| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0183/Э |
| Дугаар | 0191 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 0191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Б
Шүүгдэгч О.Б, Э.Т, Х.А нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б, Э.Т, Х.А нарт холбогдох эрүүгийн 1925002430173 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
О.Б, Э.Т, Х.А
Шүүгдэгч Х.А нь 2018 оны 09 дүгээр сард Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хашаанд хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Баянхангай гэх газрын нутаг дэвсгэрээс О.Б-тай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хашаанд хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Баянхангай гэх газрын нутаг дэвсгэрээс Э.Т-той бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хашаанд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Б, Э.Т, Х.А нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Э.Т-дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14-р хуудас/
2. Х.А-рын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 26-28-р хуудас/
3. 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Х.А-рын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-30-р хуудас/
4. О.Б-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- н 32-36-р хуудас/
5. 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн О.Б-гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-39-р хуудас/
6. Э.Т-дын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 40-43-р хуудас/,
7. 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Э.Т-дын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-46-р хуудас/
8.Х.А-рын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-56-р хуудас/
7. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 57-р хуудас/
8. Гэрч Э.О-рын ... “2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ээлжинд гарч н.Д надад дэд түрүүч О.Б, хал цэрэг Х.А, Э.Т нар хар тамхи, мансууруулах бодис анги дээр хэрэглэдэг гэж хэлсэн” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 64-35-р хуудас/
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2086 дугаартай ... “Шинжилгээнд ирүүлсэн №16 гэж дугаарласан харуулын байр, №17 гэж дугаарласан “00-оос” гэж хаягласан гялгар ууттай “Сэрүүн”, “Сэнгүр” гэсэн бичиглэл бүхий гол хэсэгтээ хар өнгийн зүйлээр болхирлогдсон 2 ширхэг лааз тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна ...” гэх дүгнэлт. /хх-ийн 87-р хуудас/
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2084 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 125, 144, 161-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамалыг далд зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт авагдсан хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Сэнгүр” пивоны 2 ш лаазыг ялын тогтоол хүчин төгөлдөр бус болоход устгуулах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих арга хэмжээ авах саналтай байна.” гэв.
Шүүгэгч нарын өмгөөлөгч Ш.Бдүгнэлтдээ “Өнөөдрийн шүүх хуралдааны О.Б, Э.Т, Х.А зүйл анги дээр маргалдах шалтгаангүй, хувийн байдлыг харгалзаж үзэж биечлэн эдлүүлэхгүй ялыг тэнсэж өгөхийг шүүхээс хүсэж байна. Анх удаа хөнгөн төрлийн хэрэгт холбогдож байна. Нийгмээс тусгаарлуулахгүйгээр ар гэрийн хүмүүжлээр засагдах хүмүүс, шүүгдэгч нарын хувийн байдал маш сайн хүүхдүүд юм. Энэ нь нотлох баримтаар нотлогдож байна. Сургуульдаа үргэлжлүүлээд суралцах боломжтой өөрсдөө ажил хийж, мөн эцэг эх нь ч дараа жилээс суралцуулахаар бэлдэж байгаа. Гэр бүлийн байдал их тогтвортой. Ирээд эцэг эхдээ ийм хэрэгт холбогдлоо гэдгээ хэлчихсэн байсан. Дандаа амьдралаа ажил төрөлтэй хүмүүжилтэй эцэг эхүүд байгаа. Би ч бас ахмад хүний хувьд эдгээр хүүхдүүдэд дахин ийм гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдгийг анхааруулж зөвлөсөн. Энэ хүүхдүүд дахин мансууруулах бодис хэрэглэхгүй юм байна гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр батлагдчихсан. Иймд шүүгдэгч нарыг цаашид суралцаж, төгсөх ирээдүйг нь бодож, Эрүүгийн хариуцлагыг нийгмээс тусгаарлах биш нийгэмд нь төлөвшүүлэх ирээдүйн амьдралыг шүүхээс бодож өгнө үү. Хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Х.А нь 2018 оны 09 дүгээр сард Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлын худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хашаанд хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Э.Т, О.Б нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Баянхангай гэх газрын нутаг дэвсгэрээс дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хашаанд хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
О.Б, Э.Т, Х.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч О.Б, Э.Т, Х.А нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол байхгүй тул тэдний хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Сэнгүр” гэх бичиглэл бүхий 2 ширхэг пивоны лаазыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ШүүгдэгчО.Б, Э.Т, Х.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Э.Т, Х.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б, Э.Т, Х.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчО.Б, Э.Т, Х.А нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг лаазыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС