Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00678

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 08-ны өдрийн 192/ШШ2026/00457 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...Шууд болон бусаар ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхаж, ******* нь 19 цуваандаа ажилламаар байна гэж уйлж гуйж байсан хэдий ч ажил өгөөгүй. Ингээд ******* ээлжийн амралтаа 2024 оны 09 сарын 15-ны өдрөөс авсан. Ээлжийн амралтаас дуудах тухай зорчигчийн вагон депогийн даргын 2024 оны 09 сарын 18-ны өдрийн Б/1129 дугаар тушаалыг 2024 оны 09 сарын 20-ны өдөр шуудангаар явуулсныг манай гэрт 2024 оны 09 сарын 25-нд охин авч танилцаад надад мэдэгдсэн. Хөдөө орон нутагт амарч байсан учраас ажлаа зохицуулаад яаралтай 2024 оны 09 сарын 28-нд ажил дээрээ ирээд орлогч *******тай уулзахад за би эргээд ярья, чи энэ хавиараа байж бай гэсэн. Тэгээд надад амралтаа дуусгачхаад ирэхгүй юу дөө гэсэн. Ээлжийн амралтаас 2024 оны 10 сарын 25-ны өдөр эргэн ороод өөр чиглэлд ажиллаж байхад 2024 оны 11 сарын 06-ны өдөр шуурхай хурал хийж, ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргасан.

УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн даргын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн ******* дугаар тушаалыг гарсан өдөр нь гардан авч хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдлоо гаргаж, УБТЗ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2024 оны 12 сарын 03-ны 2024/36 дугаар тэмдэглэлийг 2024 оны 12 сарын 17-ны өдөр гардуулсныг хүлээн авч энэхүү гомдлыг гаргаж байна.

******* нь 13 жил төмөр замд ажиллахдаа ажлаа тасалж үзээгүй. Хариуцсан ажилдаа эзэн болж ажилласаар ирсэн. ******* дарга *******т ажлын байрны дарамт үзүүлж, ялгаварлан гадуурхсан, ямар буруу юм хийсэн гэж өөрийн цуваатай хамт явж болохгүй байгаад гомдолтой байгаагаа илэрхийлж, цуваандаа ажиллахыг шаардаж байсан. *******ийг 19 дүгээр цуваанд ажилд гаргаагүй тул нарядчик ажилд хуваарилаагүй гэдгээ өөрөө хурал дээр хэлсэн. Удаа дараа ажилдаа гарахаар очсон боловч ажилд гарч чадаагүйг ажил тасалсан гэж бүртгэн сахилга хүлээлгэсэнд гомдолтой байна. Ажлын байр дарамт, ялгаварлан гадуурхалтаар дүүрэн байхад анхаарч үздэггүй, ажлын хүнд, ялгаварлал дарамтаас үүдэлтэй стрессээс үүдэж цахим хуудсандаа асуудал тавьсан. Ажил олгогч ялгаварлан гадуурхалт дарамтын шинжтэй үйлдлийг үл тоож, *******ийг ажлаас халсанд гомдолтой байгаа тул зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь 2024 оны 08 сарын 20-ны өдөр Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн суудлын 306 дугаар галт тэргэнд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа эмнэлгийн зориулалттай шарлагын аппаратыг ОХУ-ын хилээр хууль бусаар гаргах гэж байгаад саатуулагдсан. Энэ нь УБТЗ ХНН-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13.2.4, хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул Зорчигчийн вагон депогийн даргын 2024 оны 08 сарын 22-ны өдрийн Б/1020 дугаар тушаалаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан, ******* тушаалыг гардан авснаас хойш хуулийн хугацаанд гомдол гаргаагүй тул сахилгын шийтгэл хүчин төгөлдөр болсон.

******* нь 2024 оны 09 сарын 13-ны өдөр өөрийн фейсбүүкийн Gerelt Gerelee гэх хаягаас Замын удирдлагыг согтууруулах ундаа хууль бусаар ажилчдаар зөөлгөдөг гэх үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтэд тарааж байгууллага болон хувь хүний нэр хүндэд халдаж ХНН УБТЗ-ын хөдөлмөрийн дотоод журмын 13.3.2-т хамтран ажиллагсадтайгаа харилцахдаа гүжирдэн доромжлох, нэр хүндийг унагах үйлдэл хийхийг хориглоно гэж заасныг зөрчсөн болох нь ХНН УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2024 оны 09 сарын 25-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын тайлангаар тогтоогдсон.

******* нь 2024 оны 09 сарын 04-ний өдрөөс 2024 оны 09 сарын 15-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүй 12 өдрийн ажил тасалсан нь тогтоогдсон, ийнхүү ХНН УБТЗ-ын хөдөлмөрийн дотоод журмын 14.3.1 болон хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд гаргасан тул Зорчигчийн вагон депогийн даргын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн ******* дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Хариуцагчийн зүгээс дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэгдүгээр үндэслэл болох худал мэдээлэл тарааж байгууллага, хувь хүний нэр хүндэд халдсан болох нь хариуцагчийн тайлбараар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болохыг анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл худалд мэдээлэл тараасан байгууллага, хувь хүний нэр хүндэд халдсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд энэ талаар ямар нэг газарт хандаж, буруутай эсэх талаар тогтоосон зүйл байхгүй болно. Мөн ******* нь худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараагаагүй.

Хоёрдугаар үндэслэл болох 12 хоногийн ажил тасалсан талаар шүүх дараах байдлаар хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүнд: *******ийн ажил эрхлэх ажлын цагийг өдрийн 8 цаг, 7 хоногийн 40 цаг байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрчүүд, хариуцагч талын тайлбарууд болон ажлын цагийн бүртгэлд ч ажилтан захиргааны албан хаагчтай ижил өдөрт 8 цагаар ажилладаггүй бөгөөд ээлжийн ажлын графикаар ажилладаг болох нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ өдөрт 8 цагаар ажиллах ёстой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 19 дүгээр цуваа нь Эрхүү-Улаанбаатар чиглэлд 7 хоногийн циклтэйгээр очиж, буцах хөдөлгөөн хийдэг.

Ажлын цагийн бүртгэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт зааснаар Ажил олгогч ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй гэж заасны дагуу ажлын цагийг бүртгэх ёстой. Гэтэл байгууллагад ажлын цаг бүртгэлтэй холбоотой ажиллагаа хийгддэггүй ба цувааны дарга болон наръячинаас ажил хуваарилсан тохиолдолд хуваарьт орсон үйлчлэгч нар гарын үсэг зурж тухайн хуваарьт гардаг. Үүнээс бусад цагт үйлчлэгч нар өглөө 09:00 цагт очиж захиргааны албан хаагчтай ижил цаг бүртгэл хийгддэггүй. Тус байгууллагад ажлын цагийн бүртгэлийн нэгдсэн программ, нүүр, царай таниулах төхөөрөмж байхгүй бөгөөд ээлжид гарах хуваарьт оруулаагүй гаргахгүй байсан тул байгууллагын дарга, үйлдвэрчний эвлэлийн хороо, ёс зүйн хороонд тус тус гомдол өргөдөл өгсөн боловч ямар ч шийдвэр гаргаагүй. Хэрвээ хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд зааснаар ажил хуваарилагдаагүй байсан ч ажлын байран дээр өглөө 9 цагт очоод 17 цагт тарах ёстой талаар нарийвчилсан журам байсан бол тухайн журмыг мөрдөх байсан гэтэл энэ талаар нарийвчилсан журам байхгүй, танилцуулаагүй.

Зам тээврийн яаманд хууль бус шийдвэр гаргасан, дарамталсан, дотоод аудит худал шалгасан ажлаас үндэслэлгүй халсан гэх үндэслэлээр гомдол гаргасныг 2025 оны 02 сарын 10-ны өдрийн шалгалтыг хийж танилцуулсан. Тус шалгалтын 3.1-т зааснаар вагоны депогийн дарга өөрийн үзэмжээр үйлчлэгч нарын хуваарилалтыг хийдэг, ирсэн явсан цагийг бүртгэдэггүй, ямар шалгуураар ажил хуваарилдаг нь тодорхойгүй, дүрэм, журам, заавар нь шаардлага хангахгүй, вагоны тоог харгалзан ажил хуваарилдаг, вагоны үйлчлэгч өөрийнхөө ажил таслаагүйг нотлох боломжгүй, 3.2-т вагоны депогийн дарга нь вагоны үйлчлэгчийн шууд харьяалан удирдах албан тушаалтан, ...хуваарилагдаагүй вагоны үйлчлэгчийн тухайн өдөр ажилдаа ирсэн, тарсан цагийн бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр хийж, вагоны үйлчлэгчийн гарын үсгээр баталгаажуулалт хийдэггүй гэж дүгнэсэн. Тухайн шалгалтын ажлын хэсэг ажиллахад ажлын цаг бүртгэлтэй холбоотой баримт материал өгөөгүй байж шүүхэд материал өгсөн нь хуурамч болох нь харагдаж байна.

Ажил олгогч талаас 19 дүгээр цувааны ажилчдын цаг бүртгэлийн тайланг гарган нотлох баримтаар өгснийг шүүх үнэлж шийдвэрээ гаргасан. Гэтэл 19 дүгээр цуваанд ажил өгөөгүй, хуваарилалт хийгдээгүй гэдгийг цувааны дарга ******* мэдүүлсэн мөн ажил тасалсан утсаар мэдэгдсэн гэж бичсэн үүний доод талд ажилласан цаг 80 гэж тэмдэглэсэн атал хэднээс хэдний хооронд ажилласныг тэмдэглээгүй. Залгаагүй, мессеж явуулаагүй, очиж уулзаад ажил авъя гэхээр вагон байхгүй гэж явуулсан атлаа ирцийг бүртгэсэн гэж хуурамч баримт гаргаж, ажил хуваарилсан өгсөн мэтээр тэмдэглэсэн нь хууль бус юм.

Мөн гэрч ******* 2024 оны 09 сарын 05-ны өдрөөс хойш удаа дараа дуудсан гэж хэлдэг боловч тус хугацаанд залгасан дуудлага байдаггүй. Хэлэлцүүлгийн явцад танд залгасан, чат мессеж бичсэн зүйлээр нотлох баримт байна уу гэж лавлахад байхгүй гэж хэлж байгаа нь худал мэдээлж буйг илтгэж байна. Мөн 2025 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажилд ирээгүй, ажил тасалсан гэж худал мэдүүлсэн. Тухайн өдрүүдэд ажил үүрэг хуваарилахгүй байгаа талаар удаа дараа гомдол гаргасан байдаг. Хэрвээ ажил хуваарилсан бол тэр аймагт, тэдэн цагаас хөдлөх, тэр вагонд ажиллана гэдэг байдлаар мэдээлэл өгөх байсан. Гэтэл аль ч вагонд хуваарилалт хийгээгүй атлаа ажил тасалсан, дуудсан гэж худал мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл 19 дүгээр цувааны вагоны үйлчлэгч нар Эрхүү, Улаанбаатар чиглэлд явж ирээд 7 хоногийн дараа буюу 09 сарын 11-ний өдөр дахин хуваарилалт хийдэг тус хуваарьт бас оруулаагүй. Гэтэл ******* нь 15 хүртэл намайг ажилд дуудсан гэж мэдүүлсэн нь худал болох нь нотлогдож байна.

2024 оны 11 сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсанаар ажилтныг ажил тасалсантай холбоотой хуралдааныг тэмдэглэсэн тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй, танилцуулаагүй бөгөөд *******ийн хэлсэн зарим зүйлсийг өөрчлөн бичсэн байсныг анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргаж өгсөн үед олж мэдсэн. Тус хуралдаанд оролцсон ******* тэмдэглэлийн 4 дэх талд Тухайн үед ажил таслаагүй, яагаад гэхээр энэ хүн бичгээр асуудалтай байна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ, шийдэж өгнө үү гээд ахлах наръядчин уулзаад өгчихсөн байгаа юм. Тэрийг ажил тасалсан гэж үзэж болохгүй гэж хэлснээр ажил өгөөгүй болох нь нотлогдож байна. *******ийн хэлсэн үгсийг өөрчилж бичсэн. Тухайлбал тэмдэглэлийн 4 дэх талд өөрт чинь цагийг хэлсэн тийм үү гэсэн асуултад Хэлсэн гэж хэлээгүй зүйлийг нэмж оруулан бичсэн. Надад мэдэгдээгүй, дуудаагүй, намайг ажил хуваарилаад өгөөч гээд гүйж байхад өгөөгүй байтал би хуралдаанд тэгж хэлэхгүй.

2024 оны 09 сарын 15-ны өдрөө ээлжийн амралтын хуваарь батлагдаж ээлжийн амралтаа эдлэхээр амарсан боловч буцаан дуудах тушаал гарган гэрийн хаягаар шуудангаар хүргүүлсний дагуу 2024 оны 09 сарын 20-ны өдөр ажилдаа очсон. Гэтэл ажил олгогч ажлаас чөлөөлөх талаар ямар нэг шийдвэр танилцуулаагүй, тайлбар аваагүй. Гэтэл 2024 оны 11 сарын 11-ний өдрөөс 2024 оны 09 сарын 04-15-ны хооронд ажил тасалсан гэж үзэн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан ажил олгогч мэдсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэх заалттай зөрчилдөж байна.

Тус хугацаанд *******ийн охин ******* өвчтэй, байнгын асаргаа шаардлагатай байсан ч эмчилгээний зардал, цалингаа авах үүднээс ажилд гарахаар удаа дараа хүсэлт өгсөн ингээд ажилд гаргаагүй, ээлжийн амралт өгсөн. Энэхүү актыг тухайн үед ажлаас чөлөөлөх талаар мэдэгдсэн бол гаргаж өгөх боломжтой байсан. Тушаал гарах үед актыг өгсөн боловч хугацаа хэтэрсэн авахгүй гэж татгалзсан.

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах талаар: Миний бие тус байгууллагад 13 дахь жилдээ ажилладаг бөгөөд эрүүл мэндийн үзлэг, ХАБ-ын сургалтад тогтмол хамрагддаг. Гэтэл ажил олгогч тухайн өдрүүдэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байсан гэдэг үндэслэл ярьдаг. Нэхэмжлэлийг гардан авснаас хойш хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй. Энэ нь талуудыг мэтгэлцэх боломжоор хангах ач холбогдолтой. Гэтэл ажил олгогч талаас хариу тайлбарт эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан үзүүлсэн талаар бичигдээгүй байсан атлаа шүүхийн хэлэлцүүлгийн явцад эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан талаар нотлоогүй тул ажил хуваарилаагүй гэж тайлбарласан. Үүнийг шүүх дүгнэлтдээ тусгасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл байнгын үзлэг хяналт, сургалтад хамрагдаад явж байсан гэдгийг ажил олгогч мэдэж байгаа дээр нь суусан цагийн бүртгэл, эмчийн үзлэгээр нотлогдох атал үүнийг ажил олгогч талын хэлсэн яриагаар, бичмэл нотлох баримтгүйгээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх ажил олгогчоос ажил хуваарилаагүй гээд байхад *******ийг ажил тасалсан гэж үзэж байгаа нь хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ажлын хуваарьт хуваарилагдаж ******* очоогүй, гараагүй бол энэ шийдвэртэй маргах зүйлгүй.

Хилээр өөрийн худалдан авсан шарлагын аппаратаа худалдан борлуулах зорилготой бус учраас оруулах боломжтой гэж үзсэн боловч хууль бусаар хил нэвтрүүлсэн гэж сахилгын нээлттэй сануулах сахилгын шийтгэл авсан. Тус тушаалд гомдол гаргаагүй бөгөөд *******ийн хайхрамжгүй үйлдлээс болсон тул буруугаа хүлээн зөвшөөрч хариуцлагаа хүлээсэн. Гэтэл вагон депогийн дарга шийтгэл оногдуулсан байтал ажил хуваарилахгүй байгаа нь нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхарлуулан олгохгүй гэх Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдөж байсан тул удаа дараа гомдол гаргасан.

19 дүгээр цуваанд олон жил үр бүтээлтэй ажилласан байтал ******* даргын талаар байгууллагад мэдээлсэн гэдэг шалтгаанаар *******ийг удаа дараа ажилд хуваарилахгүй ажлын байрны дарамт, тэвчишгүй орчинг үүсгэн өрх толгойлсон эмэгтэй хүн, хүүхдүүдийн хоол, зээлээ төлөхийн тулд ажлаа хийх боломж хайж арга буюу вагоны доогуур хүртэл орно гэж хэлсэн. Гэтэл энэхүү дарамт, ялгаварлан гадуурхалтыг байгууллага шийдвэрлэлгүй үл тоон эцэст нь ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Улаанбаатар төмөр замд ажилдаг үйлчлэгч нар ээлжийн хуваариар ажилдаа явдаг. Үүнийг ажил хуваарилагч бүртгэдэг. Бүртгэл хийснээр цалингийн карт, ажлын цаг бүртгэлийг хөтөлдөг. ******* нь 2024 оны 09 сард цалингийн карт дээр 168 цаг ажиллах ёстой байхад 0 цаг ажилласан байгаа. ******* нь 2024 оны 09 сарын 16-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан. Тушаал дээр үлдэгдэл хоногоос ээлжийн амралттай учраас чөлөөлөгдсөн. Ингээд 2024 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл 86 фонт цагийг хийсэн байх шаардлагатай. *******ийн цалингийн карт дээр 0 цаг байсан учраас цалин олгоогүй. Улаанбаатар төмөр зам нь *******ийг ажил тасалсан байна гээд шуурхай хуралдаан хийсэн. Тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаан буюу хүүхэд өвдсөн гэх актыг гаргаж өгөөгүй. Шуурхай хуралдаанд та яагаад ажил тасалсан бэ гэж асуухад ******* нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан, хүүхэд өвдсөн гэх тайлбарыг хэлдэг. Мөн удаа дараа удирдлагатайгаа таарамжгүй харилцаатай учраас ажлаа хийхгүй гэх тайлбарыг хэлсэн нь ажлаа тасалсан үйл баримтыг нотолдог. 2024 оны 09 сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 сарын 15-ны өдрийн хооронд 12 удаагийн ажил таслалт байгаа. Үүнд хөөн хэлэлцэх хугацаа, тасралт байхгүй гэж үзэж байна. ...******* нь 4 болон түүнээс дээш хоног ажил тасалсан учраас ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2024 оны 01 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь вагоны үйлчлэгчийн ажилд ажиллах, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх, ******* нь цалин хөлс олгох, ажиллах нөхцөлөөр хангах зэрэг үүргийг тус тус хүлээж, талуудын хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүссэн байна.

 

4. Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн даргын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн ******* дугаар тушаалаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 11 сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Зорчигчийн вагон депогийн дүрмийн 4.1.3 дахь заалт, Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл-ийн 7.5.6, Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хөдөлмөрийн дотоод журам-ын 14.3.1, 13.2.1, 13.2.2, 13.3.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 5.3.1, 5.3.14 дэх заалт, депогийн даргын удирдан хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийг тус тус баримталсан байх ба арван есдүгээр цувааны үйлчлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д заасныг зөрчиж 2024 оны 09 сарын 04-ний өдрөөс 15-ны өдрүүдэд 12 хоногийн ажил тасалсан, 5.3.14-т заасныг зөрчиж үндэслэлгүй, худал мэдээлэл олон нийтэд тарааж, байгууллага болон хувь хүний нэр хүндэд халдсан гэсэн үндэслэлийг дурджээ.

 

5. Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч биелүүлсэн байх тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авч маргааныг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

6. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, хөдөлмөрийн дотоод журмын 14.3.1-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, ээлжийн амралт болон чөлөөг 3 ба түүнээс хоногоор хэтрүүлсэн зөрчлийг тус тус ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус тус заажээ.

 

8. Хэрэгт авагдсан 19 дүгээр цуваа ажилчдын цаг ашиглалтын бүртгэлийн тайлан, УБТЗ ХНН-ийн Дотоод аудит, хяналтын албаны 2024 оны 09 сарын 25-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан болон гэрч *******ын ...вагоны үйлчлэгч ******* нь 2024.08 сард Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хил гаалийн зөрчил гаргаж хил дээр саатуулагдсан. Тиймээс ******* зөрчил гаргасан учраас би ажлын байрны тодорхойлолт зааснаар 2024.09.05-нд ажил авсан түүнд хуваарилаагүй, би өөрт нь чи нарячикийн мэдэлд очсон ажлаа хийгээрэй гэж хэлсэн. Тэгэхээр үлдсэн үйлчлэгч нар нарячикийн мэдэлд шилжээд нарячикаас ажил авна, тухайн галт тэргэнд илүүдсэн нөхцөлд нарячик өдрийн 8 цагаар бодоод хийлгэх ажлыг бүртгэж өгдөг. Би *******ийн шууд удирдах албан тушаалтан болох ба надад хүүхэд өвчтэй эмнэлгийн магадалгаатай талаар огт мэдэгдээгүй..., гэрч Х.Мөнхтуяагийн ...Би 19 дүгээр цувааны вагоны үйлчлэгч хийдэг. *******ийг 10-аад жилийн өмнөөс мэднэ. Вагоны хуваарийг галт тэрэгний дарга ******* гаргадаг. Манайд 26 үйлчлэгч байдаг, зарим нь яваад зарим нь үлддэг. 2024.09.05-ны өдөр *******ийг хуваарьт орсон ороогүйг сайн санахгүй байна. Вагоны дарга вагонд хуваарилах бол явна, үлдсэн хүмүүс өөр чиглэлд явж ажлаа хийнэ. Манай Эрхүүгийн цуваа сард 2 удаа явна, бусад үед гадуур цагаа хийнэ..., гэрч *******ын ...Би тухайн үед тоо бүртгэгч нарядчикийн ажлыг хийж байсан. 2024.09.05-нд ******* нь галт тэрэгний хуваариас илүүдэж орж ирсэн. Ажил ав гэсэн, даралтаа үзүүлсний дараа чиглэл хуваарилдаг, тэгэхэд тухайн өдөр ажил хийх боломжгүй, ажил хийхгүй гэж орж ирсэн. Ашиглалт хариуцсан даргаас *******т чи олон улсаас илүү гарсан бол ажил хийх ёстой гэсэн, надад ажлаар хангах үүрэгтэй гэж хэлсэн. Удаа дараа нарядчикууд дуудсан маргаашаас нь эхлээд ирээгүй, 09 сарын 15-ны өдрийг хүртэл ажилд ирээгүй, ажил тасалсан. ******* нь өөрийгөө шалтгаантай гэсэн баримтаа авчирч өгөөгүй. Нарядчикууд 4-5 удаа, би өөрөө 1 удаа залгасан, утсаа аваагүй, ганц нэг нарядчикт ажил хийхгүй гэсэн байсан. Олон улсын вагоны үйлчлэгч гэсэн албан тушаал байхгүй, вагоны үйлчлэгч л гэсэн албан тушаал байгаа. ******* нь ээлжийн амралт буюу 09.16-аас өмнө 80 цаг хийх ёстой байсан. Илүү гарсан тохиолдолд 3 хоногоос илүү буюу графикаас илүү гарсан бол хүсэлтээ гаргаад байгууллагын даргын тушаалаар захиргааны чөлөө авдаг. Эмнэлгийн магадалгаатай талаар хэлээгүй, хэрэв боломжгүй бол хариуцсан нарядчикруугаа зургийг нь явуулдаг гэх мэдүүлэг болон нэхэмжлэгч *******ийн байгууллагын захиргаанд гаргасан 2024 оны 09 сарын 05, 06-ны өдрийн өргөдөл зэргийг үндэслэж нэхэмжлэгч *******ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

9. Мөн нэхэмжлэгч ******* нь 2024 оны 09 сарын 06-ны өдрөөс 2024 оны 09 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй буюу эмнэлгийн магадалгаатай байсан гэж тайлбар гаргасан боловч тэрээр шууд харьяалан удирдах албан тушаалтан болох Галт тэрэгний дарга болон Тоо бүртгэгч нарт мэдэгдсэн, мөн эмнэлгийн магадалгааг зохих этгээдэд хүргүүлж баталгаажуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг дээрх тайлбараа баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар вагоны үйлчлэгчийн ажил үүргээ хэрэгжүүлэх, ажлын байранд шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүргийн дагуу ажиллах үүрэгтэй бөгөөд ажил олгогч ажлаар хангаагүй буюу 19 дүгээр цуваа Эрхүү-Улаанбаатарын чиглэлийн олон улсын галт тэргэнд хуваарилаагүй гэх үндэслэл нь ажилтны ажилдаа ирэхгүй байх шалтгаан болохгүй юм.

 

10. Дээрх нотлох баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэхэд, нэхэмжлэгч ******* нь 2024 оны 09 сарын 04-ний өдрөөс 2024 оны 09 сарын 13-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанд нийцжээ.

 

11. Харин, Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн даргын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн ******* дугаартай тушаалд ...ажилтан ******* нь хөдөлмөрийн дотоод журмын 13.3.2, хөдөлмөрийн гэрээний 5.3.14-д тус тус заасныг зөрчиж худал мэдээлэл олон нийтэд тарааж, байгууллага болон хувь хүний нэр хүндэд халдсан гэх ноцтой зөрчлийг нэхэмжлэгч ******* гаргасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

12. УБТЗ ХНН-ийн Дотоод аудит, хяналтын албаны 2024 оны 09 сарын 25-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан гарснаар ажил олгогч нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчлийг илрүүлсэн гэж үзэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар ажилтны ээлжийн амралттай байх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа тасалдана.

Тодруулбал нэхэмжлэгч ******* нь 2024 оны 09 сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан нь тогтоогдож байх ба түүний ээлжийн амралтын хугацаа дуусаж, ажилдаа эргэн орсон 2024 оны 10 сарын 24-ний өдрөөс сахилгын шийтгэл ногдуулах нэг сарын хугацааг тоолоход ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 08-ны өдрийн 192/ШШ2026/00457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Ж.ЛХАГВАСҮРЭН