Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00985

 

 

******* -ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/11437 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* , ******* -д тус тус холбогдох,

 

Гэрээний үүрэгт 910,008,554 төгрөгийг хариуцагч ******* -аас, 21,485,175.4 төгрөгийг ******* -аас, нийт 931,493,729 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  , хариуцагчийн өмгөөлөгч *******  , хариуцагч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  , хариуцагч нарын өмгөөлөгч *******  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* -г 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тогтоолоор татан буулгаж, хөрөнгө, өр авлагыг ******* -д шилжүүлсэн. Манай байгууллага газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ******* нь тус дэмжлэгт хамрагдсан боловч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 615,642,167.00 төгрөг байна. Үүнд: 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* дугаартай Бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* дугаартай Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* дугаартай Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай Ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар Барьцааны гэрээ-г тус тус байгуулсан байна.

1.2. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үлдэгдэл 615,642,167 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 307,821,083 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 615,642,167 төгрөг, нийт 923,463,250 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.

1.3. Бид нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд: 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний нийт үнэ 22,500,000 төгрөг, урьдчилгаа 6,750,000 төгрөгийг гэрээ байгуулах үед хариуцагч төлж, үлдэгдэл 15,750,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан тооцоход алданги 7,875.000 төгрөг болно. Иймд, ******* дугаар гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 15.750.000 төгрөг, алданги 7,875,000 төгрөг, нийт 23,625,000 төгрөгийг хариуцагч ******* -аас гаргуулах;

1.4. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний нийт үнэ 60,840,000 төгрөг, урьдчилгаа 6,084,000 төгрөгийг гэрээ байгуулах үед хариуцагч төлж, үлдэгдэл 54,756,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан тооцоход 27,378,000 төгрөг болно. Иймд, ******* дугаар гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 54,756,000 төгрөг, алданги 27,378,000 төгрөг, нийт 82,134,000 төгрөгийг хариуцагч ******* -аас гаргуулах;

1.5. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай Бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний нийт үнэ 5,250,000 төгрөг, урьдчилгаа 1,575,000 төгрөгийг гэрээ байгуулах үед хариуцагч төлж, үлдэгдэл 3,675,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан тооцоход 1,837,500 төгрөг болно. Иймд, ******* дугаартай гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,675,000 төгрөг, алданги 1,837,500 төгрөг, нийт 5,512,500 төгрөгийг хариуцагч ******* -аас гаргуулах;

1.6. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний нийт үнэ 7,292,500 төгрөг, урьдчилгаа 2,187,750 төгрөгийг гэрээ байгуулах үед хариуцагч төлж, үлдэгдэл 5,104,750 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан тооцоход 2,552,375 төгрөг болно. Иймд, ******* дугаар гэрээний дагуу гүйцэтгээгүй үнийн дүн 5,104,750 төгрөг, алданги 2,552,375 төгрөг, нийт 7,657,125 төгрөгийг хариуцагч ******* -аас гаргуулах;

1.7. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар Хүнсний ногооны иж бүрдэл зээлээр худалдах, худалдах авах гэрээ-ний нийт үнэ 84,366,893.8 төгрөг, урьдчилгаа 9,188,473 төгрөгийг гэрээ байгуулах үед төлж, үлдэгдэл 75,178,420.8 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан тооцоход 37,569,210.4 төгрөг. Иймд, ******* дугаар гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 75.178.420.8 төгрөг, алданги 37.569.210.4 төгрөг, нийт 112,767,631 төгрөгийг хариуцагч ******* -аас гаргуулах;

1.8. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-ний нийт үнэ 10,474.7 ам.доллар, урьдчилгаа 3,143 ам.долларыг хариуцагч гэрээ байгуулах үед төлж, үлдэгдэл 7,331.7 ам.долларыг жилийн 5,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай лизингээр худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд хариуцагч огт төлөлт хийгээгүй тул зээлийн үлдэгдэл 7,331.7 ам.долларыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3 дахь заалтад заасны дагуу төлбөр төлөх үеийн Монгол банкны валютын зарласан ханш 3,573.73 төгрөгт хөрвүүлэхэд 26,201,516.2 төгрөг байна. Уг үндсэн төлбөрийг төлөх хугацаа хэтэрсэн тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан тооцож 13,100,758.1 төгрөгийг алдангид нэхэмжилсэн. Санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтаар түрээсийн хүү төлөх хуваарийг дараах байдлаар тогтоосон.

Үүнд: Төлөлт хийх огноо болон хүүгийн дүн /америк доллар/ 2018.11.30 - 410.6, 2019.11.30 - 307.9, 2020.11.30 - 205.3, 2021.11.30 - 102.6, нийт дүн 1,026.4 ам.доллар. Хариуцагч нар хуваарьт заасан хүүгийн төлөлтөөс огт төлөлт хийгээгүй тул нийт төлөгдөөгүй хүү болох 1,026.4 ам.долларыг энэхүү тодруулгыг гаргах өдрийн Монгол банкнаас зарласан америк долларын төгрөгтэй харьцах валютын ханш 3,573.73 төгрөгөөр тооцон төгрөгт хөрвүүлэхэд нийт 3,668,076.47 төгрөг болно. Иймд, ******* дугаар гэрээний дагуу үндсэн төлбөр 26,201,516.2 төгрөг, түрээсийн хүү 3,668,076.47 төгрөг, хугацаандаа үүргээ биелүүлээгүй алданги 13,100,758.1 төгрөг, нийт 42,970,350.8 төгрөгийг хариуцагч ******* болон ******* -аас тэнцүү хэмжээгээр гаргуулах буюу 21,485,175.4 төгрөгийг ******* -аас, 21,485,175.4 төгрөгийг ******* -аас тус тус гаргуулах;

1.9. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-ний нийт үнэ 18,489.8 евро, урьдчилгаа 6,449.8 еврог гэрээ байгуулах үед төлж, үлдэгдэл 12,040 еврог жилийн 4,62 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай лизингээр худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд хариуцагч огт төлөлт хийгээгүй тул зээлийн үлдэгдэл 12,040 еврог талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.17 дахь заалтад заасны дагуу төлбөр төлөх үеийн Монгол банкны валютын зарласан ханш 4,046.71 төгрөгт хөрвүүлэхэд 48,722,388.4 төгрөг байна.

Уг үндсэн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар тооцоход 24,361,194.2 төгрөгийг алдангид нэхэмжлэхээр байна. Тус гэрээний хавсралтаар түрээсийн хүүг 2018 онд 556.2, 2019 онд 445, 2020 онд 333.7, 2021 онд 222.5, 2022 онд 111.2, нийт 1,668.6 евро. Хариуцагч хуваарьт ёсоор төлбөр огт төлөөгүй тул хүү 1,668.6 еврог Монгол банкны валютын зарласан ханш 4,046.71 төгрөгт хөрвүүлэхэд 6,752,340.31 төгрөг болно. Иймд, ******* дугаар гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 48,722,388.4 төгрөг, түрээсийн хүү 6,752,340.31 төгрөг, алданги 24,361,194.2 төгрөг, нийт 79,835,922.9 төгрөгийг хариуцагч ******* -аас гаргуулах;

1.10. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-ний нийт үнэ 15,940.1 ам.доллар, урьдчилгаа 5,567.7 ам.долларыг гэрээ байгуулах үед төлж, үлдэгдэл 10,372.4 ам долларыг жилийн 5,6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай лизингээр худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд хариуцагч огт төлөлт хийгээгүй тул зээлийн үлдэгдэл 10,372.4 ам.долларыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4 дэх заалтад заасны дагуу төлбөр төлөх үеийн Монгол банкны валютын зарласан ханш 3,573.73 төгрөгт хөрвүүлэхэд 37,068,157.1 төгрөг байна.

Уг үндсэн төлбөрийг төлөх хугацаа хэтэрсэн тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан тооцож 18,534,078.5 төгрөгийг алдангид нэхэмжилсэн. Санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтаар түрээсийн хүү төлөх хуваарийг дараах байдлаар тогтоосон. Үүнд: № Төлөлт хийх огноо: Хүүгийн дүн /америк доллар/ 2018 онд 580.9, 2019 онд 435.6, 2020 онд 290.4, 2021 онд 145.2, нийт 1,452.1 ам.долларыг Монгол банкнаас зарласан америк долларын төгрөгтэй харьцах валютын ханш 3,573.73 төгрөгт хөрвүүлэхэд 5,189,413.33 төгрөг байна. Иймд, ******* дугаар гэрээний дагуу үндсэн төлбөр 37,068,157.1 төгрөг, түрээсийн хүү 5,189,413.33 төгрөг, хугацаандаа үүргээ биелүүлээгүй алданги 18,534,078.5 төгрөг, нийт 60,791,648.9 төгрөгийг хариуцагч ******* -аас гаргуулах;

1.11. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-ний нийт үнэ 96,393.7 евро, урьдчилгаа 15,691.2 еврог гэрээ байгуулах үед төлж, үлдэгдэл 80,702.5 еврог жилийн 4,62 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай лизингээр худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд хариуцагч огт төлөлт хийгээгүй тул зээлийн үлдэгдэл 80,702.5 еврог талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4 дэх заалтад заасны дагуу төлбөр төлөх үеийн Монгол банкны валютын зарласан ханш 4,046.71 төгрөгт хөрвүүлэхэд 326,530,385 төгрөг байна.

Уг үндсэн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар тооцоход 163,265,192.5 төгрөгийг алдангид нэхэмжлэхээр байна. Тус гэрээний хавсралтаар түрээсийн хүүг 2019 онд 2,899.9, 2020 онд 2,174.9, 2021 онд 1,450, 2022 онд 725, нийт 6,524.8 евро. Хариуцагч хуваарьт ёсоор төлбөр огт төлөөгүй тул хүү 6,524.8 еврог Монгол банкны валютын зарласан ханш 4,046.71 төгрөгт хөрвүүлэхэд 26,403,973.4 төгрөг болно. Иймд, ******* дугаар гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 326,530,385 төгрөг, түрээсийн хүү 26,403,973.4 төгрөг, алданги 163,265,192.5 төгрөг, нийт 516,199,550 төгрөгийг хариуцагч ******* -аас гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

1.12. Нийт нэхэмжлэлийн шаардлага болох 931,493,729 төгрөгийн 21,485,175.4 төгрөгийг ******* -аас, үлдэх 910,008,554 төгрөгийг хариуцагч ******* -аас тус тус гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нартай байгуулсан бүх гэрээг гаргаж өгөөгүй байсны улмаас нэхэмжлэлийн үнийн дүнд тооцооллын зөрүү үүссэнийг дээрх байдлаар зарлуулан шаардаж байна. Мөн нэхэмжлэгч байгууллага нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа буюу түүнийг бүрэн эзэмшлийн төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34 дэх хэсэгт заасан төсвийн байгууллага болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан тул нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй болно гэжээ.

2. Хариуцагч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. ******* ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа "923,463,250 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай" гэж тодорхойлон түүний үндэслэлээ: 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай Бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 3,675,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 54,756,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* Ургамал хамгааллын бодис худалдах худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 5,104,750 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* Ургамал хамгааллын бодис худалдах худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 15,750,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ"-ний үүрэгт 62,768.6 евро, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-ний үүрэгт 10,372.4 евро, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-ний үүрэгт 12,040.0 евро, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-ний үүрэгт 7,331.7 ам.доллар, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай Барьцааны гэрээ-ний үүргийг тус тус шаардах эрхтэй гэж тодорхойлжээ.

2.2. Талуудын хооронд дээрх тоот гэрээнүүд байгуулагдсанаас хойш улс орон даяар Ковид-19 цар тахал гарч, эдийн засгийн хүндрэл учруулах нөхцөл байдал үүссэний улмаас зээлийн эргэн төлөлт доголдож эхэлсэн нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүргэсэн. Уг нөхцөл байдлын талаар буюу хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зохицуулсан байна. Мөн нэхэмжлэгч нь 923,463,250 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа хэт ерөнхий байдлаар тодорхойлсон буюу талуудын хооронд байгуулагдсан 9 гэрээ тус бүрээс хэдэн төгрөгийг, ямар хугацааны алдангитай шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.

2.3. Түүнчлэн зарим гэрээнүүдийн төлбөр төлөх үүрэг нь гадаад валютаар төлөгдөхөөр гэрээнд тусгасан, тухайлбал 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ******* , 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* , 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* , 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот гэрээнд гадаад валют /евро, ам доллар/-аар үүргийг гүйцэтгэхээр заасан бөгөөд энэ тохиолдолд гадаад валютыг хэзээний ханшаар хэрхэн тооцох асуудал хөндөгдөх юм. Гэтэл нэхэмжлэгч нь энэ талаараа нэхэмжлэлдээ тодорхой тусгалгүйгээр нэг бүхэл дүнг нэхэмжилжээ. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тооцооллын үндэслэл нь ойлгомжгүй байгаа тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

3.1. Нэхэмжлэгч нь ******* -д холбогдуулан ******* дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-ний дагуу 21,485,175.4 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Манай байгууллагын зүгээс тус гэрээнд гарын үсэг зурсан боловч тамга дараагүй байгаа. Мөн тус гэрээний 11.1 дэх хэсэгт Талууд гэрээг нотариатаар баталгаажуулж барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно хэмээн заасан боловч гэрээг нотариатаар батлуулаагүй, мөн барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа. Гэрээг талууд өөрсдийн чөлөөт байдлын зарчмын үүднээс байгуулдаг. Тус гэрээг талууд нотариатаар баталгаажуулж хүчин төгөлдөр болно гэж тохирсон боловч батлагдаагүй байна. Нотариатын тамга байгаа боловч хуулбар үнэн гэдгийг илэрхийлж байна. Эдгээрээс гадна тус гэрээний зүйл болох эд зүйлсийг манай байгууллага огт хэрэглэж түрээсэлсэн асуудал байхгүй. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус зааснаар хариуцагч ******* -аас 600,750,501.00 төгрөг, хариуцагч ******* -аас 21,485,175.00 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 309,258,053 төгрөгт холбогдох хэсэг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

4.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ******* -аас 931,493,729.00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 4,815,418.64 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* -аас 3,161,702.50 төгрөг, хариуцагч ******* -аас 265,375.88 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* -нд олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 1.6 дахь заалтад Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 1.5 дахь заалтад Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 6.3 дахь заалтад Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай Бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 1.5 дахь заалтад Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж тус тус заасан. Үүнээс харахад талууд зээлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байх бөгөөд үүрэг заавал биелэгдэх шинжийн хүрээнд зээлийг бүрэн төлж, тооцоо нийлснээр гэрээ дуусгавар болно.

5.2. 2017 оноос хойш нэхэмжлэгч байгууллагын хуулийн мэргэжилтнүүд жил бүр ******* -ийн захиралтай уулзаж, тооцоо нийлэх гэхээр цаг агаарын нөхцөл байдлын улмаас алдагдалд орсон, төлөх боломжгүй гээд тооцоо нийлэхгүй, төлөхгүй байсан учраас 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит ХХК-ийн хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд хариуцагчтай байнгын тооцоо нийлэх санал тавьж байсан.

5.3. Нэхэмжлэгч байгууллагын хувьд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, иргэдэд зээл олгодог бөгөөд тухайн бизнесийн онцлог нь цаг агаарын байдал ихээр нөлөөлдөг буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автах эрсдэл өндөр байдаг. Түүнчлэн 2019 оноос хойш 2022 оныг дуустал хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгч байгууллагууд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул уг хугацаагаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон. Энэ байдлаар хариуцагч байгууллагыг дэмжиж, үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд удаа дараа үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон бөгөөд хариуцагч байгууллагын хувьд хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг тул аливаа харилцаа бичгийн хэлбэрээр бус, аман байдлаар явж ирснийг өөртөө давуу байдал болгон ашиглаж, үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

5.4. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж тус тус заасан. Энэ хэргийн хувьд хавтаст хэргийн 34, 28, 186-187, 169-170 дугаар талд авагдсан гэрээнүүдээс үзэхэд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болохоор байх ба хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болохоор байх ба хөөн хэлэлцэх хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болохоор байх ба хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай Бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болохоор байх ба хөөн хэлэлцэх хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус дуусахаар байна. Гэвч дээрх хугацаанаас өмнө ч Засгийн газрын тогтоол гарсан байх тул энэ үеэс ******* -ийн ажлын алба, түүнчлэн ******* -д Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь хөөн хэлэлцэх хугацааны дотор гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм.

5.5. Хариуцагч компанийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж улсын төсөвт хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч нарын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Гэтэл шүүх зөвхөн нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давууд үзэж, хэргийн нөхцөл байдал, үүссэн болон үүсэж болох үр дагаврыг үл харгалзан гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргааныг өмнө нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/00954 дугаар магадлал, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01865 дугаар магадлалуудаар тус тус шийдвэрлэж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон билээ.

5.6. Иймд, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/11437 дугаартай шүүхийн шийдвэрийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хангаагүй 118,928,625 төгрөгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгчийн зүгээс хавтаст хэргийн 24-35 дугаар талд авагдсан дөрвөн төрлийн гэрээнд үндэслэн, анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 118,928,625 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Уг гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар манай талаас дараах үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт, дээрх гэрээнүүдэд зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээг дүгнэснээр дуусгавар болно гэж заасан бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал гэрээг хугацаагүй байгуулсан, улмаар хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй гэж тайлбарлаж байна. Гэвч уг тайлбар нь үндэслэлгүй. Учир нь эдгээр дөрвөн гэрээний 1 дүгээр зүйлд зээлийн эргэн төлөлтийн хугацааг тодорхой заасан. Тухайлбал, хамгийн эхний гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, хамгийн сүүлийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусахаар тус тус байгуулагдсан. Дээрх хугацаа дууссан өдрөөс эхлэн шаардах эрх зөрчигдсөнд тооцогдох бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлийн гэрээний хугацаа дууссан 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш гурван жилийн хугацаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаагүй гэрээ байгуулсан гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй.

6.2. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж гэрээ дүгнэснээр гэрээ дуусгавар болно гэх заалтыг үндэслэн гэрээг хугацаагүй гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь хуулийн болон гэрээний бусад нөхцөлтэй уялдуулан авч үзвэл зөрчилтэй байна. Ийм нөхцөлд Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан гэрээ тайлбарлах журмыг хэрэглэх боломжтой. Тодруулбал, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.4 дэх хэсэгт хоорондоо зөрчилтэй, эсхүл олон утгатай нөхцөлийг гэрээний агуулгад илүү нийцсэн утгаар тайлбарлахаар, мөн 198.2 дахь хэсэгт гэрээний аль нэг нөхцөл ойлгомжгүй бол түүнийг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан тодорхойлохоор тус тус заасан. Хэрэгт авагдсан гэрээний ерөнхий агуулгаас үзэхэд уг харилцаа нь тариаланчдын газар тариалангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хаврын тариалалтад санхүүгийн дэмжлэг үзүүлж, намрын ургацын орлого, эсхүл мөнгөөр буцаан төлөх нөхцөлтэй буюу тодорхой хугацаатай зээлийн харилцаа байна. Өөрөөр хэлбэл, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болон гэрээний зорилгоос үзэхэд уг гэрээ нь хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд хугацаагүй гэрээ гэж үзэх үндэслэлгүй. Иймээс гэрээний дээрх маргаантай заалтыг гэрээний ерөнхий агуулга, зорилготой уялдуулан тайлбарлахад гэрээ хугацаатай байх агуулгатай байна.

6.3. Түүнчлэн эдгээр гэрээ бүрд алдангийн зохицуулалт тусгагдсан. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үндсэн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг үүргээ биелүүлэхэд чиглэсэн нэмэлт хариуцлага хэлбэрээр хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл, алдангийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн үеэс эхлэн тооцож эхэлдэг. Гэтэл нэхэмжлэгч зээлийг төлснөөр гэрээ дуусгавар болно гэж тайлбарлаж байгаа нь өөрөө хугацаа заасан гэрээний шинжтэй нийцэхгүй бөгөөд алданги шаардах эрхийн үндэслэлтэй зөрчилдөж байна. Хэрэв гэрээ хугацаагүй, зөвхөн төлж дууссанаар дуусгавар болох нөхцөлтэй гэж үзвэл хугацаа хэтрэлт болон түүнээс үүдэх алданги тооцох эрх зүйн үндэслэл үгүйсгэгдэх нөхцөл үүснэ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүргээс үүсэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зохицуулсан. Энэ нь талуудын тохиролцоогоор өөрчлөх боломжгүй, заавал дагаж мөрдөх хэм хэмжээ юм. Иймээс эрх зүйн этгээдийн хувьд хэн байх нь хамаарахгүйгээр гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн адил үйлчилнэ. Талууд уг хугацааг гэрээгээр өөрчлөх боломжгүй тул хуулийн шаардлагын дагуу анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасны дагуу давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Эцэст нь тухайн үйл явдал, тохиолдлоор хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлно гэх ойлголт Иргэний хуульд тусгайлан заагдаагүй гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагч ******* болон ******* -ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр болон 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн нийт 4 гэрээний 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой тусгасан бөгөөд үүргийг хэзээ гүйцэтгэж дуусгахыг талууд тодорхой тохиролцсон. Ийм нөхцөлд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаар шаардах эрх үүсэж, тухайн үеэс эхлэн эрхээ хэрэгжүүлэх буюу анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг хууль ёсны арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллага уг боломжийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өмнө ижил төрлийн маргаан өөр шүүхүүдээр шийдвэрлэгдэж байсан гэх үндэслэлээр уг хэргийг шууд адилтган үзэх боломжгүй. Учир нь хэрэг бүр өөрийн онцлог, гэрээ бүр өөрийн агуулгатай тул шууд нэг мөр тайлбарлах үндэслэл болохгүй.

7.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан зээлийг бүрэн төлж, тооцоо нийлснээр гэрээ дуусгавар болно гэх заалт нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан үүрэг дуусгавар болох нөхцөлийг зохицуулсан заалт бөгөөд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт биш юм. Энэ нь зөвхөн гэрээ дуусгавар болох хэлбэрийг тодорхойлсон заалт болохоос үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлсон үндсэн заалтуудыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймээс 1.1, 1.2, 1.3 дахь хугацаа заасан заалтуудтай уялдуулан үзэхэд гэрээ хугацаатай байж, үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхой тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлтэй.

7.3. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх нөхцөл байсан бол нэхэмжлэгч энэ талаар нотлох үүрэгтэй байсан бөгөөд уг нөхцөл байдлаа нотлон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой. Гэвч ийм нотлох баримт гаргаагүй. Иймд, анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* -аас гэрээний үүрэгт 910,008,554 төгрөг, хариуцагч ******* -аас гэрээний үүрэгт 21,485,175.4 төгрөг, нийт 931,493,729 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг

хариуцагч ******* нь эс зөвшөөрч ...зарим гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, мөн хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул алданги төлөх үндэслэлгүй... гэж,

хариуцагч ******* нь ...******* дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-ний 11.1 дэх хэсэгт зааснаар гэрээг нотариатаар батлуулаагүй, мөн барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, түрээсийн зүйлийг хүлээн авч, ашиглаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй... гэж тус тус тайлбарлан, маргажээ.

3. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор ******* -ийн хөрөнгө, өглөг, авлагыг ******* -ийн Ажлын албанд шилжүүлсэн, мөн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор ******* -ийн Ажлын албыг татан буулгаж, түүний хөрөнгө, өр төлбөр, авлагыг ******* -д шилжүүлсэн бөгөөд ******* нь ******* -ийн байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан байна. /2хх-52-53/

4.Талуудын хооронд дор дурдсан гэрээ байгуулагджээ. Үүнд:

4.1. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр хариуцагч ******* нь 22,500,000 төгрөгийн үнэ бүхий Глифосат 48 хувь-ийн ургамал хамгааллын бодис худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 6,750,000 төгрөгийг гэрээ байгуулах үед хариуцагч төлж, үлдэгдэл 15,750,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. /хх-34, 136-137/

4.2. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр хариуцагч ******* нь 60,840,000 төгрөгийн үнэ бүхий Бурятская остистая, Алтайская-325 төрлийн 102 тонн улаан буудайг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 6,084,000 төгрөгийг гэрээ байгуулах үед хариуцагч төлж, үлдэгдэл 54,756,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. /хх-27-28, 177-179/

4.3. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар Хүнсний ногооны иж бүрдэл зээлээр худалдах, худалдах авах гэрээ-гээр хариуцагч ******* нь 84,366,893.8 төгрөгийн үнэ бүхий БНСУ-д үйлдвэрлэгдсэн, трактор, сийрүүлүүр, үрлүүр, бордоо цацагч, хураагч зэргийг худалдан авч, урьдчилгаа 9,188,473 төгрөгийг гэрээ байгуулах үед төлж, үлдэгдэл 75,178,420.8 төгрөгийг төлөх үүрэг хүлээж, мөн төлбөрийг 2024 он хүртэл 7 жилийн хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон. /хх-105-106, 107-112/

4.4. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр хариуцагч ******* нь 7,292,500 төгрөгийн үнэ бүхий Глифосат 48%, Алмазис төрлийн бодсийг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 2,187,750 төгрөгийг гэрээ байгуулах үед төлж, үлдэгдэл 5,104,750 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. /хх-33, 167-168, 168-170/

4.5. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай Бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр хариуцагч ******* нь Гуматын бордоо-г 5,250,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 1,575,000 төгрөгийг гэрээ байгуулах үед төлж, үлдэгдэл 3,675,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. /хх-184-185, 186-187/

4.6. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-г хариуцагч ******* , ******* нь ******* тай байгуулж, 10,474.7 ам.долларын үнэ бүхий, ******* маркийн хор цацагчийг авч, урьдчилгаа 3,143 ам.долларыг гэрээ байгуулах үед төлж, үлдэгдэл 7,331.7 ам.долларыг жилийн 5.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай лизингээр худалдан авахаар гэрээ байгуулсан. /хх-44-46, 145, 146-150, 155-157, 162/

4.7. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар Барьцааны гэрээ-г байгуулж, ******* -ийн эзэмшлийн, Т******* гэх газарт байрлах, газар тариалангийн зориулалттай, 100 га талбай бүхий, гэрчилгээний ******* дугаартай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан. /хх-47-48, 140-141, 151-154/

4.8. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-г ******* нь ******* тай байгуулж, 18,489.8 еврогийн үнэ бүхий, Тукан 1600 маркийн хаман боогч, ******* маркийн хадуур, ******* маркийн тармуурыг урьдчилгаа 6,449.8 еврог гэрээ байгуулах үед төлж, үлдэгдэл 12,040 еврог жилийн 4.62 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай лизингээр худалдан авахаар гэрээ байгуулсан. /хх-41-43, 188-193, 194/

4.9. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-г ******* нь ******* тай байгуулж, 15,940.1 ам.долларын үнэ бүхий ******* г урьдчилгаа 5,567.7 ам.долларыг гэрээ байгуулах үед төлж, үлдэгдэл 10,372.4 ам долларыг жилийн 5.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай лизингээр худалдан авахаар гэрээ байгуулсан. /хх-38-40, 195-201/

4.10. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-г ******* нь ******* тай байгуулж, 96,393.7 еврогийн үнэ бүхий ******* маркийн комбайныг Подборшикийн хамт авахаар тохиролцож, урьдчилгаа 33,625.1 еврог гэрээ байгуулах үед төлөхөөр тусгасан боловч урьдчилгаа 15,691.2 еврог төлсөн, үлдэгдэл 80,702.8 евро боловч гэрээнд дурдсан 62,768.6 еврогоос тооцогдох хүүг 2019-2022 оны хооронд жилийн 4.62 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай лизингээр худалдан авахаар гэрээ байгуулсан. /хх-35-37, 125, 129-135/

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар Хүнсний ногооны иж бүрдэл зээлээр худалдах, худалдах авах гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай Бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г тус тус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ-ний харилцаа гэж, мөн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-г тус тус Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний харилцаа гэж зөв тогтоосон.

5.1. Түүнчлэн хариуцагч нар гэрээнд заасан улаан буудай, бордоо, үр тариа, тоног төхөөрөмж зэргийг урьдчилгаа төлбөр төлж, хүлээн авсан ба үүнээс хойш гэрээний үүргийг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгээгүй үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэж, талуудын хооронд байгуулагдсан ******* , ******* , ******* , ******* , ******* дүгээр гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 218 дугаар зүйлийн 218.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт тус тус нийцсэн.

5.2. Үүнээс гадна хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,01, 0,1 хувиар тус тус алдангийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн ба анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүйг харгалзан мөн хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар гэрээ тус бүрийн гүйцэтгэвэл зохих үнийн дүнгийн хэмжээгээр алдангийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

Мөн шүүх ******* дугаар гэрээнд алдангийн талаар тохиролцоогүйг гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 163,265,192 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаар зохигч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар нэмж дүгнэх шаардлагагүй байна.

5.3. Хариуцагч ******* нь Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас төлбөрийн чадваргүй болсон ба үүнтэй холбоотой алданги төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Тодруулбал, хэрэгт давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр төлбөр төлөх боломжгүй байсныг хариуцагч тал баримтаар нотлоогүй ба ийнхүү хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг энэ тохиолдолд хэрэглэхгүй. Мөн энэ нь гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байх, эсхүл гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг нэмж дурдана.

6. Харин анхан шатны шүүхийн талуудын хооронд байгуулагдсан ******* ,

******* , ******* , ******* дугаар гэрээний үүрэг дуусгавар болсон, ******* дугаар барьцааны гэрээг бүртгүүлээгүй талаарх эрх зүйн дүгнэлт нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2, 82 дугаар зүйлийн 82.1, 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцээгүй байх тул энэ талаарх дүгнэлтийг залруулж, шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

6.1. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т Зээлдэгч нь 2017 оны хаврын тариалалтад шаардагдах ургамал хамгааллын бодисын 30 хувийг зээлдүүлэгчийн Төрийн банкны ******* тоот данс, Хүлээн авагч: ******* дансанд төлж, үлдэгдэл 70 хувийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр болон хүнсний улаан буудайгаар төлнө гэж заажээ.

Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа төлбөр төлөх эцсийн хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дууссан учир үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход дуусгавар болсон гэж маргасан.

Гэтэл дээрх зохицуулалт нь төлбөрийг мөнгөөр, аль эсхүл ижил төрөл /төрлийн шинж/-ийн бараа бүтээгдэхүүн /сонгох эрх/-ээр төлөх тусгайлсан хугацааны талаар зохицуулжээ.

Тодруулбал, хариуцагч буюу худалдан авагч нар гэрээнд заасан төлбөрийн 30-аас доошгүй хувийг мөнгөөр, үлдэх 70 хувийг тариалангийн үйл ажиллагааны үр дүн болох ургац хурааж дуусах цаг хугацаатай холбоотойгоор 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ижил нэр төрөл /дүйцэх хэмжээ/-ийн хүнсний улаан буудайгаар төлж болохоос гадна мөнгөөр төлөх үүрэг гүйцэтгэх тусгай хугацааг тохирсон байна.

6.2. Харин дээрх гэрээний 1.6 дахь хэсэгт Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж, гэрээний 4.2 дахь хэсэгт алданги 0.3 хувиар тооцох, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 6.3 дахь хэсэгт Энэхүү гэрээ нь төлбөрийг бүрэн төлж дууссанаар дуусгавар болго гэж, гэрээний 4.1 дэх хэсэгт алданги 0.5 хувиар тооцох, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар Бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 1.5 дахь хэсэгт Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж, гэрээний 4.2 дахь хэсэгт алданги 0.3 хувиар тооцох, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 1.5 дахь хэсэгт Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж, гэрээний 4.2 дахь хэсэгт алданги 0.3 хувиар тооцохоор тус тус тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл, тухайн гэрээ бүрт Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж зааснаас үзвэл гэрээний үүргийг биелүүлэх ерөнхий хугацааг төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл гэх үйл явдлаар тодорхойлсон байгааг анхан шатны анхаарч, дүгнэх шаардлагатай байсан.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүргийг биелүүлсэн тохиолдолд үүрэг дуусгавар болох бөгөөд энэхүү магадлалын 6.1-д дүгнэснээр худалдан авагч нар үүрэг гүйцэтгэх тусгай хугацааны дотор гэрээний төлбөрийг мөнгө, аль эсхүл бараа бүтээгдэхүүнээр төлөөгүй бол тухайн тохиролцоог хэрэгжээгүй гэж үзэж, улмаар төлбөрийг төлөх хүртэл гэрээний хугацаа үргэлжлэх агуулгатай байна.

6.3. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж, 208.3-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн шаардсанаар хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Иймээс талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул ******* дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 15,750,000 төгрөг, алданги 7,875,000 төгрөг, нийт 23,625,000 төгрөг, ******* дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 54,756,000 төгрөг, алданги 27,378,000 төгрөг, нийт 82,134,000 төгрөг, ******* дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 3,675,000 төгрөг, алданги 1,837,500 төгрөг, нийт 5,512,500 төгрөг, ******* дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 5,104,750 төгрөг, алданги 2,552,375 төгрөг, нийт 7,657,125 төгрөг, бүгд 118,928,625 төгрөгийг хариуцагч ******* -аас гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус нийцнэ.

7. Шүүх Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт тус тус зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ барьцаалуулснаа аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгээгүй байх тул шаардах эрх үүсээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч дараах агуулгаар дүгнэлтийг өөрчилнө.

7.1. Талууд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар Барьцааны гэрээ-г байгуулж, ******* -ийн эзэмшлийн, Т******* гэх газарт байрлах, газар тариалангийн зориулалттай, 100 га талбай бүхий, гэрчилгээний ******* дугаартай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан байх боловч уг барьцааг холбогдох эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй байна.

Уг гэрчилгээний Эрхийн гэрчилгээ барьцаалсан тэмдэглэл хэсэгт ******* сумын Газрын даамал гэх тэмдэглэгээ хийгдсэн байх боловч энэ нь дээрх гэрээг байгуулахаас өмнөх цаг хугацаанд хамааралтай байх ба уг гэрээг бүртгэгдээгүй гэж үзнэ. /1хх-140-141/

7.2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж, 156.3 дахь хэсэгт Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Ийнхүү барьцааны гэрээ бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгчийн энэхүү гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй ба нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчмын хүрээнд нэмж эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* -иас гэрээний үлдэгдэл төлбөр 719,679,126 төгрөг, хариуцагч ******* -аас 21,485,175 төгрөг, нийт 741,164,301 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 190,329,428 төгрөгт холбогдох хэсэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/11437 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* -аас 719,679,126 төгрөг, хариуцагч ******* -аас 21,485,715 төгрөгийг тус тус гаргуулж ******* -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 190,329,428 төгрөгт холбогдох хэсэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ******* -аас улсын тэмдэгтийн хураамжид 4,815,418.64 төгрөгийг нөхөн гаргуулж Төрийн сангийн 100200600941 тоот дансанд оруулж, хариуцагч ******* -аас 3,756,346 төгрөг, хариуцагч ******* -аас 265,379 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* -д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* -аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 752,593 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ

 

Н.ГЭРЭЛТУЯА