| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0254/Э |
| Дугаар | 0256 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 0256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 1925004220319 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.О
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 19-05 тоотод эхнэр Г.Отой маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “2018 оны 10 дугаар сард эхнэр гадуур дотуур хоноод ирсэн. Тэрнээс болоод хэрүүл маргаан болоод ор луу түлхээд унгасан өөр зүйл болоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.О хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Оын ...“2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр ногоотой шөл хийсэн байсан. Тэгэхээр нь би ямар гоё хоол хийсэн юм бэ гэж хэлэхэд нөхөр маань дуу муутай байгаад байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бэ гэхэд хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгээд намайг орлуу түлхэж унагаасан, гараа атгаж байгаад толгой хэсэгт 2-3 удаа цохьсон. Мөн том өрөөний хаалганд байсан шилэн цонхыг гараараа цохиж хагалсан. Тэгэхээр нь би 22 цагийн орчим Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Нөхөр маань цагдаа ирэхээс өмнө зугтаагаад явсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/
2. Гэрч У.М-гийн “...2018 оны 10 сарын 30-ны өдөр манай охин Улаанбаатар хотод ГССҮТ-д очиж хөлөө үзүүлэх дугаар авсан байсан. Тэгээд Улаанбаатар явахын урьд өдөр нь Г.Оыг нөхөр Отгонбаяр нь зодсон байсан. 2018 оны 10 сарын 29-ний өдөр охин маань утсаар ярихдаа Улаанбаатар явлаа урьд шөнө нөхөр надтай муудалцаад толгойруу цохиж зодсон гэж хэлсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/
3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 326 дугаартай “Г.Оын биед тархи доргилт үүсч байжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 2017, 2018 онуудад дээрх гэмтлүүд үүсч байжээ гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27-р х/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт үйлдсэн болохыг нотлох үүрэгтэйгээр оролцоно. Ингэж оролцохдоо хавтаст хэргээс хохирогч Г.Оын мэдүүлэг, гэрч У.Мядагийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судалж оролцоно. Шүүгдэгч Б.О нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Г.Оыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэмтэл согог үндэсний төвд үзүүлсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Оыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Оын мэдүүлэг, гэрч У.М-гийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 19-05 тоотод эхнэр Г.Отой маргалдан түлхэж унаган, толгой тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС