Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/01118

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/08330 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

3,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Аяллын гэрээ”-нээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 6,618,000 төгрөгөөс буцааж шилжүүлээгүй 3,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөөр нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүдийн нисэх онгоцны тийзийг захиалсан байсан ба нисэх онгоцны тийзийг цуцалсантай холбоотойгоор 3,600,000 төгрөг нь торгуульд суутгагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Аяллын гэрээ”-нээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 6,618,000 төгрөгөөс буцааж шилжүүлээгүй 3,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагаа ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан гэх 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээг үндэслэж гаргажээ.

 

4. Дээрх гэрээний оролцогчоор зохигчийн хэн аль нь тодорхойлогдоогүй байхад уг гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг шаардаж буй эрх зүйн үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийн хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээний шаардах эрх шилжсэн эсэх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд мөн эсэх, хариуцагч нь нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд мөн эсэх талаар тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүйн улмаас маргааны үйл баримтыг тогтоогдсон гэж үзэхгүй.  

 

5. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үндэслэлээр гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулах шаардлага гаргасан, өөрийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт гаргаж өгсөн баримт буюу гэрээ нь зохигчдоос өөр этгээдүүдийн хооронд байгуулагдсан байгаа тохиолдолд шүүх талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх, мэтгэлцэх нөхцөлийг хангах, маргааны зүйлийг тодруулах чиг үүргийн хүрээнд дээрх нөхцөл байдал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар тодруулах шаардлагатай.

 

6. Давж заалдах шатны шүүх дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/08330 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ГАНДИЙМАА

 

 

                ШҮҮГЧИД                                  Д.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                     Б.УУГАНБАЯР