Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 390

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Иргэний хариуцагч “Ганхүдэр Орд” ХХК-ны захирал Д.М ,

Шүүгдэгч Х.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-д холбогдох эрүүгийн 1918004650442 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын материал, тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Ганхүдэр Орд” ХХК-нд ээлжийн мастер ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Их сургуулийн гудамжны 3-42 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Х.Г- нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүдэр баяжуулах “Ганхүдэр Орд” ХХК-ны ажлын байранд “хатаах цехийн гарах урд дамжлаганы хашилт хаалт ременээс тасдаж авч залгаа хийж ашиглах зорилгоор” тус компанийн хатаах дамжлагын оператор Н.Г-ийг авто ачигчийн шанаган дээр суулган тус авто ачигчийг дур мэдэн хөдөлгөж, техникийг зориулалтын бусаар ашигласны улмаас Н.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Х.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “   2019 оны 6 дугаар сарын 22-ны 12:10 цагт тухайн тоног төхөөрөмжийн ирмээнд залгаа хийх зорилгоор авсан байх үед нь хохирогчийг дээш нь гаргах зорилгоор ковшийг хөдөлгөсөн. Тэгтэл уг ирмээн нь хийгээгүй байсан тул ковшийн шанага доош унаж хохирогчид гэмтэл учирсан.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 8-10/,

 

-Хохирогч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2019 оны 06 дугаар сарын 22-нд өглөө 09 цагт үйлдвэр дээрээ очоод ээлжээ хүлээж аваад ажил үүргээ гүйцэтгээд  байж байхад хатаах цехийн каниверийн ремэнь тасрах гэж байгаа талаар миний туслах ажилтан Энхтайван надад хэлэхээр нь би өөрийн биеэр очиж харахад каниверийн ремэнь тасрахад бэлэн болчихсон байсан. Тэгэхээр нь би ээлжийн мастер Гантулгад энэ талаар хэлэхэд Гантулга ирж харчихаад “тухайн каниверийн ремэньд залгаа хийх арга хэмжээ авахгүй бол болохгүй юм байна.” гэж ярилцаад залгаа хийх ремэнь олохоор болоод хэсэг байж байтал ээлжийн мастер Гантулга ирээд 4 метр орчмын өндөрт байрлаж байсан каниверийн хаалт ремэнээс тасдаж аваад “наадахдаа залга” гээд намайг дуудаад хатаах цех дотор байсан ковшийн шанаган дотор зогсоогоод өөрөө ковшоо бариад намайг дээшээ өргөсөн. Тэгээд тасдаж авах гэж байсан ремэн дээрээ дөхөж очиход нь би Гантулга руу эргэж хараад зогс гэсэн дохио өгөөд зогсоосон. Тэгээд каниверийн ремэнь тасдах гээд буцаж эргээд хартал гэнэт ковш урагшаагаа ухас хийгээд хөдлөөд намайг босоогоор нь төмөр раамтай хавсраад хавччихсан. Тэгэхэд нь би нилээн хүчтэй орилоод ухаан балартсан. Тэгээд нэг мэдэхэд газарт буугаад ирчихсэн миний нүүр рүү ус цацаж байхад нь би сэргэсэн.

...миний бүдүүн гэдэс дотроо задраад хагалгаанд орж эмчлүүлсэн. Нурууны сэртэн яснууд хугарсан учир байнгын хоёр суга таягтай ойр зуурын газар явж байгаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 12-13, 16/,

 

-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд хатаах цехийн пункер руу хүдрээ хийж дүүргэчихээд ковшоо ухраагаад шанагаа буулгаж байрлуулж зогсоочихоод цайны өрөө рүү орж цай уучихаад цайны өрөөнөөс гараад ирэхэд манай ээлжийн мастер Х.Г- нь миний ковшийг дур мэдэн асаагаад канивер рүү ковшийн шанага өргөөд канивер шанага хоёрын дунд босоогоор нь хавчуулчихсан байхаар нь шанага буулгаач гээд орилоход сонсоогүй. Тэгээд намайг гүйгээд ирэхэд ковшоо ухраагаад шанагаа буулгаж байсан. Тэгэхэд шанаган дотор нь манай ажлын нэг залуу ёолчихсон хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19/,

 

            -Гэрч Х.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...тухайн ажлыг хийхэд ковшны шанага дээр зогсож хийдэггүй юм. Дамжлага дээгүүр дамжиж явсаар байгаад таслаад авч болдог юм. Угсардаг том шатан дээр зогсож байж хийх боломжтой.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21/,

 

            -Гэрч Д.М- ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2019 оны 06 дугаар сарын 22-ны өглөө шөнийн ээлж буугаад өдрийн ээлжийн хүмүүс ажлаа аваад үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Тэгэхэд өдрийн 12 цагийн орчимд үйлдвэрийн хатаах цех дотор ажиллаж байсан тухайн өдрийн ээлжийн мастер Х.Г- нь каниверийн ремэн засварлахаар өөрөө дур мэдэн ажил үүргийнхээ хуваарийн дагуу ерөнхий инженер, гүйцэтгэх захирал нарт мэдэгдэхгүйгээр ажилтан Н.Г-ийг үйлдвэрийн эзэмшлийн Lovol 30 маркын ковшийн шанаган дотор зогсоож улмаар 4 метрийн өндөрт байрлах тоног төхөөрөмжийн бүрдэл хэсгээс тасдаж авах зорилгоор өргөж байхдаа алдаа гарган ковшний шанага, тоног төхөөрөмжийн төмөр раам хоёрын дунд ажилтан Н.Г-ийг босоогоор нь хавчиж гэмтээсэн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-23/,

 

            -Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 30-31/,

 

            -“...Н.Г-ийн биед хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн бүрэн бус задрал, хэвлийн ар хана ба урд хананы няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, бүсэлхийн 1-3 дугаар нугаламын хажуу сэртэн, бүсэлхийн 4 дүгээр нугаламын арын сэртэнгийн хугарал тогтоогдсон. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Н.Г-ийн биед илэрсэн хэвлийн битүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Н.Г-ийн биед илэрсэн бүсэлхийн 1-3 дугаар нугаламын хажуу сэртэн, бүсэлхийн 4 дүгээр нугаламын арын сэртэнгийн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Н.Г-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 33-34/,

 

            -“...ажилтан Х.Г-, Н.Г- нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-т “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн ажилтны үүргийг биелүүлээгүй, ээлжийн мастер Х.Г- нь “Ганхүдэр Орд” ХХК-ны гүйцэтгэх захирлын 2019 оны 02/19/72 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ганхүдэр Орд” ХХК-нд мөрдөх аюулгүй ажиллагааны ерөнхий заавар”-ын 5.19-т “экскаватор, ковш зэрэг өөрөө явагч механизмуудыг мэргэжлийн үнэмлэхтэй эрх бүхий хүмүүс жолоодох ба тогтоосон зам маршрутаар явж, зөвшөөрөгдсөн ажлыг гүйцэтгэнэ.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас үйлдвэрлэлийн осол гарсан.

            ...нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ.” гэж заасан тул Н.Г- ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртөж гэмтсэн тул үйлдвэрлэлийн осол гэж үзнэ.” гэх шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19/07 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 39-40/,

            -“...осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй. LOVOL-30 маркийн дугуйт ачигч нь ачааг ачих, өргөн тээвэрлэх зориулалтаар ашиглахаар үйлдвэрлэгдсэн. Техникийг зориулалтын бусаар ашигласан нь осол гарах үндсэн шалтгаан болсон байна.” гэх тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 45-48/,

 

            -Хохирогч Н.Г-ийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 142-181/,

            -“Ганхүдэр Орд” ХХК-ны хатаах дамжлагын ахлах операторын ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 186-187/,

            -“Ганхүдэр Орд” ХХК-нд 2019 онд мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар /1 дүгээр хавтаст хэргийн 202-242/,

            -Иргэний хариуцагч “Ганхүдэр Орд” ХХК-иас хохирогч Н.Г-т эмчилгээний зардал олгосон бэлэн мөнгөний зарлагын баримт /2 дугаар хавтаст хэргийн 7, 10-16 /,

            -Шүүгдэгч, хохирогч нар сайн дураар эвлэрсэн тухай эвлэрлийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 9/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судаллаа.

 

            Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Х.Г- нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүдэр баяжуулах “Ганхүдэр Орд” ХХК-ны ажлын байранд “хатаах цехийн гарах урд дамжлаганы хашилт хаалт ременээс тасдаж авч залгаа хийж ашиглах зорилгоор” тус компанийн хатаах дамжлагын оператор Н.Г-ийг авто ачигчийн шанаган дээр суулган тус авто ачигчийг дур мэдэн хөдөлгөж, техникийг зориулалтын бусаар ашигласны улмаас Н.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Х.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь “Ганхүдэр Орд” ХХК-ны гүйцэтгэх захирлын 2019 оны 02/19/72 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ганхүдэр Орд” ХХК-нд мөрдөх аюулгүй ажиллагааны ерөнхий заавар”-ын 5.19-т “экскаватор, ковш зэрэг өөрөө явагч механизмуудыг мэргэжлийн үнэмлэхтэй эрх бүхий хүмүүс жолоодох ба тогтоосон зам маршрутаар явж, зөвшөөрөгдсөн ажлыг гүйцэтгэнэ.” гэж заасан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод зааснаар энэхүү үүргийг зөвхөн ачигчийн оператор Б.Батзориг хэрэгжүүлэх эрхтэй байжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 191-194/

Гэтэл ажлын байрны тодорхойлолтод зааснаар авто ачигчийг жолоодох эрх өөрт нь олгогдоогүй байхад шүүгдэгч Х.Г- нь авто ачигчийг дур мэдэн жолоодож, техникийг зориулалтын бусаар ашигласны улмаас Н.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г-ийн эрүүл мэндэд “...хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн бүрэн бус задрал, хэвлийн ар хана ба урд хананы няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, бүсэлхийн 1-3 дугаар нугаламын хажуу сэртэн, бүсэлхийн 4 дүгээр нугаламын арын сэртэнгийн хугарал” бүхий гэмтэл учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 33-34/ нотлогдож байна.

Хохирогчийн эмчилгээний төлбөрт иргэний хариуцагч “Ганхүдэр Орд” ХХК-иас 15662000 төгрөг, шүүгдэгч Х.Г-ас 370000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн өмгөөлөгч болон иргэний хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, бэлэн мөнгөний зарлагын баримт, эвлэрлийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 7, 9-16/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Х.Г-ас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Харин хохирогч Н.Г- нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Х.Г- нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүдэр баяжуулах “Ганхүдэр Орд” ХХК-ны  ажлын байранд “хатаах цехийн гарах урд дамжлаганы хашилт хаалт ременээс тасдаж авч залгаа хийж ашиглах зорилгоор” тус компанийн хатаах дамжлагын оператор Н.Г-ийг авто ачигчийн шанаган дээр суулган тус авто ачигчийг дур мэдэн хөдөлгөж, техникийг зориулалтын бусаар ашигласны улмаас Н.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Х.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Х.Г- нь урьд 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 460000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан боловч замын хөдөлгөөнд оролцож явахдаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан байх тул энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхөөргүй байна.

 

Шүүгдэгч Х.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Х.Г-ыг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Г-г 1 жил 3 сарын /нэг жил гурван сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Г-д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Х.Г-ыг хорих ялаас чөлөөлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Х.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ