Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00978

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч О.Одгэрэл, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/04537 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд маргажээ.

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01129 дугаар шийдвэрээр хариуцагч *******-аас 137,863,282 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож, хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 126 м.кв талбай бүхий, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар, нэгж талбарын ******* дугаартай, 620 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн ба тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авсан ба энэ ажиллагаанд талууд маргаагүй. /хх-56/

4. Улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр төлөгч *******, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ******* нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 680,000,000 төгрөг гэж, харин төлбөр авагч *******аас шинжээч томилуулах хүсэлтийг гаргасныг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 175 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний *******-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ. /хх-57, 58-60/

4.1. *******-ийн үнэлгээчин, шинжээч *******д 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулж, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулсан. /хх-61-63/

4.2. Шинжээч ******* нь үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ Хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөж, зах зээлийн, орлогын болон өртгийн хандлагын аргуудаас зах зээлийн хандлагын аргыг илүү ач холбогдолтой гэж үзээд ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 126 м.кв талбай бүхий, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний залгаа баригдсан 18 м.кв талбай бүхий жижиг барилгын хамт, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар, нэгж талбарын ******* дугаартай, 620 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын тус тус зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 177,483,078 төгрөгөөр тогтоож, уг тайлан гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй. /хх-66-86/

4.3. Үнэлгээний тайланг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээлцэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөн өдрийн ******* дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүргүүлсэн. /хх-10, 64/

5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

Нэхэмжлэгч тал Хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, 126 м.кв талбай бүхий хөрөнгөтэй залгаа байрлах 31 м.кв талбай бүхий объект болон хашааны зүүн хойд хэсэгт барьж байгаа гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээнд тусгаагүй, үнэлгээчин хөрөнгийн байдалтай биечлэн танилцаагүй гэж тус тус нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

5.1. Гэвч нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 600,000,000 төгрөг болохыг баримтаар нотлоогүй.

Хэргийн 35-38 дугаар талд авагдсан Үнэгүй.мн сайтад худалдан борлуулагдахаар нийтлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн зарыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч энэхүү баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан болно.

5.2. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 7-8 дугаар талын Үнэлгээний зүйл хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг Google map-аас авч, мөн тухайн хөрөнгийн гэрэл зургийг оруулсан байх тул шинжээч хөрөнгийн байдалтай биечлэн танилцаагүй гэж үзэхгүй.

 

Ийнхүү шүүх Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар хамтарсан тушаалаар баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал-ын 3.1, 3.1.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.9-д зааснаар үнэлгээчин туслах ажилчнаар дамжуулан үнэлгээний эд хөрөнгөтэй танилцсаныг хууль болон аргачлалыг зөрсөн гэж үзэхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан 126 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 620 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газрыг тус тус битүүмжилж, хурааж, үнэлгээ тогтоолгосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 126 м.кв талбай бүхий хөрөнгөтэй залгаа байрлах 31 м.кв талбай бүхий объект болон хашааны зүүн хойд хэсэгт барьж байгаа гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээнд тусгаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.  

Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвхөн шүүхийн шийдвэрт дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн хүрээнд явагдах бөгөөд шийдвэрт дурдаагүй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргуулах шаардлагагүй болно.

6. Түүнчлэн нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлж, 27 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч *******од хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэхээс гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэж, тайлан танилцуулах тухай албан бичгийг гардуулан өгсөн байхад 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авсан шүүхийн дардсаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. /хх-6, 10, 88/

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/04537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

Н.ГЭРЭЛТУЯА