| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 192/2026/00660/И |
| Дугаар | 210/МА2026/01165 |
| Огноо | 2026-05-22 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/01165
2026 05 22 210/МА2026/01165
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/02671 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь дүү ******* болон түүний нөхөр ******* нарт өөрийн байраа зарж байгаа, банкны зээл гаргахад урьдчилгаа шаардлагатай байгаа тул автомашиныг нь худалдан авч буй дүр эсгээд мөнгө шилжүүлээд өг гэсэн тул 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр *******тай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний өмчлөлийн ******* улсын дугаартай RX-450h маркийн автомашиныг 85,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан.
1.2.85,000,000 төгрөгийг ******* шилжүүлж, ******* нь өөрийн нөхөр ******* руу төлбөрийг шилжүүлсэн.
1.3.Нэхэмжлэгч нь хариуцагч ******* тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, тухайн тээврийн хэрэгсэл нь одоог хүртэл ******* өмчлөл, эзэмшилд байгаа. ******* нь уг мөнгийг *******, ******* нарын орон сууцны зээл бүтсэний дараа буцаана гэсэн боловч өгөөгүй.
1.4.Улмаар *******, ******* нарын хооронд маргаан үүсч ******* нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний харилцааг тухайн орон сууцны маргаанд хамааралгүй, хэргийн оролцогч бус этгээдүүдийн хооронд үүссэн гэрээний харилцаа тул тусдаа нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Иймд *******, ******* нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж, өгсөн авснаа буцаах буюу машины төлбөрт шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.******* нь *******тай 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай автомашиныг худалдсан.
Талууд гэрээний агуулга, хууль зүйн үр дагавар, ойлгож, уншиж танилцсан бөгөөд бусдын дарамт шахалт бусад хүчин зүйлд авталгүйгээр өөрсдийн хүсэл зоригийн дагуу гарын үсэг зурсан. Дүр үзүүлсэн зүйл байхгүй, хуулийн хүчин төгөлдөр хэлцэл юм.
2.2.Нэхэмжлэгчид автомашиныг нэр дээрээ шилжүүлж, хүлээж ав гэсэн шаардлага тавьдаг боловч өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй. *******ний нэхэмжлэлтэй, *******--д холбогдох орон сууцны маргаанд холбогдуулж дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр тайлбарлаж байна.
2.3.******* нь *******д тээврийн хэрэгслийг 85,000,000 төгрөгөөр худалдаж, мөнгийг хүлээн авсан. Худалдах худалдан авах гэрээний дагуу автомашиныг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй.
2.4.Мөн тээврийн хэрэгсэл авах, 85,000,000 төгрөг гаргуулах шаардах эрхээ хөөн хэлэлцэх хугацаанд гаргах ёстой. Гэрээнд тээврийн хэрэгслийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгнө гэж заасан. Хуульд заасны дагуу гэрээнээс үүссэн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Нэхэмжлэгч талаас 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. ******* нэхэмжлэлтэй ******* холбогдох хэргээс хамааран хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж хэлцлийн үр дагавар буюу автомашины төлбөрт шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг хариуцагч ******* гаргуулах тухай ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 16-д ойлгомжгүй, тодорхойгүй дүгнэлт хийж, маргааны үйл баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг буруугаар тайлбарлаж, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
4.2.Нэхэмжлэгч *******а нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох дансны хуулга болон ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох иргэний хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн өнөөдрийг хүртэл авто машин ******* өмчлөлд байгаа, анхнаасаа авто машин худалдан авах хүсэл зориг байгаагүй болохыг нотолсон. Гэвч шүүхээс хэргийн үйл баримтад хамааралтай дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй, уг баримтуудад огт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.
4.3.Нэхэмжлэгчийн зүгээс авто машин худалдан авах хүсэл зориг байгаагүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж байхад хожим хүлээн зөвшөөрсөн гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.
4.4.Хэрэгт авагдсан ******* нэхэмжлэлтэй ******* холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлалаар ...*******, ******* нарын хооронд байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал болон хэлцлийн үр дагаврыг энэ хэргийн зохигч хариуцах мэтээр дүгнэж шийдвэрлэх боломжгүй... гэж дүгнэсэн байхад дүгнэлтийг хэрэгт хамаатуулан шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг дүгнэж тогтоосон мэтээр дүгнэлт хийж байгаа нь хэргийн үйл баримтыг ойлгоогүй гэж үзэхээр байна.
4.5.Гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл авто машин ******* өмчлөлд байгаа нь *******, ******* нарын хооронд анхнаасаа авто машин худалдах худалдан авах хүсэл зориг байгаагүй болохыг харуулдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Автомашин худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, нотариатаар баталгаажуулсан гэрээ бөгөөд үүнд автомашины төлбөр тооцоо дууссан, автомашиныг 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэж өгнө гэж нарийвчлан тусгаж өгсөн.
5.2.Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцэл гэж тайлбарласан. Автомашин худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу мөнгөө шилжүүлсэн, хариуцагчийн зүгээс автомашиныг авах талаар удаа дараа шаардаж байсан.
5.3.Гомдолд дурдсан ******* нэхэмжлэлтэй ******* холбогдох хэрэгт автомашиныг авахгүй, мөнгөө буцаан гаргуулах хүсэл зориг байсан боловч тухайн маргаанд худалдах, худалдан авах гэрээ хамааралгүй гэж дүгнэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 85,000,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлж, үндэслэх хэсэгт 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дурдсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага дурдсан 85,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж зөв дүгнэсэн.
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу автомашины төлбөрт шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас талуудын хоорондох гэрээ хүчин төгөлдөр, тээврийн хэрэгслээ худалдан авагч өөрөө аваагүй, хүлээлгэн өгөхөд татгалзахгүй үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Талууд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3491 тоот Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр: Худалдагч болох ******* нь өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Lexus RX450h загварын, 2010 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч болох ******* үнэ 85,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон; /хх 4/
3.2.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 85,000,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр өөрийн Хаан банкны дансаар дамжуулж хариуцагчид бүрэн шилжүүлсэн,
3.3.Гэрээний зүйл болсон тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшил, ашиглалтад өнөөг хүртэл байгаа, Авто тээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийн бүртгэл шилжээгүй.
Зохигчид дээрх үйл баримтад маргаагүй ч талуудын хоорондох гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргажээ.
4.Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэмээн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.
Харин гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
5.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл"-д тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцэл хамаарна.
5.1.Хэрэгт авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00761 дүгээр магадлалаар ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэх, гэрээнээс учирсан хохиролд 4,888,000 төгрөг гаргуулах тухай маргааныг шийдвэрлэжээ.
Тухайн шийдвэр, магадлалд Хаан банкны 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигт ******* ...орон сууцыг худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийн 85 сая төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч ******* өмчлөлийн Lexus RX450h маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж бүрдүүлсэн үйл баримтын талаар дурдсан байна. /хх 29-35/
Мөн ******* нь энэ хэргийн нэхэмжлэгч ******* хамаарал бүхий этгээд, ******* нь хариуцагч ******* нөхөр гэдэгт талууд маргаагүй.
5.2.Хариуцагч ******* үнийг төлөхөөс өмнө нэхэмжлэгч ******* Хаан банкны дансанд ******* 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 80,000,000 төгрөг шилжиж орж ирсэн. /хх 6/
5.3.Дээрх үйл баримтыг нэгтгэж, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар талуудын илэрхийлсэн хүсэл зоригийг тайлбарлавал хэлцлийн дагуу одоог хүртэл нэхэмжлэгчийн өмчлөл эзэмшилд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй байдал, банкнаас хариуцагчийн гэр бүлийн хүн орон сууцны зээл авахдаа тухайн тээврийн хэрэгслийг урьдчилгаа төлбөрт тооцож бүрдүүлсэн байдал, түүнчлэн нэхэмжлэгч төлбөрийг төлөх хөрөнгийн эх үүсвэрээ орон сууцны худалдагч тал *******ээс бүрдүүлсэн байдал зэргээр талууд анхнаасаа хэн алин нь автомашиныг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй болох нь тогтоогдож байна. Үүнээс үзвэл орон сууцны зээлийн урьдчилгаа бүрдүүлэх үүднээс хэлцлийг хийсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзэх тул дээрх гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.
5.4.Хариуцагч худалдан авагч өөрөө Авто тээврийн үндэсний төвд очоогүй, тээврийн хэрэгслээ ав гэхэд аваагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаарх хариуцагчийн татгалзал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт нийцэхгүй.
6.Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шийдвэрлэх нь хуульд нийцэх тул хэлцлийн дагуу шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Харин нэхэмжлэлд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж тодорхойлсон нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байгааг дурдав.
7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/02671 дүгээр шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* 85,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 582,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 582,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
О.ОДГЭРЭЛ