| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/09467/И |
| Дугаар | 210/МА2026/01126 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/01126
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02872 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* банк ХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Би 2007 онд их сургуулиа төгсөж, төгссөн жилээ ******* банканд эдийн засагчаар ажилд орсон. Үүнээс хойш ******* банканд тасралтгүй 18 жил ажиллаж, эдийн засагч, ахлах эдийн засагч, тооцооны төвийн захирлаар дэвшин ажилласан.
1.2. ******* банкны харилцагч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай ******* ХХК-ийг үүсгэн байгуулах зорилгоор эскроу түр данс нээлгэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх ******* хүлээн авсан бөгөөд Эскроу үйлчилгээний журам-ын 2.17.1-д заасны дагуу, журамд заасан баримтууд болох улсын бүртгэлийн нэрийн баталгаажилтын хуудас, иргэний үнэмлэх, эскроу түр данс нээлгэх тухай гараар бичсэн хүсэлт гэсэн баримт бичгүүдийг бүрдүүлэн 14 цаг 00 минутад Харилцагчийн бүртгэлийн газарт эскроу түр данс нээх зөвшөөрөл авахаар хүргүүлсэн. Гэвч 15 цагт журамд тусгагдаагүй Эскроу дансны хүсэлтийн маягт, дансны гэрээ болон Харилцагчийн мэдээллийн маягт-г бөглөж ирүүл гэсэн байдаг.
1.3. Намайг ажил дээр орж ирэхэд уг асуудал шийдэгдээгүй байсан учраас *******аас тодруулахад, дээрх 2 маягт бөглүүлэхээр буцаасан гэхээр нь Анхнаас нь асууж тодруулаад, гүйцэд баримт авахгүй, яагаад харилцагчийг дахин дахин нааш цааш нь явуулаад, чирэгдэл учруулаад байдаг юм бэ гэж бухимдсан. Энэ үйл явдал зааланд болсон. Ингээд би өрөөндөө орсон. Удалгүй ******* араас орж ирэн харилцагчаас утсаар зөвшөөрөл авчихлаа, маягтыг бөглөөд явуулахаар боллоо гэж хэлсэн. Би харилцагчтай утсаар ярьж хүндрэл учруулж байгаадаа уучлалт гуйн, зөвшөөрөл авсан эсэхийг нь давхар баталгаажуулсан.
1.4. ******* нь эхний маягт буюу Эскроу дансны хүсэлтийн маягт дээр нь *******гийн нэрийг нь, 2 дахь маягт болох Харилцагчийн мэдээллийн маягт дээр мэдээллийг нь бөглөөд, гарын үсгийг нь дуурайлган зурж чадахгүй болохоороо *******оор зуруулсан байсан. Тухайн өдөр би *******той огт нүүр тулж уулзаагүй, очиж гарын үсэг зуруулаагүй, гарын үсэг зурах чиглэл ч өгөөгүй.
1.5. Гэтэл аудитын тайлангийн дүгнэлт хэсэгт ...захирал ******* гарын үсгийг дуурайлган зурах чиглэлийг өгсөн... гэж хэний ч тайлбарт, *******а ч дурдагдаагүй өгүүлбэрийг зохиож оруулсан байсан. Миний хувьд ажилтнуудаар ямар нэгэн журам зөрчсөн ноцтой зөрчил хийлгээгүй. Гэтэл намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсанд гомдолтой байна.
1.6. Надад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудас өгөхдөө хөдөлмөрийн гэрээний 5.7.6, 5.7.12, 5.7.13, 5.7.18-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж мэдэгдэж би үүнтэй танилцан хариу үндэслэл тайлбараа өгч байсан. Гэтэл одоо өгсөн тушаал дээр 5.7.6 дахь заалт нь байхгүй болж шинээр 5.7.1, 5.7.3 гэсэн заалтыг нэмж бичиж ноцтой зөрчил гаргасан гэжээ. Энэ нь нэг талаасаа намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэдгийг нотолж байх төдийгүй Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Тийм учраас энэ нэмэгдсэн 2 заалтыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй.
1.7. Хөдөлмөрийн гэрээний 5.7.12-т заалтын хувьд ажилтнаар журам зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийлгэсэн зүйл байхгүй, ямар журам зөрчсөн гээд байгааг ойлгохгүй, зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 5.7.13-т заасан удирдан зохион байгуулах, чиглүүлэх, зааварчлах зэрэг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс шууд удирдлага дахь ажилтан болон хариуцсан нэгжийн ажилтан ноцтой зөрчил гаргах гэсэн зөрчлийн хувьд ажилтан *******, ******* нарыг ажил олгогчоос ноцтой зөрчил гаргасан гэж үзээгүй, сахилгын цалин бууруулах шийтгэл оногдуулсан учраас энэ заалтаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 5.7.18-д заасан бүртгэл, тооцоо, мэдээ тайлан, цэс, хуулга, журналыг зориуд будлиантуулах, зориулалтын бус данснаас гүйлгээ хийж зардал гаргах, орлогыг нуун дарагдуулах, хуурамч баримт бүрдүүлэх, харилцагчийн данс ашиглах, энэ үйлдэлдээ бусад ажилтныг татан оролцуулах, тэдгээртэй хуйвалдах гэсэн ямар нэгэн үйлдэл гаргаагүй учир энэ заалтаар буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.8. ******* банкны ёс зүйн дүрэм, ******* банкны удирдах ажилтны ёс зүйн дүрмийн зохих заалтуудын хувьд банкны дотоод бодлого, дүрэм, журам аливаа хэм хэмжээг дагаж мөрдөх, банкны дотоод хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байхыг зохицуулсан. Дээр дурдсанаар би ямар журам зөрчсөнөө ойлгохгүй байсан ба урьдчилан шийдвэрлүүлэх комиссын болон гурван талт хорооны хуралдаан дээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчсөн гэж үзэж байгааг ажил олгогчийн өгсөн тайлбараас мэдсэн.
1.9. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхтэй холбоотой эскроу түр данс нээлгэх хүсэлт гаргагч иргэн нь ******* банкны харилцагч байсан тул Эскроу үйлчилгээний журам-ын ...******* банкны харилцагч биш иргэн-тэй холбоотой 2.17.3-т заасанд хамааралгүй болохыг тайлбарласаар байхад хүлээн аваагүй тушаал гаргасанд гомдолтой байна.
1.10. Харин Харилцагчийн бүртгэлийн газар эрх мэдлээ хэтрүүлэн, эскроу түр данс нээхтэй холбогдох дүрэм, журамд байхгүй Харилцагчийн мэдээллийн маягт гэдэг зүйлийг шаардаж чирэгдүүлэх эрх байхгүй, энэ нь харин зөрчил болох юм. Нөгөө талаар дүрэм, журмаар зохицуулагдаагүй баримт дээр мэдээлэл бөглөж, гарын үсэг зурсан гэх асуудал нь цаашид ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байхад хэт нэг талыг барьж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.
1.11. Би аливаа хувийн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаагүй, банкийг хууран мэхлэх, худал мэдээллээр хангах, хохирол учруулах, хувьдаа ашиг хонжоо олох, ашиглах сэдэл огтоос агуулаагүй, ийм үйлдэл хийгээгүй. Харилцагчид чирэгдэл учруулахгүй, банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр хичээн ажилласан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь ******* банкны харьяа ******* тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр харилцагчаар бөглүүлэх харилцагчийн мэдээллийн маягтад харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурах чиглэлийг удирдлага дахь ажилтнуудад өгч, ажилтнуудаар зөрчил үйлдүүлж, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, ажил олгогчийг бодит бус материалаар хангаж удирдах ажилтны хувьд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан ба уг зөрчил нь дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон.
2.2. Энэхүү үйлдэл нь ******* болон бусад ажилтнуудын аудитад өгсөн тайлбараар баталгааждаг. Нэхэмжлэгч *******ийн уг үйлдэл нь ******* банкны ёс зүйн дүрэм, Удирдах ажилтны ёс зүйн журмыг зөрчсөн, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ******* банкны хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн.
2.3. Нэхэмжлэгчийн удирдлага дахь ажилтнуудаар журам зөрчсөн ноцтой зөрчил хийлгэж, харилцагчийг бүртгэх баримтад гарын үсгийг дуурайлган зуруулсан зөрчил гаргасны улмаас Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж заасан буюу тушаалд бичигдсэн бодит бус баримт бүрдсэн, банкийг хуурсан, нэгжийг удирдлага чиглэлээр хангаж, дүрэм журмыг мөрдүүлж ажиллах үүрэг зөрчигдсөн гэж үзэх үр дагавар үүссэн.
2.4. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж тушаалд заасан зөрчлүүдийг гаргаагүй гэдэг боловч салбарын хоёр ажилтнаар хууль бус үйлдэл хийлгэсэн нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Мөн зөрчил гаргасан гэдгээ хамтын маргаан таслах комиссын хурал болон гурван талт хорооны хурал дээр хэлсэн, энэ нь тус хорооны тэмдэглэлд бичигдсэн байгаа. Зөрчил гаргасан гэдгээ анхнаасаа мэдэж байсан, холбогдох хурлууд дээр тайлбарлаж байсан байж шүүх дээр ирээд бодит бус тайлбар гаргаж, зөрчил гаргаагүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
2.5. Ажил олгогчийн зүгээс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 26/37 дугаар тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх тул *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул ******* банк ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д нэхэмжлэгч *******ийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан талаар маргаагүй гэснийг зөвшөөрөхгүй. Би маргаан бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гардан авсан гэдэг дээр маргаагүй боловч тооцооны төвийн захирлаар 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуустал ажилласан, энэ өдөр бүх программын эрхийг хааж, компьютер хэрэгслийг хураан авч, эцсийн тооцоог хийж, ажиллах боломжгүй болсон талаар шүүх хуралдаан дээр хэлсэн боловч шүүгч үүнийг анхаарч сонсолгүй маргаагүй гэснийг зөвшөөрөхгүй.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт ... шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэж өгөх гэж заасныг зөрчиж ажлаас халах тушаал шийдвэрээ гаргаагүй атлаа өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж бүх программуудыг хааж, ажил үүргийг гүйцэтгүүлээгүй ажил олгогчийн хууль бус үйлдлийг маргаагүй гэдэг ганцхан үгээр зөвтгөж байгааг зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийг гардан авч давж заалдах гомдол гаргах хүртэл хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэл дуусаагүй, гараагүй байсан нь шүүх шийдвэрээ гаргахдаа шүүх хуралдаан дээр талуудаас гаргасан тайлбарыг үндэслээгүй учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй.
4.3. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа тухайн эрх хэмжээг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд байсан уу үгүй юу гэдэг нь хамгийн чухал асуудал. Гэтэл шүүх итгэмжлэлээр шилжүүлсэн эрхийн асуудал дээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлагаар ******* улсын бүртгэлд бүртгэгдсэн. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №01/7256 тоот итгэмжлэлээр гүйцэтгэх захирал ******* нь Хүний нөөц хариуцсан дэд захирал *******д Хариуцсан чиг үүргийн хүрээнд компанийг төлөөлөн шийдвэр гаргах, ... гэрээ хэлцэл байгуулах, цуцлах, дуусгавар болгох, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, баталгаажуулах, банкны үйл ажиллагаанд шаардлагатай тушаал гаргах эрхийг олгосон.
4.4. Гэтэл маргаан бүхий тушаалыг гаргасан Хүний нөөцийн удирдлагын газрын захирал *******д хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх байгаагүй. Өөрөөр хэлбэл, Хүний нөөц хариуцсан дэд захирал *******аас *******д 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэлд хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх олгогдоогүй байхад анхан шатны шүүх итгэмжлэл дээр ... хүний нөөцийн тушаалд гарын үсэг зурах... эрхийг олгосон байх тул тушаал гаргах эрх хэмжээ байсан гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Учир нь итгэмжлэлээр олгогдсон эрхийг өргөтгөн тайлбарлах боломжгүй ялангуяа хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах зэрэг онцгой үр дагавартай эрх нь заавал тодорхой, шууд олгогдсон байх шаардлагатай. Хүний нөөцийн тушаалд гарын үсэг зурах гэсэн ерөнхий заалтыг хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй. Мөн *******д олгосон итгэмжлэлд байгуулах, цуцлах, дуусгавар болгох гэрээний төрлийг тодорхой бичсэн байдаг ба үүнд хөдөлмөрийн гэрээ ороогүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.
4.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д ...нэхэмжлэгчийн удирдлага дахь ажилтнуудаар журам зөрчсөн ноцтой зөрчил хийлгэж, харилцагчийг бүртгэх баримтад гарын үсгийг дуурайлган зуруулсан гэх үйлдлийн улмаас бодит бус баримт бүрдсэн, банкийг хуурсан, нэгжийг удирдлага чиглэлээр хангаж, дүрэм журмыг мөрдүүлж ажиллах үүрэг зөрчигдсөн гэх үр дагавар үүсч байх тул ... гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч ажилтнуудаар журам зөрчсөн ноцтой зөрчил хийлгэсэн гэж үзэхийн тулд нэхэмжлэгч би ямар нэг журам зөрчсөн байх урьдач нөхцөл байхыг шүүх анхаарч үзсэнгүй.
4.6. Нэхэмжлэгч миний бие ажилтнуудыг ямар журам зөрчсөн үйлдэл хийлгэсэн болохоо ойлгохгүй байгаа. Хариуцагчаас ямар журам зөрчсөн болохыг асуухаар Харилцагч таньж мэдэх, бүртгэх үйл ажиллагааны журам-ын 4.3.1.1-д заасныг зөрчсөн талаар хэлдэг. Гэтэл энэ заалт бол регистрийн дугаар бүхий улсын бүртгэлд бүртгэлтэй байгууллагыг бүртгэх бүртгэлийг зохицуулсан. Гэтэл иргэн ******* бол ******* ХХК байгуулахаар Улсын бүртгэлийн байгууллагаас нэрийн баталгаажуулалтын хуудас аваад эскроу данс нээлгэхээр хүсэлт гаргагч байсан.
4.7. Энэ тохиолдолд харилцагчийг хэрхэн таньж мэдэх ажиллагаа хийх талаар тус журмын 2.4.7-т тодорхой зохицуулсан байгааг хэлж тайлбарласан боловч шүүх үүн дээр дүгнэлт өгсөнгүй. Анхан шатны шүүх журам зөрчсөн ноцтой зөрчил хийлгэсэн гэж дүгнээд байгаа атлаа ямар журам зөрчсөн талаар дүгнэлт хийхийг анхнаасаа хүсээгүй. Нэхэмжлэгч талаас журам болон түүний нэмэлт өөрчлөлтийн талаар ярихаар журам ярих шаардлагагүй, журмын хавсралтын алдааны талаар шинжлэн судлахаар энэ хэрэгт ямар ач холбогдолтой бэ, техникийн алдаа л байх гэсэн байдлаар хувийн дүгнэлтийг хийж байсан.
4.8. Харилцагчийг бүртгэх баримтад гарын үсгийг дуурайлган зуруулсан гэх үйлдлийг ноцтой зөрчил гэж дүгнэн гэрч *******, ******* болон нэхэмжлэгч миний өөрийн тайлбар, аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзсэн. Аудитын дүгнэлтээр намайг буруутгаж байгаа бол тухайн дүгнэлтийг надад танилцуулсан байж тушаалын үндэслэл болох ёстой. Нууцлаад нэхэмжлэгчид огт танилцуулагдаагүй аудитын дүгнэлтийг гэнэт шүүх дээр гаргаж өгөөд байгааг хэлсээр байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон буруутгасан нь үндэслэлгүй. Аудитын дүгнэлтийг нууцлах ямар ч шаардлагагүй бөгөөд энэ нь тушаалын үндэслэл болоогүй учраас тухайн үед аудитаас ийм дүгнэлт гарсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд гараагүй гэж үзэх үндэслэлтэй.
4.9. Хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх аль ч шатанд хариуцагчаас Аудитын дүгнэлтийн талаар юу ч ярьж байгаагүй. Аудитад надаас тайлбар авахдаа танай ажилчид цонхон дээр гэрэлтүүлж гарын үсэг зурсан талаар асуухад болсон үйл явдлыг тайлбарлан бичиж өгсөн. Гэтэл энэ тайлбараар бүх хариуцлагыг өөрийн биеэр бүрэн хүлээх хүсэлтээ илэрхийлснээр нотлогдсон гэж үзжээ. Үнэхээр би өөрийн хүсэлтээр ажлаас халагдах байсан бол би энэ талаар өргөдөл хүсэлтээ гаргаж өгсөн байх ёстой байх. Нөгөө талаар аудитад өгсөн тайлбарын агуулгыг сайтар уншвал маягт бөглөх, маягтад тусгагдах мэдээллүүдийг асууж байгаад бөглөөд явуулах талаар *******тэй ярьсан, энэ нь миний өгсөн чиглэл байсан учраас хариуцлага хүлээнэ гэсэн агуулгатай байхад үүнийг мушгин гуйвуулж гарын үсэг дуурайлган зурах чиглэл өгсөндөө хариуцлага хүлээхээр зөвшөөрсөн мэтээр үнэлж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.
4.10. Гэрчээр оролцсон бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх *******, харилцааны менежер ******* нарын Аудитад өгсөн тайлбарт гарын үсэг дуурайлган зуруулах чиглэлийг захирал нь өгсөн талаар байдаггүй. Гэтэл шүүх дээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө захирал чиглэл өгсөн, зааланд захирлын хэлэх сонсогдоод байсан гэх мэтээр намайг нийлж гүтгэж мэдүүлэг өгсөн. Ажил олгогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, өмгөөлөгч, гэрчүүд нэг машинаар ирж буцаж байгаа нь гэрч нарыг бодит үнэнийг мэдүүлж байгаа гэдэгт эргэлзээ төрсөн төдийгүй, ажлаасаа халагдсан захирлыг юу гэж ч гүтгэж болно гэдгийг 2 ажилтныхаа мэдүүлгийг сонсоод гайхах, гомдох хоёр зэрэгцэж байж сонссон ч тэд үнэнд гүйцэгдсэн.
4.11. Гэрч ******* нь захирал гарын үсэг зураад тамга дарсан гэдэг боловч дүрс бичлэгт үзлэг хийхэд *******оор гарын үсэг зуруулаад шууд баримтуудыг сканердан явуулж байгаагаас харахад нэхэмжлэгч гарын үсэг зурж, тамга дараагүй гэдгийг нотлоод байхад бүхэл бүтэн дүрс бичлэгийг үгүйсгэн худлаа ярьж байгааг шүүх үнэлээгүй. Мөн нэхэмжлэгчээс камерын бичлэг дээр миний өрөөнд буцаж орж ирсэн зүйл нэг ч байхгүй..., чи хэзээ нь надаар зуруулсан бэ гэж асуухад гэрч ******* Өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан зуруулснаа санаж байна гэж мэдүүлгээ өөрчлөн мэдүүлж байгаа нь бодит байдал буюу дүрс бичлэгтэй тохирохгүй байхад түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж намайг буруутгасанд гомдолтой байна.
4.12. Гарын үсэг дуурайлган зурах шийдвэр бол бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх *******ын өөрийнх нь шийдвэр бөгөөд энэ хууль бус ажиллагаагаа надад болон бусдад мэдэгдэхгүйгээр хувцасны өрөө рүү удаа дараа орж зурж, зуруулсан талаар шүүхэд өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлдэг. Одоо ажил олгогчийн удирдлага доор ажиллаж байгаа ажилтан, ажлаас халагдаагүй ажлын байран дээрээ үлдсэн ажилтан гэх зэргээр ажил олгогчтой удирдах, удирдуулах харилцаатай, өр зээлийн асуудалтай байгаа ажилтны мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байхад шүүх үнэлсэн.
4.13. Нөгөө талаар намайг хөдөлмөрийн гэрээний 5.7.13-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэдэг. Энэ заалтаар нэгжийн ажилтан ноцтой зөрчил гаргасан байж ноцтой зөрчилд хамаарахаар байгаа. Гэтэл *******, ******* нарыг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халаагүй болох нь тэдний мэдүүлгээр нотлогддог. Нөгөө талаар хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал байх ёсгүй ба 3 ажилтан нь ноцтой зөрчил гаргасан юм бол гурвуулаа адилхан хариуцлага хүлээх нь хууль болон шударга ёсонд нийцэхээр байхад нэгийг нь ажлаас халаад нөгөө 2 ажилтанд цалин хөлс бууруулах шийтгэл оногдуулаад байгаа нь ажил олгогчийн эрхийн буюу үзэмжийн асуудал биш.
4.14. Мөн *******оор гарын үсэг дуурайлган зуруулсан гэх харилцагчийн мэдээллийн маягтын нотариатаар батлуулсан хувь иргэний хэргийн 202-205 дугаар хуудсанд авагдсан. Эх хувийг нь болон ******* өөрөө ирж гарын үсгээ зурсан гэх маягтыг хариуцагчаас шаардан гаргуулсан нь иргэний хэргийн II хавтасны 5, 9-р талд байгаа. Нэхэмжлэгчийг буруутгаад байгаа харилцагчийн мэдээллийн маягтын эх хувь болон нотариатаар батлуулсан хувийн дугаарлалтыг зассан байдаг.
4.15. Хэргийн 202-205 дугаар талд байгаа маягт дээр ******* болон захирал *******ийн гарын үсэг, тамга байх боломжгүй. Учир нь тухайн орой ******* ирээгүй, мөн дүрс бичлэгт ******* нь захирлын өрөөнөөс гарсны дараа 18 цаг 10 минутад баримтуудаа сканердах хүртэл захирал *******ийн өрөө рүү орсон нь бичлэгт байдаггүй ба мэдүүлгээр асуухад санахгүй байна гэж хэлдэг. Мөн гэрч ******* 205 дугаар талд байгаа зурагдсан гарын үсгийг өөрийнх нь гарын үсэг мөн гэж таньсан, гэрч ******* гарын үсгийг 2 удаа зурсан болохоо мэдүүлдэг. Иймд нэхэмжлэгчийг буруутгаж буй харилцагчийн мэдээллийн маягт, *******гийн өөрөө ирж нөхөж зурсан гэх харилцагчийн мэдээллийн маягтуудыг хооронд сольж шүүхийг төөрөгдүүлээд байгааг шүүх анхаарч үзээгүй. Хариуцагчаас эсхүл гэрчээс хэн нэг нь нэхэмжлэгчийг гарын үсэг дуурайлган зурах чиглэл өгсөн, түүнийг нотлох зүйл нь гарын үсэг тамга тэмдэг нь байгаа гэдэг байдлаар буруутгах гэж маягтуудын сүүлийн хуудсыг сольж, дугаарлалт засагдсан тайлбарт хариуцагч ямар ч тайлбар хэлж чадаагүй, шүүх ч үүнийг няцаагаагүй.
4.16. Харилцагчийн бүртгэлийн газар журмаас гадуур нэмэлт баримт шаардах эрхгүй. Харилцагч таньж мэдэх, бүртгэх үйл ажиллагааны журам-ын 2.4.7-д Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас авсан этгээд харилцагчаар бүртгүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд эрх бүхий төлөөлөгчийн нэрээр Эскроу үйлчилгээний журам-д заасны дагуу эскроу данс нээх бөгөөд тухайн хуулийн этгээдийг *******-т бүртгүүлсний дараа харилцагч таньж мэдэх ажиллагааг бүрэн хийсний үндсэн дээр харилцагчаар бүртгэнэ гэж зааснаар бол *******-т бүртгүүлсний дараа харилцагч таньж бүртгэх ажиллагааг бүрэн хийнэ гэсэн байхад улсын бүртгэлд бүртгэгдээгүй этгээдийг таньж мэдэх ажиллагааг хийлгэх гээд маягт дутуу гэж буцаагаад байгааг зөвтгөх үндэслэлгүй талаар тайлбарлан мэтгэлцсэн боловч шүүх дүгнэлт өгөхгүй орхигдуулсан байна.
4.17. Эцсийн бүлэгт журамд байхгүй баримтыг шаардаж байгаа, түүний үр дүнд бий болсон харилцагчийн мэдээллийн маягт нь банканд эд хөрөнгийн ямар хохирол учруулсан, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг яаж гутаасан, банкны эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц ямар сөрөг үр дагаврыг буй болгосон бэ, гарын үсэг дээр ач холбогдол өгөөд байгаа боловч тухайн маягтын агуулга бол тэр чигтээ үүсгэн байгуулагдсан компанийн хувьд бөглөх мэдээлэл байгаа. Үүсгэн байгуулагдаагүй компанид гүйцэтгэх захирал, данс захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, байгууллагын бүтэц тодорхой болоогүй байдаг гэдгийг хэн аль нь тодорхой мэдэж байгаа атлаа маягт дээр харилцагч мэдээллээ үнэн зөвөөр бөглөсний баталгаа болгож харилцагч гарын үсэг зурах талбартай гэх хариуцагчаас өгсөн тайлбарыг шүүх бусдын өмнөөс бөглөснөөс үүдэж үр дагавар үүсч болзошгүй гэдгийг нэхэмжлэгч мэдэх боломжтой гэж намайг буруутгажээ.
4.18. Тухайн маягтын мэдээллийн бүх талбарт *******гийн банканд өгсөн мэдээлэл бичигдсэн. ******* өөрөө байсан ч энэ бичигдсэн мэдээлэл тэр хэвээрээ бичигдсэн байгаа нь түүний сүүлд өөрөө ирж бөглөж гарын үсэг зурсан маягтын мэдээлэлтэй яг адилхан давхацдаг. Мөн үүнд харилцагч *******гийн эрх ашгийг хохироосон зүйл байдаггүй. Иймд дүрэм журмаар зохицуулагдаагүй баримт дээр мэдээлэл бөглөж, гарын үсэг зурсан асуудал нь цаашид ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, мөн миний бие гарын үсгийг дуурайлган зурах чиглэлийг өгөөгүй, ноцтой зөрчил гаргаагүй гэдгийг анхаарч үзэхийг хүсч байна.
4.19. Маргааны гол зүйл дээр шүүх дүгнэлт хийсэнгүй. Иргэн ******* гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгуулахаар эскроу данс нээлгэх хүсэлт гаргасан. Энэ талаар Эскроу үйлчилгээний журмын 2.17.1, 2.17.2, 2.17.3-т тодорхой заасан. Журамд эскроу данс нээх бол хүсэлт гаргасан иргэний нэр дээр данс нээхээр заасан. Гэтэл Харилцагч бүртгэх газраас журмаа зөрчиж байгууллагын нэр дээр данс нээхээр харилцагчийн мэдээллийн маягт дутуу гэж буцаадаг. Гэтэл тус маягт нь Эскроу үйлчилгээний журмын хавсралт биш, Харилцагч таньж бүртгэх журмын хавсралт болдог.
4.20. Гэтэл хариуцагчаас гаргуулсан 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №05/68 дугаар тушаалаар Эскроу үйлчилгээний журмын 2.17.2 дах заалтыг хасагдсан гэх боловч шүүхэд өгсөн журам дээр хасагдаагүй, өөрчлөлтийн түүх дээр хасагдсан тушаалын мэдээлэл байдаггүй. Мөн тус тушаалыг Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч ******* гарын үсэг зурсан боловч хавсралт нь Комплаенс, хуулийн эрсдэлийн хорооны даргын тушаалын хавсралт гэсэн байгаа нь тухайн тушаал гарсан эсэхэд эргэлзээ төрүүлээд байсан учраас Монгол банкнаас өөрчлөлтийн бүртгэлийн лавлагаа гаргуулахаар хүсэлт гаргасан ч шүүхээс хэрэгт хамааралгүй гэж татгалзсан.
4.21. Хөдөлмөрийн маргаанд нотолгооны хувьд хариуцагч буюу ажил олгогч давуу эрхтэй байдаг ба тэдний өгсөн баримтыг хөдөлбөргүй үнэн гэж үзэхээс илүүтэй эргэлзээг нягталж үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Өөрсдийнхөө давуу байдлыг ашиглан тухайн заалтыг хасагдсан гэж харагдуулж байгааг шүүх огт хүлээж аваагүй төдийгүй техникийн шинжтэй алдаа гэсэн дүгнэлт хийж буцаасан.
4.22. Нэхэмжлэгчээс журам зөрчөөгүй болохоо нотлохоор хариуцагчаас журмыг гаргуулахад 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №05/408 дугаар тушаалаар батлагдсан Харилцагч таньж мэдэх, бүртгэх үйл ажиллагааны журмыг гаргаж өгсөн. Дээрх хэсэгт дурдсанчлан Эскроу үйлчилгээний журмын 2.17.2 дах заалт хасагдсан байлаа гэж бодоход Харилцагч таньж мэдэх, бүртгэх үйл ажиллагааны журам-ын 2.4.7 дахь эрх бүхий төлөөлөгчийн нэрээр эскроу данс нээх заалт хасагдаагүй, өөрчлөгдөөгүй учраас зарчмын хувьд ямар ч ялгаа байхгүй гэдгийг ойлгохыг хичээнгүйлэн хүсч байна.
4.23. Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогчийн №05/190 дугаар тушаалаар Харилцагч таньж мэдэх, бүртгэх үйл ажиллагааны журам-ыг шинэчлэн баталсан байдаг. Энэ журмаар 2.4.7 дахь заалтыг илүү тодорхой болгож, өөрчилсөн байсан нь банкны журмын зохицуулалт тодорхойгүй байсныг нотолж байгааг шүүхээс дүгнээгүй. Иргэний нэр дээрх данс нээх заалтыг нэрийн баталгаажуулалтын хуудсан дээрх байгууллагын нэр дээр үүсгэхээр өөрчилснөөр тухайн асуудал маргаангүй болсон байдаг. Энэ бол маргааны талаарх чухал үйл баримт юм. Тушаалд заасан журам зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа тохиолдолд ямар журмыг хэзээ хэрхэн зөрчсөн үйл баримт дээр дүгнэлт өгөх нь тушаалыг няцааж үгүйсгэх гол үндэслэл гэж мэтгэлцсэн боловч шүүх дээрх журмын зохицуулалтад огт дүгнэлт хийгээгүй атлаа журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж хуулийн үндэслэлгүй дүгнэлтийг хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн хийсэн.
4.24. Маргаан бүхий тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасныг үндэслэсэн бөгөөд шүүхээс ... тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтоос үзвэл дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байх тул аудитын дүгнэлтээр тогтоогдсон зөрчилд үндэслэн дээрх зохицуулалтыг баримталж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж ямар чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй гээд байгаа нь тодорхойлоогүй.
4.25. Мөн маргаан бүхий тушаалд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай ямар үйлдэл гаргасан, ямар буруутай эс үйлдэхүй гаргасан талаарх үйл баримт байдаггүй. Нэхэмжлэгч миний хувьд банкны эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулаагүй, эд хөрөнгийг зориулалт бусаар эзэмшиж, ашиглаж захиран зарцуулсан зүйл байхгүй. Ажил олгогчоос 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудсыг и-мэйлээр илгээсэн байдаг. Тус тайлбарлах хуудсанд ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах талаар дурдсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-д заасныг зөрчсөн талаар байдаггүй.
4.26. Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, бодитой эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй хэт нэг талыг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалын үндсэн агуулга нь ******* нь ******* тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа удирдлага дахь ажилтнуудаараа журам зөрчсөн, ноцтой үйлдэл хийлгэж, харилцагчийг бүртгэх баримтад гарын үсгийг дуурайлган зуруулсан, бодит бус баримт бүрдүүлж банкийг хууран мэхлэх үйлдэл гаргасан, нэгжийг удирдлагаар хангах, дүрэм журмыг мөрдүүлж ажиллах үүргээ зөрчсөн үйлдэлд нь холбогдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тушаал гаргасан.
5.2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан бөгөөд ямар нэгэн асуудлыг үлдээлгүйгээр, хууль зүйн хувьд нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судалж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч тал гарын үсэг дуурайлган зуруулсан гэх үйлдэлдээ бус, зуруулсан маягт нь ямар маягт байсан тухай ач холбогдол өгч тайлбарласан, мөн уг асуудлын талаар давж заалдах гомдолдоо тайлбарласан учраас үүнд холбогдуулж тайлбар хэлье.
5.3. 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэн ******* нь ******* ГХОХХК-ийг үүсгэн байгуулахаар улсын бүртгэлийн нэрийн баталгаажуулалт авч, ******* банк ХК-ийн ******* тооцооны төвд хандсан. Хүсэлт гаргагч этгээд ******* банк ХК-д ******* ХК-ийн нэр дээр данс нээлгэх хүсэлтэй байсан тул харилцагчийн нэр дээр эхлээд сиф дугаар үүсгэсэн. Сиф дугаар нь харилцагчийн давтагдашгүй буюу тухайн харилцагчид олгогддог таньж мэдэхтэй холбоотой дугаар юм. Тус дугаарыг үүсгэх үйл ажиллагааг Харилцагчийг таньж мэдэх, бүртгэх үйл ажиллагааны журмын 3.1.1-д тодорхой зохицуулсан.
5.4. Хэргийн 140 дэх талд авагдсан баримтад заагдсаны дагуу сиф дугаар үүсгэдэг бөгөөд сиф дугаарыг харилцагчийн бүртгэлийн газар үүсгэдэг. Иймд харилцагчийн бүртгэлийн газар луу шаардлагатай мэдээллүүдийг тооцооны төвөөс явуулдаг. Эдгээр үйл ажиллагааг ******* банк ХК-ийн 524 салбар, нэгж цахим системээр дамжуулж хийдэг. Харилцагчид үйлчилгээ үзүүлэхийн тулд харилцагчийг заавал таньж мэдэх шаардлагатай бөгөөд уг асуудал хуулиар зохицуулагдсан. Банк харилцагчийг таньж мэдсэний дараа үйлчилгээ үзүүлдэг бөгөөд таньж мэдэхийн тулд сиф дугаар үүсгэдэг ба тус дугаарыг үүсгэхийн тулд харилцагчийн бүртгэлийн газарт ханддаг. Уг процессыг ******* банк ХК-ийн бүх ажилтнууд мөрдөж, өнөөдрийг хүртэл сиф дугаар үүсгэхийн тулд харилцагчийг таньж мэдэн, тус маягтыг бөглүүлээд явж байгаа. Иймд тус баримтыг анхнаасаа шаардах ёсгүй байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
5.5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль уг асуудалд хамаагүй гэх байдлаар нэхэмжлэгч тал тайлбарласан. Банк нь зохицуулалттай байгууллага бөгөөд Монгол банкнаас шаардсан бодлого, журмын хүрээнд дотооддоо өөрсдийн үйл ажиллагааг зохицуулсан журмыг мөрдөж хэрэгжүүлдэг. Бид Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд Монгол банкны Ерөнхийлөгчөөс гаргасан журамд нийцүүлэн, Харилцагч бүртгэх, таньж мэдэх үйл ажиллагааны журмыг гаргасан. Тус журмыг мөрдлөг болгож, хангаж ажиллуулахаар хяналт тавьж ажилладаг. Анхнаасаа шаардах ёсгүй баримт байсан гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд ******* ХХК нь иргэн *******гийн асуудал бус ******* ГХОХХК-ийн асуудал яригдаж байгаа болохыг ойлгох ёстой.
5.6. Процессын хувьд 05 дугаар сарын 12-ны өдөр ******* нь харилцагчийг таньж бүртгэх үед илгээсэн дутуу мэдээллийн маягтыг харилцагчийн бүртгэлийн газраас ирүүлж, харилцагчийг таньж мэдэхийн тулд маягтыг бүрдүүл гэж буцаасан. Уг үйлдэл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчилд хамаарч байгаа эсэхийг харах нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх шаардлага тавигддаг бөгөөд нөгөө талаар зөрчил тогтоогдсон байхыг шаарддаг. Ажил олгогчийн хувьд тухайн зөрчлийг аудитын тайлангийн шалгалтаар тогтоосон. Аудитын шалгалтын зөрчлийн хэсэгт удирдах ажилтнаар гарын үсэг зуруулсан ноцтой зөрчлийг гаргасан гэх дүгнэлт гарсан.
5.7. Энэхүү дүгнэлтийг ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, тайлбар авах хуудсанд бичиж, ажилтнаас тайлбар авсан. Тус тайлбарыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Мөн хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн. Аудитын шалгалтаар уг зөрчил тогтоогдсон бөгөөд зөрчилд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тушаал гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд сахилгын шийтгэл ногдуулах, тайлбар авах хуудастай холбоотой тайлбарыг дээр дурдсан. Удирдлага дахь ажилтнаар журам зөрчсөн, ноцтой зөрчил хийлгэсэн гэх хөдөлмөрийн гэрээнд заагдсан ноцтой зөрчлийн талаар хөдөлмөр эрхлэлтийн ажиллагааг цуцалсан тушаал дээр зөрчсөн журмуудын нэр болон холбогдох заалтуудыг тодорхой дурдсан.
5.8. Эдгээр журмуудыг зөрчсөн гэх асуудлын талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээний үед хангалттай тайлбарласан. Мөн сахилгын шийтгэл ногдуулах, тайлбар авах хуудсан дээр энэ талаар дурдаж, хариу тайлбар авсан. ******* банк ХК-ийн ёс зүйн дүрэм, удирдах ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил, хөдөлмөрийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолт, тушаалд дурдагдсан заалтуудыг зөрчсөн. Мөн ажлын байрны тодорхойлолтын 2.10-т ажил үүргийн хүрээнд аливаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зайлсхийх арга хэмжээг авч ажиллах, эрсдэлийн талаар хяналт тавих үүрэгтэй гэж заасан.
5.9. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хяналт тавьж, үйл ажиллагаагаа эрхлэх ёстой байхад ажилтнууддаа гарын үсэг зурах чиглэл өгсөн нь дээрх заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д заасан зохицуулалт буюу харилцагчийн банканд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан гэх заалтад хамаарч байгаа. Учир нь харилцагчаас таны мэдээллийг бөглөчих үү гэж асууж байгаа нь миний өмнөөс гарын үсэг зурж, үйлчилгээ үзүүлж болдог юм байна гэх харилцагчийн итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан гэж үзэж байна. Ажил үүрэгтэй хамааралтай зохицуулалт болох банкны дотоод хэм хэмжээнд заасан ноцтой зөрчил гаргах буюу 5.7.3-т заасан зохицуулалт дээрх үйлдэлд хамаарч байгаа. Энэхүү үйлдэл нь удирдах ажилтнуудад зүй бус шаардлага тавьж, гарын үсэг дуурайлган зуруулсан гэх үйлдэлд хамаарч байгаа. Харин 5.7.12-т заасан зохицуулалт буюу удирдлагад ажиллаж байгаа бусад ажилтнаар журам зөрчин аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хийлгэсэн гэх хэсэгт нэхэмжлэгчийн үйлдэл хамаарч байгаа.
5.10. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу бизнесийн харилцаа эхлэхээс өмнө болон бизнесийн харилцаа эхэлсний дараа бүхий л үе шатанд харилцагчийг танин мэдэх үүргийг арилжааны банкнуудад хүлээлгэсэн. Харилцагч бүртгэлийн журмыг баталж, үүний дагуу Монгол банкны журмын хавсралт болох маягтад харилцагч өөрийн гаргаж өгсөн мэдээллийг үндэслэж, баталгаажуулан гарын үсэг зурдаг. Тус маягтыг шаардаж байгаа нь хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа арилжааны банкны үүрэг юм. Хэрэв энэ үйл ажиллагаа хийгдээгүй байсан бол тооцооны төв хийх ёстой. Бизнесийн харилцаа үүсэхээс өмнө танин баталгаажуулах процессыг хийхийн тулд ******* банк ХК-ийн төв банкны харилцагчийн бүртгэлийн газар нь уг асуудлыг хариуцаж явдаг буюу ******* банк ХК нь өөрийн үйл ажиллагааг ойролцоогоор 300 орчим хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмын дагуу зохицуулж, холбогдох 6,000 гаруй ажилтандаа журмуудыг мөрдүүлэх процессыг хийж явдаг аж ахуйн нэгж юм. Хууль зөрчөөгүй, ямар журам нь мэдэгдэхгүй хууль зүйн үр дагавар үүсгэхгүй баримтыг шаардсан гэх тайлбар үндэслэлгүй.
5.11. Нэхэмжлэгч хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. ******* тооцооны төвийн захирах гэх удирдах албан тушаалтны хувьд дүрэм журмыг мөрдүүлж ажиллах ёс зүйтэй байх, шударга зөв ажиллах, хяналт тавих үүргээ биелүүлэх ёстой. Иймд бид 524 салбартаа хяналт тавих үүрэг бүхий удирдах албан тушаалтныг томилж ажиллуулдаг. Гэтэл салбарын захирал нь өөрийн үндсэн үүргийг биелүүлэхгүйгээр ажилтнуудаараа гарын үсэг зуруулж байгаа үйлдлийг үл хүлээн зөвшөөрнө. Энэ асуудлын талаар хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан гэж үзэж байна.
5.12. Давж заалдах гомдолд олон зүйл, заалтуудыг дурдсан байсан. Нэг бүрчлэн хариу өгөхөөс илүүтэй багцалсан байдлаар тайлбар гаргая. Гэрчүүд мэдүүлэг өгсөн бөгөөд болсон процессын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед хууль сануулсны үндсэн дээр гэрчийн мэдүүлэг өгдөг. *******, *******, ******* нар гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд *******аас захирал чиглэл өгөөгүй байсан бол энэ үйлдлийг хийх байсан уу гэж асуухад үгүй, захирал хэлсэн учраас гэж мэдүүлсэн. Харин ******* нь маш их шуугиантай байсан, энэ талаар өдөржингөө ярьсан, захирал нэлээд ууртай байсан, энийг бөглүүл гэнээ, одоо яах вэ гэж сандарсан байдалтай ******* гарч ирсэн, гарын үсэг зурах ёсгүй гэж мэдсээр байж би гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн. Мөн ******* нь би дараа нь ирж зурсан, энэ миний гарын үсэг биш гэж мэдүүлсэн. Эдгээр мэдүүлгүүдээр нотлогдож байгаа болохыг дурдахыг хүсэж байна.
5.13. Гарын үсэг зурсан баримт нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан хүний хувьд ийм тайлбар өгч байгааг гайхаж байна. Эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэх үндэслэлд тайлбар хэлэхэд, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар банк мэдээлэх үүрэгтэй этгээд юм. Үүний хүрээнд харилцагч таньж мэдэхийн тулд авах арга хэмжээг заасан. Өөрөөр хэлбэл, банк харилцагчийг таньж мэдэх үүрэгтэй. Уг үүргийн хүрээнд харилцагчийн таньж мэдэх, бүртгэх маягтын хуудсыг бий болгосон. Гарын үсэг зурсан маягтыг үндэслэн аливаа шийдвэрүүд гарч байгаа. Гарын үсэг гэдэг нь харилцагчийг бүрэн төлөөлж байгаа дахин давтагдашгүй өгөгдөл бүхий зураас юм. Дуурайлган нь зуруулсан маягтыг үндэслэн гарч байгаа шийдвэрийг үр дагавар үүсэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Харилцагчийн гарын үсгийг түүнийг байхгүй байхад нь өмнөөс нь зурж байгаа үйлдэл нь Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн. Үүнээс гадна Иргэний хуульд зааснаар хэн нэгэн этгээдийг төлөөлж гарын үсэг зурж байгаа тохиолдолд хуульд заасны дагуу итгэмжлэл авна гэж тодорхой зохицуулсан. Нэхэмжлэгч харилцагч руу утсаар ярьж, зөвшөөрөл авсан гэх тайлбар өгдөг. Энэ нь Иргэний хуульд заасан төлөөлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн заалтуудыг зөрчсөн.
5.14. Итгэмжлэлтэй холбоотой асуудалд тайлбар хэлэхэд, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бүх итгэмжлэлүүд ******* банк ХК-ийн бланк дээр үйлдэгдсэн, албан ёсны цор ганц байдаг тамгаар тамгалагдаж, баталгаажсан баримт бичгүүд юм. Төлөөлөх эрх олгож байгаа тушаалууд иргэнээс иргэн рүү шилжсэн гэх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй. Учир нь ******* банк ХК-ийн цор ганц байдаг тамгаар баталгаажиж, явсан баримт бичгүүд байсан. Иймд эрх олгогдоогүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд нотлох баримтаар няцаагдаж байгаа. ******* банк ХК-ийн гүйцэтгэх захирлаас Хүний нөөц хариуцсан дэд захиралд хариуцсан чиг үүргийн хүрээнд банкийг төлөөлөн шийдвэр гаргах эрхийг олгосон. Мөн уг итгэмжлэлээр дээрх эрхийг дамжуулан олгох эрхийг олгосон. Уг эрхийн хүрээнд Ш.Ганбямба захирлаас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хүний нөөцийн удирдлагын газрын захиралд хүний нөөцийн тушаал гаргах эрхийг олгосон байгаа нь хууль ёсны баримт бичгийн дагуу итгэмжлэл олгосон тул давж заалдах гомдолд дурдсан эрх бүхий этгээд биш гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5.15. Зөрчил тогтоогдсон буюу ******* банк ХК-ийн дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон. Аудитын тайлан бичгээр гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааны шаардлагыг тухайн тушаал бүрэн хангасан. Тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасан заалтуудыг үндэслэж гаргасан нь хуульд нийцсэн. ******* банк ХК-ийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий тушаал юм. Энэ агуулгын хүрээнд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримтад үндэслэсэн шийдвэр гаргасан учраас давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* банк ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШЗ2025/44553 дугаартай захирамжаар хариуцагчаас нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчаас ******* банк ХК-ийн Эскроу үйлчилгээний журам, түүний хавсралт, маягтууд, Депозит бүтээгдэхүүн, үйлчилгээний бодлого журам, Харилцагч таньж мэдэх, бүртгэх үйл ажиллагааны журам, харилцагч *******гийн банканд бүрдүүлж өгсөн материалууд буюу эскроу түр данс нээх тухай хүсэлт, гар бичмэл, нэрийн баталгаажилтын хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, харилцагч *******гийн ******* банктай байгуулсан эскроу дансны гэрээ зэргийг хэрэгт нотлох баримтаар гаргуулсан, мөн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/49376 дугаартай захирамжаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, хариуцагчаас дотоод аудитын шалгалт хийсэн талаарх холбогдох баримт материалууд болон аудитын тайлан, Харилцагч таньж мэдэх, бүртгэх үйл ажиллагааны журам-ын хавсралт 1-ээр батлагдсан Харилцагчийн мэдээллийн маягт-Байгууллага, ******* ******* банк ХК-д данс эзэмшдэг эсэх болон хэзээ харилцагч болсон талаарх тодорхойлолт зэргийг хэрэгт нотлох баримтаар гаргуулсан байна.
4. Шүүгчийн захирамжаар хариуцагчаас гаргуулсан дээр дурдсан баримтуудын ******* ******* банк ХК-д данс эзэмшдэг эсэх болон хэзээ харилцагч болсон талаарх тодорхойлолт-оос бусад баримт нь хариуцагч ******* банк ХК-ийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. гэж, мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж тус тус заасан.
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч хамаарахгүй тул хариуцагч байгууллагаас шүүгчийн захирамжийн дагуу гаргаж өгсөн нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн гэж үзэхгүй.
Энэ тохиолдолд шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэхийг шаардах, нотлох баримтаас хасах боломжтой байхад энэ эрх, үүргээ хэрэгжүүлэлгүй хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.
5.2. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг шүүх анхаараагүй байна.
5.3. Шүүгчийн захирамжаар хэргийн оролцогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн нотлох баримтын талаар хуульд заасан шаардлагыг сануулах, баримтыг хуульд нийцүүлэхийг шаардах, уг шаардлагыг биелүүлэхгүй бол үнэлэх боломжгүй үр дагавар үүсэхийг тайлбарлалгүйгээр хуульд заасан шаардлага хангаагүй баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргуулан авах, улмаар тухайн баримтыг үнэлэхгүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг зөрчинө.
6. Давж заалдах шатны шүүхээс дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг залруулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02872 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Б.УУГАНБАЯР