| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0145/Э |
| Дугаар | 0156 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 0156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Л.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-О
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох эрүүгийн 1925002050143 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Ц.Д
Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын ар задгай 1-4-Б тоотод эхнэр Т.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ “маш их гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Хохирогч Т.Б нь “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Т.Б-ны ...“2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нөхөр болох Д-д зодуулсан. Тэр өдөр үдээс өмнө 11 цагийн үед Оюут багт байдаг Д-гийн хамаатны дүү болох Ж-тай уулзаад гэрт нь 2,5 литрийн пиво авч хувааж уугаад 14-15 цагийн хооронд Ж-гийнхаас гараад халамцуу гэртээ очихоос айгаад гадуур дэлгүүр хэсэж байгаад 21-22 цагийн хооронд Төгөлийн гаднаас вокзал руу такси аваад гэртээ харьсан. Гэрт ортол Д хажуудаа шилтэй архи тавьсан хэвтэж байсан. Д босож ирээд намайг заамдаад зүүн талын шанаа, бие гар хөл, нурууруу гараараа хөлөөрөө олон удаа цохиж өшиглөсөн. Би тухайн үед гар утсаа аваад залгах гэхэд Д гар утас булааж аваад байсан. Надад утсаар ярих боломж олдохгүй байсан. Би гэр тойрч гүйгээд зугтаагаад урд хашааны айл Д-рийн гэрт ороод Дагдан намайг зодоод байна авраач цагдаа эмнэлэг дуудаад өгөөч гэж гуйсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10-р хуудас/
2. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 229 дугаартай ...“Т.Б-ны биед доод эрүүний ясны далд хугарал, цээжний зүүн талын 10 дугаар хавирганы хугарал, зүүн шанаа, хоёр гарын бугалга, нуруу, хоёр хөлийн гуя шилбэнд цус хуралт, баруун өвдөгөнд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Доод эрүүний ясны далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цээжний зүүн талын 10 дугаар хавирганы хугарал, зүүн шанаа, хоёр гарын бугалга, нуруу, хоёр хөлийн гуя шилбэнд цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун өвдөгөнд зулгаралт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 25-р хуудас/
3. Гэрч Б.Д-ийн ...“2019 оны 3 сарын 15-ны өдөр Б халамцуу гараад явж байсан. Удалгүй Д ажлаасаа халамцуу ирээд эхнэр Б-ныг архи уусан гээд маргалдаад байсан. Шөнийн 2 цаг 30 минутын үед Д, Бн 2 манай хашаан дотор архи уулаа гээд маргалдаад ноцолдоод зууралдаад байсан. Би гэрээс гараад тэр хоёрыг оруулж ирээд Б-ныг унтуулаад Д-г орж унт гээд гаргасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Улсын яллагч Л.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон учир гэм буруутайд тооцох, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-О шүүх хуралдаанд гаргасан саналдаа “шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Торгох ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Б, гэрч Б.Д нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн Вокзалын ар задгай 1-4-Б тоотод эхнэр Т.Б-тай маргалдан зодож доод эрүүний ясны далд хугарал, цээжний зүүн талын 10 дугаар хавирганы хугарал, зүүн шанаа, хоёр гарын бугалга, нуруу, хоёр хөлийн гуя шилбэнд цус хуралт, баруун өвдөгөнд зулгаралт зэрэг хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д-г яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ШүүгдэгчЦ.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС