Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 0255

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.О   

Шүүгдэгч Т.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Жт холбогдох эрүүгийн 1925003580283 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Т.Ж

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Т.Ж нь буюу 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 22-09 тоотод Б.Мын цээжний зүүн хажуу хэсэгт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Т.Жийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж мэдүүлэхдээ “2019 оны 5 дугаар сарын 15-нд бид нар 3 шил архи уусан. Тэгээд нилээн муудсан байсан. Мөнхбат хоол идээд тогооны хажууд сууж байсан. Тэр үед нь би унтах гээд унтлагны өрөөрүүгээ

 

 

 

 

 

 

орох гээд явахдаа М-тын хэвлий хэсэгт миний барьж явсан хутга орсон байсан. Би хутгалснаа мэдээгүй өрөөрүүгээ орсон. Өөр ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Б.М “нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Мын ...“Ж ах нэг хар хуйтай хутга гаргаж ирээд ахад нь ийм хутга байдаг юм гээд үзүүлж байсан. Тэгээд би гал тогооны наахан талд төмөр сандал дээр сууж байсан бөгөөд Ж миний хажууд сууж байсан. Тэгээд Ж нилээд согтсон байсан бөгөөд “Ах нь одоо унтлаа” гээд босох шиг болсон чинь миний зүүн талын хавирганы доод хэсэгт жирс гээд сонин болсон. Тэгэхээр би босоод ирсэн чинь миний зүүн талын хавирга хэсэг нойтон оргиод ирсэн. Тэгэхээр нь гараараа дараад үзсэн чинь цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16-р хуудас/

 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-13 дугаар хуудас/

 

  1. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 11-р хуудас/

 

  1. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 12-13-р хуудас/

 

  1. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-н 115-117-р хуудас/

 

  1. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-н 118-122-р хуудас/

 

7. Гэрч Г.Э-ны ...“Жижигээ ах нэг хар өнгийн хуйтай хутга гаргаж ирээд М-ад надад ийм хутга байгаа гээд үзүүлээд байсан. Хоол болохоос өмнө хоёр дахь шил архи дууссан бөгөөд Жижигээ ах М-тыг дажгүй ажил хийдэг сайн дүү байна дахиад ганц шил архи авч өгнө гэж хэлээд Өлзий бид хоёрыг байж бай гээд Мөнхбатыг дагуулаад гараад явсан. Тэгээд дахиад нэг 0,75 граммын Стандарт архи авч орж ирээд би задлаад би архи хундгалаад явуулсан бөгөөд ширээ тойрч суугаад хоол идсэн. Тэгсэн Жижигээ ах, Өлзий, Мөнхбат гурав зуухны орчимд байсан бөгөөд би цонх руу харж суугаад архи хундгалаад сууж байсан. Тэгээд нэг эргээд харсан чинь Өлзий М-тын зүүн талаас сугадаад явж байсан ба М зүүн талын хавирга хэсэгт гараараа дарчихсан байсан. Тэгсэн Өлзий наад балай Жижигээ чинь М-тыг хутгалчихлаа гэж хэлсэн бөгөөд Жижигээ жижиг өрөөндөө орсон байсан” ... гэсэн мэдүүлэг. /хх-н 24-25-р хуудас/

 

8. Гэрч Ж.Ө-ны ...“Тэгээд 2 дахь архиа уугаад дуусаад би нилээд согтсон бөгөөд нэг харсан Жижигээ ах Мөнхбат ах хоёр гэрээс гараад явсан Удалгүй дахиад 1 шил 0,75 граммын Стандарт архи авч орж ирсэн. Тэгсэн Жижигээ ах нэг хар өнгийн хуйтай /гэр/ урт хутга гаргаж ирээд ахад нь ийм хутга байдаг юм гээд М-тад үзүүлээд байсан. Тэгээд цонхоор хараад зогсож байсан хойно ёоё гэх дуу гарсан бөгөөд би эргээд харсан М-тын одоо бодоход баруун билүү зүүн талын хавирганы доохон талаас цус олгойдож гарч байсан бөгөөд хажууд нь Жижигээ ах хутгаа баруун гартаа бариад сууж байсан , хутга нь хуйтайгаа байж байсан. Тэгэхээр би хөөе та яаж байгаа юм хүн аллаа ш дээ гэж хэлээд очоод цусыг нь дарж авсан” ... гэсэн мэдүүлэг. /хх-н 26-27-р хуудас/

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 352 дугаартай ... “Б.Мын биед цээжний зүүн хажууд суганы дунд шугамаар 10-11-р хавирганы түвшинд цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийд цус хуралдалд, бүдүүн гэдэс, өрцөнд хатгагдсан шарх, дэлүүнд зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус алдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно...” гэх дүгнэлт. /хх-ийн 34-35-р хуудас/

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 357 дугаартай ...”Г.Э-ны биед хүзүүнд 1 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх 55-56 хуудас/

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 98 дугаартай ... “Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн зүүн талд бариулын хязгаарлагчаас 1 см зайд 1 ширхэг гарын мөр илэрнэ. Шинжилгээний явцад илэрсэн гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна...” гэх дүгнэлт /хх 58-59-р хуудас/ дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Т.Ж нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 22-9 тоотод хохирогч Б.Мыг хутгаар хатгаж болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналыг гаргаж байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, хутганы хуй 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг тус тус гаргаж байна саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.О дүгнэлтдээ “Хохирогчийн мэдүүлэгт “ах нь унтлаа гээд босоход миний зүүн тал жирс гээд сонин болоод явчихсан” гэх мэдүүлэг, гэрч Өлзийсайханы мэдүүлэгт “Жижгээ ах хар иштэй хутга гаргаж ирээд ахад нь ийм хутга байдаг гээд үзүүлж байсан. Намайг цонхоор хараад зогсож байхад ёоё гэх дуу гарсан эргээд хартал ийм зүйл болсон байсан. Хутга нь хуйтайгаа байж байсан” гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, туршилт хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдээр Т.Ж нь санаатай биш болгоомжгүй үйлдлээр хохирогчийн биед хуйтай хутгаар гэмтэл учруулсан нь эргэлзээгүй нотлогдсон. Улсын яллагчийн яллаж ирүүлсэн зүйлчлэл үндэслэл бүхий болсон. Мөн шүүгдэгч гэм буруугаа үйл баримтуудыг харгалзаж үзээд яллагчийн яллах дүгнэлт заасан зүйл ангиар шүүгдэгчид Т.Жийг гэм буруутайд тооцох үндэслэл байна. Улсын яллагч мөн тус зүйл ангид заасан хорих ялыг хэрэглэн яллаж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялын хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байгаа. Гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлөх болон ялаас чөлөөлөх байдлыг хууль тогтоогчид тогтоосон байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий зарчим нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй. Т.Жийн хувьд гэрч нарын мэдүүлгээр хувийн байдал нь ноён нуруутай, төлөв төвшин хүн гэдэг нь нотлогдсон байгаа. Өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Т.Жийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Т.Ж нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 22-09 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Мын цээжний зүүн хажуу хэсэгт нь хутгаар хатгаж, хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

                   Т.Ж нь үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                   Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

                   Хохирогч Б.Мад 2.657.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгдсөн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

            Шүүгдэгч Т.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1, уг хутганы хуй 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Ж Эрүүгийн хуулийн тусгай 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Ж нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1, хутганы хуй 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.АЛТАНГАДАС