Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 484

 

 

 

 

 

 

 

У.Эрхэмбаярт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Д.Ганчимэг,

 

Ялтан У.Эрхэмбаярын өмгөөлөгч Б.Цэнгүүн,

 

            Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан У.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн нарын гаргасан давж заадлах гомдлуудаар У.Эрхэмбаярт холбогдох эрүүгийн 201726010409 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хөө овогт Улаанхүүгийн Эрхэмбаяр, 1979 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7-376 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн зүүн талд байрлах нийтийн байранд түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МА79011503/,

 

У.Эрхэмбаяр нь 2017 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 8 дугаар байрны хойд талын автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн П.Цэнгэлийн эзэмшлийн 64-55 УНВ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын хөх өнгийн автомашины зүүн урд крыло, зүүн урд болон хойд хаалга, зүүн хойд крыло, багажны хаалга, хойд буфер зэрэг эд ангийг чулуугаар зурж, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж, бусдад 526.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: У.Эрхэмбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Эрхэмбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар У.Эрхэмбаярыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, У.Эрхэмбаяр урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

 

Ялтан У.Эрхэмбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие бусдын эд хөрөнгийг эвдэлсэн үйлдэлдээ харамсаж байгаа бөгөөд гэр бүлийн харилцааны улмаас энэхүү хэргийг үйлдсэн. Хохирогчийн гэр бүлийн хүн болох Баярсайхан нь надтай олон жилийн турш холбоотой байж хамтран амьдарна гэж өнөөдрийг хүртэл хэлж явсан. Түүний энэхүү үйлдлээс болж хохирогч бид хоёрын дунд таарамжгүй харилцаа үүссэн бөгөөд удаа, дараа намайг элдвээр хэлж, ажил төрөл хийх боломжгүй болгож, зарим үед бие махбодид халддаг байсан.

Баярсайхан нь энэ бүх байдлыг мэддэг хэрнээ надаас салахгүй надтай сууна гэж хэлж өнөөдрийг хүрсэн. Энэхүү үйл явдлаас болж миний зүрхээр өвддөг, толгой байнга өвддөг болсон бөгөөд байнгын эм ууж, эмчийн хяналтад орсон. Одоо хорих ангид байнгын эмчийн хяналтад байж, эм ууж байгаа.

Миний бие мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрийг өөрийнхөө боломжийн хүрээнд төлөхөөр удаа, дараа хохирогчтой холбогдсон боловч тохиролцож төлж чадаагүй ба энэхүү хэргийн үр дагаврыг хохирол төлбөрийг төлөхгүй бол хоригдох үр дагавартай гэж ойлгож мэдээгүй тул ар гэрийнхэндээ нөхцөл байдлыг ойлгуулж чадаагүй. Миний бие ар гэрийн дэмжлэгээр хохирлыг бүрэн барагдуулсан ба хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна.

Иймд дээрх нөцөл байдлыг харгалзан үзэж 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Б.Цэнгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс энэхүү хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй боловч хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлыг барагдуулах талаар бүрэн гүйцэд ажиллагаа хийгээгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нэхэмжлээгүй. Хохирогчийн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө авахгүй байгаа үйлдэл нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуульд заасан ялыг хөнгөрүүлэх нөхцөл боломжийг хаасан үйлдэл болсон.

Хэдийгээр шүүгдэгч нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч авахгүйгээр оролцсон, өмгөөлөгчийг заавал оролцуулах зохицуултад хамаарахгүй боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэнээс үүсэх үр дагаварыг бүрэн танилцуулаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

У.Эрхэмбаяр нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Б.Эрхэмбаярт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний хувьд давж заалдах шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс ялтны хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хохирогч 526.000 төгрөгийг хүлээн авсан талаар тэмдэглэл үйлдэж шүүхэд ирүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирол төлөгдөлгүй хэрэг шүүхэд шилжсэн. Харин анхан шатны шүүх хуралдааны дараа хохирлыг төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                                 ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

У.Эрхэмбаяр нь 2017 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 8 дугаар байрны хойд талын автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн П.Цэнгэлийн эзэмшлийн 64-55 УНВ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын хөх өнгийн автомашины зүүн урд крыло, зүүн урд болон хойд хаалга, зүүн хойд крыло, багажны хаалга, хойд буфер зэрэг эд ангийг чулуугаар зурж, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж, бусдад 526.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Ялтан У.Эрхэмбаяр мөрдөн байцаалтын шатанд “...Би шөнө 02 цаг болох гэж байхад гэрээс гараад Баярсайханы амьдардаг Москва хороолол руу алхаад очсон. Тухайн үед би Баярсайхантай маргалдаад ууртай байсан. Тэр уурандаа Цэнгэл, Баярсайхан хоёрын унадаг хөх өнгийн “Toyota Prius 20” загварын автомашиныг чулуугаар зурах санаа зорилго агуулаад гэрээсээ гарсан. Газраас тийм ч том биш мохоо үзүүртэй чулуу аваад ...автомашины ард талын буфер, жолоочийн эсрэг хойд урд хаалга, крылог зурсан. Буцаж ирээд дахин зурсан. Чулууг тэр хавьд хаясан байх яг сайн санахгүй байна. Би Баярсайхантай 2009 онд танилцаж, уулзаж учраад өдийг хүрсэн. Баярсайхан бид хоёр холбоотойг түүний эхнэр Цэнгэл мэддэг эсэхийг би сайн хэлж мэдэхгүй байна. Одоо Баярсайхан бид хоёрт холбоо байхгүй. ...Би 64-55 УНВ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын хөх өнгийн автомашиныг зурснаа хүлээн зөвшөөрч байна. 2013 онд би Баярсайханы эхнэр Цэнгэлтэй маргалдаж Цэнгэлийн биед хөнгөн гэмтэл гараад шалгагдаж байгаад хэрэг хэрэгсэхгүй болсон...” /хх-ийн 46-48/,

 

хохирогч П.Цэнгэл мөрдөн байцаалтын шатанд “...2017 оны 2 дугаар сарын 2-ны орой 19 цагийн үед ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 8 дугаар байрны ард байрлах авомашины ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 64-55 УНВ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын цэнхэр өнгийн автомашинаа байрлуулаад гэртээ орсон. 3-ны өглөө 06 цаг 40 минутад ажилдаа явах гээд машин дээрээ очиход миний машины зүүн урд крыло, зүүн урд хаалга, зүүн хойд хаалга, зүүн хойд крыло, багажны хаалга, хойд буферыг зурж гэмтээсэн байсан. 7 дугаар байрны камерын бичлэг шүүж үзэхэд автомашины ил зогсоол дээр эмэгтэй хүний дүрс байсан. Уг эмэгтэй халааснаасаа нэг зүйл гаргаж миний машиныг зурж байгаа бичлэг байсан. Сайн хартал Эрхэмбаяр байсан. Эрхэмбаяр гэх эмэгтэйг би 2013 оноос хойш нэр, зүсийг нь мэдэх болсон бөгөөд уг эмэгтэй манай нөхөртэй холбоотой байсан. Харин одоо бол Эрхэмбаяр манай нөхөр Баярсайхантай холбоогүй. 2013 онд Эрхэмбаяр гэх эмэгтэй манай нөхөртэй уулздаг байсан юм байна лээ. 2013 онд нөхөр Баярсайхан Эрхэмбаяртай манай гэрт нэг биш удаа байж байсан. Тэрнээс хойш гэр бүлийн маргаан гарах болсон. Эрхэмбаяр манай гэрт ирээд хаалга нүдэхээр нь би цагдаад мэдэгддэг байсан. Үүнд надад өс санан миний машиныг ингэж зурсан байх гэж бодож байна. 2013 онд Эрхэмбаяр надтай манай гэрийн гадаа таарч чулуу шидэж, миний толгойн дагз хэсэгт оносон. Тэгээд би цагдаад мэдэгдэж, Эрхэмбаяр надаас уучлалт гуйгаад байхаар нь би гомдлоо татаад энэ асуудлыг цагдаагаар шалгуулахгүй гэж өөрөө хүсэлт гаргаж байсан. ...Надад 498.000 төгрөгийн хохирол учирсан, мөн үнэлгээ хийлгэхэд 28.000 төгрөг тушаасан, нийт 526.000 төгрөг нэхэмжилж байна...” /хх-ийн 27-28/,

 

гэрч А.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд “...Би Эрхэмбаяртай анх 2009 онд танилцаж, түүнээс хойш уулздаг болсон. Эрхэмбаяр бид хоёрын харилцааг манай эхнэр 2013 онд мэдсэн. Би Эрхэмбаярт уулзахаа “болъё” гэж хэлдэг байсан ч надаас салахгүй байсаар өдийг хүрсэн. Манай эхнэрийн машиныг Эрхэмбаяр 2017 оны 2 дугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө байрны гадаа зогсож байхад зурж гэмтээснийг маргааш нь мэдсэн. Эрхэмбаярын санаа нь бол намайг эхнэрээс салгах санаа зорилготой байдаг, тэр уурандаа л зурж гэмтээсэн байх. Эрхэмбаяртай би одоо уулздаггүй, хааяа утсаар ярьдаг. Эрхэмбаяр намайг эхнэрээсээ салчих гэж хэлж байсан. Би үгүй гэхээр уурладаг байсан. Ийм асуудлаар 2013 онд Эрхэмбаяр эхнэртэй маргалдан, зодолдож эхнэрийн биед хөнгөн гэмтэл учруулж, цагдаад шалгагдаж байгаад эхнэр гомдол саналгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгож байсан...” /хх-ийн 30/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...У.Эрхэмбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна. У.Эрхэмбаяр нь хэрэг хариуцах чадвартай. У.Эрхэмбаяр нь хийж буй үйлдлийнхээ хор уршиг болон үр дагаврыг ойлгон сэтгэл санаагаа удирдах чадвартай...” болохыг тогтоосон 151 дүгээр дүгнэлт /хх-ийн 39-40/,

 

“Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 64-55 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн тайланд “...Уг автомашин нь гадны нөлөөнөөс зүүн урд крыло халцарч зурагдсан, зүүн урд хаалга халцарч зурагдсан, зүүн хойд хаалга халцарч зурагдсан, зүүн хойд крыло халцарч зурагдсан, багажны хаалга халцарч зурагдсан, хойд буфер халцарч зурагдсан байна. Шууд зардал 435.000 төгрөг, шууд бус зардал 63.000 төгрөг, нийт 498.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21/ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

  Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс У.Эрхэмбаярын гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх У.Эрхэмбаярын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий дүгнэлт хийж, шударга ёсны зарчимд нийцүүлэн, ял шийтгэл оногдуулжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим зүйл, хэсэгт хохирлыг гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болон хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан байдаг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан үйлдэл эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэвч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс хойш У.Эрхэмбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, хохирогч П.Цэнгэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9 дэх заалтад заасан эрхийнхээ дагуу хохирол 526.000 төгрөг авсан болох нь түүний тус шүүхэд ирүүлсэн хүсэлт, Төрийн банкны орлогын мэдүүлэг, ялтны өмгөөлөгч Б.Цэнгүүний тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.    

 

Ялтан У.Эрхэмбаяр нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд ялтан У.Эрхэмбаярын гаргасан “...надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүний “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: