| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавалын Баатар |
| Хэргийн индекс | 101/2016/04740/И |
| Дугаар | 181/ШШ2016/00502 |
| Огноо | 2016-08-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2016/00502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бичээч овогт Л.Н /РД:.............../-г төлөөлөн Ц.Тийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
“И-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн .......... дугаар шүүгчийн захирамжаар Л.Нгаас 48.700.225 төгрөг гаргуулж Н.Мягмарсүрэнд олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Л.Нгийн үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ...........................50 тоот хаягт байршилтай орон сууцыг шинжээч 172.075.000 төгрөгөөр үнэлсэнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасны дагуу гомдол гаргаж байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцсон үнэ болох 160.600.000 төгрөгийн 70 хувь болох 112.420.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд санал болгохоор доод үнийг тогтоосон талаар Л.Н болон түүний эхнэрт мэдэгдэл ирүүлсэн.
Энэ үнийг хүлээн зөвшөөрөөгүй. Үнэлгээний компани болох "И-Э" ХХК төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 172.075.590 төгрөгөөр үнийг тогтоосон. Гэтэл үүний 70 хувь нь болон 160.600.000 төгрөгийн 70 хувь хоёрын хооронд зөрүү үүсээд байгаа. Анхны мэдэгдлийг манай талд өгсөн. 2 дахь мэдэгдлийг хүргүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессын зөрчил гаргасан гэж үзэж байна. "И-Э" ХХК 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээг гаргасан, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эхнэрт нь үнийн саналаа өг гэсэн байдаг. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 29-нд үнийн саналаа өгөхөд маргааш нь буюу 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээний компани үнэлгээг гаргасан.
Үнэлгээ ямар байдгийг мэдэхгүй байхад маргааш авчир гэж цаг хугацааг хэтэрхий тулгаж хэлсэн. Үнийн санал өгөнгүүт маргааш нь үнэлгээг 172.075.500 төгрөг гэж гаргасан нь бодитой биш гэж үзэж байна.
Иймд “И-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн .......... дугаар захирамжаар Л.Нгаас 48.700.225 төгрөгийг гаргуулж Н.Мягмарсүрэнд олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Л.Нд удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан.
Төлбөр төлөгч Л.Нгийн эд хөрөнгийг тогтоох зорилгоор холбогдох газруудаас лавлагаа авахад Хан-Уул дүүргийн ............................50 тоот хоёр өрөө орон сууц, 0 давхарын 79 тоот авто зогсоолын хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь тус тус тогтоогдсон.
Төлбөр төлөгч Л.Нгийн хамтран өмчлөлийн Хан-Уул дүүргийн ............................50 тоот хоёр өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснь дагуу өмчлөгч болон хамтран өмчлөгч талуудаас үнийн санал өгөх мэдэгдэлийг 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн боловч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул 2016 оны 3 дугаар 30-нь өдрийн 68 тоот тогтоолоор “И-Э” ХХКомпанийг шинжээчээр томилсон.
Хөрөнгийн үнэлгээний “И-Э” ХХКомпани 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Л.Нгийн хамтран өмчлөлийн Хан-Уул дүүргийн ............................50 тоот хоёр өрөө орон сууцыг 172.075.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн. Шинжээчийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Л.Н хамтран өмчлөгч Ц.Сувд-Эрдэнэ нарт 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэн.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Хан-Уул дүүргийн ............................50 тоот хоёр өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ /үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ/ болох 172.075.500 төгрөгийн 70 хувь буюу 120.452.850 төгрөгөөр 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Нг төлөөлөн Ц.Т нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “И-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн .......... дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “И-Э” ХХК-ийг томилжээ.
“И-Э”” ХХК тогтоолд заасны дагуу барьцаа хөрөнгийг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, төлбөр төлөгчийг байлцуулан үнэлсэн байх тул нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлж гомдол гаргасан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь “И-Эи” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд хуульд заасан хугацаанд гаргаагүй нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, “И-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Л.Нг төлөөлөн Ц.Тийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.......... дүгээр зүйлийн 1...........4, 1...........7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР