| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0366/Э |
| Дугаар | 386 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 386
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Б.У/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У холбогдох эрүүгийн 1918000000212 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.У , 1997 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шийрийн бригад” гэх газар оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Дархан сумын 8 дугаар багийн Наран хотхоны 2 дугаар байрны 42 тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси” бааранд тус баарны бармен Д.З-ын эзэмшлийн самсунг жи 2 маркын 250000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “утсаар яриад өгье” гэж бусдыг хуурч, залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
1.Гэм буруугийн талаар:
-Шүүгдэгч Б.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хохирогч Д.З-аас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5/,
-“...гэрч Э.Э-д Б.У-гийн цээж зургийг ижил төстэй 7 цээж зургийн хамтаар А-4 хэмжээтэй цагаан цаасан дээр хэвлэж, зургийн доод хэсэгт 1-8 хүртэл тоогоор дугаарлаж, зургийг харуулахад гэрч Э.Э нь 7 дугаартай цээж зургийг хараад тухайн үед энэ хүн надад самсунг галакси жи 2 маркын гар утсыг зарсан хүн мөн байна гэж заасныг тэмдэглэл болгон бичив.” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-10/,
-Хохирогч Д.З-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...зүс таних залуу ганцаараа орж ирээд нэг сэнгүр пиво захиалаад суусан. Тэгээд 3 дуу дуулаад байж байтал хажуу ширээнд суусан хүмүүсийг таньдаг бололтой тал пиво бариад очоод суусан юм. Түүний дараа над дээр ирээд “нэг дугаар руу ярих гэсэн юм, та утсаа өгөөч” гэхээр нь би 99681075 гэх дугаар руу залгаад яриулахаар өгсөн. Би хажууд үйлчлүүлэгч байсан учир анхаарал сарниад үйлчилгээгээ үзүүлээд байж байтал “би дахиад нэг дугаар руу залгая, та кодоо хэлээч” гэхээр нь би кодоо зааж өгөөд самсунг жи 2 маркын гар утсаа өгсөн.
...утсаа санаад хартал нөгөө залуу байхгүй байсан бөгөөд өөрийн 99735172 дугаар руу залгахад нэг дуудаад гар утсыг салгачихсан.” гэх мэдүүлэг /хэргийн 6/,
-Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын эхээр над дээр миний танихгүй нэг эрэгтэй хүүхэд ирээд надад самсунг галакси жи 2 маркын гар утас үзүүлээд надад хэлэхдээ “энэ миний гар утас байгаа юм, энэ утсыг авах уу?” гэхэд би утсыг нь үзэхэд доторх бүх зүйлийг нь устгасан, харин Google хаяг нь кодтой байсан. Тэгээд тэр хүнээс “утсаа хэдэд зарах вэ?” гэж асуухад надад 40000 төгрөг гэж хэлэхээр нь би 30000 төгрөгөнд авсан юм.
...тэр залууг харвал танина. Надаас арай намхан, шар шөвгөр царайтай залуу байсан.
...одоо надад тэр утас байхгүй. Би тэр утсыг худалдаж авснаас хойш 2-3 хоногийн дараа танихгүй хүнд 60000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/,
-“...галакси жи 2 маркын гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 18-19/,
-Хохирогч Д.З-ын “Б.У-аас 250000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суух боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 104/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси” бааранд тус баарны бармен Д.З-ын эзэмшлийн самсунг жи 2 маркын 250000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “утсаар яриад өгье” гэж бусдыг хуурч, залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.У-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.З-д 250000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Знь “...Б.У-аас 250000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суух боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 104/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.У-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси” бааранд тус баарны бармен Д.З-ын эзэмшлийн самсунг жи 2 маркын 250000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “утсаар яриад өгье” гэж бусдыг хуурч, залилан авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.У-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Унь энэ хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 23 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.У-г бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, 250000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.У-т 240 /хоёр зуун дөч/ цаг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.У-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 23 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай нийцүүлэн тооцож 184 цагийн ял эдэлсэнд тооцож, эдлээгүй үлдсэн 56 /тавин зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 5-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.У-т анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ