Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 182

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Мөнххуягийн Мөнхсайхан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Батсайханы Ариунсэргэлэн нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931003100181 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, , ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр баг Хонгорморьт 1-р хэсэг 223 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, Сартуул овогт Батсайханы Ариунсэргэлэн /РД: МЬ87071811/ Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1989 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3-р баг 1-р хэсэг 181 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан гэх, Боржигон овогт Мөнххуягийн Мөнхсайхан /РД:МЮ-89060370/ Шүүгдэгч М.Мөнхсайхан нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар иргэн Б.Ариунсэргэлэнтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж уруул , гарын алганд няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, Шүүгдэгч Б.Ариунсэргэлэн нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар иргэн М.Мөнхсайханыг “өөрийг нь зодлоо” гэх шалтгаанаар хэвлий тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийд хатгагдсан шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий “хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч М.Мөнхсайхан нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед найз Тэмүүжингийн хамт цуг ажил хийдэг найз Ариунсэргэлэнгийн гэрт нь очиж түүнтэй хамт 2 шил архи 0,75 литрийн “Соёрхол” 0.5 литрийн “Хараа” архи корпусын хойд энгэрт гарч найз Тэмүүжин, Ариунсэргэлэн бид 3-лаа хувааж уусан юм. Тэгээд архи ууж дуусч байхад тухайн үед хамт явсан Тэмүүжингийн эхнэр Нямжаргал бид нар дээр ирж машин барьж явсаар 25 дугаар точикийн ард байрлах замын нэгдүгээр ангийн байрны гадаа очиж бид нарыг хариуцсан дарга, Наянжин гэдэг хүнтэй уулзаад сууж байхад Ариунсэргэлэн “би эндээс алхаж гэрлүүгээ явна” гээд согтуурхаж орилж хашгираад эхэлсэн. Тэгээд би Ариунсэргэлэнг “явган явуулахгүй” гээд бид маргалдаж эхэлсэн. Тухайн үед Ариунсэргэлэн “би корпусын атман байна, чи ер намайг хорьдог хэн бэ? яах гээд байгаа юм бэ?” гээд хэлэх хэлэхгүй үгээр намайг доромжилж байгаад “машинаас бууя хоорондоо зодолдъё” гээд намайг машинаас чирэн буулгах гээд надаас татаж чангаагаад байхаар нь “хэрэггүй найз нь чамтай зодолдохгүй, тэгээд ч ээжийгээ алдаад гашуудалтай байгаа би чамтай зодолдохгүй” гэж зөндөө хэлж гуйсан. Тэгсэн Ариунсэргэлэн бүр ихээр хэл үгээр доромжилж орилж хашгираад байхаар нь аргаа барж машинаас буусан. Тэгтэл Ариунсэргэлэн машинаас буух үед эхлээд миний толгойн ар хэсэг дагз руу гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би Ариунсэргэлэнг гараараа цээж рүү нь түлхэж нэг удаа мөн цээж рүү нь цохисон. Тэгсэн Ариунсэргэлэн газар унасан юм. Ингээд би Ариунсэргэлэнгээс “одоо больё, эр хүмүүс учир зүйгээ олъё” гэж хэлээд бид хоёр эвлэрч машинд сууж явсаар Ариунсэргэлэнгийн гэрийн гадаа очиж түүнийг хүргэж өгсөн юм. Тэгээд Ариунсэргэлэн гэр лүүгээ орсон юм. Тэгээд гэрийнхээ хашаан дотор намайг дуудаж “ороод ирээч” гээд байхаар нь ороогүй. Ингээд машиндаа сууж явах гэтэл Ариунсэргэлэн надаас “тамхи байна уу? тамхилаач” гэж ярихаар нь “надад байхгүй шүү дээ” гэж хэлтэл хамт явсан Тэмүүжин “надад тамхи байна” гээд Ариунсэргэлэнд өгсөн юм. Тэгсэн Тэмүүжин “энэ Ариунсэргэлэнгийн гарт хутга байна, зугтаарай” гэж орилохоор нь би цааш эргэж зугтааж гүйж байгаад үхрийн баас дээр гишгэж хальтирч унах үед Ариунсэргэлэн миний араас хөөж хүрч ирээд намайг газраас босох гээд өндийх үед миний гэдэс хэвлийн тус газарт баруун гартаа барьсан байсан хутгаар нэг удаа хутгалсан. Тэгээд би Ариунсэргэлэнг өөрөөсөө холдуулж цааш нь түлхэх үед мөн Ариунсэргэлэн газар унасан байгаа. Тэгээд дахиж босч ирээд дахин намайг хутгалах гээд дайрах үед нь би түүнээс зугтааж нилээд хол явсан юм. Тэгээд хашааны буланд амьсгаагаа дараад зогсож байхад эмнэлэг, Цагдаагийн дуудлагын машин ирсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиж дотор талдаа 5 удаа оёдол, гадна талдаа 4 удаа оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн байгаа. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээгээр хэрэглэсэн байсан гэхдээ болсон явдлыг сайн санаж байна. Б.Ариунсэргэлэн намайг машинаас буух үед эхлээд миний толгойн ар хэсэг дагз руу гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би Ариунсэргэлэнг гараараа нэг удаа цээж рүү нь түлхэж, мөн цээж рүү нь цохисон Тэгтэл Ариунсэргэлэн газар унасан юм. Урьд өмнө нь бидний дунд хэрүүл маргаан, ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал болж байгаагүй. Би хохирогч Б.Ариунсэргэлэнтэй сайн дураараа эвлэрсэн, бидний дунд ямар нэг төлөх төлбөр байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 54-55-р ху/, 2.Шүүгдэгч М.Мөнхсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би ажилдаа орсон. Өмнөх 7 хоногт нь ээжийгээ алдсан учир ажилдаа яваагүй байсан юм. Тухайн өдөр би найз руугаа ярьж уйлсан. Миний найз намайг “ойлгож байна” гэж надтай уулзан, архи уусан. Тэгээд архи ууж хоорондоо маргалдаж ийм хэрэг гарсан. Үүндээ маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг хийж шүүхийн танхимд орж ирэхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн тал дээр маргаангүй. ...гэх мэдүүлэг. 3.Шүүгдэгч Б.Ариунсэргэлэн нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн үед гэртээ гэрийнхээ ажлыг хийж байхад тухайн үед төмөр замд хамт ажилладаг байсан зүс таних Мөнхсайхан гэдэг залуу миний 99970205 дугаарын утсанд танихгүй дугаараас залгаж “би танайхруу очиж явна гэрээсээ гараад ирээч, би чам руу өөрийнхөө утсаар зөндөө залгасан байгаа, утсаа аваад ярихад тийм хэцүү байна уу?” гэж ярьсан. Тэгээд би гэрээс гартал Мөнхсайхан, найз Тэмүүжин, Бямбаа нарын хамт ирсэн байхаар нь би машинд хамт сууж явж “Идэр маркет” хүнсний дэлгүүрээс 0,75 литрийн “Хар экс” нэртэй архи ундааны хамт авч явсаар корпусын айлуудын ард уулын энгэрт очиж Мөнхсайхан, Бямбаа, Тэмүүжин бид 4 хамт хувааж уусан. Тэгээд дахин дэлгүүр орж 2 шил 0,75 литрийн “Хараа” архи, нэг сав 2,5 литрийн пиво авч төв рүү орж ирж Монголжин зоогийн газрын гадаа очиж машин дотор дэлгүүрээс авсан архиа хувааж ууцгаасан. Тэгээд тэндээс явж Төмөр замын нэгдүгээр хэсгийн байрны гадаа очиж тухайн үед манай баргиадын дарга Наянжинг амрах байрнаас нь дуудан гаргаж амрах байрны гадаа үлдсэн архи, пивоо ууцгааж байхад Мөнхсайхан уусан архиндаа согтсон юм уу? Наянжин ахруу “намайг олон зүйл ярьсан” гэж над руу хэл үгээр дайрч эхэлсэн. Мөнхсайхан ярихдаа надруу “чи бүр намайг мэдэхгүй байна, Хөөе Ариунсэргэлэн” гээд машины урд талын сандал сууж байгаад арын сандал дээр сууж байсан намайг гараараа /мангасдаж/ гараараа толгой руу алгадаж дээрэлхэх маягтай үг яриа яриад байсан. Тэгээд машинаас өөрөө бууж намайг “гараад ирээч зодолдоё” гэж дуудахаар нь би машинаас бууж Мөнхсайханд “за хоёулаа зодолдоод яахав” гэж ярилцаад зогсож байхад Мөнхсайхан шууд зүүн гараараа миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа түүнийг цохих гэтэл надаас бултаж тухайн үед цохиж чадаагүй. Тэгтэл Мөнхсайхан дахиад гараараа миний доод уруул, зүүн шанаа руу нэг нэг удаа цохиод авсан. Тухайн үед би тэнцвэр алдаж газар унаж босох гэтэл хажууд нь зогсож байсан Тэмүүжин над руу би Мөнхсайхантай “чи яаж яриад байгаа юм” гээд цээж рүү дахин нэг удаа гараараа түлхэж газар унагасан. Ингээд би Мөнхсайхан, Тэмүүжин нарт зодуулах юм шиг байна гэж бодоод газраас босч тэр хоёрт “би явлаа” гэж хэлээд гэрлүүгээ явах гээд алхаж явж байхад араас Тэмүүжин ирж “за найзаа одоо больё, машинд суучих гэрт нь хүргээд өгье” гээд гуйгаад яриад байхаар нь би машинд нь сууж гэртээ хүргүүлсэн. Тэгээд гэртээ хүргүүлэх замдаа явж байхад Мөнхсайхан надруу “намайг согтуу явж байхад хэн ч над руу халдаж ярьж чаддаггүй, би нөхрийг нь зодож айлгаж авгайтай нь унтаж хэвтдэг” гэх зэргийн хэл үгээр дарамтлаж намайг болон миний аавыг доромжилж нэлээд олон зүйл ярьсан. Тухайн үед Мөнхсайханы надад хэлж байсан үг, урьд нь мөн надад хэлж “би танайд очиж хонож, сайхан ууж наргиж хононоо” гэж ярьж байсан үг нь бодогдож, тэгээд би 2 охин хүүхэдтэй, яачих юм билээ гэж бодоод одоо гэрт ирсэн дээр нь нэг сайн айлгаж авья гэж бодоод гэртээ хүргүүлсний дараа гэрлүүгээ орж тухайн үед хоолны шүүгээнд байсан шар хуванцар иштэй хутгыг авч гэрийн хашааны гадаа зогсож байсан Мөнхсайханд хандаж “машинаасаа гараад ирээч, тамхи татья” гэж хэлтэл хажууд нь сууж байсан Тэмүүжин “надад тамхи байна” гээд авчирч өгсөн. Тухайн үед Мөнхсайхан ч машинаас буугаад ирсэн. Тэгтэл Тэмүүжин миний гартаа барьсан байсан хутгыг харж Мөнхсайхан руу “Ариунсэргэлэнгийн гарт хутга байна, зугтаарай” гэж хэлсэн. Тэгсэн Мөнхсайхан машин тойроод “Ариукаа чи яагаад хутга шөвөг бариад байгаа юм бэ?” гэж ярихаар би Мөнхсайханд хариуд нь “чи нөхрийг нь зодож айлгаад авгайг нь яадаг гэнээ чи” гэж хэлээд “наашаа хүрээд ир чи” гээд өөдөөс нь очих үед Мөнхсайхан араараа ухарч явж байсан. Тэгээд би Мөнхсайхан руу нэг ухас хийж гартаа барьсан байсан хутгаараа 2 удаа ширэвтэл цааш зугтах гэж байгаад газар унах үед нь миний гарт байсан хутга Мөнхсайханы гэдэс хэвлийн тус газар нь зоогдож орсон байгаа. Тэгээд эмнэлэг, цагдаа болж удалгүй ирцгээн Мөнхсайханыг эмнэлэгрүү, намайг Цагдааруу авч ирж эрүүлжүүлэгдсэн байгаа. Ийм л асуудал болсон. Би тухайн үед тодорхой хэмжээгээр архи хэрэглэсэн байсан, гэхдээ хэлсэн үг хийсэн үйлдлээ сайн мэдэж байгаа. Мөнхсайхан надруу “би нөхрийг нь зодож эхнэрийг нь хүчинддэг хүн” гэж ярихаар нь тэр үг надад их хүнд тусч айлгах санаатай л хутга гаргатал тийм зүйл болсон. Тэрнээс Мөнхсайханыг гэмтээнэ гэсэн бодол байхгүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49-р ху/ 4.Шүүгдэгч Б.Ариунсэргэлэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр найзтайгаа хоёулаа архи ууж маргалдан улмаар найзыгаа хутгалж гэмтэл учруулсан. Үүндээ маш их гэмшиж байна. Цаашдаа ийм үйлдэл дахин гаргахгүй. Хариуцлага хүлээхэд бэлэн байна. ...гэх мэдүүлэг. 5.Хохирогч Б.Ариунсэргэлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн: ...Мөнхсайхан намайг “машинаас буугаад ир чи, хоёулаа гарч зодолдоё” гэж ярихаар нь тухайн үед би Мөнхсайханыг тоглож байгаа юм байх гэж бодоод машинаас буутал, Мөнхсайхан миний нүүр амруу гараараа 1-ээс 2 удаа цохисон. Би цохиулсандаа газар унахад дахин миний толгой зүүн шанааны хэсэгт хөлөөрөө өшиглөсөн юм. Тухайн үед тэнд хамт байсан Тэмүүжин намайг Мөнхсайханаас холдуулж салгасан байгаа. Тэгээд би газраас босч Мөнхсайханд хандаж “ээ би та нарт сэтгэл гаргаж явж байхад чи ингэж болохгүйшдээ Мөнхсайхан” гэж хэлээд, явганаар гэрлүүгээ алхаад явж байхад Тэмүүжин Мөнхсайхан нар араас машинтай ирж намайг “гэрт хүргэж өгнө машинд суучих” гэж хэлэхээр нь зөвшөөрч машинаар нь гэртээ хүргүүлсэн юм. Тэгээд гэртээ хүргүүлж машинаас нь бууж гэртээ орох гээд хашаандаа явж байхад Мөнхсайхан миний араас хэл үгээр доромжлоод байсан. Тухайн үед энэ хүн ер нь их хэцүү хүн байна. Ерөнхийд нь нэг айлгаад явуулья гэж бодоод гэрлүүгээ орж хоолны эрэгнэг дээр байсан “Шар хуванцар иштэй хутга” авч гараад Мөнхсайханыг айлгах санаатай баруун гартаа хутгаа барьж Мөнхсайханд хандаж “чи намайг буруугаар ойлгож байна, би зүгээр мөрөөрөө амьдарч байгаа хүн шүү. Чи тэр дээрэлхэж дарамталдаг хүмүүсээ л дарамтлаарай” гэж хэлтэл, Мөнхсайхан намайг цохих гээд дайраад ойртоод ирэх үед нь би гартаа барьж байсан хутгаараа түүнийг хоёроос гурван удаа ширвэсэн юм. Тэгсэн хамгийн сүүлийн ширвэлтэнд Мөнхсайханы гэдэс хэвлий хэсэг таарч миний гартаа барьж байсан хутга түүний хэвлийн тус газарт зоогдож орсон юм. Тэгээд Мөнхсайханы хэвлийнээс цус гарч түүнийгээ гараараа дарсан. Би тухайн үед өөрийнхөө өмсч байсан подволкоор гэдэс, хэвлий хэсгийг нь боож өгөөд зогсож байхад хамт явсан Тэмүүжин цагдаагийн газарт дуудлага өгсөн. Харин манай эхнэр эмнэлэгрүү ярьж дуудлага өгсөн байсан. Намайг машинаас буусны дараа Мөнхсайхан миний зүүн талын шанааруу нэгээс хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Нүүр ам руу гараараа 2-оос 3-н удаа цохисон байгаа. Одоо миний толгой үе үе дүүрч өвдөж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, Гэрээрээ эмчилгээ хийлгэж толгойгоо хэдэн удаа бариулсан. Надад хэн нэг хүнтэй холбоотой ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р ху/, 6.Хохирогч М.Мөнхсайханы 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн: ...Тэгсэн Тэмүүжин “энэ Ариунсэргэлэнгийн гарт хутга байна. Зугтаарай” гэж орилохоор нь би цааш эргэж зугтааж гүйж байгаад үхэрийн баас дээр гишгэж хальтарч унах үед Ариунсэргэлэн миний араас хөөж хүрч ирээд намайг газраас босох гээд өндийх үед миний гэдэс хэвлийн тус газарт баруун гартаа барьсан байсан хутгаар нэг удаа хутгалсан. Тэгээд би Ариунсэргэлэнг өөрөөсөө холдуулж цааш нь түлхэх үед мөн Ариунсэргэлэн газар унасан. Тэгээд дахиж босч ирээд дахин намайг хутгалах гээд дайрах үед нь би түүнээс зугтааж нэлээд явсан юм. Тэгээд хашааны буланд амьсгаагаа дараад зогсож байхад Эмнэлэг, Цагдаагийн дуудлагын машин ирсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиж дотор талдаа 5 удаа оёдол, гадна талдаа 4 удаа оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн байгаа. Ариунсэргэлэн миний гэдэс хэвлийн хэсэгт нэг хутгалсан юм. Эмч намайг “ажил хийж болохгүй. Хутгалуулсан шарх нь сайн эдгээгүй байгаа. Одоогоор гадна тал нь эдгэрсэн боловч, дотор талдаа хүндүүрлэж өвчинтэй байгаа. Одоогоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зүйл байхгүй. Гэрээрээ биеийн эсэргүйцэл сайжируулах эм ууж байгаа. Надад хэн нэг хүнтэй холбоотой ямар нэг гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Ариунсэргэлэнтэй сайн дураараа эвлэрсэн учир зүйгээ олсон байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р ху/, 7.Гэрч А.Тэмүүжингийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.Ариунсэргэлэн, М.Мөнхсайхан нар машин дотор сууж байх үедээ хоорондоо маргалдаж байгаад эхлээд Ариунсэргэлэн машинаас бууж дараа нь Мөнхсайхан буусан. Тэгээд машины гадаа Ариунсэргэлэн эхлээд Мөнхсайханы эрүүн тус газарт гараараа нэг удаа цохисон. Зөрүүлээд Мөнхсайхан гараараа Ариунсэргэлэнгийн эрүү, амны зүүн доод хэсэг газарт нэг удаа цохиж газар унагасан. Ариунсэргэлэн хэсэг газар сууж байснаа дахин босч ирээд Мөнхсайханыг “дахиад зодолдоё” гээд тэд хоорондоо зууралдаж байгаад Мөнхсайхан дахин Ариунсэргэлэнгийн эрүү амны зүүн доод хэсэг газар цохиж газар унагасан. Тэгээд Ариунсэргэлэн хэсэг уйлж сууж байгаад “намайг хүргээд өг би гэртээ очмоор байна” гэж ярихаар нь бид машиндаа суулгаж явсаар гэрт нь хүргэж өгсөн байгаа. Би Мөнхсайхан, Ариунсэргэлэн нарын хажууд байсан. Мөнхсайхан Ариунсэргэлэнгийн толгойруу хөлөөрөө өшиглөсөн асуудал байхгүй. Тэр хоёр хоорондоо зууралдаж байгаад Мөнхсайхан, Ариунсэргэлэнг 2 удаа эрүү, амных нь зүүн доод хэсэг газар нь цохиж газар унагасан байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/, 8.Гэрч Л.Нямжаргалын 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тухайн үед буцаж явах гээд машинаа эргүүлж байхад Ариунсэргэлэн нь гарж ирээд машины урд зогсоод манай нөхөр Тэмүүжинд хандан “Хөгшөөн байж бай нэг ширхэг тамхи өгчих” гэж хэлсэн. Тэгээд Тэмүүжин тамхи өгөөд дараа нь галаа өгчөөд байж байхад “Мөнхсайхан хөгшөөн гараад ир ярих юм байна” гэж хэлсэн. Мөнхсайхан машинаас буугаад араас нь Тэмүүжин буусан. Тэр хоёрыг буутал Ариунсэргэлэн нь хашааныхаа хаалга руу ухраад алхаад байсан ба Мөнхсайханыг “хашаандаа ороод ир” гээд дуудаад байсан. Тэр үед Тэмүүжин гарт нь хутга байгааг хараад “Мөнхсайхаан наадах чинь гартаа хутга барьцан байна. Машиндаа суу явъя” гэж хэлсэн. Мөнхсайхан тухайн үед “юу гэж миний найз хутга авч гарж ирэх юм” гэж байсан. Тэгээд байж байтал Ариунсэргэлэнгийн аав, ээж, эхнэр, дүү нар нь гарч ирэхэд хутгаа бариад Тэмүүжин Мөнхсайхан хоёрыг хөөсөн юм. Хөөцөлдөж гүйлдэж байгаад Ариунсэргэлэнг манай нөхөр Тэмүүжин дэгээдээд унагаахад Ариунсэргэлэн нь хутгатайгаа унасан. Тэгээд босож ирхэд нь нөгөө 2, хоёр тийшээ гүйсэн юм. Тэгээд Мөнхсайхан бахардаад зогссон юмуу яасан юм худагны чиглэлдээ ертөнцийн зүгээр урд талд нь зогсоход, Ариунсэргэлэн нь очоод хутгаараа дүрэх шиг болсон. Тэгсэн чинь Мөнхсайхан “Тэмүүжээн намайг хутгалчихлаа” гэж орилсон. Тухайн үед Тэмүүжин нь худгийн дээд айлын хаалгыг нүдэн цагдаа дуудуулсан байсан. Тухайн үед Ариунсэргэлэн нь худаг эргээд буцаж Мөнхсайхан дээр ирээд “Чамайг Тэмүүжин хутгалчихлаа” гэж хэлэхэд нь Мөнхсайхан “Би чамайг харсаншдээ, чи намайг хутгалсан шүү дээ чамайг цагдаад хэлэхгүй гэж бодож байхад хутгатай чамаас намайг хамгаалж байсан найзыг маань намайг хутгаллаа гэж хэллээ арайч дээ” гэж байсан. Мөн Ариунсэргэлэн нь худаг иргээд гарж ирэхдээ нүцгэн гарж ирсэн. Би дөнгөж хутгалангуут нь түргэн тусламж дуудсан юм. Тэгээд удаачгүй түргэн ирээд Мөнхсайханыг аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р ху/, 9.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 225 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.М.Мөнхсайхны биед хэвлийд нэвт хатгагдсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 31-р ху/, 10.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Б.Ариунсэргэлэнгийн биед уруул, гарын алганд няцарсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 39-р ху/, 11.Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, Хэргийн газарт газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-09-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 30, 35- р ху/, шүүгдэгч М.Мөнхсайханд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 34, 40- р ху/, шүүгдэгч Б.Ариунсэргэлэнд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 35, 41-р ху/, яаралтай тусламж хуудас, /хх-ийн 32-33, 37-38-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 44-46, 51-53-р ху/, М.Мөнхсайханы захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 64-р ху/, Б.Ариунсэргэлэнгийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 60-р ху/, М.Мөнхсайханы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 65-р ху/, Б.Ариунсэргэлэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 61-р ху/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 68-113-р ху/, шүүгдэгч Б.Ариунсэргэлэнд хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 105-р ху/, шүүгдэгч М.Мөнхсайханд хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 106-р ху/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 107, 108-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мөнхсайханыг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар иргэн Б.Ариунсэргэлэнтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Б.Ариунсэргэлэнг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар иргэн М.Мөнхсайханыг “өөрийг нь зодлоо” гэх шалтгаанаар хэвлий тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй байгаа болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон торгох ялаар торгож шийдвэрлэх нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар шар өнгийн бариултай 1 ширхэг хутга хураагдан ирсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Мөнххуягийн Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, шүүгдэгч Сартуул овогт Батсайханы Ариунсэргэлэнг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай. 

2.Шүүгдэгч Боржигон овогт Мөнххуягийн Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Сартуул овогт Батсайханы Ариунсэргэлэнг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Мөнхсайханы 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг, ялтан Б.Ариунсэргэлэнгийн 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус 3 /гурван/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Мөнхсайхан, Б.Ариунсэргэлэн нарт мэдэгдсүгэй. 

5.Шүүгдэгч М.Мөнхсайхан, Б.Ариунсэргэлэн нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай 

6.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримтаар шар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасгай. 

7.Шүүгдэгч М.Мөнхсайхан, шүүгдэгч Б.Ариунсэргэлэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 

11 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НОЛХООСҮРЭН.