| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0125/Э |
| Дугаар | 0136 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 0136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е
Улсын яллагч Ц.И
Хохирогч С.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.У-т холбогдох эрүүгийн 1925001820102 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.У нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СЕТ" бааранд үйлчлүүлж байхдаа хамт байсан С.А-лийн өмчлөлийн Самсунг Эс-6 загварын гар утсыг ярьчихаад өгье гэж хуурч мэхлэн авч 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.У-рыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Т.У нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би хэрэг болдог 2019 оны 03 дугаар сарын 09-ны найзынхаа төрсөн өдөр дээр очиж байж байгаад 07 цаг орчим эмнэлгийн хажуу талын Set гэдэг бааранд ганцаараа пиво захиалаад сууж байтал манай ангийн О гэх найзын маань эгч болох Ц гэдэг хүнтэй таарсан. Тэр үед Ц эгч найзтайгаа байсан. Найзыг нь удалгүй нөхөр нь ирээд аваад явсан. Ц эгчтэй юм ярьж цуг сууж байтал С.Алтангэрэл гэдэг манай дүү байгаа тэрийг дуудчих уу гэхэд нь би тэг гэсэн. Тэгээд байж байхад С.А орж ирж пиво болон виски захиалан ууж байгаад орой 8 юм уу 9 цагийн үед С.А-ийн утсаар найзтайгаа ярихад хорооллын эцэст байна гэхээр нь такси аваад очсон. Тэгээд дэлгүүрээс 0.5 гр архи авч цэцэрлэгийн хажуу талын сааданд найзтайгаа ууж байгаад тасарсан байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Манай ээж, аав тэтгэвэрт байдаг. Би өөрөө үсчин мэргэжилтэй гэр оронд минь надаас өөр ажил хийдэг хүн байдаггүй. Би сар хоригдох хугацаандаа их юмыг ойлгож тунгаалаа хоригдвол аав, ээж хоёр маань сэтгэл санааны хямралд орж хэцүүдэнэ. Би маш их харамсаж байна.” гэв.
Хохирогч С.А мэдүүлэхдээ 2019 оны 03 дугаар сарын 09-нд Set бааранд дуудахаар нь очсон. Очиход Т.У байсан. Хэсэг сууж байгаад вино, чипс, пиво авч суусан. Тэрнээсээ нээх их ууж идээгүй. Т.Уламбаяр найзтайгаа утсаар ярьчхаад өгье гээд авч ярьчхаад орж ирснээ дахиад аваад гарсан. Тэгээд ороод ирэх юм болов уу гээд хүлээж байсан чинь Т.У байхгүй байсан. Хохирлыг маань барагдуулаагүй байгаа.“
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч С.А-лийн ...“Гэр рүү явж байхад Ц эгч залгаж бааранд хүрээд ирээч гээд дуудахаар нь яваад очтол Н байхгүй харин Ц эгчийн танил гэх У гэж залуу сууж байсан. Тэгтэл У гэж залуу та нар юу уумаар байна гээд вино, пиво, чипс зэргийг захиалж авч өгсөн. Хэсэг хугацааны дараа У гэж залуу гар утсаа түр өгч байгаач, гадаа гарч хүнтэй утсаар ярьчихаад ороод ирье гэхээр нь гар утсаа итгээд өгч гаргасан. Эргэж орж ирэхгүй удаад байхаар нь Ц эгчид хэлж араас нь гартал алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 6-р хуудас/
2. “Бан Хас” ХХК-ний шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2019/э-0053 дугаартай дүгнэлтийн “гар утас 200000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 12-13-р хуудас/
3. Гэрч М.Цгийн ...“Аийг гарсны дараахан У гэж залуу гаднаас ганцаараа бааранд орж ирснээ намайг таньж хамт сууж жаахан юм ярьж суух уу гэхээр нь би зөвшөөрсөн. У нь манай бага дүү О-тай хамт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байсан Тэгээд бид гурав хэсэг юм яриад сууж байтал Нэргүй гэж хүүхний нөхөр нь ирээд эхнэрээ аваад явсан. Тэгэхээр нь би А-лийг хүрээд ирээч гэж дуудсан юм. А-лийг ирсний дараа У та нар юу уумаар байна гээд вино, чипс пиво зэргийг захиалж авч өгсөн. Ингээд хэсэг бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад иртэл А нөгөө залуу миний гар утсаар ярья гэж хэлээд утас аваад гарсан чинь алга болчихлоо гэж хэлэхээр нь гарч хайгаад олоогүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-р хуудас/
4. Шүүгдэгч Т.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ... “Надад сонсгож байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн тухайд гэвэл би өмнөх мэдүүлэгтээ болсон хэргийн талаар үнэн зөвөөр тодорхой ярьсан байгаа. Хохирогч эмэгтэйн гар утсыг ярьчихаад өгье гэж хэлж авч гараад шууд хороолол руу явсан. Архи ууж явж байхдаа утсыг нь гээчихсэн. Хохирлоо ямар ч байсан төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “.Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн зүйлчлэлийн тал дээр маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хавтаст хэрэгт байгаа мэдүүлгүүд болон өнөөдрийн шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлгүүдээр нотлогддог. Ялын хурлаас өмнө хохиролыг барагдуулна. Гэм буруутайд тооцоход санал дүгнэлт байхгүй.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.А-ийн мэдүүлэг, гэрч М.Ц нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Т.У нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СЕТ" бааранд үйлчлүүлж байхдаа хамт байсан С.А-лийн өмчлөлийн Самсунг Эс-6 загварын гар утсыг ярьчихаад өгье гэж хуурч мэхлэн авч 200 000 төгрөгийн хохирол учруулсан авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Т.У нь хохирогч С.А-д учирсан хохирол болох 200 000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.У нь 34 хоног цагдан хоригдсон бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-т хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Унь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 34 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС