Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ХШТ/08

 

   Б.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Бн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д., Ч.Э, хохирогчийн өмгөөлөгч И.Х, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.З, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 966 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1193 дугаар магадлалтай, Б.А-д холбогдох эрүүгийн ** дугаартай хэргийг иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.З нарын хамтран болон хохирогч “ТМ” ХХК-ийн өмгөөлөгч И.Х-ын гаргасан гомдлыг тус тус үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гэмт хэрэг үйлдэх үедээ “ТМ” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б-н А

 Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчоон дээр үйл ажиллагаа явуулдаг “ТМ” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр:

 

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ****УНБ улсын дугаартай “Toyota соrolla fielder” загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар “Т” ХХК-ийн “С” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 6,000,000 төгрөгийг зээлэхдээ тухайн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 20-ний өдөр гаалийн бичигтэй, Монгол Улсад орж ирсэн, 2012 онд үйлдвэрлэгдсэн Тоёота приус-30 маркийн автомашиныг өөрийн төрсөн дүү Б.А-ийн нэр дээр шилжүүлж, улмаар “Т” ХХК-ийн ““С”” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 10,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс тухайн тээврийн хэрэгслийг “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн,

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаалийн бичигтэй, Монгол Улсад орж ирсэн, 2010 онд үйлдвэрлэгдсэн Тоёота приус-30 маркийн автомашиныг өөрийн найз С.Г-ийн нэр дээр шилжүүлж, улмаар “Т” ХХК-ийн “С” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 8,000,000 төгрөгийг зээлэхдээ тухайн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн,

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаалийн бичигтэй, Монгол Улсад орж ирсэн, 2011 онд үйлдвэрлэгдсэн Лексус CТ-200 маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж, “Т” ХХК-ийн “С” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 9,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс тухайн тээврийн хэрэгслийг “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн буюу бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хувьдаа захиран зарцуулж, бусдад 71,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 966 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.А-г үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гээс 71,000,000 (далан нэгэн сая) төгрөгийг гаргуулж хохирогч “ТМ” ХХК-д олгохоор тогтож, энэхүү хохирол төлбөрт тооцуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 71 сая төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, хохирогч “ТМ” ХХК-д шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч “ТМ” ХХК нь түрээсийн төлбөр болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гээс 30,083,340 (гучин сая наян гурван мянга гурван зуун дөчин) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, зээлийн төлбөрөөс үүссэн бусад маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.З нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж 1193 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.А-гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 33,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслүүдийг хураан авч хохирогч “ТМ” ХХК, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй." гэсэн нэмэлт заалтыг оруулж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтад "Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-гээс 71,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч “ТМ” ХХК-д олгохоор тогтож, хохирогч “ТМ” ХХК нь түрээсийн төлбөр болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б болон түүний өмгөөлөгч А.З нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.З нар хамтран гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Б.А-д холбогдох Эрүүгийн ** дугаартай хэрэгт манай байгууллага иргэний нэхэмжлэгчээр оролцсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүйгээр манай өмчлөлийн Тоёота приус 30 маркийн ****УБХ, Тоёота приус 30 маркийн **** УБЗ, Лексус СТ-200 маркийн **** УНТ, Тоёота пилдэр маркийн **** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг манай компанид олгохоор шийдвэрлээгүй бөгөөд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Учир нь “ТМ” ХХК нь шүүгдэгч Б.Ад тухайн автомашинуудыг худалдан борлуулах эрх олгосон байдаг бөгөөд уг эрхийн дагуу Б.А, Б.АЗ, С.Г нар нь “Т” ХХК-ийн “С” ломбардад тухайн автомашинуудыг бодитоор үзүүлж, фидуцийн гэрээ байгуулж, зээл авах хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд өөрсдийнх нь хүсэл зоригийн дагуу автомашины эрхийн зөрчилтэй эсэх, маргаантай эсэхийг лавлан тодруулсны үндсэн дээр зээл, фидуцийн гэрээнүүдийг тус тус байгуулж, дээрх этгээдүүдэд мөнгийг олгосон.

Өөрөөр хэлбэл, Б.А, Б.АЗ, С.Гнар нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу захиран зарцуулж “Т” ХХК-ийн “С” ломбардаас зээл авч, тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээний дагуу өмчлөлийг шилжүүлж өгсөн нь Монгол Улсын хуулийг зөрчсөн үйлдэл биш бөгөөд тус гэрээний хугацаа дуусаж, зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслүүдийг бодитоор эзэмшилдээ авснаар, гэрээ дуусгавар болсноор хууль ёсны өмчлөгч нь иргэний нэхэмжлэгч “Т” ХХК юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан ба ****УБХ, **** УНТ, **** УБЗ, **** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг болон 2019.01.17-ны өдрийн, 2018.12.20-ны өдрийн, 2019.03.05-ны өдрийн, 2018.10.22-ны өдрийн фидуцийн гэрээнүүдэд тус тус заасны дагуу өнөөдрийг хүртэл “Т” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө хэвээр байна. Харин “ТМ” ХХК нь тус автомашинуудын өмчлөгч биш болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй бөгөөд манай компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг худалдан борлуулах замаар хохирогч компанийн хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Тухайлбал, “Т” ХХК-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан зохицуулалтын дагуу байгуулсан гэрээ бөгөөд гэрээ байгуулагдах үед “Т” ХХК нь Б.А дээрх тээврийн хэрэгслүүдийг итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завшиж шилжүүлэн авсан болохыг мэдээгүй байхдаа гэрээ байгуулж, зээл олгож, Б.А, Б.АЗ, С.Г нарын өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд хөрөнгийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ" гэж заасны дагуу “Т” ХХК нь тус ****УБХ, **** УНТ, **** УБЗ, **** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр үлдэх хуулийн зохицуулалттай. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх манай компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хохирогч компанид олгохоор шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх манай компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах замаар хохирогч компанийн хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэлгүйгээр, хуулийг зөрүүтэй хэрэглэж манай компанийн өмчлөх эрхэд халдаад байна.

1. “ТБ” ХХК болон иргэн Б.А, Б.АЗ, С.Гнарын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан ба тус гэрээ нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ юм.

Учир нь Б.А, Б.АЗ болон С.Г нар нь Б.А-гийн зааж өгсөнчлөн тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсныхаа дараа тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хэмээн өөрсдийгөө танилцуулж /тээврийн хэрэгслийг жолоодон ирсэн/ улмаар зээл авах хүсэлт гаргасан ба энэ тохиолдолд “Т” ХХК нь зээлийн гэрээ байгуулах үүрэгтэй/ гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй/ юм.

Мөн талуудын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д зааснаар үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэмэгдэл үүрэг буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, үндсэн үүрэг болох зээлийн гэрээний харилцаа хүчин төгөлдөр тохиолдолд нэмэгдэл үүрэг болох үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэлбэр нь Иргэний хуульд тусгайлан заасан зохицуулалтыг зөрчсөнөөс бусад тохиолдолд хүчин төгөлдөр байдаг. Гэтэл шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэг, мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэлгүйгээр Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу өмчлөлдөө авсан тээврийн хэрэгслийг худалдан борлуулах замаар хохирогч компанийн хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн.

2. Нөгөөтэйгүүр, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно" гэж заасны дагуу дуусгавар болох бөгөөд зээлдэгч /Б.А, Б.АЗ, С.Г/ нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул “Т” ХХК нь энэ тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар ****УБХ, **** УНТ, **** УБЗ, **** УНБулсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн бодит ашиглалтыг зээлдэгч нараас гаргуулан авснаар тухайн зээлийн гэрээний болон фидуцийн гэрээний харилцаа дуусгавар болсон.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйл /үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох/-ийн 236.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” бол гэж заасны дагуу “ТБ”ХХК нь ****УБХ, **** УНТ, **** УБЗ, **** УНБулсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн ашиглалтыг бодитоор гаргуулан авсан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа, үүрэг бүхэлдээ дуусгавар болсон.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэлгүй орхигдуулсан бөгөөд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүргийн харилцаа аль хэдийн дуусгавар болсон байхад тухайн тээврийн хэрэгслүүдийн өмчлөх, эзэмших эрхэд дүгнэлт хийж, “Т” ХХК-ийн өмчлөл, эзэмшлээс гаргуулан хохирогч байгууллагад олгох, эсхүл хохирогч компанийн хохирлыг барагдуулахаар хуулийг зөрүүтэй хэрэглэж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Нөгөөтэйгүүр, ****УБХ, **** УНТ, **** УБЗ, **** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.А, Б.АЗ, С.Г нарын нэр дээр хамгийн анх Авто тээврийн үндэсний төвд бүртгэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд “Т” ХХК нь эдгээр этгээдүүдийн нэр дээр бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь үндэслэн зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд нэр нь бичигдэж, тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж, ашиглаж буй Б.А, Б.АЗ, С.Г нарыг “Т” ХХК нь бусдын эд хөрөнгийг завшсан гэж мэдээгүй буюу ийнхүү мэдэх ямар ч боломж, бололцоо байхгүй нь илэрхий юм.

Мөн Иргэний хуулийн 91 дүгээр зүйл /Эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох/- ийн 91.2.1-д "Эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол” гэж заасны дагуу зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулагдах цаг хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Б.А, Б.АЗ, С.Гнар байсан ба харин хохирогч компанийг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэл байгаагүй. Хохирогч компанийн эзэмшил дуусгавар болсон байсан.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 183 дугаар зүйл /Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх/-ийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад- тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу “Т” ХХК-ийн хувьд зээлдэгч нар нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж тооцогдох юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэлгүй орхигдуулсан бөгөөд улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг зөрчиж, тухайн тээврийн хэрэгслийг одоогийн шударга өмчлөгч болох “Т” ХХК-иас гаргуулах байдлаар буюу тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах замаар иргэний нэхэмжлэгч болон хохирогч компанийн хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4. Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх орчин нөхцөлийг хохирогч байгууллага өөрөө бүрдүүлсэн атал давж заалдах шатны шүүх хууль ёсны дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан манай компанийн өмчлөлийн хөрөнгөөр хохирол барагдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хохирогч байгууллага нь компанийн захирлын гарын үсэгтэй, хуулийн этгээдийн тамга дарагдсан олон тооны албан бичгийг шүүгдэгч Б.А-д хариуцуулан үлдээсэн байх ба эдгээр албан бичиг болон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд аливаа хэлбэрээ хяналт тавьж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан оролцогчдын мэдүүлгээр тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг хохирогч компани өөрөө бүрдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд хэрэв хохирогч компани нь энэхүү нөхцөлийг бүрдүүлээгүй тохиолдолд “Т” ХХК-д аливаа хэлбэрээр хохирол учрахгүй байх байсан.

Тухайлбал, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох үүрэгтэй боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэх шалтгаан, нөхцөлийг бүрдүүлсэн хохирогчид тээврийн хэрэгслийг худалдан борлуулах замаар хохирлыг нь олгуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй юм.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ДШМ/1193 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, “Т” ХХК-ийн өмчлөлийн Тоёота приус 30 маркийн ****УБХ, Тоёота приус 30 маркийн **** УБЗ, Лексус СТ маркийн **** УНТ, Тоёота пилдэр маркийн **** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг “Т” ХХК-д бодитоор олгож өгнө үү” гэжээ.

Хохирогч “ТМ” ХХК-ийн өмгөөлөгч И.Х хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс хохирогч “ТМ” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр битүүмжлэгдсэн эд хөрөнгийг бүхэлд нь хохирогчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд анхан шатны шүүх хохирогч “ТМ” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр битүүмжлэгдсэн эд хөрөнгийг бүхэлд нь хохирогчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Тухайн үндэслэлээ иргэний нэхэмжлэгч “Т” ХХК нь Б.А-тэй 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13800051, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13900326 тус тус дугаартай, Б.АЗ-тай 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 138000396 дугаартай, С.Гтой 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13900101 дугаартай тус тус фидуцийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээний үндсэн дээр иргэний нэхэмжлэгч “Т” ХХК болон шүүгдэгч Б.А, гэрч Б.АЗ, С.Гнарын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан хүчин төгөлдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хэдийгээр уг эд хөрөнгө нь гэмт хэрэг үйлдэх замаар бусдын өмчлөлд шилжсэн байх боловч энэ байдлыг мэдэлгүй дээр дурдсан гэрээг байгуулж, мөнгө зээлдүүлсэн иргэний нэхэмжлэгч нь энэ нөхцөлд энэ хэрэгт битүүмжлэгдсэн 4 тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан орлогоос өөрт учирсан хохирлоо хохирогчийн адил гаргуулах эрхтэй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хохирогчийг дахин хохироох нөхцөл байдалд хүргээд байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан бөгөөд иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-д 33,000,000 төгрөгийн гэмт хэргийн хор уршиг учирсан болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар тодорхой тусгаж өгсөн байдаг бөгөөд дээрх 4 гэрээ нь 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир хууль ёсны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нарын мэдүүлгүүдээр 4 тээврийн хэрэгсэл нь иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр “Т” ХХК-д шилжсэн. Давж заалдах шатны шүүхээс уг эд хөрөнгө нь гэмт хэрэг үйлдэх замаар бусдын өмчлөлд шилжсэн гэдгийг дүгнэсэн атлаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй орхигдуулсан.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн зүйл заалт бүхий хуулийг хэрэглээгүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны хууль хэрэглээний зөрүүг арилгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогч “ТМ” ХХК-ийн өмгөөлөгч И.Х хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэх замаар бусдын өмчлөлд шилжсэн байна гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжүүлсэн гэж буруу тайлбарлан хэрэглэсэн.

Мөн Эрүүгийн хуулийн завших гэмт хэрэг үйлдэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрлөөр хийсэн хэлцлийн дагуу хийсэн гэж дүгнээд байгаа юм.

Гэтэл энэ хэлцэл нь Б.А, С.Г, Б.АЗ гэх хүмүүс хохирогч “ТМ” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр 4 автомашиныг шилжүүлэн авч “Т” ХХК-д 33,000,000 төгрөгт барьцаалан хохирол, хор уршиг учруулсан байдаг. Зөвшөөрөл олгогдоогүй нь хавтас хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, гэрч А.Д-ны мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогддог. Ямар нэгэн байдлаар Б.Ад эдгээр 4 автомашиныг худалдан борлуулах эрх олгогдоогүй. Энэ нөхцөл байдлын дагуу 4 автомашин Б.А, С.Г, Б.АЗ гэх хүмүүст хууль бусаар шилжсэн байгаа.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн зүйл заалт бүхий хуулийг хэрэглээгүй буюу хохирогчийг дахин хохироосон.

Мөн давж заалдах шатны шүүх Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 4 автомашиныг худалдан борлуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгчид мөнгийг олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тухайн эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээний 70, 50 хувиар нь үнэлээд зарах боломжтой. Ингээд тус автомашинуудыг 40 сая төгрөгт зараад хохирогч, иргэний нэхэмжлэгчид хуваахаар болбол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэж байна. Тэгэхээр давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн гэх үйлдлийг дүгнэхдээ гэмт хэргийн дагуу олсон хөрөнгө орлогыг хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэн иргэний нэхэмжлэгчид хохирол гаргуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Тухайлбал, хохирогч "ТМ" ХХК нь маргаан бүхий дөрвөн автомашины өмчлөгч биш. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслүүдийн анхны өмчлөгчөөр нэр бүхий 3 этгээд бүртгэгдэж, Авто тээврийн үндэсний төвд бүртгэл үүсэж байгаа. Тухайн 3 иргэн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэнээр хохирогч буюу автомашинуудыг гаалиар оруулж ирсэн “ТМ” ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болсон ба өмчлөх эрх нь 3 иргэнд шилжээд Авто тээврийн үндэсний төвд бүртгэгдсэн.

Эдгээр тээврийн хэрэгслүүдийг 3 иргэн өмчлөлдөө шилжүүлэхдээ хуурамч бичиг баримт үйлдээд нэр дээрээ шилжүүлсэн зүйл байдаггүй. Хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирогч гээд байгаа хуулийн этгээд маань тамгатай хоосон бланкаа борлуулалтын менежертээ үлдээдэг. Тээврийн хэрэгслийн худалдан борлуулахдаа тэр бланкаа ашиглах байдлаар автомашин бусдад худалдан борлуулдаг. Энэ нь тухайн компанид тогтсон хэлбэр юм. Яг энэ хэлбэрийн хүрээнд борлуулагч Б.А өөрийн нэр дээр хоёр тээврийн хэрэгсэл, өөрийн хамаарал бүхий хоёр хүнд хоёр тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан гэх албан бичгийг үйлдэж, Авто тээврийн үндэсний төв рүү хууль ёсны бичиг баримтыг явуулж, хууль ёсны өмчлөх эрх нь үүсэж байгаа юм. Түүнээс хуурамч бичиг баримт ашигласан зүйлгүй. Гэтэл хоёр шатны шүүх үүнийг үндэслэл бүхий дүгнээгүй. Яг энэ асуудлынхаа хүрээнд хохирогч байгууллага албан бланкдаа тамга, тэмдэг бэлэн дарсныхаа хувьд үүнийхээ эрсдэл, үр дагавраа тооцох ёстой.

Мөн 2018-2019 онуудад тухайн тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтаа хийгээд тухайн өдөрт гэдэг юм уу, сард хэдэн тээврийн хэрэгслийг энэхүү албан бичгээр худалдан борлуулсан гэдэг хяналтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой. Энэ үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй учраас эрсдэл, үр дагавраа өөрөө хариуцах ёстой юм.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан. Энэ бол улсын бүртгэл үнэн зөв байх зарчим юм.

Үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгсэлд бүртгэлийн асуудал яригддаг. Авто тээврийн үндэсний бүртгэл бол улсын бүртгэлийн нэг хэлбэр юм. Улсын бүртгэлийн нэг хэлбэр учраас улсын бүртгэл хууль ёсны бүртгүүлсэн бол үүнийг гэрчилгээний үндсэн дээр фидуцийн гэрээ байгуулж байгаа “Т” ХХК нь хууль ёсны дагуу бүртгэл үүсгээгүй гэдгийг мэдэх боломжтой байсан буюу мэдсэн, эсхүл өөрөө эсэргүүцэхээс бусад тохиолдолд 3 иргэний нэр дээр бүртгэгдсэн энэ бүртгэлийг “Т” ХХК байтугай өөр ямар хүн байсан үнэн зөв гэж үзнэ. Энэ бол хуулиар зохицуулагдсан зарчмын асуудал юм. Яг үүний дагуу “Т” ХХК нь тухайн 3 иргэнийг өмчлөгч юм байна гэж ойлгосон. Яг энэ хүрээнд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д “эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол” гэж заасны дагуу 3 иргэнийг тухайн автомашинуудын өмчлөгч гэж тооцсон. Харин тухайн 3 иргэний хувьд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хэмээн өөрсдийгөө танилцуулж улмаар зээл авах хүсэлт гаргасан ба энэ тохиолдолд “Т” ХХК нь зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй юм. Ингээд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах буюу фидуцийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээнд талууд гарын үсэг зураад хүчин төгөлдөр байгуулагдсан. Гэрээ бодитоор хэрэгжиж тухайн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээд зээл олгогдсон. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй.

Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг үндэслэн тайлбар хэлдэг ч энэ гэрээ байгуулагдах үед Б.А-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр байгаагүй. Гэм бурууг гагцхүү шүүх тогтоох үүрэгтэй болохоос биш 6 жилийн дараа маргааныг шийдвэрлэхдээ 2018-2019 онд байгуулагдсан гэрээ чинь хүчин төгөлдөр бус юм байна гэж дүгнэх хууль зүйн боломж байхгүй. Яг энэ хүрээнд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хууль ёсны дагуу хүчин төгөлдөр байгуулагдсан. Фидуцийн гэрээ нь нэмэгдэл үүргийн хэлцэл байдаг. Үндсэн хэлцэл нь талуудын хооронд байгуулагдаж байгаа зээлийн гэрээний харилцаа юм. Зээлийн гэрээний харилцаа хүчин төгөлдөр байгуулагдсан, нэмэгдэл үүргүүд хүчин төгөлдөр байгуулагдсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй учраас Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг бодитоор гаргуулж авснаар энэ фидуци буюу нэмэгдэл үүргийн харилцаа дуусгавар болдог. Өөрөөр хэлэхийн бол 10,000,000 төгрөгийн тээврийн хэрэгслийг 3,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгөөр үнэлэх нь үүрэг гүйцэтгэгч буюу зээл олгогчийн эрсдэлийн асуудал юм. Зээлдэгч мөнгөө төлөөгүй болвол их байна уу, бага байна уу хамаагүй тухайн тээврийн хэрэгслийг өөртөө авснаар гэрээний харилцаа дуусгавар болж байгаа юм.

“Т” ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг гаргуулж авсан байсан боловч прокурорын зөвшөөрлөөр буцаагаад авчихсан. Уг нь тээврийн хэрэгслийг гаргуулж авснаар “Т” ХХК болон Б.А нарын байгуулагдсан зээл, фидуцийн үүрэг дуусгавар болчихсон. Гэтэл хоёр шатны шүүх дуусгавар болсон үйлдлийг үнэлж, дүгнэхгүйгээр анхан шатны шүүх хохирогчид тээврийн хэрэгслийг олгосон бол давж заалдах шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт худалдан борлуулахаар даалгаж байгаа нь дээр хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Дээр нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хоёр өөрөөр тайлбарлаж хэрэглэхдээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоогүй байж тээврийн хэрэгслийг худалдан борлуулах, эсхүл хохирогчид гаргаж өгөөд байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамгаалалтын хувьд хууль ёсны хэлцлийн үндсэн дээр тухайн эд хөрөнгийг олж авсан бол олж авсан этгээдэд эд хөрөнгө нь үлдэж, гэм буруутай этгээд нь бусад хэлбэрээр хохирогчийн хохирлыг барагдуулна гэж заасан.

Гэтэл энэ заалтыг хууль ёсны дагуу хэрэглээгүй. Талуудын хооронд үүсээд байгаа иргэний нэхэмжлэлийн харилцаа бол хувийн эрх зүйн харилцаа юм. Энэ утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр татагдах байсан уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Яагаад гэвэл бид хуульд заасны дагуу хэлцэл байгуулаад өмчлөлдөө тээврийн хэрэгслүүдээ авчихсан бид энэ хэрэгт оролцох шаардлагагүй. Харин Б.А-гээс хохирол төлбөрөө бусад эд хөрөнгөөр гаргуулж шийдвэрлэх боломжтой байгаа учраас шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж тухайн тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны өмчлөгч “Т” ХХК-ийн өмчлөлд хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Б.А нь “ТМ” ХХК-д ажиллаж байхдаа өөрийн дүү болон найздаа автомашинуудыг шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан үйлдэлдээ гэм буруутайд тооцогдож байгаа. Мөн иргэний нэхэмжлэгчийн гаргаж байгаа гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Эхний автомашинуудыг барьцаалаад дараагийн автомашиныг барьцаалж байх үедээ хамгийн эхний барьцаалсан автомашиныхаа  хүүг төлж байсан. Энэ үйлдлийг “Т” ХХК мэдэх боломжтой байсан. Яагаад гэвэл нэг зээл авангуутаа нөгөө зээлээ төлж байсан.

Нөгөөтэйгүүр хамгийн анх автомашин оруулж ирж байгаа “ТМ" ХХК нь хохирогч мөн. Хохирогч нь бусадтай гэрээ хэлцэл хийж автомашинуудаа худалдан борлуулдаг байсан. Энэ нь Иргэний хуульд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулах хэлцлийн шинжтэй үйлдэл байна. 4 автомашиныг хохирогчид олгосон нь үндэслэлтэй байсан. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас автомашинуудыг худалдан борлуулаад хохирогч болон иргэний нэхэмжлэгчид олгохоор давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн миний үйлчлүүлэгчээс 33,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн байна. Энэ нөхцөл байдлыг анхаарч өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Маргааны гол зүйл нь 4 автомашин байгаа. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 4 дөрвөн ширхэг тээврийн хэрэгсэл нь хохирогч “ТМ" ХХК, эсхүл иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмчлөлд байх уу гэдгийг дүгнэсэн. Энэ дүгнэлтэд шүүгдэгч Б.А нь тухайн тээврийн хэрэгслүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаар шалтгаалан хохирогч “ТМ” ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрхээ өөрийн хүсэл зоригоос гадуур алдсан үр дагавар үүссэн.

Энэ гэмт хэргийн улмаас “ТМ" ХХК нь өмчлөх эрхээ алдсан гэж дүгнэсэн. Иргэний нэхэмжлэгч “Т” ХХК нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тээврийн хэрэгслүүдийг фидуцийн гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлсэн байдаг. “Т” ХХК нь тухайн тээврийн хэрэгслүүдийн үнийн дүнгийн 40-50 хувьд тэнцэх хэмжээний зээл олгож, өмчлөх эрхийг олж авсан хэлцлийг бүрэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм. Учир нь фидуцийн гэрээ нь ирээдүйд үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга бөгөөд өмчлөлд нь хөрөнгө шилжүүлэх буцах илрэл байдаггүй болно гэдэг дүгнэлт гарсан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд 4 автомашиныг худалдан борлуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгчид хуваах, дээр нь “Т” ХХК-д төлөх 33,000,000 төгрөгийг улсын орлогод оруулах хууль бус шийдвэр гарсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хохирогчийн өмгөөлөгч И.Х-ын гомдлыг дэмжиж байна гэв.

Прокурор С.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.А-гийн хувьд бусдын эзэмшлийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж, хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт болон хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд нийцсэн шийдвэр гаргасан байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг өөрчилж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Тухайлбал давж заалдах шатны шүүх магадлалдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.А-гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 33,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслүүдийг хураан авч хохирогч “ТМ” ХХК, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэв гэж заасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан. “ТМ” ХХК-ийн шүүгдэгч Б.Ад итгэмжлэн хариуцуулж байсан тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзэх боломжгүй. Энэ нь хөрөнгө завших буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн объект бөгөөд шүүгдэгч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирол учруулсан байхад учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзсэн нь үндэслэлгүй байна.      

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хураана гэж хоёр зорилгыг агуулж хуульчлагдсан. Давж заалдах шатны шүүх өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт гэмт үйлдэж олсон орлого 33,000,000 төгрөгийг хураан авч улсын орлого болгон хураана гэж үндэслэлгүй шийдвэр гаргаж шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх шийдвэр гаргажээ.

Түүнчлэн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад шүүгдэгч Б.А-гээс 71,000,000 төгрөгийг гаргуулж “ТМ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл дээр дурдсанаар тухайн битүүмжлэгдсэн байсан тээврийн хэрэгслийг худалдан борлуулж хохирол барагдуулахыг шийдвэр гүйцэтгэх газарт даалгах шийдвэр гаргасан гаргасан атлаа дахин шүүгдэгчээс хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хууль буруу хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж билээ.

Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогддог болно.

Шүүгдэгч Б.А нь “ТМ” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа тухайн аж ахуйн нэгжийн ерөнхий захирлын гарын үсэг зурж, тамга дарагдсан албан бичгийн маягтыг ашиглан худалдаалах зорилгоор тус компаниас өөрт нь итгэмжлэн олгосон 71 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн тээврийн хэрэгслийг өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарын хооронд хууль бусаар шилжүүлэн авч, тэдгээрийг бусдад барьцаалж, мөнгө зээлсэн үйл баримтыг хоёр шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн хөрөнгийг өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авч, өөрийн өмчлөлийн хөрөнгө мэтээр захиран зарцуулсан (барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, мөнгө зээлсэн) шүүгдэгчийн үйлдлүүд нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа зорилгын (өмнө нь үүсгэсэн зээлийн өрийг барагдуулах болон хувийн хэрэгцээндээ мөнгийг зарцуулсан гэж шүүгдэгч мэдүүлсэн) хүрээнд хэрэгжсэнээс гадна “ТМ” ХХК-д 71 сая төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д заасан их хэмжээний хохирол учруулсан байх тул хоёр шатны шүүх хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан урьдчилсан шаардлага хангагдаагүйн гадна энэ хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д нэрлэн заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан торгох, хорих гэсэн хоёр төрлийн ялаас хоёр шатны шүүх хорих ялыг сонгож, 2-оос 8 жилийн хугацаагаар хорих ялын 4 жилийг шүүгдэгчид оногдуулсан нь түүний гэм буруугийн байдалд тохирсон байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчийн өмчлөх эрхийг хязгаарлах, хориглох байдлаар эд хөрөнгийн гарз, хомсдол үүсгэж, таагүй үр дагавар бий болгож буй цээрлэл болно.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх замаар өөрийн мэдэлд шилжүүлэн авсан бусдын эд хөрөнгийг (дөрвөн тээврийн хэрэгсэл) барьцаалж иргэний нэхэмжлэгчээс зээлсэн 33 сая төгрөгийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой”-той адилтган үзэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул үүнийг зөвтгөх нь зүйтэй байна.

Хоёр шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.А нь “ТМ” ХХК-ийн эд хөрөнгө болох 71 сая төгрөгийн үнэтэй дөрвөн тээврийн хэрэгслийг өөрийн болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр гэмт хэрэг үйлдэх замаар хууль бусаар шилжүүлэн авсан буюу бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг төгссөний дараа дээрх эд хөрөнгийг барьцаалж, “Т” ХХК-ийн “С” барьцаалан зээлдүүлэх газраас өөрийн болон хамаарал бүхий хоёр этгээдийн нэр дээр нийт 33 сая төгрөгийг зээлж, уг мөнгийг өөрөө зарцуулсан байна.

Хэргийн үйл баримтыг ийнхүү тогтоосноор хоёр шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч “ТМ” ХХК-д 71 сая төгрөгийн хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “С” барьцаалан зээлдүүлэх газраас 33 сая төгрөгийг зээлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу тодорхойлон нотолж, холбогдох төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.9 дүгээр зүйлийн 1.9, 8.5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус заасныг үндэслэсэн зөв болжээ.

Харин энэ гэмт хэргийн халдлагын зүйл болсон дөрвөн тээврийн хэрэгслийг анхан шатны шүүх хохирогч “ТМ” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөн эдгээрийг худалдан борлуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хэн алины төлбөрийг нөхөн төлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, 1.12 дугаар зүйлийн 1-д заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд бүрнээ нийцсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрх ашгийг ялгаварлалгүй хамгаалсан байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Иймд битүүмжлэгдсэн дөрвөн тээврийн хэрэгслийг тус бүр өөрсдөд учирсан хохиролд тооцуулан шилжүүлж авах агуулга бүхий хохирогчийн өмгөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор тогтоов.

Ийнхүү шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх нь хөрөнгө борлуулсан орлогыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хэрхэн хуваарилах асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасныг зөрчсөн байх тул үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасан “...төлбөр авагч нэг бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно.” гэсэн зохицуулалтын дагуу олгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1193 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.А-гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 33 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгож” гэснийг хасч, мөн заалтын “...хохирогч “ТМ” ХХК, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК нарт учирсан хохирлыг” гэсний дараа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу” гэсэн хэсэг нэмсүгэй.

 

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч И.Х болон иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.З нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                       

                   ДАРГАЛАГЧ                                                    Б.БАТЦЭРЭН

                              ШҮҮГЧИД                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                         Б.ЦОГТ