Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2020/0438

 

Э.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээд Н.М-ийн өмгөөлөгч К.Ж, гуравдагч этгээд Д.А-ын өмгөөлөгч Л.О, гуравдагч этгээд Н.Б-ийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 423 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Э.О-ын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 423 дугаар шийдвэрээр: “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.О-ын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын Э.О-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Э.О-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо: “...Э.О-ын нэхэмжлэлтэй Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 423 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Э.О-ын давааг хүчингүй болгох эрх хэмжээ Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд байхгүй байхад маргаан бүхий 08 дугаар тогтоолын 1 дэх заалтаараа даваа тус бүрийг хүчингүй болгосон. Учир нь Үндэсний баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1-д зааснаар улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг нь үндэслэн бөх, харваач, унаач хүүхдэд цол олгох, хасах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхээр заасан. Харин давсан бөхийн давааг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй. Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн Есдүгээр зүйлийн 9.3.5, 9.3.6-д тус тус зааснаар бөхийн давааг хүчингүй болгох эрх хэмжээ Үндэсний бөхийн салбар хороонд байгаа юм. Гэтэл Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо Э.О-ын давааг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

2. Мөн хэрэгт авагдсан Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай албан бичиг болон тус албан бичигт хавсаргаж ирсэн “А дээжийн хоёр дүгнэлт”, “В дээжийн нэг дүгнэлт” баримтууд нь Э.О-ын шинжилгээний дүгнэлт мөн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь Э.О В сорьцын шинжилгээ өгөөгүй байхад хэрэгт А дээжийн 4377990 дугаартай шинжилгээний дүгнэлттэй ижилхэн дугаартай буюу 4377990 дугаартай В сорьцын шинжилгээний дүгнэлт ирсэн байгаа нь В сорьцын шинжилгээ өгсөн өөр бөхийн допингийн шинжилгээний дүгнэлт хэрэгт андуурагдаж ирсэн байх боломжтой байгаа юм. Үүнийг бүрэн тодруулсаны үндсэн дээр шүүх хэргийг шийдвэрлэхгүй бол өөр бөхийн дүгнэлтэнд үндэслэн хэргийг шийдвэрлэж болохгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан дээр хэлсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэл бүхий тайлбар хэлээгүй. Гэтэл анхан шатны шүүх Э.О-ын шинжилгээний дүгнэлт гэдгийг юугаар нотолж байгаа нь тодорхойгүй шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

3. Э.О-ын зүгээс өөрөө допинг хэрэглээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа бөгөөд шинжилгээний дээжийг сольсон байж болзошгүй, дээжийг хадгалах, дамжуулах явцад авлига, албан тушаалын гэмт хэрэг гарсан гэж үзээд уг хууль бус үйл ажиллагааны талаар Авлигатай тэмцэх газарт гомдол өгсний дагуу нэр бүхий албан тушаалтанд холбогдуулан 1902007000209 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Авлигатай тэмцэх газрын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/7260 тоот бичгээр энэ талаар тодорхойлж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг эрүүгийн хэргийг шийдвэрлэтэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгөхийг хүссэн боловч шүүх хангаагүй. Авлигатай тэмцэх газрын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/7260 тоот бичгээр мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргээс баримт хуулбарлан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Өмнө шүүхээс уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол зэргийг шаардахад мөн дээрх байдлаар боломжгүй гэсэн хариу өгч байсан. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхэд хангалттай баримтгүй байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.5 дах хэсгийг тус тус үндэслэн мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Н.М-ийн өмгөөлөгч К.Ж давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой холбоотой тайлартаа: “Э.О-ын нэхэмжлэлтэй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 423 дугаартай шийдвэр эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байна.

1. Давааг хүчингүй болгох эрх хэмжээ Үндэсний бөхийн салбар хороонд байгаа гэх гомдол нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан Үндэсний бөхийн салбар хорооны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр Э.О-ын барилдаж давсан давааг хүчингүйд тооцож, Монгол улсын аварга цолыг хураах, барилдах эрхийг 2 жилээр хасахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрт Э.О гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон. Салбар хорооны шийдвэрийг баталгаажуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий 8 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй.

2. 4377990 дугаартай В сорьцын шинжилгээний дүгнэлт ирсэн байгаа нь өөр бөхийн шинжилгээний дүн гэж үзэх боломжгүй ба шүүхийн нэр зааж, шаардсаны дагуу Э.О-ын шинжилгээний хариуг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас ирүүлсэн. Уг баримтуудыг хуурамч, андуурагдсан гэх тайлбарыг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж байгаагүй ба уг баримтуудыг андуурагдсан гэж үзэхгүй.

3. Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх 1902007000209 дугаартай эрүүгийн хэрэгт Э.О хохирогчоор оролцоогүй, хахууль өгөхийг шаардсан үйлдэлтэй холбоотой тул энэхүү захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй. Учир нь Э.О-ын шинжилгээний дээжийг сольсон үйлдэлтэй холбоотой ямар ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй болно. Гомдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг хянан шийдвэрлэж болохгүй үндэслэлийн талаар дурьдаагүй ба хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж заасныг зөрчөөгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, 423 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Б-ийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны журмаар гаргасан гомдолтой холбоотой тайлбартаа: “Нэхэмжлэгч Э.О-ын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 423 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг гуравдагч этгээд Н.Б-ийн зүгээс эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Давж заалдах журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэхэмжлэгч Э.О-ын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Э.О-дын давааг хүчингүй болгох эрх хэмжээ Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд байхгүй. Давсан бөхийн давааг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй байхад давааг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй гэжээ. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаартай албан бичгээр “Э.О-ын Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар барилдаж давсан бүх давааг хүчингүйд тооцож Монгол улсын аварга цолыг хураах, барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэснийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Э-д хүргүүлж байсан нь хавтас хэрэгт авагджээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.7 “Зохион байгуулах хороо нь салбар хороо байгуулах, түүний бүрэлдэхүүнийг батлах эрхтэй” гэж заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос байгуулагддаг Үндэсний бөхийн салбар хорооны саналыг үндэслэн гаргасан тогтоолоо Монгол улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтоосон нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1 “улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх” гэж заасантай нийцэж байна.

Иймд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь Үндэсний бөхийн салбар хорооны 08 дугаартай албан бичиг, сэргээшний шинжилгээний тайлан, дүгнэлтийг үндэслэн дээрх захиргааны актыг гаргасан нь үндэслэлтэй байна.

Мөн “А дээжийн хоёр дүгнэлт”, “В дээжийн нэг дүгнэлт” баримтууд нь Э.О-ын шинжилгээний дүгнэлт мөн эсэх нь тодорхойгүй. Үүнийг бүрэн тодруулсны үндсэн дээр шүүх хэргийг шийдвэрлэхгүй бол өөр бөхийн дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэж болохгүй” гэжээ.

Анхан шатны шүүх “энэхүү үйл баримт нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... В сорьцыг өгөөгүй” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм. Мөн шүүх Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс сэргээшний шинжилгээ авсан, тэдгээр бөхчүүдийн дотор Э.О нь сэргээшний шинжилгээ өгсөн байх бөгөөд улмаар бөхчүүдийн дээрх шээсний дээжийг Бүгд Найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан, технологийн институтийн Сэргээшийн хяналтын төв лабораторид шинжлүүлсэн, улмаар Бүгд Найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан, технологийн институтын Сэргээшийн хяналтын төв лабораторийн шинжилгээний тайлан, дүгнэлтээр нэхэмжлэгч Э.О-ын шээсний А дээжид сэргээшний шинжилгээний эм зүйн ангилалд хамрагдах хориотой 4 төрлийн бодис илэрсэн, уг шинжилгээний хариуг нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгч Э.О нь B дээжийн шинжилгээ өгөөгүй болох нь хэрэгт авагдсан тамирчны зөвшөөрлийн хуудас, сэргээш хэрэглээгүй тухай батламж, Бүгд Найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан, технологийн институтын Сэргээшийн хяналтын төв лабораторийн шинжилгээний тайлан, дүгнэлт, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар албан бичиг, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооны 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар албан бичиг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэж байна.

2. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай тогтоол хуулийн болоод бодит үндэслэлтэй талаар:

Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 8.2-т “Улсын баяр наадмын бөхийн барилдаанд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн бөхчүүд сэргээшийн шинжилгээнд заавал орно”, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам” -ын 3.1-д “Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын үндэсний олимпын хорооны хамтарсан шийдвэрээр томилогдсон Сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэг сорьц авах ажлыг гүйцэтгэнэ” гэж заасны дагуу байгуулагдсан ажлын хэсэг нь сэргээшийн шинжилгээ авах ажлыг гүйцэтгэсэн байх ба нэхэмжлэгч Э.О нь дээрх хууль, журмын дагуу сэргээшийн шинжилгээнд хамрагджээ .

Үндэсний их баяр наадамд барилдаж, шөвгийн 16-д үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авч, сорьцыг Бүгд Найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторид шинжлүүлэхэд 4377891 дугаартай Э.О-ын дээжээс дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2018”-д орсон /S1.1А бүлгийн СТАНОЗОЛ, S4 бүлгийн МЕЛДОНИУМ, S5 бүлгийн ГИДРОХЛОРТИАЙЗИД, ХЛОРТИАЗИД/ бодис илэрсэн тухай дүгнэлтийг ирүүлсэн A шинжилгээний хариугаар сэргээшийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн тогтоогдсон тухай 2019 оны 08 дугаар сарын 09, 11-ний өдөр Э.О болон Д.Ц нарт танилцуулж, сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн болохыг тайлбарлаж өгсөн боловч Э.О нь В сорьцоо өгөх хүсэлтээ өгөөгүй болох нь салбар хорооны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогджээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5 “бөх, харваачийг энэ хуулийн 10.2-т заасан сэргээшийн шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээнд оруулж, улсын аварга цолны болзол хангасан Э.О-оос сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн гэсэн үндэслэлээр түүний уг барилдаанд барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцож, улмаар барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассанаас гадна Э.О-д даваа тус бүрд унасан бөхчүүдэд цол болон чимгийг тус тус шинээр олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна”, 12 дугаар зүйлийн 12.4.1. “улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх” 14.3. “Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна” гэж заасны дагуу мөн Засгийн газрын 2018 оны 178 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 9 дүгээр зүйлийн 9.3.5. “сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх”, 9.3.6-д “олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулах” гэж заасантай нийцсэн, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хууль ёсны захиргааны акт байна .

Хавтас хэргийн 66 дахь хуудаст дэлхийн допингийн эсрэг агентлагаас жил болгон шинэчлэн баталдаг хориотой эм, сэргээшийн шинжилгээнд хамрагдах бодисын жагсаалтын талаар Монголын допингийн эсрэг үндэсний төв болон Салбар хорооны гишүүд хамтран Тэрэлж, Төр хурах, Бугын сангийн аж ахуй, Сүүж, Харзтай, Цэцэгт нуга, Таван толгойн наадмын бэлтгэлд гарсан 26 галын бөх, багш дасгалжуулагч нарт танилцуулга уулзалт зохион байгуулан гарын авлага тарааж, хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байх, түүнээс үүдэх хор уршгийн талаар танилцуулсан тухай Үндэсний бөхийн салбар хорооны тайланд тусгажээ. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгийн 3 дахь заалтад “Дэлхийн допингийн эсрэг агентлагаас допинг хэрэглэсэн эсэхийг тогтоох магадлан итгэмжлэгдсэн 31 лаборатори дэлхийн 31 оронд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд допинг хэрэглэсэн эсэхийг тогтоох магадлан итгэмжлэгдсэн лаборатори Монгол улсад байдаггүй болно” гэсэн байна. Гэвч гомдол гаргагч “Э.О-ын зүгээс өөрөө допинг хэрэглээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа бөгөөд шинжилгээний дээжийг сольсон байж болзошгүй” гэсэн нь Монгол улсад сэргээшийн шинжилгээ хийж дүгнэлт гаргасан эсвэл Бүгд Найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтийн допингийн хяналтын лабораториос хориотой бодис илрээгүй гэсэн дүгнэлт ирснийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өөрчлөн илэрсэн мэт болгож гомдол гаргагчийн эрхийг зөрчсөн мэтээр гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Э.О дээрх лабораториас гаргасан дүгнэлтийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байвал дүрэмд заасны дагуу “В дээж”-ийг Бүгд Найрамдах Солонгос улсын лабораторид шинжлүүлэхээр явуулах бүрэн боломжтой байсан ч “В дээж”-ийг явуулаагүй нь “А дээж”-ийн хариуг хүлээн зөвшөөрсөн болохыг илэрхийлж байна.

Хавтас хэргийн 9 дахь хуудаст “Сэргээш хэрэглээгүй тухай батламж”-д “Э овогтой О миний бие Хэрэв миний сорьцын лабораторийн шинжилгээний жагсаалтад орсон бодис хэрэглэсэн тухай хариу гарвал Үндэсний их баяр наадмын тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журамд заасан шийтгэл хүлээхэд гомдолгүй болохоо илэрхийлж байна” мөн хавтас хэргийн 10 дахь хуудаст “Тамирчны зөвшөөрлийн хуудас”-ын 4-т “Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу гаргасан шийдвэрээс үүссэн аливаа маргааныг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийн 13 дугаар зүйлд заасны дагуу спортын арбитрийн шүүхэд давж заалдах болно. 5-д дээр дурдсан спортын арбитрын шүүхийн давж заалдах шатны шийдвэр нь эцсийнх байх бөгөөд өөр бусад аливаа шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэдгийг би хүлээн зөвшөөрч байна” гээд Э.О нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дээрх албан бичгүүдэд гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Үүнээс харахад сэргээшийн шинжилгээний дүнтэй холбоотой маргааныг спортын арбитрийн шүүхэд давж заалдах, өөр бусад аливаа шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэсэн тул допингийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа маргаанаа Монгол улсын шүүхээр хянан шийдвэрлүүлэх хуулийн болоод бодит үндэслэлгүй юм. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.О-ын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаартай тогтоолын Э.О-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл уг шийдвэрийг хэвээр үлдээнэ” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 423 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Хариуцагч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо маргаан бүхий  актыг  гаргах эрхгүй  болон анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэн шийдвэр

гаргаагүй гэх гомдлын тухайд:

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу хариуцагч нь Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг зохион байгуулсан байх ба тус зүйлийн 12.4.5-д “бөх, харваачийг энэ хуулийн 10.2-т заасан сэргээшийн шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулах” үүргийнхээ хүрээнд улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс шинжилгээний сорьцыг авч, дэлхийн итгэмжлэгдсэн 32 шинжилгээний төвийн нэг, Монголын үндэсний олимпын хороотой хамтын ажиллагааны гэрээтэй дээжийг Бүгд Найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан, технологийн институтийн Сэргээшийн хяналтын төв лабораторид төвд илгээсэн байна.

Улмаар тухайн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Э.О нь ес даван түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаар зарлигаар Монгол Улсын аварга цолыг хүртсэн боловч дээрх лабораторийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн сэргээшийн шинжилгээний дүгнэлтээр Э.О-ын 4377891 дугаартай сорьцод дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2018”-д орсон Станозол, Мелдониум, Гидрохлортиайзид, Хлортиазид хэмээх допингийн төрлийн 4 бодис илэрсэн тул хариуцагч маргаан бүхий актыг гаргажээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1-д “улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх”, 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах”, 14.2-т “Энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 14.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна”, 14.3-д “Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна” гэж тус тус зохицуулжээ.

Үүнээс үзвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн тамирчинг баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах, үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бүрэн эрхтэй байна.

Гэтэл Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 9.3.5-д үндэсний бөхийн салбар хороо сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр журамласан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий актыг хариуцагч гаргах эрхгүй хэмээн гомдол гаргажээ.

Гэтэл “Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам”-ын 7.1-д бөх сэргээш хэрэглэсэн тухай дүгнэлт нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шийтгэл ногдуулах үндэслэл болох ба 7.3-д Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо нь сэргээш хэрэглэсэн эсэх тухай салбар хороо болон Монголын допингийн эсрэг төвийн дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргахаар тусгайлан журамлажээ.

Хууль хэрэглээний төвшинд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол дээрх хэм хэмжээний актуудын илүү нарийвчлан зохицуулсан журмыг баримтлах нь зүйтэй бөгөөд дээрх журмуудаас үзвэл хариуцагч Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар зөрчил гаргасан бөхөд дээрх 2 дүгнэлтийг тус тус үндэслэн шийтгэл оногдуулах эрхтэй байна.

Маргаан бүхий актад үндэслэгдээгүй боловч Үндэсний бөхийн салбар хорооны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаартай тайланд А шинжилгээний хариугаар нэр бүхий 2 бөх сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул дээрх бөхчүүдэд танилцуулсан тухай тайлагнасан байх учир Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос салбар хороо болон Монголын допингийн эсрэг төвийн дүгнэлтийн дагуу зөрчил гаргасан бөхчүүдэд шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна.

Иймд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 08 дугаар тогтоол нь Э.О-ын барилдаж давсан давааг хүчингүйд тооцож, Монгол улсын аварга цолыг хураах, барилдах эрхийг 2 жилээр хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх зохицуулалтуудын дагуу хуулиар тусгайлан олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байх тул анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргажээ.

Гэвч захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангасан байх ёстой бөгөөд маргаан бүхий актаар оногдуулсан шийтгэлийн тухайд Э.О-ын баяр наадамд барилдах эрхийг 2 жилээр хасаж шийдвэрлэсэн нь ямар үндэслэл шалгуураар тогтоосон болох нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хууль зөрчсөн бөхөд тухайн баяр наадамд оролцуулахгүй байх, тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх, баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах гэх гурван төрлийн шийтгэлийн аль нэгийг оногдуулахаар хуульчилжээ.

Гэтэл маргаан бүхий актаар Э.О нь бие бялдарыг сэргээн хүч оруулах, сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул барилдаж давсан давааг хүчингүйд тооцож, Монгол улсын аварга цолыг хураасан, мөн шийтгэлүүдийн хамгийн хүнд буюу баяр наадамд оролцох эрхийг хасах шийтгэлийг 2 жил хүртэл хугацаагаар хасахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон аливаа сахилгын журмаар шийтгэлийг сонгон оногдуулахад зөрчил гаргагч нь зөрчлийг анх удаа гаргасан эсэх болон түүний гэм буруу зэрэгт нийцсэн байхыг шаардах тул Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдааны онцлог нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баярын гурван наадмын төрлөөс эр хүний ёс жудаг, хүч чадал, уран мэхний гайхамшгийг үзүүлдэг спорт учир бие бялдараас иүүтэйгээр оюун бодол, уран нарийн мэхний шаламгайгаар барилддаг бөхийн төрөл байдаг зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байжээ.

Иймээс баяр наадамд оролцох эрхийг 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэсэн маргаан бүхий актад 1 жилийн хугацаагаар хасах болгон өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий актын үндэслэл болсон шинжилгээний хариу нэхэмжлэгч Э.О-ын шинжилгээний дүгнэлт болох нь эргэлзээтэй хэмээх гомдлын тухайд:

Маргаан бүхий актаар Д.Ц, Э.О гэх 2 бөхийн 4377891, 4377990 дугаартай сэргээшийн шинжилгээний дүгнэлтүүдийн дагуу давсан давааг хүчингүйд тооцож, Монгол улсын аварга цолыг хураах шийтгэл оногдуулсан байх ба сэргээшийн шинжилгээний дүгнэлтүүдийн аль нь нэхэмжлэгч Э.О-ын шинжилгээний дүгнэлт болох нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүх дээрх дүгнэлтүүдийг тус тус Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс шаардан нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4377891 дугаартай сэргээшийн шинжилгээний дүгнэлт нь нэхэмжлэгч Э.О-д хамааралтай ба 4377990 дугаартай А болон Б дээжээс шинжилгээ авсан дүгнэлт нь Д.Ц-ын шинжилгээний хариу болохыг хэрэгт авагдсан бусад баримтуудаар тодорхой болгосон учир анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх үүргээ биелүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

3. Э.О-ын сэргээшийн шинжилгээний дүгнэлт мөн эсэхийг тогтоосны дараагаар шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ёстой байсан гэх гомдлын тухайд:

“Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам”-ын 6.4.3-д тухайн бөх А сорьцны шинжилгээний хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд хариуг авснаас хойш ажлын 10 хоногт багтаан Монголын допингийн эсрэг төвд В сорьц хийлгэх тухай хүсэлтээ бичгээр гаргахаар журамласан байх ба Үндэсний бөхийн салбар хорооны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тайланд Э.О нь А сорьцны шинжилгээний хариуг эс зөвшөөрч Б сорьцийг өгөхөөс татгалзсан тухай дурдагджээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн сэргээшийн төрлийн бодис хэрэглээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа гэх нэхэмжлэлийн үндэслэл аливаа нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба 4377891 дугаартай А сорьцны сэргээшийн шинжилгээний дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт гаргах эрхээ нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр хэрэгжүүлээгүй байх тул тус дүгнэлтийг эцсийн, үнэн зөв дүгнэлт гэж үнэлэх нь зүйтэй байна.

Нөгөөтэйгүүр Биеийн тамир, спортын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Тамирчин нь Олон улсын допингийн эсрэг агентлагаас баталсан долингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэхийг хориглоно” гэж заасанчлан нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр “Сэргээш хэрэглээгүй тухай батламж”-д гарын үсэг зуран сэргээшийн бодис хэрэглэсэн тухай хариу гарвал Үндэсний их баяр наадмын тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журамд заасан шийтгэл хүлээхэд гомдолгүй болохоо батгалгаажуулсан байгаагаас үзвэл нэхэмжлэгчид хууль зөрчсөн, алдаатай, санаандгүй, эсвэл зориудын үйлдэл байх ёсгүй байхаар байна.

Иймд Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй 1902007000209 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэгдэж дуустал захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь ач холбогдолгүй байх бөгөөд анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/3716, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4/3847 дугаар албан бичгүүдээр тус мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнгийн талаар хуулбарлан нотлох баримт хүргүүлэх боломжгүй талаар лавлагаа ирүүлсэн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэлгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхээргүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 423 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Э.О-ын барилдах эрхийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, Д.Ц-ыг 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 2 жилийн хугацаагаар хассугай гэж өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА