| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавалын Баатар |
| Хэргийн индекс | 101/2016/05156/И |
| Дугаар | 181/ШШ2016/00199 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2016/00199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Мэргэд овогт Б.А /РД:.................../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар-т холбогдох,
Ажилгүй байсан 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6.078.186 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Нэхэмжлэгч Б.А миний бие 2008 оноос эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажилласан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү тушаалыг миний бие эс зөвшөөрч хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 470 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 486 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 361 дугаар тогтоолоор намайг Улсын бүртгэлийн газарт эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлүүдийг гаргуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон билээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэлгүй байсаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Ажилд томилох тухай 6/95 дугаар тушаалаар намайг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн албан тушаалд томилсон.
Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойших 2016 оны 3 дугаар сарын 28-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан бгөөд энэ хугацааны цалин, нэмэгдлүүдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасны дагуу гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Б.А миний ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл 6.078.186 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:
Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсвийн зардлыг бууруулах зорилгоор төрийн албан хаагчийн орон тоог цомхотгох чиглэлийг баримталж Засгийн газрын 2014 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 387 дугаар тогтоолоор тус газрын ажилчдын орон тоог 155 байхаар шинэчлэн тогтоосон.
Үүний дагуу Хууль зүйн Сайдын 2015 оны “Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” А/16 дугаар тушаалаар тус газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Тус газрын Улсын бүртгэлийн төв архивын газар нь Иргэний баримтын архивын хэлтэс, Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтэс 2 хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байсныг Архивын газарт нэгтгэж, хэлтэсгүйгээр газрын бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулсан.
Энэхүү бүтэц зохион байгуулалтын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 cap хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн төв архивын газрын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Аыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны “Ажлаас чөлөөлөх тухай" 388 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, мөн хуулийн 27.2.4-т заасны дагуу 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон.
Б.А нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны “Ажлаас чөлөөлөх тухай” 388 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж түүний дагуу тус шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 470 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Аыг эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд, эсхүл цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан.
Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 470 дугаар үийдвэрийг тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 486 дугаар магадлалаар хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон. Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 361 дугаар тогтоолоор шийдвэрийг мөн хэвээр үлдээсэн.
Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу УБСЕГ-ын даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Ажилд томилох тухай Б/95 дугаар тушаалаар Б.Аыг ажлын байр санал болгож зөвшилцсөний дагу, цалин, хөлс, эрх зүйн байдлыг нь бууруулахгүйгээр ажилд эгүүлэн томилсон, шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн. Хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байтал 6.078.186 төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдуулан, ажилгүй байсан 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор болох 6.078.186 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоолоор Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан болно.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 470 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 486 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 361 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалын Б.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Аыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4.152.514 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 тушаалаар Б.Аыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн албан тушаалд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс томилж, шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгосон болох нь зохигчдын тайлбар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 тушаал зэрэг нотлох баримтаар тотоогдож байна.
Нэхэмжлэгч Б.А ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөний улмаас 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил хөдөлмөрөө хэвийн явуулах боломжгүй болсонд ажил олгогч буруутай тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Аын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын “2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар /дундаж цалин хөлс тодорхойлох/ батлагдсан журмыг үндэслэн Б.Аын сарын үндсэн болон нэмэгдэл цалинг 765.507 төгрөгөөр тооцож ажилгүй байсан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 153 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /765.507:21.2=36.108,82*153.2/ 5.531.871 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд, хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 5.531.871 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 546.315 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 5.531.871 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс 546.315 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 112.300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 103.460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т зааснаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Б.Аын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР