Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01167

 

 

 

 

 

 

 

 

 

2026 05 22 210/МА2026/01167

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Т.Бадрах, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2026/04007 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Илүү цагийн нэмэгдэл хөлс 19,249,524 төгрөг гаргуулах тухай иргэний иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Нэхэмжлэгч ******* *******-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу уртын ээлжээр ажилладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл, нэг өдөрт ажиллах ажлын цаг 12 цаг байх тул өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгоогүй тул 2022 оны 10, 11, 12 дугаар саруудын илүү цагийн хөлс 19,249,524 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

-Нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *******-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргасан, гомдлын хариу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн. Дахин 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Гомдлын хариу 2023 оны 03 сарын 16-ны өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн.

2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан. Хуралдаанаар талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж тэмдэглэлийг гардаж авснаас хойш ажлын 10 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дурдсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргаж, мэдээлэл лавлагааны ажилтан 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг мэдээллийн системд бүртгэж оруулсан. Тус шүүхийн 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар захирамжид заасан зөрчлийг арилгаж 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч илүү цагтай холбоотой шаардлага гаргах бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолно. Нэхэмжлэгч нь 2022 оны 10, 11, 12 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэхэмжилсэн байх боловч

тус асуудлыг шийдвэрлүүлэх гомдлыг нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсныг ажил олгогчийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс мөн оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16:05 минутад хүлээн авсан. Үүнээс үзвэл дээр дурдсанчлан хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тоолоход 406 хоног, 2022 оны 10, 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсний хувьд 150 хоног хэтрүүлсэн байна.

2.2.Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Захирамж гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тоолбол шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон байх боловч мөн оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд өгсөн. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

2.3.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 тоот албан бичигт "... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно" гэж дурдсан байдаг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь авсан атлаа дахиж 1.5 дахин нэмэгдүүлж авахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэхүү шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасантай үл нийцнэ.

2.4.Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд *******-ийн Цалин хөлсний журам батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан.

Мөн HR-E.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагт нэмэгдэл хөлсийг олгоно гэж заасан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч *******-аас 6,416,508 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлээс 12,833,016 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 117,614.13 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулан, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргах байсан.

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 10, 11, 12 сарын илүү цагийн цалин хөлсийг гаргуулахаар маргасан.

******* нь сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд цалин хөлсийг тооцон олгодог ба ажилтны тухайн сарын илүү цагийн нэмэгдэл хөлс дараа сарын 10-ны өдрийн цалин хөлсөд бүрэн бодогдож олгогддог бөгөөд хэрэв 10 дугаар сард илүү цагийн хөлсийг дутуу олгосон буюу эрх зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд 11 дүгээр сарын 10-ны цалин олгосон өдрөөс тооцон 90 хоногийн дотор *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч уг комисст анх 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэсэн огноотой гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан.

Гэвч анхан шатны шүүх энэ талаар гаргасан тайлбарыг харгалзаж үзэлгүйгээр холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.2.Мөн ...Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан зохицуулалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шүүхэд хандсанаар дахин шинээр тоологдсон байх тул нэхэмжлэгч нар нь хуульд заасан хугацаанд гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй, энэ талаар хариуцагч талын маргаан таслах комисст болон шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нарын шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг шүүх 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гардаж авсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар захирамж гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тоолох ёстой. Ийнхүү тоолбол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дуусахаар байна. Гэвч нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байдаг.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн атал шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд тайлбар ирүүлээгүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдуулан 2022 оны 10, 11, 12 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлс 19,249,524 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчаас хуульд заасан журмын дагуу цалин хөлсийг тооцон олгосон, илүү цагийн нэмэгдэл хөлс шаардах үндэслэлгүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.*******, ******* нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, *******ийг хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд тус уурхайн талбарт 14 хоног ажиллаад 14 хоног амрах хуваариар, сарын үндсэн цалин 934,25 ам.доллароор, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, ажил олгогчийн дотоод бодлого журмын дагуу тооцож олгохоор харилцан тохиролцсон; /2хх 11-17, 25-27/

3.2.Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сард 168 цаг, 11 дүгээр сард 180 цаг, 12 дугаар сард 156 цаг ажилласан, үүнээс ажил олгогч сар бүрийн 168 цагаас дээших хугацааны нэмэгдэл хөлсийг тооцож олгосон.

Талууд нэхэмжлэгчийн нэг өдөрт ажилласан 12 цаг тутмын 4 цагийг илүү цагаар ажилласан гэж үзэх эсэх, мөн гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эсэхэд маргажээ.

 

4.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг дутуу олгосон илүү цагийн нэмэгдэл хөлсийг 0,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон шаардах эрхтэй гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.3, 87 дугаар зүйлийн 87.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийн уртын ээлжийн ажилтны хувьд ажиллавал зохих ажил амралтын горим цагийн талаарх зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

5.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

5.1.Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасан маргаанд хамаарах тул нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах байгууллагад гомдол гаргахаар зохицуулсан.

Нэхэмжлэгч 2022 оны 10, 11, 12 дугаар сард илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг шаардаж хариуцагч байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст анх 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, дахин 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд гомдол гаргасныг эрх бүхий байгууллагад гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлийг заан буцаасан үйл баримт хэрэг авагдсан баримтаар тогтоогджээ. /2хх 5-6, 127/

5.2.Улмаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хандаж, тус хорооны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг мөн өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Энэ хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8 дахь хэсэгт заасан 90 хоног, ажлын 10 хоног-ийн тухайлсан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт зааснаар тухай бүрт тасалдсан гэж үзнэ.

 

5.3.Харин хэрэгт 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дүгээр шүүгчийн захирамжийг шүүхээс хэзээ хүлээн авсан талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд баримтаар ирүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчийн захирамжийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гардаж авсан гэж үзэж болно... гэх тайлбарыг гаргасан нь мөн өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /2хх 170/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдох тул дээрх захирамжид заасан зөрчлийг арилгаж 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дахин нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан ажлын 10 хоног-ийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэв. /1хх 1-2, 9/

Хариуцагч анхнаасаа хөөн хэлэлцэх хугацаанд маргасан байхад нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж холбогдох баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцэх хангалттай боломжтой байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүйг дурдав.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2026/04007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-д холбогдох илүү цагийн хөлс 19,249,524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 117,615 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

О.ОДГЭРЭЛ