Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 654

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар Т.Г ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдааны ирц: нэхэмжлэгч Т.Г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С , Ц.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 тоот Албан тушаал буруулах тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг 2017 оны 02 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд нөхөн гаргуулах” гэжээ. 

Нэхэмжлэлийн үндэслэл:

Т ийн Г миний бие 1... онд төрсөн эрэгтэй .. настай. 1985 онд Улсын багшийн дээд сургуулийг хими биологийн багш мэргэжлээр, 2004 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн магистр, 2010 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн, Байгалийн ухааны багш, төрийн удирдлагын менежер, улсад 32 жил үүнээс боловсролын байгууллагад 20 жил, төслийн байгууллагад 8 жил, байгаль орчны салбарт 4 дэх жилдээ ажиллаж байна.

Багшийн дээд сургуулийг төгсөөд Б******* аймгийн Б*******, Б******* сумын сургуульд байгалийн ухааны багш, хичээлийн эрхлэгч хийж байгаад 1991-1997 онд аймгийн Сургалт заах аргын кабинет /Одоогийн Боловсролын соёлын газар/-д байгалийн ухааны сургалтын арга зүйч, 1997-2003 онд Б******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст боловсролын асуудал эрхэлсэн дэс түшмэл, 2003-2005 онд аймгийн Боловсрол, соёлын газарт боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, 2005-2013 он хүртэл Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Малын индексжүүлсэн даатгал” төслийн аймгийн зохицуулагчаар тус тус ажиллаж төслийн хугацаа дуусгавар болсон тул 2013 оны 12 дугаар сард Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зарласан Их Богдын байгалийн цогцолборт газрын даргын сонгон шалгаруулалт тавигдах шаардлагыг хангаж, уг сонгон шалгаруулалтад тэнцэж Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/04 тоот тушаалаар томилогдон ажиллаж, 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээгээ 87.5 хувьтай “В” үнэлгээтэй, 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээгээ 80.8 “В" үнэлгээтэй, 2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээгээ 78,3 хувьтай “С” үнэлгээтэй дүгнэгдсэн. Энэхүү байгууллагын ерөнхий менежерээр 3 жил ажиллахдаа зохих хууль тогтоомжийн дагуу төсвийг зарцуулж “Аудитын зөрчилгүй санал дүгнэлт” авсан билээ.

Гэтэл 2016 онд сайдтай байгуулсан гэрээний биелэлтийг зориуд бууруулан дүгнэж “С” үнэлгээ өгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Э-О дээрээс шахаж байна. Хөдөлмөрийн үндэсний нам, Монгол ардын намын хооронд тохироо хийж Хөдөлмөрийн үндэсний намаас Б******* аймгийн ИТХ-ыг сонгох сонгуульд Б******* суманд нэр дэвшсэн Г.О-Эийг энэхүү албан тушаалд томилохоор тохиролцсон” гэх үндэслэлээр ажлаа өг, бүтцийн өөрчлөлт хийнэ шүү, тус Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны цалингийн сан хүрэхгүй, орон тоо байхгүйг өөрсдөө мэдэж байгаа мөртлөө мэргэжилтэн бол гэх мэт дарамтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Т , дарга Ч.Б нар удаа дараа шаардсан үйл ажиллагаа хийж, намайг албан тушаал бууруулж, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны мэргэжилтэн болгож, албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Хамгаалалтын захиргааны даргаар тавигдсан Г.О-Э нь технологийн багшийн мэргэжилтэй, бакалаврын боловсролтой, төрийн байгууллагад ажиллаагүй гэдгийг миний бие сайн мэдэх болно.

Миний хувьд төрийн албан хаагчийн хувьд ямар нэгэн намын харъяалалгүй төрд хоёргүй сэтгэлээр ажиллаж төсвийн хүндрэлтэй 2014-2016 онуудад тус  хамгаалалтын захиргааны хариуцан хамгаалж буй газар нутагтаа гарсан зөрчлийг таслан зогсоох, иргэдэд хууль, тогтоомжийг сурталчлан таниулж, зөрчил гарсан үед болон 7 хоног тутмын мэдээг Яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлж байсан болно.

Т.Г миний 2016 оны жилийн цалин 13,603,079 төгрөг /Арван гурван сая зургаан гурван мянга далан есөн төгрөг/ нэг сарын дундаж цалин 1,133,589.92 /Нэг сая зуун гучин гурван мянга таван зуун наян есөн төгрөг ерэн хоёр мөнгө/, 2017 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарын цалин 2,975,827 төгрөг /Хоёр сая есөн зуун далан таван мянга найман хорин долоон төгрөг/ сарын дундаж цалин 991942.33 /есөн зуун ерэн нэгэн мянга есөн зуун дөчин хоёр төгрөг гучин гурван мөнгө / Сарын цалингийн зөрүү 1133589,92-991942,33=141647.58 төгрөг /Нэг зуун дөчин нэгэн мянга зургаан зуун дөчин долоон төгрөг тавин найман мөнгө/ тооцоологдож байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 тоот Албан тушаал бууруулах тухай тушаал нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж,  дүгнэх журмын 7.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д “Зохих шатны Засаг даргатай зөвшилцөн тухайн дархан цаазат газар, байгалийн цогцолборт газарт хамгаалалтын захиргаа байгуулах асуудлыг шийдвэрлэж, даргыг нь байгаль орчны мэргэжилтэй, тухайн салбартаа 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилох тухай гэсэн заалтуудыг илт хууль зөрчсөн гэж үзэж байна. 

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 тоот тушаалын эх хувийг 2017 оны  02 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТХНУГ-ын мэргэжилтнээс өөрийн биеэр хүлээн авч, Төрийн албаны зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу хуульд заасан хугацаанд гомдол гаргасан. Гэтэл Төрийн байгууллага төрийн болон жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын 3 дүгээр зүйлийн 4.в хэсэгт “Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан ...” маргаан нь төрийн албаны зөвлөлийн өөрийнх нь харъяаллын маргаан байхад тус журмыг баримталж Төрийн албаны төв зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 356 тоот албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлж, хувийг Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр багийн иргэн Т.Г танаа гэсэн хуулбар үнэн тэмдэгтэй албан бичгийг шуудангаар 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан. 

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн албаны салбар зөвлөл нь хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын ажлын байрны тодорхойлолтыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.О /хуучин нэрээр/ 2013 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр баталсан байна. Уг ажлын байрны тодорхойлолтын зорилго хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах төрийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, тухайн хамгаалалттай газрын байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, урт хугацааны стратегийг тусгасан менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтийг үр ашигтайгаар удирдан зохицуулах, менежментэд оролцох талуудын хамтын ажиллагааг хангах, тухайн хамгаалалтын захиргааны эрхэм зорилгыг бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулах” гэж тодорхойлсон.

Ажлын байрны үндсэн зорилтын 2-т: Байгаль орчны болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, хамгаалалтын горим, дэглэм зэрэг эрх зүйн  актын хэрэгжилт, мөрдүүлэх ажлыг удирдлагаар хангасан байна гэж, мөн “ажлын байрны гол үйл ажиллагаа” хэсгийн ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд 2.2 “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулах гэж тус тус тусгасан байна. Ажлын байрны зорилт, зорилго, хэрэгжүүлэх гол ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг бүрмөсөн таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, хариуцан хамгаалах газрын нөөц баялгийг хамгаалах чиглэлээр хангалтгүй ажилласан нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд: 

1. Б******* аймгийн Баянлиг сумын нутаг дэвсгэрт орших “Овоон шанд* хэмээх газарт 2014-2016 оны хооронд удаа дараа хууль бусаар гар аргаар алт олборлогч этгээдүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “1/газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”-ийг хориглох заалтыг зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ аваагүй. Энэ  талаар ажлын тайланд тусгагдсан болно. 

2. Дээрх зөрчлийг арилгуулах талаар яамны зүгээс Их Богдын байгалийн цогцолборт газар, Баянлиг сумын “Овоо шанд” хэмээх газарт гар аргаар алт олборлогчид хууль зөрчин газрын хэвлий хөндөж байгаа зөрчилд хяналт шалгалт хийх, байнгын пост ажиллуулахад шаардагдах зардал 5.171.900 /Таван сая нэг зуун далан нэгэн мянга есөн зуун/ төгрөгийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар шийдвэрлэсэн боловч тодорхой ахиц гараагүй. 

3. 2016 онд Яамнаас олон улсын донор байгууллагуудад хандаж Де Найчэ Консерванси /TNC/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг /WCS/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг төслүүдээс нийт 1.615.000 /нэг сая зургаан зуун арван таван мянга/ төгрөгийг эрүүл хяналт шалгалтын ажилд зарцуулуулах талаар шийдвэрлүүлсэн боловч тодорхой үр дүн гараагүй, санхүүжүүлэгч байгууллагуудад санхүүгийн тайлан хүргүүлээгүй. 

4. Б******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын дарга Д.Ш тэй /тухайн үеийн удирдлагын нэрээр бичив/ Сайд болон Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б нар уулзаж, Б******* аймгийн төсвөөс 2.000.000 /хоёр сая/ төгрөг шийдвэрлүүлсэн боловч тодорхой үр дүн мөн гараагүй.

5. Цаг үеийн хугацаатай мэдээ, мэдээлэл, тайлан, мэдээ, хугацаатай үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгаа талаар анхаарч ажиллах үүрэг даалгавар өгч ажилалсан. Нотлох баримт-5 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 09/2955 дугаар албан бичгийн хуулбар.

Нэхэмжлэгч Т.Г нь албан ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлээгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй тул “Албан тушаал бууруулах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын талаар: 

Нэхэмжлэгч Т.Г нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг 2017 оны 02 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /1-р хх 75-79/. 

Маргаж байгаа зүйлийн талаар: 

Нэхэмжлэгчээс “С үнэлгээгээр дүгнэгдсэн тохиолдолд албан тушаал буурах үндэслэл байхгүй, хангалтгүй ажилласан гэдгийг нотлох баримт байхгүй, 2014-2016 онуудад А, В, С үнэлгээгээр үнэлэгдсэн тул хангалттай ажилласан гэж үзэж байна.” гэж маргажээ. Харин хариуцагч талаас “ажлын байрны тодорхойлолтын 2-т заасан байгаль орчин болон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж хамгаалалтын горим, дэглэмтэй холбоотой эрх зүйн актыг хэрэгжүүлж, ажлын удирдлагаар хангах, 2014-2016 онд хууль бусаар алт олборлох зөрчлүүд гарсан байтал таслан зогсоох арга хэмжээ аваагүй тул нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөөгүй бууруулсан” гэж маргажээ. 

Маргааны үйл баримтын талаар: 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэхэд дараахь бодит нөхцөл байдал тогтоогдож байна:

Нэхэмжлэгчийн маргаж байгаа шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч Т.Г нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б-04 дүгээр тушаалаар Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга буюу төсвийн шууд захирагч, төрийн захиргааны албан хаагч буюу ТЗ-8-5  зэрэглэлтэйгээр томилогдон ажиллаж байсан нь тогтоогдож байна /хх 71/.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 дугаар тушаал /1-р хх 74/-аар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг үндэслэн хариуцан хамгаалах газрын нөөц баялгийг хамгаалах чиглэлээр хангалтгүй ажилласан гэж үзэн нэхэмжлэгч Т.Г ыг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн албан тушаал бууруулан, мөн өдрөөс Бөөнцагаан-Орог нуурын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежмент, төлөвлөлт, олон нийт сургалт хариуцсан мэргэжилтнээр томилсон байна /хх 243/.

Хариуцагчаас нэхэмжлэгч Т.Г ын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээд 78.3 буюу С үнэлгээ тавьжээ /хх 13, 204-205/.

Хариуцагчийн тайлбараас маргаан бүхий албан тушаалд түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа нь тогтоогдож байна. 

Хууль зүйн үндэслэлийн талаар:

 Маргаан бүхий захиргааны актаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байрны/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэн нэхэмжлэгчийг албан тушаал бууруулжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулахдаа төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэхээр заажээ. 

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ.”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно.” гэж заажээ.

Төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч Т.Г ын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ хариуцагч захиргаанаас Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг баримтлана. 

Энэ журмын 1.6-д зааснаар Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болохоор байна. Мөн журмын 6.4-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтэд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө: 6.4.1.  90-100 оноо авсан бол “А” буюу “Маш сайн”; 6.4.2.  80-90 хүртэл оноо авсан бол “В” буюу “Сайн”; 6.4.3.  70-80 хүртэл оноо авсан бол “С” буюу “Хангалттай”; 6.4.4.  60-70 хүртэл оноо авсан бол “D” буюу “Дутагдалтай”; 6.4.5.  0-60 хүртэл оноо авсан бол “F” буюу “Хангалтгүй”.” гэжээ.  Уг журмын 7.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албан тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд “С” буюу “Хангалттай” үнэлгээ авсан бол цалинг нь нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь  хэвээр үлдээх; -зохих шатны сургалтад хамруулах; “D”буюу “Дутагдал-тай" албан тушаал бууруулах; -албан тушаалын цалинг бууруулах;-дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр санал тавьж болохоор заажээ. 

Нэхэмжлэгч Т.Г ын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр хариуцагчаас дүгнэж 78.3 буюу С үнэлгээг төсвийн өгсөн гэдэг нь маргааны үйл баримтаас тогтоогдсон.

Иймээс дээр дурдсан журам болон хуулийн заалтын дагуу төсвийн шууд захирагч Т.Г нь 2016 оны бүтэн жилийн үр дүнгийн гэрээгээ төсвийн ерөнхийлөн захирагчаар дүгнүүлэн 2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн хувьд С буюу “Хангалттай” үнэлгээг авсан. Иймээс хариуцагч нь  нэхэмжлэгч Т.Г ыг цалинг нь нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь  хэвээр үлдээх,  эсхүл зохих шатны сургалтад хамруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр байжээ. Гэтэл хариуцагчаас Т.Г од “D” буюу “Дутагдалтай" үнэлгээ авсан тохиолдолд хэрэглэх арга хэмжээ болох албан тушаал бууруулах; албан тушаалын цалинг бууруулах арга хэмжээг авсан нь дээр дурдсан журам болон хуулийн заалтуудыг зөрчсөн бөгөөд илт үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан гэж үзэхээр байна.

Дээрхээс гадна хариуцагчаас “нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан 2.2-т заасан зорилтын хүрээнд Б******* аймгийн Баянлиг сумын нутаг дэвсгэрт орших “Овоон шанд” хэмээх газарт 2014-2016 оны хооронд удаа дараа хууль бусаар гар аргаар алт олборлогч этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, дээрх зөрчлийг арилгуулах талаар яамны зүгээс 5.171.900 /Таван сая нэг зуун далан нэгэн мянга есөн зуун/ төгрөгийг шийдвэрлэсэн боловч тодорхой ахиц гараагүй, Яамнаас 2016 онд олон улсын донор байгууллагуудад хандаж төслүүдээс нийт 1.615.000 /нэг сая зургаан зуун арван таван мянга/ төгрөгийг хяналт шалгалтын ажилд зарцуулах талаар шийдвэрлүүлсэн боловч тодорхой үр дүн гараагүй. Б******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын дарга, Б******* аймгийн төсвөөс 2.000.000 /хоёр сая/ төгрөг шийдвэрлүүлсэн боловч тодорхой үр дүн мөн гараагүй.” гэж буруутгажээ. 

Энэхүү тайлбар нь хэрэгт цугларсан Б******* аймгийн Баянлиг сумын нутаг дэвсгэрт орших “Овоон шанд” хэмээх газарт 2014-2016 оны хооронд хууль бусаар гар аргаар алт олборлогч этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, хамгаалалтыг сайжруулах талаар авч хэрэгжүүлж байсан ажлын хэсэг байгуулж, удаа дараа сургалтын арга хэмжээг хэрэгжүүлж, хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдэд, байгаль хамгаалагч нар үүрэг, чиглэл өгсөн удаа дараагийн арга хэмжээ, ажлын удирдамж, хяналт шалгалтын илтгэх хуудас зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна /хх 120-163/. 

Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн ажлын байрны тодорхойлтод заасны дагуу хууль бусаар гар аргаар алт олборлогч этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсан гэдэг нь тогтоогдож байгаа. Нөгөө талаас хууль бусаар гар аргаар алт олборлогч этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох ажлын үр дүнг зөвхөн нэхэмжлэгчийн ажлын үр дүнтэй холбох боломжгүй юм. Учир нь энэ үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хуулиар энэ үүргийг хүлээсэн бусад хяналтын байцаагч, хууль сахиулах байгууллага, аймаг, сумын Засаг даргын холбогдох этгээдийн үйл ажиллагаатай хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлсний үр дүнд энэхүү үйл ажиллагаанд үр дүн гарах шаардлагыг агуулж байгаа учир хариуцагчаас “хууль бусаар гар аргаар алт олборлогч этгээдүүд үйл ажиллагааг таслан зогсоох ажлын үр дүн хангалтгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа үндэслэл нь нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах хангалттай, бодитой үндэслэл биш байна. 

Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ.”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.3-д “...гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэнэ.”, мөн журмын 2.1-д “ Төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, ... хүргүүлэх үүрэгтэй.”, 2.3-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй.” гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд үр дүнгийн гэрээг тухайн төсвийн жилд байгуулж, улмаар дүгнэдэг. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийг 2014, 2015 оны үр дүнгийн гэрээгээр дүгнэгдсэн үйл ажиллагаатай холбоотой баримтаар нэхэмжлэгчийг 2016 онд ажлын байрны зорилтыг хангалтгүй биелүүлсэн гэж буруутгах нь үндэслэлгүй байна. 

Энэхүү ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн алдаа дутагдал, гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээг бодит хийсэн үйл ажиллагаанд үндэслэн бодитойгоор үнэлж тогтоогоогүй, 2014, 2015 оны үр дүнгийн гэрээгээр дүгнэгдсэн үйл ажиллагаатай холбоотой баримтаар нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаань бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцээгүй байна.

Дүгнэхэд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн алдаа дутагдал, гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээг бодит хийсэн үйл ажиллагаанд үндэслэн бодитойгоор үнэлж тогтоогоогүй, мөн С үнэлгээ тавьсан атлаа D үнэлгээнд хэрэглэх хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэн нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан хариуцагчийн үйлдэл нь илт хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу нэхэмжлэгч Т.Г ын албан тушаал, цалин буурахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна. Иймд уг маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр албан тушаал, цалин буурахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч зөрчсөн тул нэхэмжлэгчийн ийнхүү зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс сэргээн тогтоох нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв. 

 

                  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2 106.3.7 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Г ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг 2017 оны 02 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд нөхөн гаргуулах”  гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Т.Г ыг Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Т.Г ын албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд тооцон Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны төсвөөс нөхөн гаргуулсугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ