаангүйгээр хохирогчийг зодож, биед нь олон тооны гэмтэл учруулан зүрх судасны дутагдалд оруулан онц харгис, хэрцгийгээр алсан. Мөн цаг хугацаанд О.А, Б.М, Б.Э нарт хүч хэрэглэж бие махбодын халдашгүй байдалд халдаж нүүрэн тус газарт цохиж, хэрүүл маргаан үүсгэж олон нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүх шийдвэр гаргахдаа шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа нөгөөг нь хэрхэн үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй. Өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийлгүй орхигдуулж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчийн дүгнэлт, давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлүүдийг хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар нэг ч дүгнэлт хийлгүй хэт яллах баримталж, цагаатгах талын баримтуудыг үгүйсгэж няцаалгүй шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь тогтоож, хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр нотлон тогтоох үүрэгтэй ч энэ үүргээ энэ хэрэгт хэрэгжүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн шалган тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагааг ийнхүү дутуу гүйцэтгэсэн нь тус гэмт хэргийг үйлдсэн жинхэнэ этгээдэд ял завших боломж олгож, миний үйлчлүүлэгч Б.Ш-ын гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор дүгнэх нөхцөл байдлыг бий болгоод байгаа юм. Шүүх талуудын мэтгэлцээн, шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэх, дүгнэх байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, улмаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох шаардлагатай. Хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон тодорхойлсон баримт огт байхгүй. Шүүгдэгч нар 2023 оны 08 дугаар сарын 11-ний орой өөрсдөө цагдаагийн байранд амарч байхад нь талийгаач Б.Ц-ээс дуудлага ирсэн. Ойролцоогоор 10 км орчим зайтай газарт дуудлагаар очсон байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн газарт ямар шалтгааны улмаас очсон, яагаад тэр хүн цагдаагийн тусламж хүсэж цагдаад дуудлага өгсөн талаар тогтоогоогүй. Мөн миний үйлчлүүлэгч Г.О-тэй ямар нэгэн шалтгаангүйгээр тухайн газарт очсон юм уу эсхүл цагдаагийн албан хаагч үүргээ гүйцэтгэхээр гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоохоор очсон юм уу гэдгийг нотолж тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд болон шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх чухал ач холбогдолтой байсан гэж үзэж байгаа. Жишээлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.3 дугаар зүйлд баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах гэмт хэргийг хуульчилсан. Тус гэмт хэргийн субъект нь гэмт хэрэг үйлдсэн хүн, оргосон ялтныг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох эрх бүхий этгээд буюу хууль сахиулагч байх бөгөөд тухайн этгээд албан үүргээ гүйцэтгэх үедээ хохирогч этгээдийн үйлдсэн гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохирохгүй үйлдэл хийж, тухайн хүнд зайлшгүй хохирол учруулж саатуулах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад халдаж алсан бол дээрх гэмт хэрэгт тооцно гэж хууль тогтоогч хуульчилсан.
Миний үйлчлүүлэгч нийтийн хэв журам журам сахиулах үүрэгтэй цагдаагийн албан хаагч Б.Ш нь дуудлагын дагуу очиход хохирогч Б.Ц, хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч нар бүгд согтуу, маш олон архины шил байсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичлэгээр тогтоогддог. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогддог. Гэрчүүдийн мэдүүлгээр зүв зүгээр амар тайван байж байхад хоёр цагдаа хүрч ирээд зодсон, цохисон мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Эдгээр хүмүүсийн хувийн байдлыг тогтоогоогүй. Яагаад гэвэл эдгээр хүмүүс нь байнгын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архийг шаглаж зардаг. Үүнтэйгээ холбоотойгоор зөрчлийн шийтгэл удаа дараа хүлээж байсан хүмүүс байдаг. Гэрчүүд өөрсдөө нэгдмэл ашиг сонирхолтой, ямар нэгэн зүйлийг нуун дарагдуулж байна гэж үзэхээр байсан. Хэрэв амь хохирогчид дуудлага өгөх ямар ч шаардлагагүй байсан бол тэр хүн дуудах ёсгүй байсан. Гэтэл тэр хүн дуудлага өгч, шүүгдэгч Б.Ш-ын зүгээс шөнийн цагаар хүнээс машин гуйж 10 км газар очих яах гэж хэргийн газар очсон бэ гэдгийг шалгаж үзээгүйд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.
Миний үйлчлүүлэгч Б.Ш нь иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нийтийн хэв журам алдагдуулсан үйлдлийг таслан зогсоохоор цагдан алба хаагчийн үүрэг гүйцэтгэхээр очсон нь тогтоогдсон. Харин бусдын биед халдсан, талийгаачийг онц харгис хэрцгий аргаар алсан гэдэг нь хангалттай тогтоогдоогүй. Хэрэв энэ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол гэмт хэргийг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б.Ш, Г.О нар гэмт хэрэг үйлдэхдээ тангараг өргөсөн цагдаа алба хаагч нар байсан. Б.Ш тухайн гэмт хэрэг гарсан бүс нутгийг хариуцсан хууль сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гомдол мэдээллийн дагуу ажиллах үүрэгтэй этгээд байсан нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна. Түүнчлэн хэрэг гарсан цаг хугацаанд өөр этгээдийн бие махбодод гэмтэл учирсан байж болзошгүй үйл баримт тогтоогдож байхад тус этгээд буюу энэ хэрэгт хамааралтай байж болзошгүй М.М-ыг хэрэг болсон цаг хугацаанаас хойш 49 хоногийн дараа гэрчээр асуусан нь үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байгаа. Үнэхээр хэрэг гарсан цаг хугацаанд тус хэргийн газарт байсан хэн нэгний биед гэмтэл учирсан байсан бол тухайн үед мэдүүлэг өгч байсан гэрчүүд мэдүүлэх ёстой. Гэтэл хэрэг гарснаас хойш шалгалтын ажиллагаа явагдаж шүүдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх үйл баримтын талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч удаа дараа хүсэлт гаргаснаар тухайн этгээдийг гэрчээр асуусан байдаг. Тэгэхэд хэргийн газарт байсан талаар бусад этгээдүүд мэдүүлсээр байхад тухайн этгээд би өөрөө согтуу байсан учраас болсон асуудлыг мэдэхгүй байна гэх талаар мэдүүлсэн. Камерын бичлэгт М.М гэдэг хүний хоёр нүд нь хөв хөх болцон харагдаж байхад энэ хүнийг байгаагүй мэтээр бусад хүмүүс нуун дарагдуулж мэдүүлсэнд өмгөөлөгчийн зүгээс эргэлзээ үүсэж байна.
2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 937 дугаартай дүгнэлт 2 дугаар хавтас хэргийн 140-146 дугаар талд авагдсан байгаа. “...амь хохирогч Б.Ц-ийн гэмтлүүдийг дурдаад төвийн газартай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ...” гэж тогтоосон байдаг. Г.О, Б.Ш нар нь гэмт хэрэг үйлдэхээр нэгдээд, хүнийг алах санаа зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор нэг нэгнийхээ үйлдлийг дэмжээд хэн нэг нь гарыг нь барих ч юм уу, татах зэрэг үйлдэл байхгүй. Тэгэхээр шүүгдэгч нар талийгаачийг үхэлд хүргэх гэмтлийг бүлэглэж үйлдсэн юм уу эсхүл хэн нэгэн этгээдийн бие даасан үйлдлийн улмаас учруулсан юм уу гэдгийг шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Хэргийн газар биеэр байсан, хохирогчийн биед халдсан үйлдлийг харсан гэх гэрч Д.М нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2 удаа мэдүүлэг өгөхдөө “...О гэх залуу Ц ахыг чимээгүй бай, чамайг ална шүү гэж хэлээд нүүрэн тус газарт өшиглөсөн гэх мэдүүлэг 1 дүгээр хавтас хэргийн 66-67 дугаар талд авагдсан. “...Ц ахыг газар унагаачихсан туранхай өндөр залуу /сүүлд нь очсон хойноо О гэдгийг мэдсэн/ хөлөөрөө өшиглөж байгааг мэдсэн...” гэж мэдүүлсэн. Талийгаач өшиглөх үед сууж байгаад унаагүй. Өшиглөснөөс хойш газар хэвтсэн гэх мэдүүлгийг ач холбогдолтой болохоор дурдлаа.
Эцэст нь хэлэхэд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байгаа. Миний үйлчлүүлэгч Б.Ш болон Г.О нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо энэхүү үйлдлийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын нэр бүхий 3 этгээдийн биед халдаж нийгмийн хэв журам зөрчсөн. Бусдад хүч хэрэглэсэн гэж буруутгаж байгаа боловч бодит байдалд дээрх нэг бүхий этгээдүүд нь шүүгдэгч Г.О-ийн эсрэг хүч хэрэглэж түүний биед баруун гуяны ар, баруун гарын шууны ар, хүзүүнд ил харагдах шарх, шуунд зүсэгдсэн шарх, баруун гуяны хойд талд цус хурсан шарх зэрэг зөндөө олон гэмтлийг учруулсан байгаа. Энэ талаар 2 дугаар хавтас хэргийн 93-98 дугаар талд авагдсан “Баривчлан цагдан хорих шийдвэрт заагдсан этгээдийн магадалсан тухай” тэмдэглэлд тусгасан байгаа. Яагаад Б.Ш, Г.О нар хоорондоо маргалдаагүй. Г.О-ийн биед учирсан гэмт шархийг өөр хэн учруулсан юм бэ гэдгийг шалгаж тогтоогоогүй. Хэт нэг талыг барьж зөвхөн энэ хоёр залууг буруутгах гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж шийдвэрлэгдсэн юм. Өөрөөр хэлбэл нэр бүхий иргэд цагдаагийн байгууллагын албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхээр ирсэн үйлдлийг эсэргүүцэх, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байгаа. Цагдаагийн байгууллагын алба хаагч, хууль сахиулагч Б.Ш, Г.О нар нь дуудлага мэдээллийн дагуу нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах, зөрчлийг таслан зогсоох ажиллагаа явуулахдаа Цагдаагийн албаны тухай 3 дугаар зүйлийн 3.1.6, 49 дүгээр зүйлийн 49.1.1 дэх заалтад заасан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн биеийн хүч хэрэглэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан гэж үзэх үндэслэлтэй тус гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шүүх тухайн нотлох баримтын хэрэгт хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн улсын яллагдагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэж заасан байх ба хуулийн дээрх зохицуулалтыг нийцээгүй шийтгэх тогтоол гаргасан нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүхээс дээрх асуудлаар хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан гэж үзэж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалт, энэ заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд тусгагдсан гэм буруутай эсэхэд гэх ойлголтод шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэх үүссэн эргэлзээг ойлгоно. Мөн Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал гэдэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтын хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргах эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар магадлалын тус тус эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдлын агуулга нь Ц.Дэлгэрням өмгөөлөгчийн гаргасан гомдолтой ижилхэн учраас товчхон байдлаар танилцуулъя. Хоёр шатны шүүх Б.Ш-ыг бусадтай бүлэглэн хохирогчийн амь насыг санаатайгаар хохироосон, мөн бүлэглэж нийтийн хэв журам зөрчиж, танхайрсан гэж хоёр зүйл ангид гэм буруутай тооцож 13 жилийн хорих ял оногдуулсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж дүгнэлт хийгээгүй. Энэ нь эргээд шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн шийдвэр болсон учраас хяналтын журмаар уг хэргийг дахиж шалгуулахаар гомдол гаргасан. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлтээр эдгээр хоёр шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон гэж үзээд байгаа. Гэтэл бусдыг алсан гэж 13 жилийн хорих ял оногдуулахдаа эдгээр хүмүүсийн гэм буруутай үйлдэл хөдөлбөргүйгээр хангалтай эргэлзээгүйгээр тогтоогдсон байж эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой гэж үзэж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар эдгээр хүмүүсийн гэм буруутай нь хангалттай тогтоогдоогүй. Харин эргэлзээтэй нөхцөл байдлууд харагддаг. Ямар эргэлзээтэй нөхцөл байдал вэ гэвэл цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Энэ дуудлагын дагуу хоёр цагдаагийн алба хаагч өгсөн гэдэг нь тогтоогддог. Гэтэл талийгаач дуудлагыг ямар шалтгааны улмаас нарийвчлан тогтоогоогүй. Тогтоох ажиллагаагаар талийгаачтай хамт өдөржин архи уусан хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзээд дахиж ажиллагаа хийгээгүй. Үүнтэй холбоотой хүсэлтүүдийг өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Энэ гэрчүүд хувийн сонирхолтой байж болохоор байгаа. Уг нь гэрчийн гэдэг нь хөндлөнгийн, хувийн ашиг сонирхолгүй байх ёстой байдаг. Гэтэл эдгээр гэрч өглөөнөөс орой хүртэл буюу цагдаад дуудлага өгөхөөс 30 минутын өмнө хохирогчтой хамт байсан хүмүүс байдаг. Талийгаач энэ гэмтлийг эдгээр хүмүүстэй ууж, идэж байхдаа авсан байх боломжтой байдаг. Энэ нь юугаар тогтоогдож байна вэ гэвэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 937 дугаартай дүгнэлт 2 дугаар хавтаст хэргийн 140-146 дугаар талд авагдсан байгаа. Үүнд талийгаач гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Энэ гэмтлийг нас барахаас 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байна гэж үздэг. Тэгэхээр энэ гэмтлийг талийгаач нас барахаас өмнө буюу өглөө нь авсан байх боломжтой. Мөн шинжээч Баяртогтохын мэдүүлэгт “...энэ гэмтэл авснаас хойш тодорхой хугацаанд буюу үхэлд хүргэх хүртлээ үйлдэлд хөдөлгөөн хийх боломжтой тул гэмтлийг 24 цагийн дотор авсан байх боломжтой...” гэсэн. Үүнээс үзэхэд талийгаач энэ гэмтлийг хоёр цагдаагийн алба хаагч ирэхээс өмнө авсан байх боломжтой. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг адил хэмжээнд цуглуулах ёстой байтал зөвхөн хэргийн үр дагавар, төгсгөл, талийгаачийн амь нас хохирсон үйлдэлд дүгнэлт хийгээд хоёр цагдаагийн алба хаагчийг зодсон, цохисон гэдэг байдлаар хэт яллах талыг баримталж шалгасан нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл хэрэгт авагдсан оймсонд цус байсан гэхдээ талийгаач болон шүүгдэгч нарын цус биш байсан гэж гараад байхад түүнийг шалгах ажиллагаа хийгээгүй. Мөн шүүгдэгч Б.Ш мэдүүлэгтээ “...талийгаач эмч дуудаад өгөөч гээд би 3 эмч рүү залгасан боловч утаснууд нь холбогдоогүй..” гэж мэдүүлсэн байдаг. Гурван эмч рүү залгасан гээд байхад Б.Ш-ын утсанд үзлэг хийгээгүй. Харин эмч нараас мэдүүлэг авсан байдаг. Тэр хүмүүс “дуудлага ирээгүй” гэдэг. Учир нь утас нь холбогдоогүй учраас дуудлага очсон мэдэгдээгүй. Б.Ш-ын утсанд үзлэг хийсэн бол хэд хэдхэн минутын зайтай 3 эмч рүү залгасан болох нь тогтоогддог. Энэ талаарх нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Энэ мэтчилэн хэрэгт яллах талыг баримталж мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Энэ нотлох баримтыг үнэлж дүгнэлтээ өгч, шүүхээс 13 жилийн ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Гэрчүүдийн хийсэн камерын бичлэг байдаг боловч бичлэгүүдэд зодсон цохисон үйлдлүүд харагддаггүй зөвхөн өөрсдийнх нь орж, гарч байгаа, орилж байгаа дүрс авагдсан. Нэг ч зодож, цохиж байгаа бичлэг байдаггүй. Шинжээчийн дүгнэлтэд заагдсан үхлийн шалтгаантай маргаагүй ч энэ гэмтлийг шүүгдэгч учруулсан юм уу эсхүл түүнээс өмнө авсан байна уу гэдгийг тогтоогоогүй учраас шүүгдэгч нарыг гэмт буруутайд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг хөдөлбөргүйгээр тогтоогдоогүй учраас эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгч нарт холбогдох хэргийг ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хамгийн гол зүйлийг өмнөх шүүх хуралдаанд ярьсан. Нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэх үндэслэлээр гомдлын агуулгыг давхардуулахгүйгээр тайлбар хэлье.
Нэгдүгээрт. Хэргийг шалгаж тогтоох эх сурвалжтай холбоотой гэрчийн мэдүүлгүүд уншиж судлагдаагүйд гомдолтой байдаг юм. Өөрөөр хэлбэл дуудлага өгсөн асуудалтай холбоотой гэрч О.З, Л.Ч-ийн нарын мэдүүлэг огт дүгнэгдээгүй.
Хоёрдугаарт. Гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Гэмт хэрэг үйлдсэн нотолгооны гол үндэслэл гэрч Б.М, В.Э, О.А нарын мэдүүлгээр нотлогдож байна гэх боловч эдгээр хүмүүсийн мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан Г.О, Ч.О нарын мэдүүлгээс зөрүүтэй байдаг. Г.О, Ч.О нарын мэдүүлэгт тухайн үйл явдал болж байх үед О.А-ийн хашааны үүдэнд Б буюу Ц-тай цагдаа ноцолдоод байж байхад Б.М энэ асуудлыг зохицуулчхаад очно гэсэн асуудал байдаг. Гэтэл үүнтэй холбогдуулаад О.А, Б.М, В.Э нарын мэдүүлэгт Г.О, Ч.О нарын мэдүүлгийн үндэслэлүүд огт дурдаагүй орхигдсон. Өөрөөр хэлбэл Б буюу Ц гэж хэн бэ үүнтэй холбогдолтой үйлдэл бодитой байгаа гол шалгаан юутай холбоотой юм бэ гэдгийг онцолж харж, үнэлж дүгнэгдээгүй орхигдуулсан байгаа. Г.О-ийн хувьд нутгийн хүн биш, тэд нарыг сайн таньж мэдэхгүй учраас үүнийг огт мэдэхгүй. Түрүүнд дурдаж байсан Г.О-ийн биед учирсан гэмтлүүд Ц-тай холбоотой байхыг үгүйсгэхгүй хэрэгт хохирогчтой холбоотой байхыг үгүйсгэхгүй. Г.О-ийн биед үүсгэгдсэн шарх, урагдсаныг огт үнэлж дүгнээгүй. Үүнээс үзэхэд нутгийн иргэдийн буруутай үйлдэл харагдаад байгаа юм. Хэргийг бодитой үнэлж дүгнэх ёстой. Г.О, Ч.О нарын мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзэж байгаа дүгнэлтийг огт хийгээгүй. Эх сурвалжтай гэрчийн мэдүүлэг болох О.З, Л.Ч нарын мэдүүлгийг огт үнэлээгүй. Б.Ш-ын өмгөөлөгч нарын хэлсэн тайлбарт дурдсанчлан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг адил тэнцүү хэмжээнд шинжлэн судлах зарчмыг алдагдуулж хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг огт үнэлж, дүгнэлгүй туйлын хомс болгосон. Ялангуяа н.Т-тай холбоотой баримтууд огт дурдагдаагүй орхигдоод байгаагийн шалтгааныг юутай холбоотой болохыг мэдэхгүй байна. Тэр бүү хэл н.Т маргааш өглөө нь хэргийн талаар талийгаачийн ээжид мэдээлсэн байдаг. н.Т-тай холбоотой үйл баримтыг шалгаад өгөөч гэх хүсэлт гаргахад асуудал болсноос хойш 9 дүгээр сард нэг удаа мэдүүлэг асуугаад орхигдуулсан. н.Т гэж хүн хэн юм бэ гэдгийг тодорхой шалгах ёстой. Энэ үйл баримттай холбоотой нөхцөл байдлыг нуугаад байдаг Б.М, В.Э, О.А нарын мэдүүлгийг дахин нягтлан шалгах нь зүйтэй.
Гуравдугаарт. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гээд байдаг ч эдгээр хүмүүсийн амгалан тайван байдлын дагуу дуудлагаар очсон. Үүнтэй холбоотойгоор Г.О-ийн биед тодорхой хэмжээний гэмтэл учирсан. Үүнийг дахиж шалгах нь зүйтэй байна. Б, н.Т гэх хүмүүс үйл баримтад оролцсон мөртлөө огт мэдүүлэг аваагүй. Үүнийг шалгаж тогтоож мэдүүлэг авч нотлох баримт цуглуулах шаардлагатай байна. Мөн уг хэргийн улмаас хохирол, хор уршиг яригдаж байна. Шүүхээс гэм буруугийн асуудлын талаар эцэслэн шийдвэрлэгдэж, хэн нь буруутай хэний үйлдэлтэй холбоотой шалтгаант холбоог тогтоож байж хохирол хор уршгийн асуудлыг тэр этгээд хариуцах ёстой. Иймд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн шалгах шаардлагатай байна” гэв.
Шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгч нарын гомдолд дурдсан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөх үйл баримтыг шалгахгүй орхигдуулсан гэх үндэслэлийг дэмжиж байгаа. Г.О, Б.Ш нарын талийгаачийн гэрт дуудлагаар ирснээс хойш болсон үйл баримтыг шалгаад энэ асуудлыг шалгаж тогтоогоод баримтжуулсан хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Энэ хоёрт дуудлага өгөхөөс өмнө тухайн газар юу болсон талаарх баримтууд учир дутагдалтай болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлтээ гаргасан. Хэргийн газрын үзлэгт гэрийг тойроод цус илрээд байдаг. Мөн хэргийн газраас илэрсэн оймсыг эд мөрийн баримтад тооцсон байдаг. Энэ асуудалд шалгалтын ажиллагаа хийж өгөөч гэх хүсэлтийг гаргах боловч мөрдөн шалгах шатанд прокурорын татгалзаад байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ асуудалд дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан. Зөвхөн Г.О, Б.Ш хоёрыг ирснээс хойших үйл баримтад дүгнэлт хийсэн. Энэ асуудлуудыг шалгаж тогтоогдохгүйгээр гэм буруутайд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.
Прокурор Г.Мөнгөншагай хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч нарыг бүлэглэж онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэм хэмжээнд нийцсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэр болсон байна гэж дүгнэж байгаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс хэд хэдэн үндэслэлийг гаргаж байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлалаа. Нотлох баримтын хувьд хоёр шүүгдэгчийг талийгаачийг зодоогүй гэдгийг эрс үгүйсгэсэн гэрчийн мэдүүлэг байхгүй. Тухайн цаг хугацааны хувьд өөрсдийн байршил, мэдэх мэдэх зүйлийг гэрч нар өгсөн. Энэ мэдүүлгүүд нь харилцан цаг хугацааны хувьд хөөгөөд үзвэл болсон үйл баримт зөрүүгүй байдлаар буюу хэргийн агуулга зөрсөн зүйл байдаггүй. Эргэлзээлтэй нөхцөл байдлын талаар дурддаг. Яагаад дуудлага өгсөн, хамт архи уусан хүмүүс хувийн сонирхолтой, дуудлага өгөхөөс өмнөх үйл баримтыг шалгаж тогтоогоогүй гэдэг ч тухайн газарт гэрч тус бүрээс мэдүүлэг авч хийгдвэл зохих ажиллагааг бүрэн шалгаж тогтоосон нөхцөл байдал байгаа. Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар тооцож 49.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу энэ хэрэгт сэтгэцийн хор уршгийн хэмжээг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргаагүй үндэслэлээр хүчингүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий, хяналтын шатны шүүхийн тогтоолд нийцэж байгаа. Харин энэ шийдвэрийг гаргахдаа сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж өгөөгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх байдлаар өөрчилж, анхан шатын шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, М.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.О, Б.Ш нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, хяналтын шатны шүүхэд гаргасан оролцогчдын гомдлуудыг хэрэгсэхгүй болгохдоо дараах тайлбар, дүгнэлтийг өгч байна.
2.1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс хяналтын шатны шүүхэд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гаргасан гомдолдоо “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын хэмжээнд сэтгэцэд учирсан зэрэглэлийг тогтоодоггүй байсан ба холбогдох хууль тогтоомжид тулгуурлан шийдвэрлэж байсан бөгөөд тухайн хуулийн зохицуулалт нь байхад бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй ...” гэжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр даган мөрдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт зааснаар эрх хэмжээ олгогдсоны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д заасан тодорхой төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулагджээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэг дэх хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах нь шинжилгээний байгууллагын бүрэн эрхэд хамаарна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгахаар заасан боловч Иргэний хуулийн энэхүү зүйл, хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд гэм хор учирсан тохиолдолд түүнд олгох нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох журмыг зохицуулсан болно.
Хэдийгээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоох, зайлшгүй шинжилгээ хийх үндэслэлийг тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хуульчилсан тул шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй ба давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Харин давж заалдах шатны шүүх ийнхүү шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахтай холбоотой нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийдвэрийнхээ тогтоох хэсэгт заалгүй орхигдуулсныг зөвтгөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
2.2.Шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь цагдаагийн байгууллагын алба хаагчдыг очихоос өмнө үүсэж, энэ нь хохирогч Б.Ц-ийг цагдаад дуудлага өгөх шалтгаан нөхцөл болсон эсэхийг үгүйсгэх аргагүй ... энэ хэрэгт хамааралтай байж болзошгүй этгээд М.М-ыг хэрэг болсон цаг хугацаанаас хойш 49 хоногийн дараа гэрчээр асуусан нь үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэдэг ...”, шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Б.Ш, Г.О нар нь талийгаач Б.Ц-ийн өгсөн дуудлагын дагуу гэрт нь ирсэн бөгөөд энэ үед талийгаач уг гэмтлийг авсан байсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогддог ...” гэж тус тус дурдаж, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, түүний гэм бурууг нотлох зорилгоор хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай, боломжит бүхий л мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох эргэлзээ үүссэн бол шүүх няцаан үгүйсгэх үүрэгтэй бөгөөд “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй, үгүйсгэх боломжгүй бол холбогдогч этгээдэд ашигтай байдлаар шийдвэрлэдэг.
Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох Дорноговь аймгийн ... сумын хэсгийн төлөөлөгч, гэрч М.О (1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь тал), гэрч Л.Ч (1 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал), гэрч О.З (1 дүгээр хавтаст хэргийн 135 дахь тал) болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр:
2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Г.О нь Дорноговь аймгийн ... сумаас ... сумд ирж шүүгдэгч Б.Ш-ын гэрт Л.Ч, М.О нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар Б.Ш нь О.З руу “Виски аваад ирээч” гэж утсаар холбогдсоны дагуу О.З нь захисан архийг нь авч Б.Ш-ын гэрт очин хамт архи уусан, 21:05 цагт Б.Ш-ын гар утсанд амь хохирогч Б.Ц-ээс дуудлага ирсний дагуу Б.Ш, Г.О нар нь О.З-ын эзэмшлийн 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч Б.Ц-ийн гэр рүү явсан байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтад зааснаар цагдаагийн алба хаагчид “албан үүргээ гүйцэтгэх ... үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэх”-ийг хориглосон байтал дуудлагаар явах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг дээрх гэрч М.О, Л.Ч, О.З нараас гадна шүүгдэгч нар нь хохирогчийг бүлэглэн зодож байх үед хэргийн газарт байсан гэрч нараас Дорноговь аймгийн Цагдаагийн газарт утсаар “... танай ... сумын төлөөлөгч, ... сумын цагдаа Г.О хоёр согтуу ирчихээд иргэнтэй маргалдаад байна” гэсэн дуудлага өгснийг тухайн үед дуудлага, мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа Э.З хүлээн авч, “... би тухайн үед ... сумын хэсгийн төлөөлөгч Б.Ш-ын гар утас руу ... 2 удаа залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд дахиад залгатал Б.Ш-ын гар утсыг Г.О аваад “Амрыг эрье” гэсэн. Тэгээд би Г.О-д шууд “... суманд дуудлага гараад байна. Чи очоодох” гэж хэлтэл Г.О “Хаана дуудлага гарсан юм п**** минь” гэж хэлсэн. ... Намайг Г.О-тэй ярихаас өмнө Б.Ш, Г.О нарыг согтуу байна гэж хэлсэн байсан бөгөөд Г.О надтай албаны утсаар ярьж байх үедээ хараалын үг хэлж байсан болохоор би Г.О-ийг согтуу байна гэж бодсон ...” гэж давхар гэрчилжээ.
Ийнхүү шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орой 22:00 цагийн үед Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг ... задгай тоотод Б.Ц-ийн гэрт очиж, улмаар түүнийг шалтгаангүйгээр бүлэглэн гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, амь хохирогчийн биед олон тооны гэмтэл, шарх учруулсны улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд оруулан онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг нь:
гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байсан этгээдүүд болох гэрч Д.М (1 дүгээр хавтаст хэргийн 66-67, 72-73 дахь тал), гэрч В.Э (1 дүгээр хавтаст хэргийн 79, 81, 84 дэх тал), гэрч Ч.О (1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал), гэрч Г.О (1 дүгээр хавтаст хэргийн 94, 98 дахь тал), насанд хүрээгүй гэрч О.А (1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал), гэрч О.А (1 дүгээр хавтаст хэргийн 103-105 дахь тал), гэрч Б.Л (1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал), гэрч Э.З (1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал), гэрч М.М (1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал) нарын гэрч О.А-ийн гэрт Д.М , В.Э, Ч.О, Г.О, насанд хүрээгүй О.А нарыг байхад амь хохирогч Б.Ц-ийн гэрийн гадна шүүгдэгч нар улаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирж, амь хохирогчийг зодсон талаар мэдүүлгүүд,
хэрэг үйлдэгдэх үед гэрч В.Э-ийн хийсэн бичлэг бүхий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 43-46 дахь тал), амь хохирогч нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн олон тооны гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 143-146 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь бүлэглэж амь хохирогчийг зодож байх үед тэрээр ээж рүүгээ утсаар холбогдоход утасны цаана “Цагдаа зодож байна гэж ээждээ хэлээч” гэж ахин дахин хэлж байсан талаар амь хохирогч Б.Ц-ийн ээж Б.Л гэрчээр мэдүүлжээ.
Дээр дурдсан гэрчүүдээс гадна гэрч Б.Н “... Б.Ц ах гарч ирэхдээ ямар нэгэн хэрүүл маргаан болсон шинжгүй зүв зүгээр байсан. Түүний биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, зүгээр л байсан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 160 дахь тал), гэрч Б.Б “... Намайг очиход тэнд байсан хүмүүс зүгээр сууцгааж байсан. Би согтуу байсан болохоор унтаж байгаад гарсан. Намайг байхад ямар нэгэн асуудал үүсээгүй. Б.Ц ахын биед ямар нэгэн гэмтэлгүй, зүгээр байсан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 162 дахь тал), гэрч Б.Б “... Намайг очиход ямар ч хэрүүл маргаан болсон шинж байгаагүй ...” (1 дүгээр хавтаст хэргийн 171 дэх тал), гэрч Б.Т “... Тухайн өдөр би Б.Ц-ийнхээс 20 цагийн үед явсан. Тэр үед Б.Ц зүв зүгээр инээж хөхрөөд байж байсан. Ямар ч хэрүүл маргаан болоогүй ...” (1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал), гэрч М.М “... Б.Т бид хоёрыг явахад Б.Ц ахын гэрт байсан хүмүүс зүв зүгээр сууж байсан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал) гэж гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө амь хохирогч Б.Ц болон нэр бүхий гэрчүүд хамт архи уусан боловч тэдгээрийн хооронд маргасан, зодолдсон, хэн нэгний биед гэмтэл учруулсан явдал болоогүй, амь хохирогчийн биеийн байдал хэвийн байсан талаар мэдүүлснийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэрэгт авагдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.
Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус гэрчүүдийн мэдүүлгүүд, хэрэг гарах үед гар утсаар хийсэн бичлэг зэрэг баримтуудын нэг нь нөгөөгөө нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.
Хэрэгт хамааралтай байж болзошгүй хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан хүн болох М.Мөнхзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Б.Т бид хоёрыг явахад Б.Ц ахын гэрт байсан хүмүүс зүв зүгээр сууж байсан. Би Б.Б-ээс түрүүлж явсан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал) гэж гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө архи ууж байгаад Б.Ц-ийн гэрээс явсан, хэрэг гарах цаг хугацаанд байгаагүй талаар хэмээн мэдүүлсэн нь гэрч Б.Б-ийн “... Манай нөхөр согтуу байсан бөгөөд аваад гарсан чинь М.М мөн дагаж гараад манай машинд суусан. Ингээд 19-20 цагийн хооронд Б.Ц-ийн гэрээс нөхрийгөө /гэрч Б.Т/ авсан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 171 дэх тал), гэрч Г.О-ийн “... Орой Б.Ц ах зодуулсан байдалтай байхад М.М гэж хүн байгаагүй ...” (1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал) гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн гэрч М.М нь бусдад зодуулж, гэмтсэн байдалтай байсан нь тогтоогдсон боловч энэ нь амь хохирогчтой ямар нэгэн хамааралгүй буюу тэрээр гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө бусдад зодуулсан болохыг гэрч Т.И “... 2023 оны 08 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед намайг дэлгүүр дотроо байж байхад гадаа хүмүүс шуугилдаад зодолдоод байхаар нь би гараад харсан чинь М.М-ыг Д.М зодож байсан. ... Д.М гараараа М.М-ын нүүр рүү нь цохиод бас хөлөөрөө өшиглөөд, М.М-ын 2 нүд нь хавдаад хамраас нь цус гарч байхаар нь би Д.М-ийг татаж авч салгасан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь тал), гэрч Б.Т “... М.М-ын 2 нүд нь хөхөрчихсөн байсан бөгөөд тухайн өдрөөс нэгээс хоёр хоногийн өмнө Э-ийн дэлгүүрийн үүдэнд Д.М-той зодолдоод, Д.М түүний нүд рүү гараараа 2, 3 удаа цохиод 2 нүдийг нь хөхрүүлчихсэн юм. Би тэр хоёрыг зодолдож байхад хажууд нь байсан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал) гэж батлан мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, М.Эрдэнэчимэг нарын хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болно.
2.3.Шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... гэрчүүд нь нэгдмэл ашиг сонирхолтой, ямар нэгэн үйл баримтыг нуун дарагдуулж байгаа гэж үзэхээр байна ...”, шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг “... гэрч гэдэг нь хөндлөнгийн байх үндсэн агуулгатай. Тухайн үйл баримтыг нотолж байгаа хөндлөнгийн гэрч нь тухайн хэрэг, үйл баримтын талаар хувийн сонирхолгүй этгээдүүд байх ёстой атал эсрэгээрээ тухайн хэрэгт хувийн сонирхолтой, нэгдмэл ашиг сонирхолтой гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэсэн өөрөө шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах суурь болсон ...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэж үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “бусад оролцогч”-д хамааруулсан бол хуульд заасан үзлэг, туршилт хийх ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахад оролцуулах тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг хөндлөнгийн гэрч хэмээн тодорхойлсон буюу эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй байдал, эдлэх эрх, үүргээр ялгаа, заагтай ойлголт юм.
Өөрөөр хэлбэл, гэрч нь эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих асуудлуудыг тогтооход ач холбогдол бүхий баримтат мэдээллийг гарган өгч чадах этгээд байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэргийг нотлоход хамааралтай бүхий л байдал, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн хувийн байдал, эдгээр оролцогчидтой ямар харьцаатай зэрэг асуудлуудыг агуулдаг онцлогтой. Иймд өмгөөлөгчийн “... гэрч нь хөндлөнгийн байх үндсэн агуулгатай” гэж үзэх нь үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг судлахад тэдгээрийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан, хууль бус арга хэрэгслээр цуглуулсан, гэрчүүд нь тодорхой үйл баримтыг нуун дарагдуулсан гэж үзэх, тэдгээрийн мэдүүлгийг үнэлэхгүй байх үндэслэл, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.4.Шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... шүүгдэгч нар нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийг бүлэглэж учруулсан уу, эсхүл хэн нэгэн этгээдийн бие даасан үйлдлийн улмаас учруулсан уу гэдгийг тогтоох ёстой байсан, ... шүүгдэгч Г.О-ийн өөрөө үйлдсэн, миний үйлчлүүлэгч Б.Ш-ын ямар нэгэн үйлдэл оролцоогүйгээр үйлдэгдсэн тухайн үйлдлээс шалтгаалан талийгаачийн биед үхэлд хүргэх шалтгаан нөхцөлийг үүсгэсэн хүнд гэмтэл учирсан байх бүрэн боломжтой ...” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчилж, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.
Санаатай гэмт хэрэгт хамтран оролцсон буюу бүлэглэсэн үйлдлийн объектив шинж нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэн (хамтын) оролцоо байх бөгөөд гэмт хэргийн хор уршиг нь хамтран оролцогчдын хамтын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх шаардлагатай.
Гэмт хэргийн хамтран оролцогчид хүчин чармайлтаа нэгтгэх явцад тэдний хооронд тодорхой уялдаа холбоо, үйлдэл ба зорилгын дотоод нэгдэл тогтоогддог ба энэ нь хамтран оролцогч бүр гэмт хэрэг үйлдэхэд өөр бусад хүн оролцож байгаа тухай мэдсэн, гэмт хэрэг үйлдэхэд тэдний оролцсон хэр хэмжээг баримжаалсан зэрэг байдлаар илэрч болох бөгөөд хамгийн чухал шинж нь гэмт хэрэг үйлдэхэд “нэгдэн оролцсон” байх явдал юм.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр билээ. Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарын хэн аль нь амь хохирогчийн толгой, нуруу, цээж рүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр түүний биед халдан зодсоны улмаас нас барсан болох нь нотлогдсон бөгөөд тэдгээрийг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
2.5.Шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан ...” хэмээн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж маргажээ.
Баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах гэсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж оргосон хүнийг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан нь баривчлах, таслан зогсоох хэр хэмжээнээс хэтрээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх энэхүү нөхцөл байдалд тооцох урьдач нөхцөл нь хохирогчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй байх, эсхүл гэмт хэрэг үйлдэж оргосон хүнийг баривчлах, саатуулах, эрх бүхий байгууллагад хүргэх зорилгоор зайлшгүй, аргагүй нөхцөл байдалд хийгдсэн хууль сахиулах чиг үүрэг бүхий албан тушаалтны үйлдэл байх талаар хуульчлан тодорхойлжээ.
Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон буюу хэтрээгүй байх шаардлагатай.
Харин гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохироогүй, зайлшгүй хохирол учруулж баривчлах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад, хууль сахиулагч хуульд заасан баривчлах, таслан зогсоох үндэслэл, журмыг зөрчин бусдад халдаж хохироосныг баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1979 оны 34/169 дүгээр тогтоолоор баталсан “Хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйн дүрэм”-ийн дагуу хууль сахиулах байгууллагын ажилтнууд гагцхүү нэн шаардлагатай тохиолдолд, үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хэр хэмжээгээр л хүч хэрэглэж болох ба ямар ч тохиолдолд зүй зохистой хэмжээнээс давах ёсгүй юм.
Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтнүүдтэй харьцах асуудлаарх Наймдугаар их хурлаас баталсан “Хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд хүч, галт зэвсэг ашиглах зарчим”-д тусгаснаар хууль сахиулах байгууллагын ажилтнууд үүргээ гүйцэтгэхдээ хүч хэрэглэхээсээ өмнө аль болох хүчирхийлэлгүй арга хэрэгслийг ашиглах, бусад арга нь үр дүнгүй хэвээр байгаа тохиолдолд л хүч ашиглахыг заасан болно. Хууль ёсоор хүч хэрэглэхээс зайлсхийх боломжгүй тохиолдолд хууль сахиулах байгууллагын ажилтнууд өөр бусад арга хэмжээнээс гадна тайван байдлыг эрхэмлэж, хохирол, гэмтлийг багасгаж, гэмтэж бэртсэн, нэрвэгдсэн хүнд тусламж, эмнэлгийн тусламжийг аль болох түргэн үзүүлэхээр тусгасан байна.
Гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудаас үзэхэд хэдийгээр шүүгдэгч Б.Ш нь “Б.Ц залгаж, дуудлага өгсний дагуу Г.О-ийн хамт очсон” гэх боловч амь хохирогч нь бусдын эрх, эрх чөлөөнд нь халдсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэл гаргаагүй, мөн амь хохирогчийг баривчлах, саатуулах бодит нөхцөл байдал үүсээгүй /эдгээр нь нотлох баримтаар нотлогдоогүй/ байхад шүүгдэгч нар нь хохирогчийг тодорхой шалтгаангүйгээр бүлэглэн зодож, олон тооны гэмтэл учруулан амь насыг нь хохироосныг зөвтгөх, энэхүү хууль бус үйлдлийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.6. Шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Б.Ш болон шүүгдэгч Г.О нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо энэхүү үйлдлийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй ...” гэжээ.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн объектив шинж нь гэмт этгээдүүд бүлэглэн нэг нь нөгөөгийнхөө үйлдлийг дэмжих, уриалах, татан оруулах, өдөөн турхирах замаар аливаа шалтгаангүйгээр, эсвэл үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэх, айлган сүрдүүлэх, дарамтлах, бусдыг дорд үзэх, дээрэлхэх, бүдүүлэг догшин авирлах, хохирогчид хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх жам ёсны эрхэд халдаж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв журмыг зөрчих зэргээр илрэн гардаг.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Г.О, Б.Ш нар нь шалтгаангүйгээр амь хохирогчийг тодорхой бус шалтгаанаар зодож байх үед Б.Ц-ийн гэрийн ойр амьдарч байсан О.А, Д.М, Б.Э нарыг тухайн үйл явдлыг таслан зогсоохоор ирэхэд нь цохиж хүч хэрэглэн, халдашгүй чөлөөтэй байдалд нь халдаж, тэдгээрийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо тус гэмт хэргийн объектив шинжийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тодорхой дурдсан байхад шүүгдэгчийн өмгөөлөгч “дүгнэлт хийлгүй орхигдуулсан” хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
2.7.Шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Б.Ш мэдүүлэгтээ талийгаач “Эмч дуудаад өгөөч” гээд би 3 эмч рүү залгасан боловч утаснууд нь холбогдоогүй гэж мэдүүлсэн байдаг ...” гэжээ.
Хэргийн 3 дугаар хавтасны 56 дугаар талд шүүгдэгч Б.Ш-ын гар утасны дуудлагын лавлагаанаас үзэхэд шүүгдэгч нь дээрх дуудлагыг хийсэн болох нь тогтоогдохгүй байна.
Мөн гэрч Ц.Ш-ийн “... 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ...Ш-ын утаснаас дуудлага ирээгүй байсан. Хамгийн сүүлд өдөр 15 цаг 09 минутад дуудлага хийгдсэн. Түүнээс хойш ямар нэгэн дуудлага хийгдээгүй ...” (1 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар тал), гэрч Э.Б-ийн “... Тухайн үед миний утас унтарчихсан байсан байх. Миний утсанд хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 14:46 цагт дуудлага хийгээд, түүнээс хойш сүлжээгүй, цэнэггүй болоод унтарчихсан байсан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр тал) гэсэн Дорноговь аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвийн багийн эмч нарын мэдүүлгүүдээр өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан нөхцөл байдал нотлогдохгүй байгаагаас гадна энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг үгүйсгэхгүй болно.
3.Шүүгдэгч Г.О, Б.Ш нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11-ний орой 22:00 цагийн үед Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг, ... задгай тоотод амь хохирогч Б.Ц-ийг шалтгаангүйгээр зодсоны улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж, олон тооны гэмтэл, шарх учруулан онц харгис хэрцгийгээр алсан,
мөн тухайн цаг хугацаанд шүүгдэгч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, О.А, Д.М, Б.Э нарт хүч хэрэглэн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хэрүүл маргаан үүсгэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
4.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.О, Б.Ш нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн хэргүүдийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
5.Мөн тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тус бүр 13 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
6.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.
7. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, М.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, М.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ