| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0135/Э |
| Дугаар | 0138 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 0138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч С.Б-И нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-И-д холбогдох эрүүгийн 1925001970145 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.Б-И нь 2018 оны 04 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 5-31 тоотод оршин суух Б.Э-ын хашаанаас “Анаг” ХХК-ний эзэмшлийн 07-29 БУА улсын дугаартай Делика маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 3 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-Иг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч С.Б-И нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэр машин хөдлөхгүй их удсан юм. Мөнгөний хэрэг гараад авч явж зарсан. Хохирол 3.5 сая төгрөг төлсөн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй. Хохирогч Ц.Ц нь “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ц.Ц-ийн ...“Би Булган аймгийн Булган сумын Жаргалантын аманд амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Анаг’ ХХК-ны захирал байгаа юм. Манай компани нь 1994 оноос эхлэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2010 оноос 2016 оны хооронд нийт 6 жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулан Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг халуун хоолоор үйлчилдэг байсан юм. 2014 оноос 2016 оны хооронд Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн байгууллагын байранд үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Энэ үед зөөврийн хоолтой байсан. Манай компаний зүгээс 2-3 машин зөөврийн хоолонд явдаг байсан. Ингээд 2016 онд ажлын ачаалал багасаад тухайн үед компанид жолоочоор ажиллаж байсан Эрдэнэтогтохын хашаанд 07-29 БУА улсын дугаартай делика загварын тээврийн хэрэгслийг байрлуулаад тавьсан юм. Ингээд манай компани нь Эрдэнэт үйлдвэртэй хамтарч явуулсан үйл ажиллагаагаа зогсоосон. Тэгээд 2018 оны 08 дугаар сард машинаа авахаар Э-ынд очиход өөрөө байхгүй, эхнэр нь байсан юм. Эхнэр нь “бид нарыг хөдөө яваад ирэх хооронд машин алга болсон байсан” гэж хэлсэн. Тэгтэл манайд жолоочоор ажиллаж байсан С.Б-И нь Эрдэнэтогтохын хашаанаас машиныг авсан юм байна лээ. Одоо бол тээврийн хэрэгсэлийг С.Б-И-с нэхэмжилж байна”...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19-р хуудас/
2. Автомашинд зах зээлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №12/19 дугаартай дүгнэлтийн “тээврийн хэрэгсэл 3 500 000 төгрөг” гэсэн үнэлгээ ./хх-ийн 22-р хуудас/
3.Гэрч Б.Э-хын ...“Би 07-29 БУА улсын дугаартай делика загварын тээврийн хэрэгсэл, нөгөөх нь саарал өнгийн стана маркийн тээврийн хэрэгслийг унаж хоол хүргэлт хийдэг байсан юм. Уг компани нь хоёр машинаар хоол зөөдөг байсан юм. Уг хоёр машиныг С.Б-И бид хоёр унадаг байсан. 2016 оны 11 дүгээр сарын үеэр ажлын ачаалал багасаад 07-29 БУА улсын дугаартай делика загварыи тээврийн хэрэгслийг манай хашаанд оруулж тавьсан. Манай хашаанд Бүрнээ захирал буюу Ц-ийн нөхөр нь оруулж тавьсан байхаа, уул ньС.Б-И-н хашаанд тавих гэж байсан чинь хаалга нь онгойж өгөөгүй, манай хашаанд тавьсан юм байна лээ. Үүнээс хойш уг машиныг хэн ч асуухгүй. Манай хашаанд байдаг байсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сард Баянхонгор аймаг руу ажлаар яваад 2018 оны 11 дүгээр сард ирсэн чинь захирлын машин байхгүй болсон байсан. Тэгээд би эхнэрээс асуусан чинь намайг гадуур яваад ирсэн хойгуур л байхгүй болсон байсан гэж хэлсэн юм. Тэгээд байж байтал уг машиныг захирал аваагүй, харин манай хажуу талын залуу Бат-Ирээдүй аваад архиныхаа халуунд задаргаанд өгсөн гэж өөрийнхөө эхнэрээс сонссон юм”...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-р хуудас/
4.Гэрч Д.М-лын ...“Би 07-29 БУА улсын дугаартай делика загварын тээврийн хэрэгслийг манай хашаанд Ц-ийн нөхөр нь оруулж тавьсан гэж санаж байна. Уул нь С.Б-И-гийи хашаанд тавих гэж байсан чинь хаалга нь онгойж өгөөгүй, тэгээд манай хашаанд тавьсан юм. Үүнээс хойш уг машиныг хэн ч асуухгүй манай хашаанд байдаг байсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр хашаандаа очсон чинь тухайн машин нь байхгүй байсан, энэ үед нөхөр маань Баянхонгор аймаг руу ажилдаа явсан байсан. Би нөхөрийгөө байхгүй үед ээж, аавынхаа гэр лүү очдог юм. Тэгээд “Анаг” ХХК-нд ажиллаж байсан М-ттай утсаар яриад чи нөгөө машинаа авсан уу гэсэн чинь үгүй нөгөө машин чинь задаргаанд орсон сурагтай байна гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь С.Б-И-гийн хүргэнээс сонслоо, энд уг машины хаалга нь байна ш дээ гэж хэлсэн юм. Тэгээд С.Б-И-гийн эхнэрээс асуусан чинь мэдэхгүй, мэдэхгүй тэгсэн л юм шиг байна гэж хэлсэн юм. Тэгээд сүүлд нь дахин эхнэрээс нь асуухад манай нөхөр архиныхаа халуунд задаргаанд аваачиж өгсөн юм шиг байна гэж надад хэлсэн юм"... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31-р хуудас/
5. Гэрч Ч.Т-ны ...“2016 оны намар гэж санаж байна. Тухайн үед ажлын ачаалал байхгүй, үзэмж зэрэг байдлаас нь болж Э-хын хашаанд аваачиж тавьсан байсан юм. Э-хын хашаанд 2 жил гаруй болсон юм. Өнгөрсөн зун намайг байхгүй хойгуур манай нөхөр С.Б-И машин задаргааны газарт 500000 төгрөгөөр өгсөн гэсэн, би бол суүлд нь мэдсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-р хуудас/
6. Гэрч Ц.Э-дын...“2018 оны 7, 8 дугаар сард гэж санаж байна. Тухайн үед С.Б-И нь ажил дээр ирээд сэлбэгэнд машин өгөх гэсэн юм гэхээр нь үзэж хараад боломжийн бол авнаа, ямар машин юм бэ гэсэн чинь миний эзэмшлийн делика загварын тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний өөрийн эзэмшлийнх гэхээр нь дагаж очоод авсан юм. Би одоо бол дугаарыг нь санахгүй байна. Өөр машин тэрэг сэлбэгт авч байгаагүй. С.Б-И нь машин өгөхөөсөө өмнө уг машины сэлбэгийг надаас ирээд л авдаг байсан юм. Би бол Бат-Ирээдүйгийн өөрийнх нь машин гэж ойлгосон юм”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу болон хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд шүүгдэгч С.Б-И-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Ц, гэрч Б.Э, Д.Мөнхцацрал, Ч.Т, Ц.Э нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар С.Б-И нь 2018 оны 04 дүгээр сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 5-31 тоотод оршин суух Б.Э-хын хашаанаас “Анаг” ХХК-ний эзэмшлийн 07-29 БУА улсын дугаартай Делика маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 3 500 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б-И-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол болон шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б-Иг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-И-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрлийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС