| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/13388/И |
| Дугаар | 210/МА2026/01215 |
| Огноо | 2026-05-27 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/01215
*******ийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Мандалбаяр С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 сарын 01-ний өдрийн 191/ШШ2026/04682 дугаар шийдвэртэй,
*******ийн хүсэлттэй,
*******гийн ач болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга:
1.1. ******* нь өөрийн төрсөн аав *******ын төрсөн дүү ******* болон түүний нөхөр ******* нарт өргүүлэн, 1980 оноос эхлэн 43 жил хамт амьдарсан. Өөрийн өргөж авсан эцэг, эхтэйгээ хамт 1980 оноос хойш *******, ******* нарын охин нь болж амьдарсан боловч улсын бүртгэлийн байгууллагад үрчлэлтийн бүртгэлийг хийлгээгүйн улмаас үрчлэлт бүртгэгдээгүй болно.
1.2. ******* аав маань 2005 онд нас барж, улмаар үрчлэн авсан ээж ******* нь 2024 оны 11 сарын 12-ны өдөр нас барсан. ******* нь төрсөн үр хүүхэд, хань ижил байхгүй бөгөөд миний бие хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд асран халамжилж, хамт амьдардаг байсан.
1.3. Хүсэлт гаргагч нь өргөмөл ээж *******гийн хамт ******* тоот 18 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 08 сарын 14-ний өдрөөс хойш хамтран өмчилж ирсэн. Хэдийгээр *******ийн үрчлэлтийн бүртгэл хийгдээгүй боловч *******гийн төрсөн ахын охин буюу түүний ач болохын хувьд Иргэний хуульд заасан журмын дагуу уг орон сууцнаас талийгаач ээж болох *******д ногдох хэсгийг хуульд заасны дагуу өвлөн авах эрхтэй.
1.4. Тодруулбал, *******ийн өвөө ******* овогтой ******* нь анхны эхнэр болох *******тай ханилж, ******* болон ******* гэсэн хоёр хүүтэй болсон. Үүний дараа өвөө ******* овогтой ******* нь хоёр дахь эхнэр *******тай ханилж охин *******, хүү ******* 2 хүүхэдтэй болсон.
1.5. Улмаар миний өвөө ******* маань улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж 1938 оны 04 сарын 08-ны өдөр 13 дугаар тогтоолоор цаазлах ялаар шийтгүүлсэн. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан улс төрийн эсэргүүгийн хүүхэд гэгдэж, нийгмийн гадуурхлаас зайлсхийж өвөөгийн төрсөн хүүхдүүд ээж ******* болон том ах *******оор овоглож, өөр өөр овгоор бүртгүүлэн цаашид амьдарсан.
1.6. Үүний улмаас миний аав ******* нь өөрийн төрсөн эцэг *******ээр овоглоогүй, том ах *******оор овоглож, цаашид *******ын ******* хэмээн бүртгүүлсэн. Миний төрсөн эцэг ******* нь том ах *******оос 7 насны зөрүүтэй байсан. Архивын ерөнхий газрын лавлагаагаар *******ийн хүү ******* нь 1933 онд 16 настай байсан буюу 1917 онд төрсөн байдаг. Харин миний аав ******* нь 1924 онд төрсөн.
1.7. Харин эцэг нэгт дүү болох намайг өсгөсөн ******* нь төрсөн эцэг *******ээр овоглоогүй, өөрийн ээж *******гаар овоглож, цаашид *******гийн ******* гэж бүртгүүлэн амьдарсан болно.Ийнхүү төрсөн ах дүүс болох *******, ******* нар нь өөр өөр овгоор бүртгүүлж, улмаар одоо улсын бүртгэлд бүртгүүлсэн мэдээллээр миний бие *******гийн төрсөн ахын хүүхэд биш, харин том ах *******ын ач охин мэтээр бүртгэгдсэн болно.
1.8. Иймд, миний бие шүүхээр өөрийн талийгаач өргөмөл ээж *******гийн ач болохыг тогтоолгосноор өвлөх эрхийн гэрчилгээ авах буюу өвийг хүлээн авах боломжтой байх тул энэхүү эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож, намайг ******* овогт *******гийн *******гийн /РД: Х033071006/ ач болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *******ийн ******* овогт *******гийн *******гийн ач болохыг тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай.
3.2. ******* нь *******ийн охин мөн болох талаар хавтаст хэрэгт дараах нотлох баримт байгаа болно. Үүнд:
- БНМАУ-ын хүн амын регистрийн карт №228, ******* овогтой *******, 17 дахь хэсэг эцэг *******ийн *******, эх *******ын ******* /хэргийн 58 хуудас, ар тал/
- 2026 оны 01 сарын 26-ны өдрийн Төрөл садангийн лавлагаагаар ******* нь *******ын дүү /хэргийн 60 хуудас/
- 2026 оны 01 сарын 26-ны өдрийн Төрөл садангийн лавлагаагаар ******* нь *******ийн авга /хэргийн 54 хуудас/
- Гэрч ******* нь 2026 оны 02 сарын 24-ний өдөр Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд өгсөн *******, *******, ******* нар *******ийн хүүхдүүд буюу төрсөн ах дүүс, ******* хэлмэгдсэн тул хүүхдүүд нь овгоо сольсон талаар мэдүүлэг /хэргийн 79-80 хуудас/
- Гэрч ******* нь 2026 оны 02 сарын 27-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд өгсөн *******, *******, ******* нар *******ийн хүүхдүүд буюу төрсөн ах дүүс, ******* хэлмэгдсэн тул хүүхдүүд нь овгоо сольсон, аав ******* нь төрсөн ах *******ын нэрээр овоглосон талаар мэдүүлэг /хэргийн 81-82 хуудас/
3.3. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг шүүх тал бүрээс нь харьцуулан үзэж дүгнэлт гаргаагүй. Дээрх улсын бүртгэлийн лавлагаа, гэрчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд нь ямар үндэслэлээр няцаагдаж байгаа, яагаад ******* нь *******ийн охин нотлох баримт болохгүй байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй болно. ******* болон ******* нарын шууд хамаарлыг тодорхойлоогүй бусад улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан бүх баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж чадаагүй, нотлох баримтыг үнэн зов талаас нь дүгнээгүй, үйл баримтыг бодитоор тогтоож чадаагүй гэж үзэж байна.
3.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.2 дахь заалтад заасан нас барагчийн ах, эгч, дүү, ач, зээг Монгол Улсын Дээд Шүүхийн 2002 оны 04 сарын 18-ны өдрийн 123 дугаар тогтоолд зааснаар ойлгон тайлбарлахгүй гэх дүгнэлтийг хийсэн.
3.5. Гэвч Монголын Нотариатчидын танхим Улсын дээд шүүхийн 2002 оны 04 сарын 18-ны өдрийн 123 дугаар тогтоолыг үндэслэн өвлүүлэгч ******* нь таны төрсөн эцэс *******ын дүү буюу таны авга эгч болох нь баримтаар нотлогдсон тохиолдолд таныг өвлүүлэгч *******гийн "ач" гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан 2 дугаар ээлжийн өвлөгчид хамааруулах боломжтой байна гэсэн хариуг өгсөн байдаг.
3.6. Монгол улсын дээд шүүхийн 2002 оны 04 сарын 18-ны өдрийн 123 дугаар тогтоолоор Иргэний хуульд заасан ач гэх ойлголтод хэнийг хамруулан ойлгох талаар хууль хэрэглээний нэгдсэн ойлголтыг тогтоосон хэмээн үзэж байна.
3.7. Монгол Улсын Дээд шүүх 2002 оны 04 сарын 18-ны өдрийн 123 дугаар тогтоолоо Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах", Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6 дахь заалт Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах. Улсын дээд шүүхийн тайлбарыг тухайн хуулийг хэрэглэж байгаа хүн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө гэснийг тус тус үндэслэн тайлбар гаргаж Ач гэх ойлголтыг тайлбарласан.
3.8. Ач гэх ойлголт ямар эрх зүйн харилцаанд хэрэглэгдэж байгаагаас үл шалтгаалан хүчин төгөлдөр буй Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 04 сарын 18-ны өдрийн 123 дугаар тогтоолын дагуу ойлгоно хэмээн үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******ийг *******гийн ач /төрсөн ахын охин/ болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ******* нь эцэг *******ын төрсөн дүү *******гийн ач болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.
3.1. ******* нь *******гийн ач болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан гэж тодорхойлсон боловч хүсэлтийн үндэслэлийг ... *******ын ******* нь *******тай төрөл садангийн холбоотой болохыг тогтоолгох гэсэн агуулгаар тайлбарласан.
Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шүүхийн чиглүүлэх үүрэг чухал бөгөөд хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлт, түүний үндэслэлийг шалтгаант холбоотойгоор тодруулсны эцэст маргааныг шийдвэрлэх нь шүүх хүний эрхийг хамгаалах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрх хэрэгжих боломжтой.
Гэтэл, анхан шатны шүүх хүсэлтийн үндэслэлийг тодруулах ажиллагааг гүйцэтгэхгүй, хүсэлт, түүний үндэслэл зөрүүтэй байхад маргааныг шийдвэрлэсэн алдааг залруулах боломжгүй байна.
Анхан шатны шүүх дээрх шаардлагуудын аль нь нэхэмжлэлийн шаардлага болох, аль нь үндэслэл болохыг тодруулах ажиллагааг явуулах шаардлагатай байжээ.
3.2. Хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний үндэслэлд хамаарах улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн зарим баримт нь зөрүүтэй, түүнийг бусад архивын баримтаар эргэлзээгүй тогтоох нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх маргааны онцлог байдаг.
Хэрэгт шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн зарим баримтад дурдсан төрөл садангийн холбоо болон нас зэрэг нь зөрүүтэй байгааг тодруулах ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай. /хх-ийн 61-62/
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 сарын 01-ний өдрийн 191/ШШ2026/04682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
С.ЭНХБАЯР