Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 0155

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О     

Улсын яллагч Г.Т 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э холбогдох эрүүгийн 1925000230067 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Б.Э

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 9-12 тоотод Ж.Б-дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ж.Б-дын ...“2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ ганцаараа байж байтал манай хажуу айлын Э, дүү гэх нэг залуугийн хамт 0.75 граммын ерөөл архитай орж ирсэн. Ах нь архи уухгүй гэж хэлсэн чинь миний шанаа руу 2-3 удаа цохисон. Хамт явсан дүү нь хөгшин хүнийг ингэж болохгүй гээд тэврээд авсан. Тэгсэн Э миний баруун хавирга хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд хамт явсан дүү нь Эрдэнээг чирээд аваад гарсан. Тэгээд би цагдаа дуудсан. Эмчилгээний зардалд 120 000 төгрөг төлсөн. Одоо надад Э-гээс нэхэмжпэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8, 11-12-р хуудас/

 

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 57 дугаартай дүгнэлтийн "... Ж.Б-ын биед баруун 7-р хавирганы далд, зөрөөгүй хугарал бүхий гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 23-р хуудас/

 

3. Гэрч Д.Ж-жийн ...“2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнээ бид 2, Бор гэж ахын хамт хорооллын эцэс дээр байдаг нэг бааранд 1 шил 0.75 грамм ерөөл архи, нилээд олон шил пиво уусан. Баар хаах дөхөөд бид 3 тэндээс гарч Э-гийн гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан. Бид 3 замдаа 0.75 грамм ерөөл архи дэлгүүрээс авсан байсан. Тэгтэл Э хажуу айлын Батболд гэдэг айлд орж ууя гээд хажуу айлын Монгол гэрийн хаалгыг татаад түрүүлээд орсон. Би араас нь орсон. Бор ах гадаа үлдсэн байх араас орж ирээгүй. Эрдэнээ хажуу айлын өвгөнийг архи ууя гэсэн чинь бие муу байна архи уухгүй гэхэд Э өвгөнийг заамдаж аваад 1-2 удаа цохисон. Би Э-эг ингэж болохгүй гээд араас нь тэвэрч авахад Эрдэнээ нөгөө өвгөнийг өшиглөж унагасан. Тэгэхээр нь би Эрдэнээг гэрээс чирээд аваад гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял шийтгэх саналтай” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,хохирлыг нөхөн төлсөн тул торгох ялын доод хэмжээгээр тооцон ял шийтгэл оногдуулна уу” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Б-ын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрч Д.Ж-жийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 9-12 тоотод Ж.Б-ыг зодож баруун 7-р хавирганы далд, зөрөөгүй хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ж.Б-дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

           

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 27-ны 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй.     

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хорих ялаар тооцон Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 27-ны 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаас эдлээгүй үйлдсэн 1 жил 9 сар 20 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 10 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жил 10 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС