Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2026/01263

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/09962 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******-д холбогдох 

8,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 8,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр *******-тай тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулж, Geely Monjaro маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд даатгал хийлгэсэн. ...2025 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө ...зогсоох арга хэмжээ авсан боловч амжилгүй машин мөргөж, ...миний машинд 8,800,000 төгрөгийн хохирол учирсан” гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй хэргийн 12 дугаар талд авагдсан гэрээнд “даатгуулагч *******” гэж тодорхойлж, даатгуулагчийг төлөөлж ******* гэж гарын үсэг зуржээ. Мөн хэргийн 78 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Geely Monjaro маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* гэжээ. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж заасан.

4.1. Гэтэл нэхэмжлэгч ******* нь ******* болон *******-ийн хооронд 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан гэх даатгалын гэрээний даатгуулагч болон тээврийн хэрэгслийн өмчлөгч биш этгээд атлаа ямар үндэслэлээр дээрх гэрээний үүргийг шаардаж, түүний эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж буй үндэслэл тодорхойгүй гэж үзэхээр байна.  

Өөрөөр хэлбэл, ******* нь *******г төлөөлж *******-тай гэрээ байгуулсан нь уг гэрээний шаардах эрхийг өөрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх үндэслэл болохгүй бөгөөд *******, ******* нар нь иргэний эрх зүйн харилцааны бие даасан оролцогч болохыг шүүх анхаараагүй байна.

5. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан эсэх, эсвэл бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан эсэх зэргийг тодруулж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх боломжоор хангаж, талуудыг мэтгэлцүүлэх, улмаар нэхэмжлэгчийг солих эсэх асуудлыг шийдвэрлэсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь мэтгэлцэх зарчимд нийцэх байжээ.

6. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/09962 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.УУГАНБАЯР

 

                                             ШҮҮГЧИД                                             Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                           Т.ГАНДИЙМАА