Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 116/2020/0010/З |
Дугаар | 221/МА2020/0418 |
Огноо | 2020-07-02 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2020/0418
Р.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Батбилэг, Нэхэмжлэгч Р.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Р.А-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Р.А-ийн Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дугаар захирамжийг хэрэгжүүлж, үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Р.А болон түүний өмгөөлөгч Р.У нар давж заалдах гомдолдоо: “ Нэхэмжлэгч Р.А Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дугаар захирамжийг хэрэгжүүлж, үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Энэ нэхэмжлэлийг шүүхээс хүлээн аваад хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнг эс зөшөөрч байна.
Шүүхээс Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн.
Гэтэл Хэрлэн сумын Засаг даргын А/289 тоот захирамжийг хүчингүйд тооцоогүй, энэ захирамж нь хууль зөрчсөн, хууль бус захиргааны акт биш. Энэ захирамжийн үндэслэл болон хийгдсэн иргэд хоорондын хэлцэл хүчин төгөлдөр юм. Хамгийн гол нь 6 настай А гэх хүүд эрх зүйн үр дагавар үүсч байгаа юм. Тэгэхээр А хүүгийн үрчлэлтийг бүртгэхгүй байснаар, мөн сумын Засаг даргын захирамжаар Б.Г-д үрчлэгдэх шийдвэр гарснаар одоо хэний хүүхэд гэж хэлэгдэх гэсэн асуудал гарч байна. Энэ үр дагавар хамгийн чухал бөгөөд эрх зүйн үр дагаварыг үүсгэж байгаа юм. Тиймд хүүхдийн үрчлэлтийн бүртгэлийг хийхгүй байснаар хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөж байна.
Улсын бүртгэлийн байгууллага бүртгэх үүрэгтэй, бүртгэхээс татгалзсан хариуг нэг удаа ч нэхэмжлэгчид бичгээр өгөөгүй, байнга амаар татгалзсан хариуг өгдөг.
Б.Г, Р.А нарт үрчлүүлэх захирамж 08 дугаар сарын 01-ний өдөр гарсан хүчин төгөлдөр захирамж. Хэрвээ захирамж гарч амжаагүй байхад үрчлэн авагч нас барсан бол заавал бүртгүүлнэ гээд маргаад явахгүй шүү дээ. Нэгэнт захирамж гарчихаад байхад захирамжийг биелүүлэхгүй байх нь эс үйлдэхүй болно. Энэ захирамжийн хувьд одоог хүртэл үйлчлэл нь зогсоогүй, хүчингүйд тооцсон шийдвэр гаргаагүй:
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүйг/ хэлцэл гэнэ.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 хүсэл зоригийн илэрхийлэл нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр өолно.
40.3 дахь хэсэгт Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж хуульчлан зохицуулсан байдаг. Тиймээс Б.Г-ын нас барахаасаа өмнө хийсэн хүүхэд үрчлэн авах тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бөгөөд эрх зүйн үр дагаврыг бий болгосон. Нэгэнт Б.Г, Р.А нарт үрчлэгдсэн шийдвэр гарсан байхад цаашид хүү А нь хуульд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүснэ. Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх ёстой. Эцэг Б.Г нь ч хүүхдээ үрчлэн авах хүсэлт нь хангагдсан болохыг нас барахаасаа хэдхэн цагийн өмнө мэдсэн бөгөөд зүрхний ишеми оношоор нас барсан хүн гэнэтийн үйл явдалд баярлаж зүрх нь хаагдсан байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Гол нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40, 40.3 дахь заалтын дагуу хэлцэл хүчин төгөлдөр байх үндэслэлтэй бөгөөд энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцоогүй байхад эрх зүйн үр дагавар үүссэн А-тай холбогдуулан үрчлэлт хэвээр байх үндэслэлтэй юм.
Иймд Улсын бүртгэлийн байгууллагын татгалзаж буй үндэслэл нь хуулийн зарчим бөгөөд үндэслэл бүхий татгалзал биш бөгөөд үүнийг үндэслэн шийдвэрлэсэн Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Хэрлэн сумын Засаг даргын А/289 тоот захирамжийг хэрэгжүүлж, үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Р.А нь Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дугаар захирамжийг хэрэгжүүлж, үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд “...Засаг даргын үрчлэлтийг хүлээн зөвшөөрсөн захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа ажилтны буруутай эс үйлдэхүй нөлөөлж өнөөг хүртэл би үрчлэлтээ баталгаажуулж чадаагүй...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр захирамжаар Б.А-ыг Б.Г, Р.А нарт үрчлүүлэхийг зөвшөөрсөн байна.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж, хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана”, 11.2-т “Энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т заасан баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна”, 11.5-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг энэ хуулийн 11.4-т заасан дүгнэлтэд үндэслэн 20 хоногийн дотор гаргана.” 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ”, Хууль зүйн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 12.2-т “Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна” гэж тус тус заажээ.
Б.Г, Р.А нар нь хуульд тусгайлан заасан шаардлагуудыг хангасан тул засаг даргын захирамжийн дагуу ач хүү Б.А-ыг өөрсдийн нэр дээр үрчлэлтийн бүртгэл хийлгэх эрх үүссэн байх боловч хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл улсын бүртгэгч нь хүүхэд үрчилсний бүртгэлийг эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэн хийхдээ үрчлэн авагч нарын нэгийг заавал биечлэн байлцуулахаар журамлажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар цаг хугацааны хувьд 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.Г, Р.А нар Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт ач хүү Б.А-ыг үрчлэн авахаар хүсэлтээ гаргасан боловч Б.Г нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өвчний учир нас барсан ба мөн тус өдөр Хэрлэн сумын Засаг даргын А/289 дүгээр “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж гарсан болох нь тогтоогдож байх тул талийгч Р.Г-ын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд заасан эрх зүйн чадамжтай иргэн, хуулийн этгээд болон хуулиар эрх олгогдсон этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхтэй.”, Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно” гэж зааснаар дээрх хуулийн шаардлага хангагдах боломжгүй, түүний нэр дээр хүүхэд үрчлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Тодруулбал хуульд бүртгэл хийхэд үрчлэн авагчийг заавал байлцуулах шаардлага тавьж буй зорилго нь үрчлэн авч буй этгээд хүүхдийг үрчлэн авснаар хүүхдийг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг үүргийг хүлээж, үрчлэгдсэн хүүхэд, үрчлэн авагчийн хооронд эцэг, эхийн эрх, үүрэг үүсэх үр дагаврыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодорхойлоход оршино.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, ...эрхтэй” гэж тус тус хуульчилсан, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж заажээ.
Энэ тохиолдолд үрчлэн авагч Б.Г нас барсан учраас Б.А-ыг асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрх ашиг сонирхлыг нь хамгаалах боломжгүй, нас барсан этгээдэд хүүхдийг үрчлүүлсэн бүртгэлийг хийлгэхээр даалгах нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх...” гэж заасан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болохоор байна.
Нөгөөтэйгүүр Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж заасан байхад “засаг даргын хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн захирамж байгаа учраас нас барсан хүнд хүүхдийг үрчлүүлсэн бүртгэлийг хийх ёстой” гэсэн шийдвэрийг гаргах нь дээрх хууль болон конвенцид нийцэхгүй бөгөөд энэхүү бүртгэлийн улмаас хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байх тул анхан шатны шүүхээс Б.Г-д үрчлэлтийн бүртгэл хийлгэх шаардлагын тухайд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
Харин нэхэмжлэгч Р.А-д ач хүү Б.А-ыг үрчлүүлэх бүртгэл хийлгэх тухайд Захиргааны ерөнхий хуулин 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дугаар захирамжид “2. ...Үрчлэн авагч Б.Г, Р.А нарт хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтөлж ажиллахыг ...нарт үүрэг болгосугай” гэж шийдвэрлэснийг Сумын Засаг даргаас хүчингүй болгоогүй, тус захирамжилсан шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэлтэй байх тул Засаг даргын захирамж заавал биелэгдэх шинжтэй байхын зэрэгцээ үр нөлөөтэй байх зарчмыг хангаж улсын бүртгэлийн байгууллага хүүхэд үрчилсний бүртгэлийг хийх нь зүйтэй байна.
Иймд өмнө дурдсанчлан Б.А-ыг Р.А-ийн үрчлэлд бүртгэхэд хуульд заасан харшлах нөхцөл байхгүй байтал анхан шатны шүүх зөвхөн талийгч Б.Г-тай холбоотой нөхцөл байдлын талаар дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсэг буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжийн дагуу Б.А-ыг Р.А-д үрчлүүлснийг бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Р.А-аас Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дугаар захирамжийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч Р.А-д үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох Б.Г-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА