| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 193/2026/00035/И |
| Дугаар | 210/МА2026/01203 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/01203
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 193/ШШ2026/00460 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсантай холбоотой учирсан хохирол 2,539,232 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахим/, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би *******д 2021 оны 12 дугаар сард Инженер техникийн тасгийн цахилгаанчнаар ажилд орж, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр *******ыг төрүүлж, хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүү *******, 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин ******* нарыг төрүүлсэн.
1.2. Н*******т хандан жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах гэхэд *******өөс миний нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 10 дугаар сараас хойш төлөөгүй болохыг мэдсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан бөгөөд хуульд заасан хугацаанд холбогдох баримтаа бүрдүүлэн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хуульд заасан хувь хэмжээгээр тооцуулан авах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.
1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж, түүнчлэн, ******* хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй гэж, мөн зүйлийн 32.2.6-д ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
1.4. Иймд 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлөөгүйгээс төрөхийн өмнөх 1,269,616 төгрөгийн тэтгэмж, төрсний дараах 1,269,616 төгрөгийн тэтгэмж, нийт 2,539,232 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******ийн хувьд тус Эрүүл мэндийн төвтэй 2021 оны 12 дугаар сард инженер техникийн тасагт цахилгаанчнаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрж, төрсний дараах хүүхэд асрах амралтаа авсан бөгөөд чөлөөний хугацаанд дахин жирэмсэлж 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн.
2.2. *******аас 2025 оны 330 дугаар албан бичгээр өгсөн тайлбартаа жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх гэдэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан байдаг, таны нийгмийн даатгалын шимтгэл 2024 оны 10 дугаар сараас хойш төлөгдөөгүй байгаа тул жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй байна гэсэн хариултыг өгсөн байна.
2.3. Гэтэл нэхэмжлэгч ******* нь 2024 оны 10 дугаар сараас өмнө буюу 2021 оны 12 дугаар сард төрсөн, хүүхэд асрах хугацаандаа дахин жирэмсэлсэн тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нээлттэй гэж үзэж байна. ******* хуулийн нэгдүгээр бүлгийн 4.1.6-д нийгмийн даатгалын байгууллага гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг ойлгоно гэж, 4.1.16-д тэтгэмж гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох тохиолдолд өөрт нь, нас барахад түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно гэж тус тус заасан.
2.4. *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой өр нь тус төвийн удирдлага, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас огт шалтгаалаагүй өр бөгөөд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй гүйцэтгэлийн санхүүжилт, Сангийн яамнаас олгож байгаа квоттой холбоотой өр юм. Тухайн хугацаанд Сангийн яамнаас олгож ирсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх квот нь тухайн сард нийгмийн даатгалын шимтгэлд хүрэлцээгүй байсан нь ажил олгогчийн хяналтаас гадуур нөхцөл байсан бөгөөд үүний улмаас шимтгэлийг бүрэн төлөх бодит боломж байгаагүй болно.
2.5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой үүсээд байгаа өр, хүндрэлтэй нөхцөл байдлын талаар 2023, 2024, 2025 онуудад Эрүүл мэндийн яам, *******, ******* газар, *******т удаа дараа албан бичгийг хүргүүлж, үүсээд байгаа нөхцөл, байдал, хүндрэлтэй асуудлаа тайлбарласан. ******* нь нийгмийн даатгалын шимтгэл авч эхэлсэн он цагаас эхлэн өнөөдрийг хүртэл хуульд заасан шимтгэлээ Налайх дүүрэгтээ төлөөд, олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд *******т нийгмийн даатгалын шимтгэлийн богино хугацааны өртэй байгууллага юм.
2.6. Гэтэл Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгч ******* хуульд заасан эрхийнхээ хүрээнд өргөдөл гаргахад тэтгэвэр, тэтгэмж олгох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь ажил олгогчийн буруутай үйлдэл мэтээр тайлбарлаж, тэтгэвэр тэтгэмж олгохгүй байгаа нь түүнийг хохирооход бодитоор нөлөөлсөн үйлдэл гэж үзэж байна.
2.7. ******* тэтгэмжээ авч чадахгүй байгаа энэ хохирол нь ажил олгогчийн буруутай үйлдэл бус, *******ын эс үйлдэхүй, буруу тайлбартай шууд холбоотой гэж үзэх үндэслэлтэй байгаа тул Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байна.
2.8. ******* хуульд зааснаар нэхэмжлэгч *******т жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үүрэг нь *******ын харьяалах ажил, үүрэгтэй холбоотой асуудал тул *******өөс уг тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
3.1. ******* хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д тэтгэмж гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох тохиолдолд өөрт нь, нас барахад түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгчийн тэтгэмжийн даатгалын шимтгэл 2024 оны 10 дугаар сараас хойш төлөгдөөгүй байгаа тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй байна.
3.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дугаар тушаалын хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ын 6.6.2-т 31-90 хоногийн насжилттай шимтгэлийн өртэй ажил олгогчдод өр барагдуулах, алданги тооцох тухай, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага болон нийгмийн даатгалын сангаас ажилтнуудад тэтгэвэр, тэтгэмж олгохгүй (эрх үүсэхгүй) тухай мэдэгдлийг тус тус хүргүүлэх гэж заасныг хэрэгжүүлж ажилласан.
3.3. Мөн ******* хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т ажил олгогч нь орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүй бол мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж, 33 дугаар зүйлийн 33.1.6-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх гэж тус тус заасан байдаг тул ажил олгогч хохирлыг бүрэн хариуцаж төлнө гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. ******* хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 32 дугаар зүйлийн 32.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.2, 6 дугаар зүйлийн 6.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар 43.2.7-т зааснаар *******аас жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,539,232 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******өөс 2,539,232 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******ийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч *******д даалгаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 55,578 төгрөгийг гаруулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх хэсэгт ... Хариуцагч *******аас дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлсэн болон төлүүлэхээр хуульд заасан арга хэмжээг авах үүргээ хэрэгжүүлсэн, зөрчлийг арилгах авсан арга хэмжээ авсан болохоо баримтаар нотлоогүй гэсэн тухайд манай байгууллага болон ******* газрын Хяналт шалгалтын газрын Хамралт орлогын мэргэжилтэн нар удаа дараа *******ийн удирдлагатай уулзаж нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөрийг төлүүлэх талаар уулзалт зохион байгуулсан боловч төлж барагдуулах боломжгүй тухай хариу өгсөөр ирсэн.
Түүнчлэн, хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд Тус газраас 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 211 дугаартай албан бичгээр *******д мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тухай мэдэгдэлд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах, гэрээг шинэчлэх, шимтгэлийн өр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авах талаар тодорхой дурдаж хүргүүлсэн боловч Эрүүл мэндийн төв хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, улмаар тус газраас 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн удаа дараагийн хурал хойшлуулах хүсэлтээр 3 удаа шүүх хурал хойшилсон бөгөөд одоог хүртэл шүүх хуралдаан болоогүй байна.
Харин нэхэмжлэгч ******* нь 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хурал нь 1 хойшилж 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болсон байдаг. Өөрөөр хэлбэл, манай байгууллага нь хуульд заасан арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд тухайн үеийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын байдлаас шалтгаалан шүүх хурал болоогүй байна.
5.2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дахь хэсэгт ... Нэхэмжлэгч ******* нь хүүхэд асрах хугацаандаа хүүхэд төрүүлж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй бөгөөд Нийгмийн даатгалын газраас жирэмсний болон асрамжийн тэтгэмжээ авахаар нотлох баримтаа бүрдүүлж өгөхөд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн үндэслэлээр татгалзсан нь хуульд нийцэхгүй байна ... гэсний тухайд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь зөвхөн жирэмсний чөлөө авахаас өмнөх нийт болон сүүлийн 6 сарын хугацаанд шимтгэлийг бодитоор төлсөн байх хуульд заасан нөхцөл биелсэн үед үүсэхээр тусгайлан заасан.
Нэхэмжлэгч *******ийн нийгмийн даатгалын шимтгэлийг ******* 2024 оны 09 дүгээр сарыг дуустал төлсөн, харин 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 11 дүгээр cap хүртэл хугацаанд төлөөгүй байгаа нь нэхэмжлэгчийн жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сарын шимтгэл тасралтгүй төлөгдсөн байх хуулийн шаардлага бодитоор хангагдаагүй байгааг нотолсон юм.
5.3. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь хэсэгт ... *******ын тэтгэмж, тогтоолт олголт хариуцсан байцаагчаас *******ийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн эмнэлгийн хуудсыг үндэслэн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн 2,539,232 төгрөг гэж тооцоолол гаргаж өгсөн, хариуцагч талаас үүнд маргаагүй тул хариуцагч *******аас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 2,539,232 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй ... гэсний тухайд манай байгууллагаас тооцоолол гаргаж өгсөн нь Эрүүл мэндийн төвийн төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг төлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч *******ийн хууль ёсны эрхийг зөрчсөн *******өөс 2,539,232 төгрөг гаргуулах ёстой гэсэн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, шүүх хуралдаанд тайлбар гаргасан.
5.4. Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад *******аас нэхэмжилсэн нэг ч үг үсэг, өгүүлбэр байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, тодруулсан, манай байгууллагаас нэхэмжилсэн зүйл энэхүү хэргийн материалд байхгүй.
Харин *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан, уг хүсэлтийг дэмжих үү гэсэн асуултад нэхэмжлэгч ******* дэмжинэ гэж хариулсныг үндэслэн *******ыг хамтран хариуцагчаар татсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс манай байгууллагыг хамтран хариуцагчаар оролцуулахыг дэмжсэн боловч нэхэмжлэлийн шаардлага, тусгайлсан шаардлага гаргаагүй байдаг бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан 2,539,232 төгрөгийг манай байгууллагаас гаргуулна гэсэн нь үндэслэлгүй байна.
5.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дэх хэсэгт жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хохирол гэж үзэхгүй, мөн *******өөс жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,539,232 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэжээ. Шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх ёстой ба ажилтны эрх ашгийг хохирол гэж үзэхгүй гэж үзсэн, мөн хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн байгууллагаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
5.6. Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөх, төлөөгүйгээс даатгуулагчид учирсан хохирлыг барагдуулах үндсэн үүрэг нь ажил олгогчид ногддог бөгөөд нийгмийн даатгалын байгууллагад ажил олгогчийн өмнөөс шимтгэлийн үүргийг хүлээх, төлөөгүй шимтгэлийг даатгуулагчид тэтгэмж хэлбэрээр олгох эрх зүйн зохицуулалт байхгүй юм.
5.7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхийг хүлээн зөвшөөрөхдөө Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зөвхөн даатгуулагчийн эрхийг хамгаалах талаас нь нэг талын, өргөтгөсөн тайлбараар хэрэглэж, шимтгэл бодитоор төлөгдсөн эсэх, сүүлийн 6 сарын тасралтгүй төлөлтийн шаардлагыг нарийвчлан шалгаагүй. Мөн ******* хуулийн 21, 32 дугаар зүйлийн агуулгыг үл харгалзан *******т даатгуулагчид тэтгэмж олгох үүргийг шууд хүлээлгэж, ажил олгогчийн хохирол нөхөн төлөх үүргийг тусад нь авч үзээгүй нь нийгмийн даатгалын багц хуулийн зохицуулалтын уялдаа холбоог зөрчсөн гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын байгууллага нь хуульд заасан тэтгэмжийн эрх үүсээгүй нөхцөлд Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олговол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хяналт тавих үүргээ зөрчсөн байдлаар харагдах тул анхан шатны шүүх тэтгэмж олгох эх үүсвэр, санхүүжилтийн хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн судлаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
5.8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд бусдын хууль бусаар үйлдсэн гэм хорын улмаас учирсан хохирлыг гагцхүү гэм хор учруулсан этгээдээс нөхөн төлүүлэх эрх зүйн үндсийг тогтоосон байдаг.
Энэхүү хэрэгт нэхэмжлэгчид учирсан гэж үзэж буй хохирол нь ажил олгогч болох ******* нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй, ******* хуулийн 21, 32 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүйгээс үүссэн. Иймд Иргэний хуулийн 497, ******* хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагыг ажил олгогчид хандаж гаргах ёстой бөгөөд нийгмийн даатгалын байгууллагад уг хохирлыг тэтгэмж хэлбэрээр барагдуулах үүрэг үүсэхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хохирлыг ажил олгогчийн буруутай үйлдэлтэй холбон үнэлсэн атлаа Иргэний хуулийн дээрх заалтыг хэрэглэн хохирлыг хэнээс гаргуулах асуудлыг шийдвэрлэхдээ логик, хууль зүйн зөрчилтэй шийдвэрлэж, ажил олгогчид зөвхөн шимтгэлийн өрийг нөхөн төлөх үүрэг оногдуулж, харин тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгохоор шийдсэн нь хуулийн зохицуулалтын зорилго, утгатай нийцэхгүй байна.
5.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дугаар зүйлд нотлох баримтыг хэн гаргах, хэрхэн үнэлэх журмыг тогтоосон. Хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчийн шимтгэл төлөлтийн тодорхойлолт, *******ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот албан бичиг, Эрүүл мэндийн төвийн тайлбар, санхүүжилтийн баримтуудыг гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх эдгээр баримтыг тэтгэмжийн эрх үүсэх нөхцөлтэй уялдуулан хангалттай шинжилж, хууль хэрэглээг зөв тодорхойлоогүй байна.
Мөн шүүх нийгмийн даатгалын байгууллагын хууль зүйн байр суурь, тэтгэмж олгох эрх мэдэл, сангийн хөрөнгө зарцуулах журмыг тогтоосон холбогдох дотоод журмыг бүрэн авч үзээгүй, нотлох баримтыг бүрэн шалгаагүй байна.
5.10. Иймд анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн нөхцөл үүссэн гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуцагч *******өөс нэхэмжлэгч *******ийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн 2,539,232 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс болж авч чадаагүй 2,539,232 төгрөгийг аль талаас гаргуулах ёстойг шийдэж өгнө үү гэв.
7. Давж заалдах гомдолд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. ******* нь дахин амаржсан асуудлаар нийгмийн даатгалын шимтгэл авах хүсэлтийг *******т гаргасан. *******аас 306 дугаартай албан бичгээр өгсөн хариу тайлбартаа ажил олгогчийн буруугаас ажилтанд хохирол учирсан бол ажил олгогч бүрэн хариуцна гэж ******* хуульд заасны дагуу та ажил олгогч болон хууль хяналтын байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэж зөвлөсөн байдаг.
7.2. *******аас ажил олгогчийн буруутай үйлдэл гэж өөрсдөө тогтоож ******* хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмж олгох үндсэн үүргээсээ татгалзаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажил олгогчийг буруутай мэтээр тайлбарласан нь хохирол учрахад нөлөөлсөн эс үйлдэхүй гэж үзэж байна.
7.3. ******* нь 300 гаруй ажилтантай бөгөөд эндээс 8 хүний л асуудал байгаа. Нийгмийн даатгалын санд өртэй болсон шалтгаан нь манай байгууллага нь сард 150-180,000,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан боловч Сангийн яамнаас тогтоосон квотоор 50,000,000 төгрөгийг төлөх болсон. Үүнээс үүдэн сард 110-130,000,000 төгрөгийн албан ёсны өр үүссэн.
7.4. Манай байгууллагын ажилтны цалин 60 хувиар нэмэгдсэн ч гүйцэтгэлээс олгогдоогүй. Учир нь төсвийн байгууллага байж байгаад гүйцэтгэлээр санхүүждэг байгууллага болсон. Мөн эмчилгээ үйлчилгээний суурь хураамж нэмэгдээгүй ба ажилтнуудын гүйцэтгэлээс 26-35 хувийн хасагдалтай учраас цалин хүрэлцэхгүй болсон. Манай байгууллагын 300 гаруй ажилтны 30 гаруй хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг ба бараг 100 хувийн өр зээлтэй байдаг.
7.5. Манай байгууллагын зүгээс 1996 оноос хойш хамтарч ажиллаж байгаа Нийгмийн даатгалын газар 8 хүний асуудлыг шийдээд өгчих байх гэж найдсан. Хэрвээ нийгмийн даатгалын шимтгэлд хурааж авсан мөнгөө олгочих юм бол манай ажилтнууд цалингүй болох бөгөөд цалингүй болбол 300 гаруй хүний эрх ашиг сонирхол хохирох нөхцөл байдалд байсан.
7.6. ******* тэтгэмж олгох боломжийг ашиглаагүй, үүргээ биелүүлээгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тохиолдолд тэтгэмжийг эхэлж олгож, дараагаар нь нөхөн төлүүлэх боломжтой байсан. Төрийн байгууллагын хувьд төр хоорондын санхүүгийн зохицуулалтаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.
7.7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тохиолдолд нөхөн төлүүлэх, алданги тооцох, хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдаг. Тэтгэмж олгох гол субъект нь ажил олгогч биш, Нийгмийн даатгалын сан байдаг. Монгол улсын Эрүүл мэндийн салбарт нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал гарсан хэдий ч зарим дүүргийн Нийгмийн даатгалын газраас тэтгэмжийг олгож байгаа. Манай байгууллагын зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайланг Нийгмийн даатгалын газарт цаг тухайд нь явуулдаг. Энэ асуудлыг Төр засгийн хүрээнд шийдвэрлэсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл буцаж төлөгдөж, тэтгэвэр тэтгэмж хуулийн дагуу олгогдох нөхцөл бүрдэнэ.
7.8. Иймд ******* хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсантай холбоотой учирсан хохирол 2,539,232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь хохирлыг ******* хариуцах ёстой гэж, хариуцагч ******* нь хохирлыг ажил олгогч буюу ******* хариуцах ёстой гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулаагүй, мөн шүүхээс гарсан шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.
4. Нэхэмжлэгч нь анх хариуцагч *******д холбогдуулан 2024 оны 10 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсантай холбоотой учирсан хохирол 2,539,232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ийн зүгээс *******ыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан, шүүх уг хүсэлтийг дэмжиж байгаа эсэхийг нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр тодруулж, нэхэмжлэгч уг хүсэлтийг дэмжсэн үндэслэлээр *******ыг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
4.1. Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас хамааран хэргийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх эсхүл ердийн журмаар хянан шийдвэрлэх эсэх нь тодорхойлогдох ба үүнээс хамааралтайгаар иргэний хэрэг үүсгэх хугацаа, нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллагаа, нэхэмжлэлд хариу тайлбар гаргах хугацаа, зарим төрлийн ажиллагаа буюу хэргийг нэгтгэх, тусгаарлах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэх эсэх, шүүхийн шийдвэрийн агуулга, шүүхийн шийдвэрийг гардуулах хугацаа, шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа зэрэг нь хуулиар ялгаатай зохицуулагдсан байдаг.
4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ердийн журмаар иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх хэрэг гэж үзсэн бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, хохирол шаардсан шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулсны үндсэн дээр уг хэрэг маргааныг шүүгч дангаар эсхүл бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх эсэхийг тогтоох шаардлагатай байсан байна.
4.3. Мөн хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан *******ыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгч дэмжсэн үндэслэлээр *******ыг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ******* хариуцах үндэслэл болон нэхэмжлэлээс *******т холбогдох шаардлагыг тус тус тодруулах, тодруулсан шаардлагыг хариуцагчид гардуулан хариу тайлбарыг авсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байжээ.
5. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2, 3, 4 дүгээр хуудас дутуу, шүүхийн шийдвэрийн Тодорхойлох нь хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбарын агуулга дутуу тусгагдсан, хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга тусгагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийн агуулгад тавигдах шаардлага хангагдаагүй байна.
6. Давж заалдах шатны шүүх дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх, алдааг залруулах, хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 193/ШШ2026/00460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ******* нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Б.УУГАНБАЯР