Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 660

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, иргэн Б.Б*******ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж буй Энхтайваны өргөн чөлөө зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “ ...  миний бие Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ. 

     ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”; 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч ньнэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”, 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заажээ.  

Нэхэмжлэгч Б.Б******* нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзснаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан иргэн Б.Б*******ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж буй Энхтайваны өргөн чөлөө зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Б******* бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                      А.САРАНГЭРЭЛ