Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1832

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04890 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 18 684 796 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Түрээсийн барьцаа 18 000 000 төгрөг, хашаа, халаалт, хаалганы үнэ 12 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг, 5 ширхэг чингэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани “ХХХХХ” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХ тоотод байрлах, ХХХХХХХХХХ улсын бүртгэлтэй, 630 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 570 м.кв орчим талбайг үйлдвэрлэл, оффисийн зориулалтаар сарын 6 000 000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай түрээслүүлж эхний 2 сарын төлбөрийг авсан. 2015 оны 6 дугаар сар дуустал сарын төлбөрийг 4 368 421 төгрөг болгож, 19 сараар төлье гэж хүсэлт тавьсны дагуу нийт 83 000 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сард төлсөн. Энэ хугацаа нь 2015 оны 7 дугаар сард дууссан бөгөөд төлбөрийг сарын 5 000 000 төгрөг болгосон. Үүнээс хойш 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх төлбөрт 31 200 000 гаруй төгрөгийг төлөөгүй байна. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2 жилийн хугацаатай, сарын 2 800 000 төгрөгөөр түрээслэхээр дахин тохиролцож гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2016 оны 1 дүгээр сарын 27, 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг төлсөн.

Үлдэгдэл төлбөрөөс түрээслэгч үйл ажиллагаа явуулахад зориулж тохижилт хийсний 9 235 200 төгрөг болсныг хасъя гэхэд нь зөвшөөрч, 2016 оны 2 дугаар сарын 22-ны байдлаар 11 964 800 төгрөгт тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг төлбөр болон 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 6 719 996 төгрөг зэргийг төлөөгүй ба UESU214912 022621, MMU 600240 7 SU 2210, UCUI 242574 5 22 G1, 216863 дугаартай тус бүр нь 20 тонны чингэлэг барьцаанд үлдээж, объектыг албан ёсоор хүлээлгэж өгөлгүй нүүгээд явсан. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 18 684 796 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан. Уг байрыг хүнсний үйлдвэрийн зориулалтаар ашиглахаар түрээсэлж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хугацааг тооцохоор бид харилцан тохиролцож, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын төлбөрт 12 000 000 төгрөг төлсөн. Бид бүтэн 2 сар уг ажлын байрыг түрээслэхдээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Мэргэжлийн хяналтын газраас ажлын байрны шаардлага хангаагүй, хийсний дараа үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгнө гэсэн учир “ХХ” ХХК-ийн захирал ХХд хэлсэн. Тэрээр хэрэв танайх олон сараар түрээсээ төлбөл би засвар хийгээд өгье гэсний дагуу банкнаас зээл хөөцөлдөж, 83 000 000 төгрөгийн зээл авч нийт 19 сарын түрээсийн төлбөр төлсөн. Сарын төлбөрийг 4 368 421 төгрөгөөр тооцож, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаа гэж тохиролцсон.

2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр миний бие Канад улсад 5 сарын хугацаатай явсан. Энэ хооронд ХХ нь уг ажлын байранд засвар хийхээр тохиролцсон ч хийгээгүй, хүнсний үйлдвэрлэл явуулах шаардлага хангахгүй байсан учир бид ажлын байрны зөвшөөрлөө авч чадаагүй, Мэргэжлийн хяналтын газар манай байгууллагын “үдийн цай” хөтөлбөрийг түдгэлзүүлсэн. Ингээд бид өдөр тутмын орлогоос 2014 оны зун, хаврын турш засвар хийж, компанид маш их хохирол учирсан.

2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр уг байрнаас нүүсэн. Үүнээс хойш одоог хүртэл “ХХ” ХХК-ийн захирал ХХгийн биднээс дээрэмдэж авсан эд хөрөнгө тоног төхөөрөмжөө авч чадаагүй байгаа. Нийт 10 000 000 төгрөг гаргаж тухайн байрыг тохижуулсан. “ХХ” ХХК-д төлөх түрээсийн ямар ч өр байхгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“ХХ” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулж 570 м.кв талбайг хүнсний үйлдвэрлэл явуулахаар тохиролцож, 2013 оны 10 дугаар сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 000 000 төгрөг төлөх, 2013 оны 12 дугаар сарын 01-нээс 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 19 сарын түрээсийг, сарын 4 368 421 төгрөгөөр тооцож нийт 83 000 000 төгрөг төлөх, 2015 оны 7 дугаар сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 13 хүртэл мөн адил 4 368 421 төгрөг төлөхөөр болсон. Дээрх төлбөр төлөх хугацаа 4 сар 13 хоногт тооцож 19 366 666 төгрөг болж байгаа боловч манай хийсэн засварын ажилд зарцуулсан зардал 9 235 200 төгрөгийг нэхэмжлэгч түрээсийн төлбөрт тооцохыг зөвшөөрсөн учир үлдэгдэл 10 131 466 төгрөгийг бид 2016 оны 10 дугаар сарын 27, 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус 5 000 000 төгрөгийг захирал ХХХ-ийн “Хаан банк”-ны 5077361224 тоот дансанд хийсэн. Иймд манай байгууллага тухай бүрд нь ажлын байрны түрээсийн төлбөрийг төлж дуусгасан.

2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр захирал ХХХ-той ажлын байрны түрээсийн гэрээг дахин хийхдээ уг байр хүнсний үйлдвэрлэл явуулах, барилга байгууламжийн стандарт шаардлага хангахгүй байгаа зэргийг үндэслэн гэрээнд нэг сарын  төлбөрийг 2 800 000 төгрөг болгон өөрчлөлт оруулсан юм. Үйл ажиллагаа явуулахын тулд өөрсдийн хөрөнгөөр 10 000 000 гаруй төгрөг гаргаж ажлын байрыг тохижуулж “Түрээслэгчийн гүйцэтгэх” үүргийг гүйцэтгэн гадна талбайн хуримтлагдсан хог хаягдлыг хөлсөөр ажилладаг хүмүүстэй тохиролцон цэвэрлүүлж, 0.7 га газар, талбайг хар шороо, хатуу хайргаар дүүргэн, тэгшилж машины зогсоол хийсэн. Мөн төмөр хашаа, хаалга, хаалт бүхий хашаа барьж, байрны дотор талд тааз хана, шалны плита зэрэг барилгын засал чимэглэлийг хийж гүйцэтгэсэн. Цахилгаан монтаж, гэрэлтүүлэг зэрэгт шаардлагатай материалыг гаргасан боловч зарим кабель, ус чийгийн хамгаалалттай гэрэл, цахилгаан утас зэргийг эргүүлэн аваагүй үлдээсэн.

Иймд дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Түрээсийн барьцаанд бэлнээр тушаасан 18 000 000 төгрөг, төмөр хашаа, хаалт, төмөр хаалганы үнэ болох 12 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулж, “ХХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 20 тонны 3 ширхэг чингэлэг нь 9 000 000 төгрөгийн үнэ бүхий /FCIU№242574 5 22G18 MMMU №600240 7 2210, UESU №214912 0 22G1/ дугаартай, 20 тонны 1 ширхэг хөргөгчтэй чингэлэг нь 9 500 000 төгрөгийн үнэ бүхий /№216863/ дугаартай, 20 тонны цэнхэр өнгөтэй 1 чингэлэг /SITU №297112 6 22G1/-ийг тус тус чөлөөлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч 18 000 000 төгрөгийг түрээсийн барьцаанд биш түрээсийн төлбөрт буюу 2013 оны 9-11 дүгээр сарын төлбөрт төлсөн. Мөн төмөр хашаа барихдаа биднээс зөвшөөрөл аваагүй. Бодит байдалд төмөр хашаа барьсан зүйл байхгүй. Чингэлгүүдийн хувьд хариуцагчийн төлөөлөгч өөрөө хүсч түрээсийн төлбөрийн барьцаанд үлдээсэн. Нэхэмжлэгч нь “ХХХХХ” ХХК-ийн 4 ширхэг контейнерыг түрээсийн төлбөрийг төлж дууссаны дараа барьцаанаас чөлөөлнө. Харин нэг ширхэг чингэлгийг хариуцагчийн төлөөлөгч нь манай компанид зарсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.5, 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хариуцагч “ХХ” ХХК-иас 1 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 481 796 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3, 301 дүгээр зүйлийн 301.1, 301.2, 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар нэхэмжлэгч “ХХ” ХХК-иас 18 000 000 төгрөг, UESU214912 0 2261, MMU 600240 7 SU 2210, FUCUI 242574 5 22G1, №216863 /хөргүүртэй/ дугаартай тус бүр нь 20 тонны 4 чингэлгийг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 000 000 төгрөг, SITU 297112 6 22G1 дугаартай 20 тоннын 1 чингэлэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “ХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 374 төгрөг, хариуцагч “ХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 283 050 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчаас 36 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ХХХХ-д итгэмжлэл олгохдоо сөрөг нэхэмжлэл гардаж авах, түүнтэй холбогдох баримтуудыг гаргах эрхийг олгоогүй байхад шүүх 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг гардуулж хууль зөрчсөн байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ нь сөрөг нэхэмжлэлийг аваад надад танилцуулаагүй, хэргийн явцын талаар мэдэгдээгүй, холбогдох баримтыг танилцуулаагүй, мөн шүүх хуралдаанд ирээгүйг далимдуулан хариуцагч байгууллага хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байна. Баримтаас харахад санхүүгийн баримтын бичилт нь миний бичиг биш бөгөөд надаас гуйж авсан хоосон баримт дээр мөнгө тушаасан мэтээр өөрөө хуурамч бичилт хийж, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэн шүүхэд гаргаж өгсөн. Хэрэв 2013 оны 9 дүгээр сарын 21, 23-ны өдөр үйлдсэн энэхүү баримт байсан бол 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлэхэд хасагдаж тооцогдох байсан. /хх 12, 13-р тал/

Миний бие “ХХХ” ХХК-ийн захирал ХХХ-аас 18 000 000 төгрөгийн барьцаа мөнгө огт авч байгаагүй, 4 ширхэг чингэлэгийг түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт барьцаа болгон үлдээсэн, мөн түрээсийн байрыг тойруулан хашаа бариагүй атлаа шүүхэд илт хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн. Бүрдүүлсэн хуурамч баримтуудыг шүүх үнэлж, хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлээс 18 000 000 төгрөг, 4 ширхэг чингэлэг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “ХХХ” ХХК-иас 1 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 481 796 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа түүнд хүрсэн үндэслэх хэсэг нь шүүхийн шийдвэрт бичигдээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

“ХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч чингэлэгийн талаар шүүхэд өгсөн тайлбар болон түүний шүүх хуралд гаргасан тайлбарт “ХХ” ХХК нь уг чингэлэгийг хариуцагчаас худалдан авсан гэх тайлбарыг өгсөн. Энэ нь тухайн чингэлэгийг авснаа хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж байдаг. Харин худалдан авсан талаараа нотолж чадаагүй ба хуульд заасны дагуу нотлох баримт гаргах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх уг чингэлэгийг нэхэмжлэгч авснаа хүлээн зөвшөөрсөн төдийгүй, худалдаж авсныгаа баримтаар нотолж чадахгүй байхад сөрөг нэхэмжлэлийн 20 тонн болон 3 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг чингэлэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь “ХХХ” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 18 684 796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэргийн 4 дүгээр талд нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн захирал ХХ нь “шүүхэд нэхэмжлэл гаргах, хүсэлт гомдол гаргах, бүх шатны шүүх хуралдаанд оролцох, хариуцагчтай эвлэрэх” эрхийг ХХХХ-д олгосон итгэмжлэл авагдсан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно гэсэнтэй нийцжээ.

 

Гэтэл шүүх дээрх этгээдэд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг гардуулж, улмаар уг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт тусгаж хэргийг шийдвэрлэсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд төлөөлүүлэгчээс олгосон эрхийн хүрээнд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн үүргээ хэрэгжүүлэх байтал нэхэмжлэгчээс олгоогүй зарим эрхийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

/хх-ийн 48, 111 дүгээр тал/

 

Энэ нь хуулиар тогтоосон журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэхгүй бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04890 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Т.ТУЯА