Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01168

 

 

 

 

 

 

 

 

2026 05 22 210/МА2026/01168

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2026/03871 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 27,275,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр *******-ийн өмчлөлийн Тoyotа Наriеr маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодон ******* дүүргийн ******* хороо, ******* мянгын гурван замын уулзварын зүүн талаас Баянбүрдийн тойрог чиглэлд тус уулзвараар чигээрээ явж байхад Шонхор зах талаас Тoyotа Сrоwn маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч ******* мөргөж, зам тээврийн осол гаргасан.

1.2.Мөрдөгчийн магадалгаагаар ******* үйлдлийг Замын хөдөлгөөний дүрмийн 19 дүгээр заалтыг зөрчсөн, ******* хувьд ямар нэгэн Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнэсэн.

1.3.Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаад Тээврийн прокурорын газрын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 898 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчлийн хэргээр шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст хүргүүлсэн.

1.4.Нэхэмжлэгчийн зүгээс *******-иар автомашинд учирсан хохирлыг үнэлүүлэхэд 31,110,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Харин бодитоор тус машиныг засварлуулахад 27,275,000 төгрөгийн зардал гарсан бөгөөд энэ талаарх нотлох баримтуудыг хэрэгт өгсөн.

1.5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй тул хариуцагч ******* жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* хамтран хариуцуулахаар тодорхойлсон байсан. Өмчлөгч ******* холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байна.

Иймд *******-ийн өмчлөлийн машинд учирсан бодит хохирол болох 27,275,000 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******* татгалзал, тайлбарын агуулга:

2.1.2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* нь Дэнжийн мянга-ын гурван замын уулзвар нэвтрэхдээ чигээрээ явж байсан боловч тухайн замд зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлж, миний машиныг мөргөж осол гаргасан.

2.2.Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т уулзвараас бусад газарт зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ явсан баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй гэж дүгнэж, гэм буруутай гэж үзэн шийтгэлийн хуудас оногдуулсан.

2.3.Хариуцагч ******* Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд зам тээврийн осол гаргаагүй, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох-оор гомдол гаргасан ба тус шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар гомдлыг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.4.Зам тээврийн ослын талаар шалгасан ажиллагаа хууль зөрчиж явагдсан тул хариуцагч ******* гэм буруугүй, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй. Эрх бүхий албан тушаалтны магадалгаа хууль зүйн үндэслэлгүй болсон.

Тухайн осол зохицуулалтгүй уулзвар дээр болсон. Хариуцагч нь зохицуулалтгүй уулзвар дээр баруун гарын дүрэм үйлчилнэ гэдэг замын хөдөлгөөний дүрмийг баримталсан. Гэтэл осол уулзвараас өөр газар гарсан гэх дүгнэлт гарсан.

2.5.Тoyotа Сrоwn маркийн ******* улсын дугаартай автомашин барьцаатай байсныг худалдаж авсан, өмчлөгч мөн гэдэгт маргаагүй.

Иймд гэм хор учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч ******* татгалзал, тайлбарын агуулга:

3.1.Тоуоta Сгоwn маркийн ******* улсын дугаартай автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаас авсан. Уг машиныг нөхөр маань 6,300,000 төгрөгийн зээлийн барьцаанд байхад нь ******* худалдсан, ******* зээлийн төлөлтийг өөрөө хийдэг. Худалдсан талаарх баримтыг хэрэгт өгсөн.

3.2.Энэ авто ослын талаар би мэдэх зүйл байхгүй. Автомашиныг өөр жолооч барих эрхтэй байхаар даатгалын гэрээтэй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., 499.3., 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* 27,275,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 294,325 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1.Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс ******* оногдуулсан захиргааны шийтгэлийг хүчингүй болгосон тул тэрээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйл баримт хууль зүйн хувьд тогтоогдоогүй гэж үзэх тул гэм буруугийн асуудал яригдахгүй. Гэтэл анхан шатны шүүхээс шийтгэлийн хуудас процессын алдаагаар хүчингүй болсон, гэм буруутай хэвээр гэж дүгнэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй үйл баримт гэдэгт тухайн этгээдийг зөрчил үйлдсэн гэж шүүх эцэслэн тогтоосон тохиолдлыг хэлнэ.

5.2.Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.1-т ...Чингэлтэй дүүргийн ... зүүн хойд талд замын уулзварт .. тээврийн хэрэгслийг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан зам тээврийн хохирол осол гарсан нь ... нотлогдсон. гэж дүгнэсэн мөртөө 4.2-д хариуцагчийг гэм буруутай гэж дүгнэхдээ ...жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т Уулзвараас бусад газарт жолооч ... зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөний улмаас хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон гэсэн байна.

Осол уулзвар дээр болсон нь тогтоогдсон тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлэг (Уулзвар нэвтрэх)-ийн заалтуудыг хэрэглэх ёстой. Гэтэл шүүх уулзвараас бусад газар-т хамаарах Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан заалтыг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Мөрдөгч магадалгаа гаргахдаа анхдагч нотлох баримтаар бэхжүүлэгдсэн уулзвар дээр гэх үйл баримтыг илт гуйвуулж, уулзварт хамааралгүй заалтыг хэрэглэснийг шүүх үнэлэлгүйгээр шууд "нотлогдож байна" гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзэх журмыг зөрчсөн.

Осол уулзвар дээр болсон тул нэхэмжлэгч ******* Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасны дагуу баруун гар талаас ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй байсан. Шүүх ослын байршлыг уулзвар гэж зөв тогтоосон мөртөө, гэм бурууг тодорхойлохдоо уулзвараас бусад газар гэх заалт хэрэглэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болно.

Мөрдөгчийн магадалгаа болон түүнийг үндэслэсэн шүүхийн дүгнэлт нь Замын хөдөлгөөний дүрмийг илэрхий буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөрдөгчийн магадалгаа иргэний хэрэгт дангаараа гэм бурууг нотлох хангалттай бөгөөд зөвшөөрөгдөхүйц баримт болж чадахгүй ба шийтгэлийн хуудас гаргах урьдчилсан нөхцөл болохоос эцсийн үр дүн биш. Түүнчлэн шийтгэлийн хуудас хүчингүй болсон тул түүний үндэслэл болсон мөрдөгчийн магадалгааг иргэний хэргийн шүүх гэм бурууг тогтоосон хөдөлшгүй баримт гэж үнэлэх боломжгүй байхад үүнийг буруугаар тайлбарласан.

5.3.Нэхэмжлэгч *******-ийн зүгээс хохирол нэхэмжилж, баримтаар захирал ******* данснаас зарлага гарсан баримтууд гаргаж өгсөн. Иргэний хувийн данснаас гарсан мөнгө нь компанийн зардал гэж тооцогдохгүй ба компанийн эд хөрөнгөд учирсан хохирлыг компани өөрийн дансаар засаж сэргээсэн тохиолдолд бодит хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн *******-ийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15,600,000 төгрөгийн зарлагын баримт, Вьетнам авто засвар-ын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2,500,000 төгрөгийн зарлагын баримт, Авто плаза-1 төвийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зарлагын баримтууд нь барааг хүлээлгэн өгсөн баримт байх ба нэхэмжлэх болон мөнгө төлсөн /И баримт/ байхгүй болно. Энэ мөнгийг төлсөн эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу ******* нь гаргасан зардлын бүртгэлээ ирүүлээгүй, автомашины хохирлыг зардалд тооцсон эсэх, буруутай этгээдээс авах авлага үүсгэсэн эсэх баримт ирүүлээгүй байхад шүүхээс бараа хүлээлгэн өгсөн зарлагын баримт, хувь хүнээс гаргасан зардлын баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч байгууллагын өмчлөлд бодитоор хохирол учраагүй, компанийн хөрөнгөөс зардал гараагүй байна.

5.4.Тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг олгосон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байхад шүүх түүнийг хариуцагчаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1.Хариуцагч гэм буруугийн асуудлаар маргасан. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс хариуцагчийн гэм буруугүйн асуудлыг дүгнээгүй, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Иймд эрх бүхий этгээдийн магадалгаагаар ******* тухайн зам тээврийн осолд гэм буруутай болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

6.2.******* өөрийн хувийн данснаас төлбөр шилжүүлж, гүйлгээ хийсэн нь үнэн. *******-ийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нь ******* өөрөө байгаа. Иймд Компанийн тухай хуулийн дагуу хөрөнгө зааглагдаагүй тул түүний хувийн данснаас гаргасан зардлыг компанийн зардалд тооцох боломжтой.

6.3.Хөрөнгийн үнэлгээгээр тээврийн хэрэгсэлд 31,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн бодитоор гарсан зардлаа нэхэмжилсэн бөгөөд тухайн зардлын баримтууд хэрэгт нэг бүрчлэн авагдсан.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******х нарт холбогдуулан гэм хорын хохиролд 27,275,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ******* осолд гэм буруугүй, шүүхээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон, осол зохицуулалтгүй уулзвар дээр болсон байхад мөрдөгчийн магадалгаанд уулзвараас бусад газарт зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

2.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч ******* холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь зааснаар татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

3.Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтын хүрээнд нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

 

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Тoyotа Наriеr маркийн ******* улсын дугаартай, Тoyotа Сrоwn маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдөж зам тээврийн осол гарсан үйл баримтад талууд маргаагүй ч тухайн осолд хариуцагч гэм буруутай эсэх нь энэ маргааны зүйл болсон байна.

 

3.1.Замын цагдаагийн газраас ослын газарт хийсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд зүүн хойд уулзварт ертөнцийн зүгээр хойноосоо баруун чиглэлд гарсан байдалтай зогсож байв гэж, мөн өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон актад сургуулийн зүүн хойд уулзварт гарсан осол хэрэг дээр үзлэг хийсэн талаар дурдсан, осол гарсан замын байдал хэсэгт уулзвар дээр гэж доогуур нь тэмдэглэсэн, хавсаргасан гэрэл зурагт уулзварын зургийг харуулсан байна. /хх 14-19, 64-69, 75, 80/

Зохигчид хэн алин нь осол уулзвар дээр гарсан үйл баримтад маргаагүйгээс гадна Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн хэрэг бүртгэлтийн материалд уулзвар дээр осол гарсан талаар бүх баримтад тусгагдсан байна.

 

3.2.Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн магадалгаанд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ. Энэ мөрдөгчийн магадалгааны эхний нүүрэнд зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзсэн талаар дурдсан байна. /хх 21-22/

 

Анхан шатны шүүхээс зам тээврийн осол зохигчдын хэний буруугаас үүдэлтэй болох нь эргэлзээгүй тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтууд дээрх байдлаар өөр хоорондоо зөрүүтэй тусгагдсан байгааг анхааралгүйгээр мөрдөгчийн магадалгааг үндэслэл болгож хариуцагчийн гэм буруу тогтоогдсон хэмээн дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл гэм бурууд маргаж байгаа энэ тохиолдолд гэм буруу эргэлзээгүй тогтоогдоогүй нөхцөлд шүүхээс түүний үр дагаврыг шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

 

Мөн анхан шатны шүүх талуудыг чиглүүлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт "Шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн бус, ... эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл ... шинжилгээ хийлгэж болно" гэж зохицуулсан, шүүх хуралдааны явцад дээрх үндэслэл тогтоогдвол шүүхээс шинжээч томилох нь шүүхийн чиглүүлэх үүрэгт хамаарах тул хөндлөнгийн байх зарчимд харшлахгүй юм.

 

  4.Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2026/03871 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 294,325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

 

О.ОДГЭРЭЛ