| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 181/2023/03114/и |
| Дугаар | 210/МА2026/00652 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00652
2026 03 25 210/МА2026/00652
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09232 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “*******” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1.Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг үйлчилгээний зориулалттай газрын хамт битүүмжлэн, хурааж “*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр 10,199,161,439 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгдсэн бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгө нь хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай тохижилт сайтай байхад шинжээч тус үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй... Ажиллагааны явцад нэхэмжлэгч тал “*******” ХХК-аар үнэлгээ хийлгэж, үнэлгээний объект болох үл хөдлөх эд хөрөнгийг 13,210,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хариуцагч байгууллага үүнийг үгүйсгэсэн баримт гаргаж өгөөгүй. Үүнээс үзвэл хэт доогуур үнэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
1.2.Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар 2023.06.12-ны өдрийн ******* дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор иргэн *******г томилж 2023.06.20-ны өдрийн дотор үнэлгээ гаргаж ирүүлэхийг даалгасныг үнэлгээчин хүлээн авч танилцсан. Гэвч 2023.06.20-ны өдрийн ******* дугаартай үнэлгээг “*******” ХХК гэх хуулийн этгээд үнэлгээ гарган ирүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг болон хэргийн материалд “*******” ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол авагдаагүй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023.07.03-ны өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан жагсаалтын 66-д хөрөнгийн үнэлгээний шинжилгээ дурдагдсан байгаагаас харахад хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор хийгдэж буй ажиллагаа нь тусгай мэдлэг шаардсан шинжээчийн ажиллагаа бөгөөд шинжээчээр шинжилгээний байгууллагыг томилох ёстой. Хариуцагч нь иргэн *******г нэр заан томилсон нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т нийцэхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т заасан мэдээллийг үнэлгээний тайланд тусгахаар хуульчилсан боловч холбогдох баримтыг үнэлгээний тайланд тусгаагүй.
1.3.Хөрөнгийн үнэлгээ хийхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан бодитой байх зарчмыг хэрэгжүүлээгүй. Үнэлгээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь хэдийгээр нэг өмчлөх эрхийн гэрчилгээтэй хэдий ч Энхтайваны гүүрний доор төв замынхаа хойно болон урд тус бүр 600 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр хуваагдан байрладаг. Үнэлгээчин нь үнэлгээ хийхдээ замын урд талын 600 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг огт үзээгүй, уг объектын үнэлгээг үнэлгээний тайланд оруулж тусгаагүй. Тус үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн үнэлээгүй... Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Төлбөр төлөгч “*******” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг үйлчилгээний зориулалттай газрын хамт битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “*******” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 10,199,161,439 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор шүүхэд хандан төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1...Үнэлгээг хийхдээ барилга хот байгуулалтын яам, Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар зах зээл дээр орон сууцны үнэ 9.4 хувиар өссөн тоон баримт, мэдээлэл байсаар байхад зориуд эд хөрөнгийг дутуу, багаар үнэлгээ гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Мөн үнэлгээний тайлангаас харахад үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1...Шүүх “хэдийгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилох тогтоолоор *******-г томилсон боловч шинжээчийн дүгнэлт тайланг “*******” ХХК гаргасан байх бөгөөд шинжээч ******* нь “*******” ХХК-ийн үнэлгээчин болох нь хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан баримтаар тогтоогдож байна” гэж худлаа бичсэн. Хэрэгт авагдсан баримтаас харвал хариуцагч талаас “*******” ХХК нь *******-д итгэмжлэл өгсөн гэж тайлбарласан боловч хэрэгт итгэмжлэл авагдаагүй бөгөөд шүүхийн зүгээс ямар ч баримтгүйгээр хариуцагчийн хэлсэн үгийг шууд хүлээн авч ******* нь “*******” ХХК-ийн үнэлгээчин гэж худлаа дүгнэсэн.
5.2.Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор “*******” ХХК-аар дүгнэлт гаргуулан хэргийн материалд хавсаргасан боловч шүүхээс “*******” ХХК-ийн үнэлгээ нь “*******” ХХК-ийн үнэлгээг үндэслэлгүй гаргасан, эсхүл Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Хөрөнгийн үнэлгээний тайланг бодитой үнэлээгүй гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. “*******” ХХК үл хөдлөх хөрөнгүүдийг “*******” ХХК-ийн үнэлгээнээс өндөр үнээр үнэлэгдсэн гэх агуулгаар гаргаж өгсөн боловч шүүх өөр байдлаар дүгнэж хэт нэг талыг барьсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд нийцсэн гэж маргажээ.
2.1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талыг дэмжин оролцжээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
3.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.20-ны өдрийн 181/ШШ2022/01384 дугаартай шийдвэрээр хариуцагч “*******” ХХК-аас 2,259,187,967.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох “*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол /*******/, Нарны зам гудамж, ******* тоот хаягт байрлах 1260,6 м.кв талбайтай контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах газар эзэмших эрхийн ******* дугаарын гэрчилгээтэй, 3649 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх-48-58/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2- т зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.
3.2.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн 2023.01.19-ний өдрийн 181/ШЗ2023/01577 дугаартай захирамж, мөн өдрийн 181/ГХ2023/00104 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг бичиг баримтыг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох “*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол /*******/, Нарны зам гудамж, ******* тоот хаягт байрлах 1260,6 м.кв талбайтай контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн ******* дугаарын гэрчилгээтэй, ******* дүүрэг ******* дүгээр хороонд байршилтай үйлчилгээний зориулалттай 3649 м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-т тус тус заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан. /1хх-66-69/
3.3.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээний талаар үнийн санал ирүүлэх тухай 2023.06.05-ны өдрийн ******* дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн, үнийн санал ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон хөрөнгийг үнэлүүлэх болохыг төлбөр төлөгч “*******” ХХК-д мэдэгдсэн байна. /1хх-70-71/
3.4.Төлбөр төлөгч “*******” ХХК нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг 40,000,000,000 төгрөгийн доод үнийн санал ирүүлжээ. /1хх-72/ Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023.06.12-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээч томилжээ. /хх-73/
4. Шинжээч томилсон ажиллагаа, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд нийцсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4.1.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023.06.12-ны өдрийн ******* дугаартай тогтоолд шинжээчээр *******-г томилсон бөгөөд түүнд шинжээчийн эрх, үүрэг тайлбарлаж, шинжээчээр оролцохоос татгалзах, оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулж, тогтоолыг гардуулжээ. Хөрөнгийн үнэлгээний тайланд “гүйцэтгэгч” хэсэгт “*******” ХХК гээд тухайн компанийн албан бланк дээр үйлдсэн боловч эрх, үүрэг тайлбарласан баримтын “хаана ямар ажил эрхэлдэг болох” хэсэгт “*******” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин” гэж ажлын газраа тодорхойлсон, *******г гэрчээр асуухад тухайн байгууллагад ажилладаг гэж мэдүүлсэн, үнэлгээний тайлангийн “мэргэшсэн үнэлгээчин” хэсэгт “*******” гэж тодорхойлсон, “мэргэшсэн үнэлгээчин *******” гэж гарын үсэг зурж, өөрийн тамгыг дарсан байдлаас үзэхэд шинжээчээр ******* нь “*******” ХХК-ийг төлөөлж бус үнэлгээчний хувиар ажилласан гэж үзнэ. /1хх-7-31, 75-78, 2хх-33-46/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөрөнгийн үнэлгээний шинжээч оролцуулсантай холбоотой ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5.2-т тус тус заасантай нийцэж байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
4.2.Шинжээчийн дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол /*******/, Нарны зам гудамж, ******* тоот хаягт байрлах 1260,6 м.кв талбайтай контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эзэмших эрхийн ******* дугаарын гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай 3649 м.кв талбайтай хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 10,199,161,439 төгрөгөөр тогтоожээ. /1хх-7-33/
Дээрх хөрөнгөд үнэлгээ хийхдээ үнэлгээний зах зээлийн хандлага, орлогын хандлагын болон өртгийн хандлагын аргыг ашиглаж, 3 жишиг хөрөнгийг харьцуулсан байна. Ингээд 3 аргын үнэлгээний дүнг харьцуулан, зах зээлийн хандлагын үнэлгээг ач холбогдолтой гэж дүгнээд эд хөрөнгийн эцсийн үнэлгээг тогтоосон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг шинжээч зөрчсөн гэж үзэхгүй.
Мөн шинжээч нь дээрх хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, тооцоолол, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, үндэслэлийг нэг бүрчлэн тодорхойлон тайлбарласан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагуудыг хангасан, хөрөнгийн үнэлгээний байгууллага, шинжээч үнэлгээ тогтоохдоо хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Нэхэмжлэгчээс гарган өгсөн “*******” ХХК-ийн үнэлгээний тайлангаар хөрөнгийг 13,210,000,000 төгрөгөөр үнэлсэн байх боловч уг үнэлгээний тайлангаар “*******” ХХК-ийн тайланг үгүйсгэх үндэслэл болохгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
4.3. Иймд анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг зөв хэрэглэсэн байна.
5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Г.НЯМСҮРЭН