Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 183/2017/00288/и |
Дугаар | 001/ХТ2018/00288 |
Огноо | 2018-02-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/00288
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01894 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2271 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Ц.Гт холбогдох
Зээлийн гэрээ цуцлах, 27.201.530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Э гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Г хүсэлт гаргаж, "М" ХХК-с 2013 оны 8 сарын 30-ны өдөр 5 жилийн хугацаатай 40 сая төгрөг зээлсэн. Зээлдэгч 12 798 470 төгрөг төлж, үлдэгдэл 27 201 530 төгрөгийг төлөхгүй байна. Иймд зээлийн гэрээний 4.3.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдэгдэл төлбөр 27 201 530 төгрөгийг Ц.Гөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: Ц.Г "М" ХХК-д захирлын жолоочоор ажиллаж байхдаа 40сая төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлж, гэрээ байгуулсан боловч "М" ХХК-с 30сая төгрөг өгсөн. Ц.Гийн “Голомт банк” ХХК дахь харилцах дансанд 2013-08-30-ны өдөр 10 сая төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр /дараа тайлангаар/ гэсэн утгаар шилжүүлсэн. 2013-09-02 -ны өдөр /“М” ХХК-иас олгов/ гэсэн утгатай 10сая төгрөгөөр, 20 сая төгрөгөөр тус бүр нэг удаа шилжүүлсэн. Жолоочоор ажиллаж байх хугацаандаа төлөлт хийж байсан. Ажлаас нь халсан учир зээлийн төлөлт хийж чадахгүй болсон. 00-44 УБХ улсын дугаартай ланд 200 маркийн авто машинд 10 сая төгрөгийн сэлбэг авсан. Тухайн 10 сая төгрөгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй, компаниас зээл олгосон нөхцөл байдал байдаггүй. Тиймээс нэхэмжлэлээс 10 сая төгрөг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01894 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “М” ХХК, Ц.Г нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Ц.Гөөс 27 201 530 төгрөг гаргуулан “М” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 294 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Гөөс 294 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2271 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01894 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын гомдолдоо: Шүүх нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй. Талуудын хооронд 2013-08-30-ны өдөр 40 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан боловч 30 сая төгрөг шилжүүлсэн. 10 сая төгрөгийг компанийн зүгээс зээлийн зориулалттай олгоогүй. Уг мөнгийг компанийн автомашинд сэлбэг авахад зарцуулсан бөгөөд энэ тухай тус компанийн захирал мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлээс 10 сая төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“М” ХХК 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ц.Гт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 5 жилийн хугацаатай 40.000.000 төгрөг зээлүүлэх тухай 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг цуцлах, уг гэрээний үлдэгдэл төлбөр 27.201.530 төгрөг гаргуулахыг шаардсан байна. /хх 1-2/
Хариуцагч нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “... 40.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөг нь автомашинд сэлбэг авах мөнгө байсан тул сэлбэг авч машинд тавьсан... иймд зээлийн гэрээний дагуу 40.000.000 төгрөг биш, харин 30.000.000 төгрөг л авсан...” гэсэн үндэслэл заажээ. /хх 20/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй...” гэж,. 38 дугаар зүйлийн 38.6-д “...хэргийг хянан шийдвэрлэхэд ...үзлэг... гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ...” гэж., 116 дугаар зүйлийн 116.3-т “...шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана...” гэж тус тус заасан байна. Иймд хэргийн оролцогч өөрийн тайлбарыг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлнэ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчид нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний /хх 4/ хуулбар, зохигчдоос олгосон итгэмжлэл /хх 5-6, 31/, ерөнхий захирал томилох тухай “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаар шийдвэр /хх 7/, нэхэмжлэгч байгууллагын 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны авлага-өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хх 8/, мөнгө зээлүүлэх тухай хариуцагчаас 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдөл /хх 9/, банк хоорондын гүйлгээний 2013 оны 3 ширхэг баримт /хх 10-12/, 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ /хх 13/-г шүүхэд гаргасан өгсөн, өөр баримт хэрэгт байхгүй тул эдгээр баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4, 176 дугаар зүйлийн 176.2-т нийцэх юм.
Зохигчид 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсны дагуу “М” ХХК 40.000.000 төгрөг зээлүүлэх, Ц.Г мөнгийг хүлээн авч 20.000.000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 20.000.000 төгрөгийг 5 жилийн хугацаанд төлөх үүрэг тус тус хүлээсэн бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь шаардах эрхтэй.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нийт 30.000.000 төгрөг бүгд 40.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, зээлдэгч 40.000.000 төгрөг хүлээн авсан, зээлээс 27.201.530 төгрөг төлөөгүй үлдсэн нь тус тус тогтоогдсон байна.
Ц.Г нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргахдаа “...10.000.000 төгрөгөөр автомашинд сэлбэг авч тавьсан...” гэх боловч энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, уг татгалзлыг нотолж болох баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах, үзлэг хийх зэрэг хүсэлтийг шүүхэд гараагүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.6, 116.3-т нийцжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа хариуцагч баримтаар нотолж чадаагүй байна.
Хоёр шатны шүүх М ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Ц.Г нь “..хариуцагч байгууллагын автомашинд 10.000.000 төгрөгөөр сэлбэг авч тавьсан...” гэх үндэслэлтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01894 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2271 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Б.УНДРАХ