Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 102/2016/1394/И/ |
Дугаар | 1442 |
Огноо | 2016-08-17 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 1442
“Электрикком” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/04283 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Электрикком” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Готик голд” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 529 398 811 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
151 376 447 төгрөгийн зардал бүхий доголдлыг арилгаж, гэрээнд заасан чанарын дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Очирбал, С.Нямхүү,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Цолмон,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Готик голд” ХХК нь Архангай аймгийн Цэцэрлэг хотын төвийн 4-н уулзвар 5.06 км авто замуудын траст орсон 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шилжүүлэх, газар доогуур сувагчлан кабель шугамаар солих, трубо сүвлэх, авто замуудын гэрэлтүүлгийг шинээр суурилуулах дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчээр “Электрикком” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр 21 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэж төсөөлсөн. Манай компани санхүүгийн чадваргүй байсан ч гэсэн ажлын төлбөрт 120 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сард “Электрикком” ХХК-д шилжүүлсэн. Мөн манай компанид “Гудамж” төслөөс санхүүжилт орсон даруйд “Электрикком” ХХК-д 717 718 225 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Ийнхүү төлбөр хоцорч хийгдсэн нь “Гудамж” төслөөс санхүүжилт хийгдэхгүй удааширсантай холбоотой. Бид нөхцөл байдлыг тухай бүр “Электрикком” ХХК-д мэдэгдэж байсан. Манай компани захиалагчийн албаны зардал, баталгаат хугацааны 5 хувийг суутгасны дараа нийт 837 718 225 төгрөгийг “Электрикком” ХХК-д шилжүүлсэнээр гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсанаар барахгүй илүү төлөлтийг хийсэн. Мөн манай компани “Электрикком” ХХК-тай 208 000 000 төгрөгийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 7 дугаар сарын 20-нд байгуулсан. Уг гэрээний дагуу зохих бүх төлбөрийг бид бүрэн барагдуулсан. Харин захиалагчийн албаны зардал, баталгаат хугацааны барьцааг өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу суутган авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Готик голд” ХХК Ш.Цолмон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Готик голд” ХХК болон энэхүү ажлын зөвлөх үйлчилгээг үзүүлэгч “Си ти ай инженеринг интернэшнл” ХХК-ийн төлөөлөгчид хамтран “Электрикком” ХХК ажлын гүйцэтгэлд үзлэг хийхэд. 10 кв-ын цахилгаан дамжуулах шугамыг кабел шугамаар солих ажлыг YLV3*25+1*16 хүчин чадал бүхий кабелыг суурилуулах ёстой байтал YLV3*16+1*10 хүчин чадал бүхий гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй кабелаар гүйцэтгэж, биет байдлын доголдолтой ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон. Энэхүү доголдлыг арилгахын тулд суурилуулсан байгаа кабелыг ухаж гарган гэрээний дагуу шаардлага хангасан кабелаар солин буцааж суурилуулах хэрэгтэй. Түүнчлэн кабел солих явцад орчны зүлэгжүүлэлтийг сүйтгэх тул уг зүлэгжүүлэлтийг технологийн дагуу хуулж авах, буцаан зүлэгжүүлэх ажлыг мөн гүйцэтгэх шаардлагатай. Бидний тооцоолсноор гэрээг зөрчин суурилуулсан чанарын шаардлага хангаагүй кабелыг ажлын зурагт нийцүүлэн YLV3*25+1*16 хүчин чадал бүхий кабелаар солиж доголдол арилгахад 100 000 000 сая гаруй төгрөгийн зардал гарахаар байна. Ийнхүү “Готик голд” ХХК нь гэрээнд заасан чанарын шаардлагад нийцээгүй кабел суурилуулсантай холбогдох гэрээний зөрчлийг нэн даруй арилгах шаардлагыг өмнө нь удаа дараа “Электрикком” ХХК-д мэдэгдэж байсан боловч энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн уг асуудлаар уулзах үед “Электрикком” ХХК зүгээс “материалын зардлын зөрүүг буцаан шилжүүлж болох юм” хэмээн амаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд энэхүү зөрчлөө арилгах талаар “Электрикком” ХХК зүгээс ямар нэгэн арга хэмжээг аваагүй байна. Иймд 100 000 000 төгрөгийн зардал бүхий доголдлыг арилгаж өгөхийг хүсч байна. “Лэндс” ХХК болон түүний мэргэжлийн үнэлгээчин кабелын доголдлыг арилгахад нийт 151 376 447 төгрөг гэж тооцоолсон. Иймд манай талаас үнэлгээний дүгнэлтийг үндэслэн урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 51 376 447 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 151 376 447 төгрөг нэхэмжилж байгаа тул манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Электрикком” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь мөнгө нэхэмжилж байна. Мөнгийг ямар учраас нэхэмжилж байгаа вэ гэхээр чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засан сайжруулахтай холбоотой гарах зардал гэж хариуцагч тал нэхэмжилж байгаа юм байна. Тиймээс дараах 3 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Үүнд: “Готик голд” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн хувьд “Готик голд” ХХК нь жинхэнэ эзэмшигч биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Гудамж төсөлтэй “Готик голд” ХХК гэрээ хийсэн, уг гэрээний туслан гүйцэтгэгчээр “Электрикком” ХХК ажилласан. “Электрикком” ХХК болон үндсэн ажил гүйцэтгэгч болох “Готик голд” ХХК-ийн гэрээгээр хүлээх эрх нь хэзээ дуусгавар болох вэ гэхээр уг ажлыг эрх бүхий байгууллагад нь албан ёсоор хүлээлгэж өгснөөр гэрээний харилцаа дуусгавар болно. Тиймээс одоо гомдол гаргах эрх бүхий этгээд нь “Гудамж” төсөл. Уг эд хөрөнгийг одоогоор эзэмшилдээ байлгаж байгаа, эзэмшиж, ашиглаж байгаа этгээд нь энэ эд хөрөнгийн доголдлын талаар асуудал яриагүй, уг доголдлын талаар гомдлын шаардлага гараагүй байгаа. Иймд 151 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2-рт: Энэ нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь субъектийн хувьд байхгүйн зэрэгцээ шаардах эрхийн хувьд “Готик голд” ХХК-д байхгүй. Учир нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлд хэрвээ ажил гүйцэтгэгч ажлаа доголдолтой гүйцэтгэсэн, гэрээг зөрчсөн байвал захиалагчийн хувьд доголдлыг арилгуулах шаардлагыг гаргах эрхтэй гэж заасан байгаа. Мөн доголдлыг арилгуулахаар гуравдагч этгээдийг хөлсөлж доголдлыг арилгуулах эрхтэй гэж заасан байдаг. Харин “Готик голд” ХХК-ийн хувьд энэ доголдлыг арилгуулаагүй байгаа. 3-рт: Доголдын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурхаар байвал гэрээний үнийн дүнг ажлын хөлсийг бууруулах эрхтэй, гэрээнээс татгалзах эрхтэй талаар 352 дугаар зүйлд заасан. Гэтэл хариуцагч өөрөө ямар нэгэн доголдлыг арилгаагүй байж арилгах зардал гэх мэтээр шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй тул “Готик голд” ХХК шаардлага гаргах эрхгүй. Мөн эрх бүхий байгууллагаас энэхүү ажлыг шалгаад хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, 2014 оны 11 дугаар сарын 12-ны өдөр улсын комисс хүлээж авсан. Нэгэнт улсын комисс хүлээгээд авсан тул энэ доголдлын талаар доголдол байсан гэж үзэх юм бол улсын комисс үүнийг хүлээж авахгүй байсан. Иймд сөрөг нэхэмжлэлиийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 352 дугаар зүйлийн 352.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Готик голд” ХХК-иас 110 539 699 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Электрикком” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 418 859 112 төгрөг, 151 376 447 төгрөгийн зардал бүхий доголдолыг арилгаж, гэрээнд заасан чанарын дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 804 950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 072 840 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 710 648 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагчаас 110 539 699 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 59 318 066 төгрөгөөр тооцсон. Үүнээс захиалагчийн ажлын зардалд 15 992 802 төгрөг болон баталгаат хугацааны 5 хувийг тус тус суутгаж авсан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэвч шүүх хурлын явцад нэгэнт баталгаат хугацаа дуусахад эргэн төлөгдөх нь тодорхой тул бид баталгаат хугацааны 5 хувийн суутгалыг нэхэмжлэгч талд олгохыг зөвшөөрсөн. Харин 15 992 802 төгрөгийг захиалагчийн ажлын зардалд тооцож суутгасан нь үндэслэлтэй болох нь бидний тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан "Цахилгаан шугам болон гадна гэрэлтүүлгийг шинээр суурилуулах ажлын гүйцэтгэлийн нэгдсэн товчоо” гэх баримтаар хангалтай нотлогддог ба нэхэмжлэгчээс үүнд ямар нэгэн үндэслэл бүхий тайлбар өгөөгүй. Гэтэл шүүхээс ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгч хэт нэг талыг буюу нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Шүүгч талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 18-нд байгуулсан гэх 21 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр гэж шийдвэртээ үндэслэж гэрээний төлбөр төлөх журмыг тодорхойлохдоо 4.2-т заасныг баримталжээ. Гэрээний 4-т заасан заалтуудаас харвал гүйцэтгэгч нь хавсралт №1-т дэлгэрэнгүй жагсаасан цахилгаан, гэрэлтүүлгийн ажлыг зам, уулзвар бүрээр холбогдох батлагдсан төсвийн хүрээнд гүйцэтгэн хийгдсэн ажлыг зам, уулзвар бүрээр нь 15 хоногоор тасалбар болгож захиалагчаар дүгнүүлж нэхэмжлэх явуулсны үндсэн дээр хариуцагч нь ажлын 3 хоногийн дотор төлбөр шилжүүлэх үүрэг хүлээхээр байна. Гэтэл дээрх заалтуудад тодорхойлсны дагуу нэхэмжлэгч нь 15 хоногоор тасалбар болгон ажлаа дүгнүүлж Хавсралт №1-т заасан гүйцэтгэсэн ажлын дүнгээр нэхэмжлэх ирүүлж байгаагүй тул хариуцагч “Готик голд” ХХК нь 3 хоногийн дотор төлбөр төлөх үүрэг үүсээгүй тул алданги төлөх нөхцөл ч үүсэх боломжгүй байна. Мөн Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... нэхэмжлэгч нь 137 тоот нэхэмжлэл илгээснийг хариуцагч хүлээн авсан үйл баримт нь тогтоогдохгүй байгаа тул “Гудамж" төсөл ажлыг хүлээн авсан 2014 оны 11-р сарын 12-ны өдрөөс гэрээний 4.2-т заасны дагуу үндсэн төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлсөн төлбөрөөс алданги тооцсон нь үндэслэлгүй байна" гээд "Хариуцагч нь 2015 оны 8-р сарын 17-ны өдөр 717 718 225 төгрөгийг төлж, гэрээний төлбөрт 59 318 066 төгрөгийг төлөөгүй байх тул мөн өдрөөс хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүртэлх хугацааны алдангид 59 318 066 төгрөгийн 50 хувь болох 29 659 033 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна" гэж дүгнэсэн байна. Иргэний хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга, нөхцөл, журмыг зөвхөн талууд харилцан тохиролцоно. Маргаан бүхий гэрээнд алданги төлөх нөхцөл, журмыг "4-р зүйлд заасан нөхцөлийн дагуу төлбөр тооцоог хийх бөгөөд үүний дагуу төлбөр тооцоо төлөх үүргээ гүйцэтгээгүй бол хариуцагч нь 5.3-р заалтын дагуу хоног тутамд 0.3 хувийн алданги төлөх үүрэгтэй” гэж тодорхойлсон байна. Гэтэл гэрээний 4-р зүйлд заасан нөхцөлүүд огт хэрэгжээгүй бөгөөд үүний нэг болох нэхэмжлэхийг ирүүлэх тухай үйл баримт тогтоогдохгүй байна гэдгийг шүүгч дүгнэсэн боловч тус гэрээнд тусгаагүй үндэслэлээр буюу хариуцагч тал 2015 оны 8-р сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид тодорхой төлбөр шилжүүлснээр алданги төлөх үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн болон тус гэрээний холбогдох заалтуудыг зөрчиж байна. Иймээс шийдвэрийн дээрх хэсэг нь логик уялдаагүй, ойлгомжгүй бөгөөд эргэлзээ төрүүлэхүйц байна. Уг төслийн хүрээнд "Архангай аймгийн Цэцэрлэг хотын төвийн 1.18 км урттай 4 уулзвар, 5.07 км урттай хатуу хучилттай авто зам /нийт 6.25 км/-ыг\"-ыг өргөтгөн, шинэчлэх зам барилгын ажил гүйцэтгэх талаар 2014 оны 8-р сарын 1-нд захиалагч "Гудамж" төсөл хэрэгжүүлэгч нэгж, санхүүжүүлэгч Монгол Улсын Хөгжлийн банк, гүйцэтгэгч “Готик голд” ХХК гэх этгээдүүд гуравласан гэрээ байгуулсан байдаг бөгөөд энэхүү төслийг санхүүжүүлэх үүргийг Монгол Улсын Хөгжлийн банк хүлээсэн. Тус гуравласан гэрээний хавсралтаас харвал дэд бүтцийн ажлын хэсэг буюу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэрэлтүүлэг, цахилгааны ажлын төсөв батлагдаагүй байдаг. Харин нэхэмжлэгчээс тухайн ажлыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн гэх 2014 оны 11-р сарын 02-ны өдрөөс хойш 6 сарын дараа буюу 2015 оны 5 сарын 24-нд байгуулсан нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хавсралтаар албан ёсоор батлагдсан. Өөрөөр хэлбэл 21 тоот гээд байгаа гэрээ нь “Гудамж” төслийн хүрээнд “Готик голд" ХХК-ийн байгуулсан гуравласан үндсэн гэрээгүйгээр байгуулагдсан байх боломжгүй бөгөөд хүчин төгөлдөр бус юм. Иймд 21 тоот гэх гэрээ нь сайхан бичсэн шигээ нэг ч заалт нь хэрэгжээгүй. Жишээлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал нэхэмжлэгч тал нэг ч удаа хариуцагч талтай харилцаж байгаагүй төдийгүй алдангийн төсвийг нэмж батлуулах тухай хүсэлтээр шууд “Гудамж” төсөлд хандаж гаргасан байдаг. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь аливаа гэрээгүйгээр, зохих этгээдээс өгсөн зөвшөөрөл, үүрэг даалгаваргүйгээр зөвхөн өөрийн санаачилга, хүсэлтээр эрсдэлээ хариуцан өөрийн зардлаар ажлыг 2014 оны 6 сард эхлүүлсэн төдийгүй 21 тоот гэх гэрээнд нь санхүүжилтийг гүйцэтгэгч эхэлж хариуцна гэсэн аливаа зүйл, заалт байхгүй болохыг Ш.Цолмон миний бие хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчээс авсан хариултуудаар хангалттай нотолсоор байтал шүүгч эдгээр бодит байдлыг илт үл ойшоосон. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд бид мөн баталгаат хугацааны 5 хувийг суутгасан байсан бөгөөд баталгаат хугацаа дуусаж байгаа тул 21 562 600 төгрөг төлөхөөс татгалзах зүйлгүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ гэрээгээр тохирсон чанар, үзүүлэлт бүхий материалаар гүйцэтгээгүй буюу цахилгаан дамжуулах шугамыг кабел шугамаар солих ажлыг YLV3*25+1*16 хүчин чадал бүхий кабелыг суурилуулах ёстой байтал YLV3*16+1*10 хүчин чадал бүхий гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй материалаар гүйцэтгэсэн нь "гүйцэтгэлийн баримт бичиг" гэх материалаар хангалттай нотлогддог. Мөн нэхэмжлэгч нь энэхүү доголдлыг үгүйсгээгүй бөгөөд энэ талаар зөвхөн манай компанийг нэхэмжлэх эрхгүй этгээд доголдлыг арилгуулахаар гуравдагч этгээдэд хандаагүй гэсэн тайлбар л өгдөг. Эндээс харахад нэхэмжлэгч нь өөрөө үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан нь илэрхий байна. Гэтэл манай компанийг доголдлыг арилгуулахаар гуравдагч этгээдэд хандаагүй мөн гэрээнд заасан ажлыг гэрээний тал биш "Гудамж” төсөлд хүлээлгэн өгсөн гэсэн үндэслэлээр доголдолгүй байна гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамгийн хачирхалтай нь YLV3*25+1*16 хүчин чадал бүхий кабелыг суурилуулах ёстой байснаас YLV3*16+1*10 хүчин чадал бүхий кабел суулгасан, түүнчлэн “Готик голд" ХХК-иас төлбөр шилжүүлэхдээ YLV3*25+1*16 хүчин чадал бүхий кабелын материалын үнийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байхад шүүгч ядаж материалын зөрүү 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэх ёстой байсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид хэрэгт ач холбогдол бүхий бодит байдлыг тогтоолгохоор гэрч асуулгах, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх "Гудамж" төсөл хэрэгжүүлэх нэгжийг "бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд"-ээр оролцуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар гаргасан хүсэлтийг удаа дараа хүлээн авахаас татгалзаж бидэнд хуулиар олгогдсон эрхийг эдлэх боломж олгохгүй байсан тул шүүгч М.Баясгалангаас 2 удаа татгалзсан боловч хүсэлтийг мөн хүлээн авахаас татгалзсан. Бидний дээрхи хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бол энэ хэргийг тал бүрээс бодитой шийдвэрлэх боломжтой байсан юм. Гэтэл М.Баясгалан шүүгч хэт нэг талыг барьж асуудалд хандсан төдийгүй хэргийн материалд авагдсан 500 гаруй хуудас хэргийн материалыг нэг бүр харж судлахыг ч хичээгээгүй. Иймд 110 539 699 төгрөг гаргуулах тухай шийдвэрээс захиалагчын албаны зардал болох 15 992 802 төгрөг, алданги 29 659 033 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн 10 000 000 төгрөг нийт 55 651 835 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч “Электрикком” ХХК нь хариуцагч “Готик голд” ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 529 398 811 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 151 376 447 төгрөгийн зардал бүхий доголдлыг арилгаж, гэрээнд заасан чанарын дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Хариуцагч “Готик голд” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “Гудамж төсөл”-тэй Архангай аймгийн Цэцэрлэг хотын төвийн 1.18 км урттай 4 уулзвар, 5.07 км урттай хатуу хучилттай авто замыг өргөтгөн шинэчлэх зам барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний зүйлийг Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар “Электрикком” ХХК-иар туслан гүйцэтгүүлсэн байна. /хх-ийн 55-56, 63-165 дугаар тал/
Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч “Электрикком” ХХК нь Архангай аймгийн Цэцэрлэг хотод авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил болох авто зам доогуур труба сүвлэх, 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг кабель шугамаар солих, авто замын гэрэлтүүлгийн ажлыг захиалагч талын мэдээлэл өгөгдөл, ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэх, захиалагч “Готик голд” ХХК нь 977 611 083 төгрөгийн ажлын хөлс төлөх үүрэг тус тус хүлээжээ. /хх-ийн 9-12 дугаар тал/
Мөн зохигчид 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 121 тоот, замын трасст орсон кабель шугамуудыг зөөх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр “Электрикком” ХХК нь Дархан минжийн уулзварын замын трасст орсон кабель шугамыг зөөх ажлыг хийж гүйцэтгэх, “Готик голд” ХХК нь 208 000 000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 19-20 дугаар тал/
Анхан шатны шүүх талуудын байгуулсан дээрх хэлцлүүдийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүсгэсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Талууд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 тоот ажил гүйцэтгэх гэрээний ажлын нийт үнийн дүнг 977 611 083 төгрөгөөр тохиролцсон боловч ажлын гүйцэтгэлээс хамаарч ажлын өртөг 80 574 792 төгрөгөөр буурч 897 036 291 төгрөг болсон талаар маргаагүй байх тул анхан шүүх гэрээний ажлын хөлсний хэмжээг 897 036 291 төгрөгөөр тооцсон нь зүйтэй болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 343.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тус тус заасан.
“Гудамж төсөл” нь гүйцэтгэсэн ажлын үр дүн болох 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 тоот ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг хүлээн авсан болох нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар тогтоогдож байх бөгөөд гэрээний 4.2-т зааснаар ажлын үр дүнг хүлээн авч, нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу ажлын 3 хоногийн дотор захиалагч ажлын хөлс төлөх үүрэгтэй байна.
Захиалагчаас 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 120 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 717 718 225 төгрөг нийт 837 718 225 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч ажлын хөлсийг хугацаа хэтрүүлж өгсөн гэж захиалагчаас ажлын хөлсөнд төлсөн 837 718 225 төгрөгт алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх захиалагчаас 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 717 718 225 төгрөг төлсөн хугацаанаас хойш төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 59 318 066 төгрөгт алданги тооцож 29 659 033 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв.
Хариуцагч “Готик голд” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 121 тоот гэрээний ажлын хөлсөнд нийт 186 137 400 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд үлдэгдэл 21 862 600 төгрөгийг төлөөгүй байгаа боловч нэхэмжлэгч 21 562 600 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч “Готик голд” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 тоот ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 59 318 066 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 121 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 21 862 600 төгрөгийг тус тус төлөөгүй үндэслэлээ захиалагчийн албаны зардал болон баталгаат хугацааны барьцаанд суутгасан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Талуудын байгуулсан дээрхи гэрээнүүдэд энэ талаар тохиролцсон үйл баримтгүй болно.
Иймд анхан шатны шүүх хариуцагч “Готик голд” ХХК-иас 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 тоот ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 59 318 066 төгрөг, алданги 29 659 033 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 121 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 21 862 600 төгрөг нийт 110 539 699 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байна.
Хариуцагч “Готик голд” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 тоот ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнд доголдол гарсан гэж маргаж, доголдлыг арилгахад 151 376 447 төгрөгийн зардал гарна гэж нэхэмжилж байгаа боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Нөгөө талаар 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 тоот ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар “Гудамж төсөл” хүлээн авсан ба ямар доголдол гарсан,түүнийг зайлшгүй засварлах, кабель утсыг солих шаардлагатай болох нь эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байна.
“Лэндс” ХХК нь кабелийн шугамыг дахин солиход шаардагдах зах зээлийн үнэлгээг гаргахдаа захиалагч “Готикголд” ХХК-ийн мэдээлэлд үндэслэж гаргасан нь уг үнэлгээг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд “Лэндс” ХХК нь 21 тоот гэрээний ажлын гүйцэтгэлд чанарын доголдол гарсан эсэх талаар дүгнэлт гаргаагүй байх тул хариуцагч нь 151 376 447 төгрөг нэхэмжилэх эрхгүй.
Хариуцагч 15 995 802 төгрөгийг захиалагчийн ажлын зардалд тооцохоор тохиролцсон тул дээрх мөнгийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох байтал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь талууд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 тоот ажил гүйцэтгэх гэрээнд захиалагчийн албаны зардалд 15 992 802 төгрөг суутгаж авах талаар тохиролцоогүй байгаагаас гадна хэргийн 61 дүгээр талд авагдсан “Цахилгаан шугам болон гадна гэрэлтүүлгийг шинээр суурилуулах ажлын гүйцэтгэлийн нэгдсэн товчоо” гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.
Түүнчлэн хариуцагч нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ, чанарын биет байдлын доголдлыг баримтаар нотолж чадаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагад материалын зөрүүд 10 000 000 төгрөгийг гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна. 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй тул гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар гэрчээр нотлуулах шаардлагагүй болно. Түүнчлэн уг гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд “Гудамж төсөл”-ийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/04283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмонгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436 210 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Г.ДАВААДОРЖ