Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 0165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ха Улсын яллагч Л.О Хохирогч Н.Ү Хохирогчийн өмгөөлөгч М Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т-дхолбогдох эрүүгийн 1925001350130 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт. Н.Т

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн СӨХ-ийн 3-20 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Үү-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Т-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Ү-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Төрмөнх мэдүүлэхдээ “Хэрэгт авагдсан мессеж байна. Өөрөө самсунг маркын утас барьдаг. Өөр утсанд хийж байгаад зөвхөн миний бичсэн мессежийг ирүүлсэн байна. Өөрөө намайг “эр янхан” гэхээс эхлээд байж болох муу муухайгаар хэлдэг. Ядаж харилцан яриа байх ёстой өөрийнхөө бичсэнийг устгаж шүүхэд өгсөн байна. Гар утсаар авсан зурган дээр огноог компьютерээр бичсэн байна. Манай гэр бүлийн хүн намайг буулгаж авахын тулд яваад байна. Өөрөө материаллаг сонирхолтой. Би хүүхдүүдээ тэжээх үүргээ ойлгож байгаа. Тэтгэлэг төлөөд явж байгаа. Би хүүгээ сүүлийн 10-аад хоног харж байгаа. Ой хүрсэн хүүхэд шөнө уйлна.Ү хэлэхээр чи яахаараа хардаггүй юм гэдэг. Би хүүхдээ харж чадна. Гомдолтой байна”гэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Н.Ү мэдүүлэхдээ “Н.Т анх 2014 оноос эхэлж зодож эхэлсэн. Тухайн үед Цагдаад хандахад дахиж ийм байдал гаргахгүй гээд хэргийг хаалгаж байсан. Түүнээс хойш 2016 оноос хойш буцаад зодож, цохиж эхэлсэн. 2018 оны 06 сард аавыгаа байж байхад хүртэл намайг зодож байсан. Хажуу айлынхаа утсаар Цагдаа дуудаж байсан. Дүү нь Цагдаад битгий өгөөч гэж гуйж байсан. Ах чинь ганц удаа ингээгүй гэдгийг хэлсэн. 2018 оны 12 сар, 2019 оны 01 сар, 10 сар 02, 02 сарын 14-ний өдрүүдэд зодож байсан. Нялх нойтон хүүхэдтэй битгий зодож цохиод байгаач гэхээр ойлгодоггүй. Би бие сэтгэлээрээ их хохирч байна. Толгой тархи өвддөг, зүрх өвддөг болсон. Миний ааш занд нөлөөлдөг. Би кран барьдаг. Хүнд хүчир ажил хийдэг. Байнгын араас дарамталж мессеж бичиж дарамталдаг. Ажил дээр гарч байхад шөнө залгаад нойр хүрэхгүй байна гэж залгадаг. Охиноос асуухаар аав пиво уусан гэж хэлдэг. Хамт унтаж байхад нойр хүрэхгүй байна гээд өшиглөж сэрээдэг. 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15- нд шилжих шөнө Н.Т рүү залгаад Хүслэнд эм аваад ирээч гэхэд гадаа машинд уугаад сууж байна гэж байсан. 2 цагийн дараа залгахад айлд эмэгтэй хүмүүс дээр оччихсон байсан. 10 цагийн үед залгасан чинь яршигтай юм бэ гээд салгаж байсан. Гэртээ 1 цаг өнгөрөөгөөд орж ирэхээр нь утсыг нь шалгахад 11 цагийн үед н.Мичидмаа гэх хүүхэн рүү залгасан байсан. Тэр дугаарыг намайг босоод эргээд ирэхэд устгасан байсан. Чи яагаад наад дугаараа устгасан юм бэ гэхэд тэр хүүхнээ өмөөрч намайг боож чирж газар унагаасан. Хэрвээ тэр үед надад хутга байсан бол алчихъя гэж бодож байсан. Яагаад гэвэл би амьсгалах боломжгүй байсан. Гараад явахад нь араас нь юм шидсэн. Маргааш нь Цагдаад өгсөн. Иймэрхүү байдал зөндөө гарч байсан. Хэрүүл хийхгүй байя залхаж байна, хүүхэд өвдөөд хэцүү байна гэж өөрт нь хэлж байсан. Бие болон сэтгэл санааны асар их хохиролтой байна” гэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Н.Ү-ийн ...“Н.Т шөнө 01 цагийн үед гэртээ ирэхээр нь утсыг нь шалгаж үзтэл 23 цагийн үед н.М гэх эмэгтэйрүү залгасан байхаар нь би хүүхдээ унтуулчихаад эргэж очоод утсыг нь аваад үзэхэд тухайн дугаарыг устгачихсан байсан. Тэгэхээр нь би н.М гэх эмэгтэй рүү залгаад утсаар хэрэлдсэн чинь Н.Т нөгөө эмэгтэйг өмөөрч намайг хоолой боож арагш дагзаар шалан дээр унасан. Намайг газар унасан байхад дээрээс толгойруу цохьсон, босоод ирэхэд хөл рүү өшиглөөд байсан. Би Н.Т*тэй гэр бүл болоод арваад жил болж байна. 2013 оноос хойш Н.Т бид хоёр хоорондоо маргаантай болсон, их бага хэмжээгээр агсам согтуу тавьж зодож цохьдог болсон. 2018 онд зөндөө олон удаа зодож цохиж намайг дарамталсан ба 2 удаа цагдаа дуудсан. Н.Т-хийг ирээд цагдаа аваад явах үед дүү нь болох Т-э надаас гуйж байгаад Н.Т-хийг эрүүлжүүлэхэд хийлгүй гаргаж байсан. Би Н.Т-ийг гэрт ирж агсам согтуу тавьж дарамталж байхад нь цагдаад өгөлгүй олон удаа уучилж байсан. Сүүлдээ гар хүрч зоддог болсон тул цагдаад хандаж байна. 2018 онд гэхэд л Н.Тнамайг 10-20 удаа зодож байсан тэрний 4-5 удаад нь намайг хөх няц болтол зодож байсан. 2014 оны 04 сарын 21 өдөр намайг зодож танхайрсан. 2017 оны 09 сарын 22-ны өдөр согтуу орж ирж намайг зодсон. 2018 оны 10 сарын 02-ны өдөр толгой руу гараараа цохиж танхайрсан. 2019 оны 01 сарын 16-ны өдөр Н.Т адуур архи ууж орж ирээд надтай маргалдаж намайг зодсон. Тухайн үед миний шанаа руу гараараа цохих хөхрүүлсэн байсан. Мөн 2019 оны 02 сарын 15-ны өдөр зодсон зургийг нь хэрэг хавсаргуулахаар өгсөн. Төрмөнх намайг зөвхөн зодох биш янз бүрээр харааж доромжилдог. Энэ байдалд манай хүүхэд хүртэл хүчирхийлэлд өртөж байна. Намайг ажил дээр байхад ч хүртэл утсаар залгаж мөн мессеж бичиж хардаж элдвээр харааж зүхдэг”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-9-р хуудас/

2. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын сарын 22-ны өдрийн 167 дугаартай ...“Н.Ү-ийн биед зүүн гуяа, зүүн шилбэнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 19-р хуудас/

3. Гэрч Ц.Ц-ийн ...“Өмнө 2013 онд Н.Үүрийнтуяаг боож унагаж зодсон байсан. Тухайн үед цагдаад мэдэгдэж Н.Т-өд арга хэмжээ авсан гэсэн. Тэрнээс хойш Н.Т Н.Ү- ганц нэг цохиж авлаа гэж надад хэлж байсан. 2018 оны 10 сарын 11-ний өдөр Н.Т-ийг зодлоо гэж Н.Үүрийнтуяа над руу утсаар ярьсан. Маргааш нь очоод харахад толгой нь хавдаж овойсон байсан. Мөн 2018 оны 12 дугаар сард Н.ТН.Үүрийнтуяаг зодох үед Н.Т-*нхийн дүү Н.Т-Э ахдаа хэлье дахиж таныг зодож цохихгүй гэж амлалт өгч байгаад цагдаа руу залгаж дуудлагаа буцааж байсан гэсэн. 2019 оны 01 сарын 16-ны өдөр Н.Т Н.Ү-гийн толгой руу цохиж авсан байсан. 2019 оны 02 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө боож унагаж байгаад зодож хөл шагай гуя хэсгийг нь хөхрүүлсэн байсан” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийг 12-р хуудас/

4. Гэрч Ч.Ц-гийн ...“2018 оны 12 сард Н.Ү намайг хүрээд ирээч гэхээр нь очтол Н.Т согтуу байсан ба хоорондоо маргалдаж хэрэлдэж байсан. Н.Т маргалдаж байгаад Н.Үүрийнтуяаг 3-4 удаа цохиод авахаар нь би боль гэтэл Н.Төрмөнх гараад явсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/

5. Гэрч Г.С-ын ...“Н.Ү 2017 оны 02 сарын 17-ны өдөр манайд ирээд нөхөр Н.Т зодсон гэж ярьсан. Мөн биеэ надад харуулсан. Н.Ү-гийн зүүн талын хөл нэлэнхүйдээ хөхөрсөн, зүүн талын шанаа нь хөхөрсөн байсан. Н.Т Н.Ү хардаж маргалддаг, Н.Т даруухан юм шиг харагддаг мөртлөө эхнэртээ харгис хэрцгий харьцдаг юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.О би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон тогтоох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Н.Т-өд холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Н.Т нь 2019 оны 02 дугаар сарын 14-15-ны шилжих шөнө Орхон аймгийн БаянӨндөр сумын Дэнж багийн сөх-3-20 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Ү-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Мөн Н.Ү-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Ү-ийн мэдүүлэг, гэрч Ч.Цэцэгсүрэн, Ц.Цэцэгмаа, Г.Солонго нарын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, шинжээч эмч Ж.Г-ийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон. Хэдийгээр байнга зодоогүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Н.Т нь эхнэр Н.Ү-г байнга зодож байсан нь нотлогдож байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно”заасан байдаг. 02 дугаар сарын 14-15-ны шилжих шөнө эхнэр Н.Ү-г зодож хөнгөн хохирол учруулсан үйлдэл бол хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг буюу хоёр гэмт хэргийг нэг дор үйлдсэн. Гэрч Н.Т-Э, Аав нээлтийн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Н.Т-хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна гээд Шүүгдэгч Н.Төрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Энэ хэрэгт Н.Т баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөх санал гаргаж байна” гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч М.М дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан. Гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэдгийг хууль тогтоогч заасан. Байнга гэдгийг өдөр болгон гэж ойлгохгүй. Тогтмол хугацаанд зодсон гэдэг фото зураг болон бусад баримтаар тогтоогдоно. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь би түүнд халдсан хүлээн зөвшөөрч байна гэдгээр тогтоогдсон. Нэг бүлэгт заасан хоёр гэмт хэргийг үйлдсэн байх тул гэм буруутайд тооцож өгнө үү. Н.Ү нь “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨХК ажилладаг боловч одоогоор амралттай байгаа. Сэтгэл санааны болон эрүүл мэндийн гэм хорын хохирлыг иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгөөч гэж хүсч байгаа гээд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 нэг бүлэгт заасан гэмт хэрэг байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан ба хуулийн зохицуулалтын анхаарч үзээсэй. Хохирогчоос уучлалт гуйсан гэж багаа боловч харин ч шүүх цагдаагаар явж байгаа гээд загнаж зандарч харьцаж байгаа зэргийг харгалзан үзнэ үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйл ангийг нэмсэн. Гэр бүлийн хүнийг байнга зодсон гэдгийг Тзөвшөөрөхгүй байна гэдэг. Монгол хэлний тайлбар толинд “Байнга” гэдгийг тогтмол цагт хийх үйлдлийг хэлдэг. Өдөр бүхэн ажлаасаа ирээд зоддог гэх үйлдэл нөхцөл байдалд нийцэхгүй байна. Хамтран амьдрах хугацаанд өчнөөн маргаан гарсан байна. Үүнийг байнга гэж үзэх үү. Шүүгдэгч 2014 онд торгуулаар шийтгэгдсэн гэдэг. Эхнэрээ байнга харддаг, найз нөхдийг дарамталдаг гэх боловч хангалттай нотлогдоогүй. Багалзуурдаж хоолой боож зодсон гэдэг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдоогүй. найз нөхдийг дарамталдаг гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй. Заналхийлсэн мессеж ирдэг гээд байгаа боловч хохирогч баримтаа өгөөгүй байна. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байнга гэж ойлгож болохгүй. Хууль хэрэглээний хувьд хэр зөв юм бэ, Улсын яллагч гэрч Ч.Ц, Г.С нарын мэдүүлэг, фото зургийг үндэслэн саналаа хэлж байна. Ч.Ц хохирогчийн эгч, Ц.Ц бол ээж нь. Н.Үүрийнтуяа тэгэж ярьж байсан л гэдэг цаг хугацааг онож хэлээгүй. Ц-гийн хажууд зодсоныг хаана яаж зодсоныг хэлдэггүй. Эгчийнх нь хажууд зодохгүй гэж Н.Төрмөнх мэдүүлдэг. Хангалттай тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хөнгөн гэмтэл учруулсныг хүлээн зөвшөөрч байна. Н.Т өөрөө өрхийн тэргүүн хүн учраас энэ хүн эхнэр шигээ гомдол гаргаад явсан бол нөхцөл байдал өөр байх байсан. Хохирогчийн зан харилцааны байдал шүүхийн хэлэлцүүлэгт ямар вэ гэдэг нь харагдаж байна. Н.Т эвлэрье гэж хүч байсан. Эхнэр нь шууд сална, шийтгэж өгөөч гэж хүсч байгаа юм байна. Шүүх бол аль нэг талын хүсэл гүйцэлдүүлэгч биш. Н.Т алсаа хараад хүүхдээ бодоод байхад хохирогч материаллаг зүйл хүсч байгаа юм байна. 2 сарын хугацаанд хохиролтой холбоотой баримтыг гаргаж ирээгүй. Тусдаа нэхэмжлэх биз” гээд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж үзэж байна. Ял оногдуулах доод хэмжээг 2 жилээр тогтоосон бол хүнд гэмт хэрэг, тусгай ангийн 5 жил ба түүнээс доош жил оногдуулахаар заасан бол хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж заасан. Хөнгөн ангиллын гэмт хэрэг байна. Хохирогчийн өмгөөлөгч яллах байр суурьтай байна гэж үзэж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал хуулийн заалтыг хэлж байна. Өмгөөлөгчөөр оролцож байгаа ч гэсэн гэр бүлийн ардах амьдралыг харж оролцдог. Өнөөдөр эхнэр нөхөр бие биендээ гомдох бууж өгөхгүй асуудал байна. Хүүхдийн эрх ашгийг харгалзаж үзээж, 5 сард нэг нас хүрсэн хүүхдийг аав дээр нь хаясан байгаа юм байна. Энэ хүнийг хоривол санаа амрах гээд байна гэж хэлээд байна. Энэ хүсэл зоригоор шүүх шийдэхгүй. Н.Т уучлалт гуйгаагүй гэдгийг өмгөөлөгч нь хэлж байна. Хоорондоо уулзсаныг яагаад ингэж яриад ял шийтгэлийг хүндрүүлээд байгаа юм бэ? Н.Т-ийг даваад сүрдүүлэхдээ гол биш ард нь хүүхдүүд нь үлдэж байна. Н.Т мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа. Зөвхөн гэр бүлийн харилцаагаар нь тусгаарлах нь тохиромжгүй гэж үзэж байна. Энэ зүйл хэсэгт заасан доод ялыг оногдуулж өгөөч, хувийн байдлыг харгалзан үзээд түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж байна. Эвлэрээд сайхан амьдарсан байхыг үгүйсгэхгүй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагч 500 нэгжээр торгох ял санал болгосныг 450 нэгж болгомоор байна. Н.Т хоёр хүүхдийн тэтгэлэг төлөөд явж байгаа зэргийг харгалзан үзнэ үү гэв. Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Үүрийнтуяагийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрч Ц.Ц, Ч.Ц, Г.С нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Н.Төрмөнх нь 2019 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 3-20 тоотод эхнэр Н.Үүрийнтуяаг зодож биед нь зүүн гуяа, зүүн шилбэнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, 2018 оны 10 сарын 11-ний өдөр, 2018 оны 12 дугаар сард, 2019 оны 01 сарын 16-ны өдрүүдэд зодсон үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд Н.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Ү-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, урьд нь удаа дараа хардаж, маргалдсаны улмаас зодсон болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар, шүүгдэгчийн үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэх, хуулийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар улсын яллагчаас зөрүүтэй санал дүгнэлт гаргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч, шүүгдэгч нарын маргалдах, хэрэлдэх шалтгаан нь аль аль нь бие биенээ хардах асуудлаас үүдэлтэй боловч уг маргааныг байнга хүч хэрэглэх байдлаар шийдвэрлэж байгаа нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан байна гэж үзлээ. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Н.Ү-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм хорын хохирол нэхэмжлэл гаргаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Т-хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-өд оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Н.Үнь гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС