Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 488

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

 

 

 

 

             Ө.Мөнх-Удамд холбогдох эрүүгийн

                              хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Ялтан Ө.Мөнх-Удамын өмгөөлөгч С.Батсайхан,

Хохирогч Г.Жавхлан,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ө.Мөнх-Удам, түүний өмгөөлөгч С.Батсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.Мөнх-Удамд холбогдох 201625023031 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Өрнөхийн Мөнх-Удам, 1992 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, “Окс Ворлд” ХХК-д найруулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 73 дугаар байрны 128 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ФА92021831/,

 

Ө.Мөнх-Удам нь согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж, догшин авирлаж танхайрч, хохирогч Г.Жавхлангийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ө.Мөнх-Удамын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Мөнх-Удамыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Ө.Мөнх-Удамыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ө.Мөнх-Удамын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Ө.Мөнх-Удам нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ө.Мөнх-Удамаас нийт 886.800 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Жавхланд олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ө.Мөнх-Удамд урьд авсан бусдыг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Ялтан Ө.Мөнх-Удам гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Г.Жавхлангийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж, удаа дараа уучлалт гуйж, эмчилгээний зардлыг төлөх санал тавьсан боловч хохирогч хүсэлтийг хүлээн авалгүй өнөөдрийг хүрлээ. Миний бие эхийн хамт хажуу өрөө түрээслэн амьдардаг бөгөөд ээж минь ганцаараа үлдэж байгаа нь маш хүнд тусч байна. Миний банкны зээлийн төлөлтийг ээж маань ганцаараа төлөх чадваргүй, биеийн байдал гэнэт муудаж зүрх нь байн байн өвддөг тул ээжийн минь дэргэд байлгаж, нийгмээс тусгаарлахгүй ял шийтгэл оноож өгнө үү...” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч С.Батсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Г.Жавхланг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хохирлын баримтыг гаргаж өгөх талаар удаа, дараа шаардаж байсан. Гэвч хохирогч шүүх хуралдаанд 4.577.800 төгрөгийг нэхэмжилсэн баримт гаргаж ирсэн. Үүнээс хохирогчийн эмчилгээ, шинжилгээнд бодитой зарцуулсан гэх 1.386.800 төгрөгийн “баримт нотлох баримтын шаардлага хангасан” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “... шүүх нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлыг хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал бий болсон. Тухайлбал:

Ялтан Ө.Мөнх-Удам хяналтын прокуророос хэдэн төгрөгийн хохирол төлөх талаар асуухад “одоогоор хохирлын баримт ирүүлээгүй байна, юу ч гэсэн 500.000 төгрөг бэлдэхэд болох байх” гэсний дагуу уг мөнгийг шүүх хуралдаанд авч ирсэн.

Гэтэл хохирогч шүүхэд ирүүлсэн баримтаар 1.386.800 төгрөгийн баримт ирүүлсэн. Шүүх хуралдаанд хохирогч 500.000 төгрөгийг хүлээн авсан. Шүүхэд ирүүлсэн баримтад хохирогчийн үзүүлж шинжилгээ хийлгэсэн гэх “Бриллианс клиник” ХХК-ийн эмнэлгээс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, мөн тус компанийн дэргэдэх лабораторт 123.000 төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн гэх баримт нь кассын зарлагын ордер байсан.

Энэхүү зарлагын баримтуудад мөнгө хүлээн авагч нь хохирогч Жавхлан байхад шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон. Хэрэв хохирогчоос шинжилгээнд төлбөр төлсөн бол санхүүгийн орлогын баримт байх учиртай. Мөн төлбөр төлсөн баримт нь НӨАТ-ийн “И" баримтаар баталгаажих байсан. Үүнийг шүүх сайн мэдэж байх учиртай. Мөн хохирлын баримтад “Мөнгөн гүүр” эмнэлэгт МРI-ны шинжилгээ өгч 350.000 төгрөг төлсөн гэх боловч 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн бүртгэлд хохирогч Г.Жавхлан бүртгэгдээгүй, шинжилгээний хөлс төлөөгүй болохыг тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч шалгаж, хохирлын баримт хуурамч болохыг тодорхойлсон. Хохирлын баримтад “Хэлси харт” ХХК-иас 100.000 төгрөгийн баримтыг зүрхний ЭХО үзсэн гэж баримт бүрдүүлсэн боловч орлого хүлээн авагч байгууллгын дарга, нягтлан бодогчийн гарын үсэг байхгүй байгаа тул төлбөр төлсөн нь эргэлзээтэй. “Мийдпойнт” ХХК-ийн ЛАВ эмийн сангаас 3 удаа эм тариа авсан гэх зарлагын баримт шүүхэд ирүүлсэн боловч эдгээр баримтаар хүлээн авсан эм, тарианы үнийг хэрхэн төлсөн нь тогтоогдоогүй. Зөвхөн эм тарианы зарлага гарсан байх юм.

Эдгээр баримтуудыг шүүх нотолгооны шаардлага хангасан гэж шийтгэх тогтоолд дурдаад хохиролд 886.800 төгрөгийг хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт хохирогчоос хохирол барагдуулахаар гаргасан нотлох баримтууд илт эргэлзээтэй байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай.

Эдгээр хуурамч баримтыг хохирогчийн эх Ариунцэцэг зүрх судасны зөвлөх эмч, АУИС-ын багш, өөрийн шавь нарын тусламжтай хийлгэсэн байдаг.

Ялтан Ө.Мөнх-Удам нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хохирол барагдуулах талаар мөрдөн байцаалтын шатнаас анхаарал тавьсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа болон шүүхийн шийтгэх тогтоолын дагуу гарсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Г.Жавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөртэйгээ адилхан залуу хүн ял шийтгэл авахыг харахад үнэхээр хэцүү байдаг юм байна. Миний бие гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ялтан Ө.Мөнх-Удамаас авсан бөгөөд одоо түүнд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

                                                       ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ө.Мөнх-Удам нь согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж, догшин авирлаж танхайрч, хохирогч Г.Жавхлангийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Ялтан Ө.Мөнх-Удам мөрдөн байцаалтын шатанд “...Би тэр үед найзуудтайгаа хамт “Велвет” бааранд сууж байтал бүжгийн талбай дээр Мөнхнасан гэж залуу гарч ирээд манай найзуудын эхнэрүүдийг өдөөд байсан. ...тэгээд нэг харсан чинь Төгөлдөр Мөнхнасантай маргалдаад... Жавхлан намайг цохихоор нь би цохисон. Жавхлан “чи хэн бэ” гээд надруу орилоод байхаар нь би тэндээс явсан. Тэгээд эргэж ирээд надруу орилоод дайраад байсан нь санаанд ороод би нүүрэн хэсэгт нь цохисон...” /хх-ийн 25/,

 

хохирогч Г.Жавхлан мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 12 дугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө өөрийн найзууд болох Бат-Эрдэнэ, Мөнхнасан, Отгонбаатар нарын хамт “Вэлвэт” лонжид орж пиво уугаад сууж байгаад кулб руу ороод текнээс 2 шил 0.33 литрийн “Хэникен” пиво аваад зогсож байтал Мөнхнасан бүжгийн талбай дээр Мөнх-Удам гэж залуутай муудалцаад байхаар нь би очоод салгах гэтэл Мөнх-Удам шууд миний нүүрэн тус газар гараа атгаад баруун гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд Мөнх-Удамын нүүр лүү нь гараа атгаад нэг удаа цохиод баарны хамгаалагч залуу ирээд намайг болиулаад явж байтал ардаас Мөнх-Удам ирээд миний нүүр, нүд, хамар луу хэд хэдэн удаа цохисон. Хамгаалагч намайг лонж руу оруулаад текний хажууд би салфетикаар цусаа цэвэрлээд байж байтал Мөнх-Удам дахиж ирээд хамар луу гараараа дахиж цохисон. Миний хамар хугарч тархи доргиж, хоёр нүд хөхөрч хамраас маш их цус гарсан. ...би Мөнх-Удам гэх залуутай маргалдсан зүйл огт байхгүй намайг үгийн зөрөөгүй зодсон...” /хх-ийн 8-9/,

 

гэрч Э.Мөнхнасан мөрдөн байцаалтын шатанд “...тэр өдөр найзуудтайгаа “Велвэт” бааранд ороод сууж байгаад би хажуу талын хэсэг болох бүжгийн талбай дээр ганцаараа гараад бүжиглэж байтал нэг танихгүй залуутай мөргөлдөх шиг болоод нөгөө залуу эргэж хараад надтай маргалдаад миний цамцнаас эхлээд гараараа татахаар нь би гарыг нь тавиулсан. Энэ үед Бат-Эрдэнэ, Жавхлан хоёр текний дэргэд пиво уугаад сууж байсан. Тэгээд намайг хоёр, гурван танихгүй залуу газар унагаагаад баарны хамгаалагч ирээд салгаад баарны хамгаалагч намайг гадагшаа гаргасан. ...намайг бүжгийн талбай дээр нэг танихгүй залуутай маргаад газар унасан байхад Жавхлан намайг салгах гэж ирээд Мөнх-Удамтай маргалдсан гэсэн. Би тэр хоёрыг зодолдож байхыг хараагүй...” /хх-ийн 9/,

 

гэрч Н.Баяраа мөрдөн байцаалтын шатанд “...Би “Велвэт” бааранд 2016 оны 8 дугаар сараас эхлээд одоог хүртэл захирлаар ажиллаж байна. 2016 оны 12 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 03 цагийн үед баарны текний тэнд зогсож байтал бүжгийн талбай дээр бүжиглэж байсан хүмүүс зодолдоод үүдрүү яваад өгөхөөр нь араас нь очиход Мөнхнасан гэх залуу Мөнх-Удамын хэдэн найзуудад газар унагасан байдалтай зодуулж байхаар нь би хамгаалагч нараа дуудаад салгах гэж байтал хажуу талаас Жавхлан орж ирээд Мөнхнасанг салгах гэтэл Мөнх-Удам Жавхлангийн нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон. ...тэгээд манай ахлах хамгаалагч Цогоо бас хоёр хамгаалагч нар ирээд Мөнхнасанг салгаад баарны үүдэнд аваачсан. ...тэгээд баарны лоунжны тэнд байж байтал Жавхлан хамар ийм болчихлоо гээд хүрээд ирсэн. Тэгээд байж байтал Мөнх-Удам над дээр ирээд “би Жавхлантай уулзъя” гэхээр нь “за за та хоёр эвтэйхэн уулзаарай” гэж хэлээд явсан. ...Мөнхнасан гэдэг залуу бүжгийн талбай дээр Мөнх-Удамын найзуудын эхнэрүүдийг өдсөнөөс болоод маргаан үүсээд Мөнх-Удамын найзуудад зодуулсан гэсэн. ...Мөнхнасанг газар унаган Мөнх-Удамын найзуудад зодуулж байхад Жавхлан ирээд Мөнхнасанг босгох гэтэл Мөнх-Удам Жавхлангийн нүүрэн тус газар нь гараараа цохисон...” /хх-ийн 9-10/,

 

гэрч Э.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд “...Жавхлан, Мөнхнасан, Оогий бид 4 нэг, нэг пиво захиалж уугаад Мөнхнасан бүжгийн талбай дээр очсон. Тэгтэл Жавхлан босч явсан. Хэсэг хугацааны дараа Жавхлангийн хамар нь мурийчихсан хамраас нь цус гараад ариун цэврийн өрөөнд орж байсан. ...Мөнх-Удам Жавхлангийн нүүрэн тус газар нь цохиж хамраас нь цус гарсан...” /хх-ийн 12/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Жавхлангийн биед хамар ясны хуграл, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод уруулд язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл...” болохыг тогтоосон шинжээчийн 16498 дугаар дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Ө.Мөнх-Удамын гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Ө.Мөнх-Удамд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч гомдол саналтай, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ө.Мөнх-Удамд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтан Ө.Мөнх-Удамын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй юм.

 

Гэвч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө Ө.Мөнх-Удам нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгийг хохирогч Г.Жавхлангийн Хаан банкны 5003515557 тоот дансанд байршуулж, хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны орлогын мэдүүлэг, ялтан Ө.Мөнх-Удамын өмгөөлөгч С.Батсайхан, хохирогч Г.Жавхлан нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.    

 

Ялтан Ө.Мөнх-Удам нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн санал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

           Иймд ялтан Ө.Мөнх-Удамын гаргасан “…нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оноож өгнө үү...”, өмгөөлөгч С.Батсайханы гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: