| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0141/Э |
| Дугаар | 0149 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 0149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-О
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х холбогдох эрүүгийн 1825006850042 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Д.Х
2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.Х нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгаас Булган аймгийн чиглэлийн замд гарсан зам тээврийн ослын газарт үзлэг хийхдээ хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр оролцоогүй хүмүүсийг оролцуулсан мэтээр гарын үсэг зурж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Х-дыг хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүүлэгт шүүгдэгч Д.Х-д мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Гэрч Ж.О-гийн ...“Ойролцоогоор бараг нэг цаг гаран хугацааны дараа шинжээч эмэгтэй, мөн нэг цагдаагийн хамт ирсэн ба Д.Х-д өөрийн сууж байсан машинаасаа бууж ирээд хэмжилтээ хийж гэрэл зургаар бэхжүүлсэн. Яг хэмжилт хийх, гэрэл зургаар бэхжүүлэх үйл явц явагдахад нь би Х-дын хажууд дагаад хараад явж байсан. Учир нь дараа нь хэргийн газрын үзлэг дээр маргаан гарч магадгүй, буруу нөхцөл байдал үүсч магадгүй гэж эмээж хэргийн газрын үзлэгт нь өөрийн биеэр оролцсон. Х-дыг хэргийн газарт үзлэг хийхэд хөндлөнгийн гэрч гэх хүмүүс огт байгаагүй. Учир нь би Х-дыг үзлэг хийж эхлээд дуусах хүртэл яг хажууд нь хараад байж байсан. Хэрвээ тэр хүмүүс хэргийн газрын үзлэгт оролцсон гэж байгаа бол нүүрэлдэхэд бэлэн байна” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 121-123-р хуудас/
2.Гэрч Ц.О-рын ... “Би тухайн хэргийн газрын үзлэгт огт байгаагүй учраас нөхцөл байдлын талаар хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр гэртээ байж байсан чинь орой 22 цагийн орчим Д.Х-д нь над руу утсаар яриад чамайг хөндлөнгийн гэрчээр авчихсан шүү овог, нэр, гэрийн хаяг, регистрийн дугаар чинь юу билээ гэсэн. Тэгээд би гэрийн хаяг, овог нэрээ бүтнээр нь хэлж өгсөн. Тэрнээс хойш Х-той нэг ч удаа уулзаагүй. Тухайн үед би Д.Х-оос дараа нь янз бүрийн асуудалд орчих юм биш биз дээ гэсэн чинь гайгүй ээ, гайгүй гэсэн” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 124-128-р хуудас/
3. Гэрч Г.Б-ний ... “2018 оны 08 сарын 14-ний өдөр Орхон аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шинжээчээр үүрэг гүйцэтгэж ажилласан. Замын байцаагч Д.Х хэргийн газрын үзлэгийг ахалсан, замын цагдаагийн зохицуулагч нэг цагдаа нь Д.Х-ыг замын хэмжилт хийхэд тусалж ажилласан. Өөр хүн байгаагүй. Д.Х болон замын зохицуулагч цагдаа, мөн надаас өөр хүн оролцсон талаар санахгүй байна..” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 129-131-р хуудас/
4. Гэрч З.М-О-ын ...“Д.Х байцаагчийг цаасан дээр тэмдэглэгээ хийхэд хажууд нь хүн байгаагүй, наад талд нь өөрийгөө хохирогч гэсэн утгатай юм яриад байсан эмэгтэй зогсож байсан. Шинжээч Б зургийн аппаратаараа гэрэл зураг дарж хэргийн газрыг бэхжүүлж байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 132-134-р хуудас/
5. Гэрч Г.Л-вын ...“Намайг шинжээч Г.Б-тэй очиход Д.Х хавтан барьчихсан хэмжилт хийж үзлэгийг бичиж байсан. Намайг Х-той уулзахад болон харахад хөндлөнгийн гэрч гэх хүмүүс харагдаагүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 135-137-р хуудас/
6. Гэрч Ч.О-ийн ...“Би 2009 оноос Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байна. Манай баг нь өнөөдрийн байдлаар 878 иргэн оршин сууж байна. Б-хийн Б гэх иргэн манай багт бүртгэл байхгүй, өмнө нь ч байгаагүй..” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 142-143-р хуудас/
7. Д.Х-дыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлийн ...“би ерөөсөө худлаа ярьсан юм. Миний удирдаж явуулсан хэргийн газрын үзлэгт Ц.О байгаагүй. Би Ц.О-ыг байсан мэтээр үзлэгийн тэмдэглэл дээрээ биччихсэн юм аа” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 144- 146-р хуудас/
8. Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 153 дугаартай дүгнэлтийн ... “шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 08 сарын 14-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загварт ирүүлсэн Ц.Оын гэх Эрдэнэт пост анги, салбарын хамгаалалттай ачааны орлого, зарлагын бүртгэл гэсэн ногоон хавтастай дэвтэр, ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа гэсэн шар хавтастай дэвтэрт зурагдсан гарын үсгийн чөлөөт загварууд, Ц.О-ын гэх гарын үсгийн туршилтын загваруудтай ерөнхий хэлбэр, чиглэл, гарын үсгийн элементүүдийн доод хэлбэр, хөдөлгөөний хурд, зонхилох хэлбэр, хэмжээ, даралт зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон үсэг элементийн харилцан өндөр, хөдөлгөөний тоо, хөдөлгөөний холболт, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний үйлдэц зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 165-170-р хуудас/
9.2018 оны 08 сарын 14-ний өдрийн хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хөндлөнгийн гэрчүүдийн гарын үсэг зурагдсан байдал /2-р хх-ийн 14-15-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Орхон аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ж.Б би Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар ажиллах хугацаандаа буюу 2018 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэхдээ Орхон аймгаас Булган аймгийн чиглэлийн замд хэргийн газарт үзлэг хийхдээ хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр оролцоогүй хүмүүсийг оролцсон мэтээр гарын үсэг зуруулж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа мэдүүлгээр нотлогож байна. Иймд шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-О дүгнэлтдээ “Гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийн улмаас учирсан хохирол байхгүй. Тухайн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар заавал хөндөлгийн гэрч оролцох шаардлага байгаагүй. Сүүлд энэ хэргийг хөнгөрүүлэхэд хор хөнөөл багатай байна гэж үзэхээр байгаа юм. Буруу асуудал гаргасан гэдгээ ухамсарлаж ойлгож хариуцлагаа ухамсарлаж байна.” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн үйл баримт, шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, хуулийн зүйлчлэл, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлуудын талаар дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: 1. Хэргийн үйл баримтын талаар: Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ж, Ц.О, Г.Б, З,М-О, Г.Л, Ч.О нарын мэдүүлэг, яллагдагчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Д.Х нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгаас Булган аймгийн чиглэлийн замд гарсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн бөгөөд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр оролцоогүй хүмүүсийг оролцуулсан мэтээр хуурамч гарын үсэг зурж тэмдэглэл үйлдсэн үйл баримт тогтоогдож байна. Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гаргасан, мэтгэлцсэн зүйлгүй байна.
2. Гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйд заасан “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг нь өөрийн болон бусдын эрх ашиг сонирхолыг хамгаалахын тулд тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд зориуд санаатай саад учруулах, хэргийн бодит байдлыг өөрчлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөх зорилго, сэдэлтээр хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг устгах, нуух, өөрчлөх, засварлах, хуурамчаар үйлдэх, хуурамч гэдгийг мэдсээр байж гаргаж өгөх зэрэг шууд санаатай идэвхитэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг юм. Шүүгдэгч Д.Хишигболдын үйлдлийн хувьд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчүүд оролцсон мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж, гарын үсэг хуурамчаар зурсан болох нь тогтоогдож байгаа боловч, уг үйлдлийг ямар сэдэлт, санаа зорилгоор хэний ашиг сонирхолд нийцүүлэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Д.Х тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд зориуд санаатай саад учруулах, хэргийн бодит байдлыг өөрчлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөх ашиг сонирхол байсан эсэх, энэ нь хэний эрх ашгийн хамгаалах зорилготой байсан болох нь тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Д.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийн хангаагүй байна гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х-од холбогдох хэрэгт хохирогч тогтоогдоогүй, гэм хорын хохирол, нэхэмжлэлийн асуудал байхгүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.
Мөн Д.Х нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчүүд оролцсон мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж, гарын үсэг хуурамчаар зурсан үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, ажил мэргэжлийн ноцтой алдаа гаргасан эсэх нь уг шүүх хуралдаанаар харъяалан шийдвэрлэх асуудал биш байх тул энэ талаар дүгнэлт хийгээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Х-дыг цагаатгасугай.
2.Шүүгдэгч Д.Х-дод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
4.Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС