Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 395

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г д холбогдох эрүүгийн 1918005960450 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.Г  1989 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-нд ашиглалтын албаны засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 5 дугаар байрны 47 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Дархан дулааны сүлжээ“ ТӨХК-ны өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 2 дугаар байрны подволийн ялтсан халаагчийн автомат хаалтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 700000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Д.Г-ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...2018 оны 10 сарын дундуур Их сургуулийн гудамжинд “Мөнхийн үсэг” ХХК-ны байрны наана нэг шинэ барилга баригдаж байсан. Би тухайн барилгыг баригдаж байхад нь манай байгууллагад үзүүлж, уулзаж, гэрээ байгуулж, зөвшөөрөл авсны дараа дулаанаа  аваарай гэж хэлсэн. Гэтэл тэр барилга нь дулаанаа авсан байсан ба ус алдсан гэсэн дуудлага өгөхөд нь би дуудлагаар очиж ус алдалтыг зогсоож, автомат хаалтыг нь үзэхэд ажиллахгүй байсан юм. Энэ хаалт ажиллахгүй байвал дулааны температурыг буцаагаад байдаг тул солих шаардлагатай, үүнээс болж торгуульд ордог юм шүү гэж удаа дараа хэлсэн боловч тус хаалтыг солиогүй байсан. Намайг хаалт олоод өгөөч гэхэд нь би Улаанбаатар хот руу утасдаж “ялтсан халаагч байна уу?” гэхэд 1500000 төгрөгийн үнэтэй байна гэж хэлсэн. Гэтэл намайг “арай хямдхан олоод өгөх арга байна уу?” гэж асуусан бөгөөд тухайн үед ямар нэгэн хариу хэлэлгүй орхисон. Сүүлд 2019 оны 01 сард эхнэртэйгээ маргалдсан ба 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нилээн оройхон Шинэ хорооллын 2 дугаар байрны зоорийн давхарт байдаг манай “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ны өдрийн цагаар засварчид байрладаг засварчдын байрны тэр хавиар явж байгаад манайхан байна уу гэж бодоод тус байранд ороход Төмөрбаатар, Бямбадорж нар байсан. Тэгэхээр нь би  тэр хоёрт “эхнэртэйгээ муудалцсан, орой эхнэрийг унтахаар гэртээ харья, та хоёр намайг энд үлдээчих” гэж хэлсэн чинь Төмөрбаатар, Бямбадорж нар намайг тэр байранд түгжээд явсан. Би тэр байранд сууж байгаад нөгөө хүний асуугаад байсан ялтсан халаагч нь энд байж магадгүй гэж бодоод үзтэл нөгөө хүний асуугаад байсан ялтсан халаагчтай ижилхэн халаагч байхаар нь би авсан.

...хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, маш их харамсаж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй, бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан тэнсэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хохирогч Р.Б-аас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 3/,

 

-Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 2 дугаар байрны подвольд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-6/,

-Саарал, цэнхэр өнгийн эргүүлэх зориулалттай толгойтой Siemens нэртэй SAS31 дугаартай ялтсан халаагчийн хаалт төхөөрөмжийг хураан авсан тэмдэглэл /хэргийн 9/,

- Siemens нэртэй автомат хаалтын төхөөрөмжийг Р.Бд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-11/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-13/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Отгонсүрэнгийн ХААН банкны 5046417061 дугаарын данснаас “автомат хаалтны үнэ” 600000 төгрөгийг шилжүүлсэн тухай дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 17/,

-Шүүгдэгч Д.Г-ийн  Хаан банкны 5045376099 дугаарын дансанд  600000 төгрөгийн орлого орсон тухай дэлгэрэнгүй хуулга /хэргийн 19/,

 

-Хохирогч Р.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр автоматын инженер Б.Дэлгэрбат над руу холбогдож Дархан сумын 11 дүгээр багийн 2 дугаар байрны подвольд байх ялтсан халаагчийн автомат хаалт алдагдаж солигдсон байна гэж залгаж хэлэхээр нь би Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн алдагдсан гэх төхөөрөмж нь Дархан сум 13 дугаар баг “Мөнхийн үсэг” ХХК-ын хажууд байх цагаан шаргал өнгөтэй байрны подволд байрлуулсан байсныг шалгалтаар манай байгууллагынхан илрүүлсэн юм.

...Ялтсан халаагчийн автомат хаалтыг хүлээн авахад хэвийн ажиллагаатай байсан. Өөрөөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 24-26/,

 

-“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ын автоматикийн албаны автоматикийн инжинер Б.Дэлгэрбатын “...ялтсан халаагчийг узельд цахилгаан төхөөрөмжтэй холбож үзэхэд хэвийн ажиллагаатай байв.” гэх тодорхойлолт /хэргийн 29/,

 

-Иргэний нэхэмжлэгч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай байгууллагад Д.Г нь 2018 оны 11 дүгээр сарын орчим ялтсан халаагчийн автомат хаалт гэх төхөөрөмжийг тавьж өгч байсан бөгөөд надаас 600000 төгрөгийн төлбөр авч байсан юм. Тухайн эд зүйл нь хулгайн эд зүйл болж таараад Цагдаагийн байгууллагаас хураан авсан бөгөөд 600000 төгрөгийн хохирол учирсан. Түүний дараа 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 11 цаг 06 минутад Д.Г-ийн  5045376099 дугаартай данснаас “автомат хаалтын үнэ” гэсэн утгатай 600000 төгрөг орж ирснээр надад ямар нэгэн хохирол, гомдол саналгүй болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 31/,

 

-Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай слесарь 2 дугаар байрны автомат хаалт эвдэрсэн байна гээд над руу Facebook-ээр зургийг нь явуулахад нь би харсан чинь палат нь шатчихсан байсан. Би зургийг хараад дээр нь саарал өнгийн будаг болсон байхыг хараад Гандаваагийн хариуцсан “Мөнхийн үсэг” ХХК-ны хажууд байх 3 давхар үйлчилгээний байгууламжинд байсан автомат хаалт гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 34-35/,

 

-Гэрч М.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ахуйн байр руу Оюунбаяр бид хоёр нэвтрэх эрхтэй, түлхүүр нь бид хоёрт л байдаг. Бусад хүмүүс бид хоёрыг байхад л орж ирдэг ба ялтсан халаагч руу би орох эрхгүй. Өөр автоматик алба болон шуурхай алба ордог, өөр хүмүүс орохгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 42/,

 

-Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ахуйн байр руу хороолол хариуцсан слесарь, шуурхай алба орох эрхтэй ба Д.Г албан тушаалын байдлаар ажил үүрэг явуулахдаа орх эрхгүй гэж бодож байна. Шаардлагатай ажил явуулах бол хорооллын слесарь Хүрэлбаатар бид хоёр л орох эрхтэй гэж бодож байна. “ гэх мэдүүлэг /хэргийн 43/,

 

-Гэрч Ш.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн ахуйн байрны түлхүүр Хүрэлбаатар бид хоёрт л байдаг байсан бөгөөд Д.Г нь хааяа бид хоёр ажилд явах гээд гарахад “подвалийн түлхүүрээ өгөөч, жаахан хэвтэх гэсэн юм.” гэх мэтээр өдөр, шөнө, оройгүй нэхэхээр нь бид хоёр юм бодолгүй өгдөг, маргааш нь түлхүүр аваад л ирдэг байсан. Ер нь бол Д.Г сүүлд үлдээд подволийн цоожийг явахдаа дарж цоожлоод л явдаг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 44/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний байдлаар 700000 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт  /хэргийн 46-47/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Дархан дулааны сүлжээ“ ТӨХК-ны өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 2 дугаар байрны подволийн ялтсан халаагчийн автомат хаалтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 700000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Д.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-нд 700000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар  /хэргийн 46-47/ нотлогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баас мөрдөн байцаалтын шатанд “...ялтсан халаагчийг хүлээн авсан, автомат хаалтыг хүлээн авахад хэвийн ажиллагаатай байсан. Өөрөөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 24-26/ өгсөн байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Д.О-ээс мөрдөн байцаалтын шатанд “надад 600000 төгрөгийн хохирол учирсан. Түүний дараа 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 11 цаг 06 минутад Д.Г-ийн  5045376099 дугаартай данснаас “автомат хаалтын үнэ” гэсэн утгатай 600000 төгрөг орж ирснээр надад ямар нэгэн хохирол, гомдол саналгүй болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 31/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Д.Гандаваагаас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон түүний ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Г-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Г г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 700000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Г-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Д.Г-д үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Г-д анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Я.ТУУЛ