Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2026/01265

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01531 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох 

Зээлийн гэрээний үүрэг болон хохирол нийт 44,630,695.71 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн,

2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1901/200108 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн барьцааны гэрээний зүйл болох барааны тэмдгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн төлөөлөгч, *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******, *******, ******* нар нь *******-тай 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 27,000,000 төгрөгийг жилийн 21,60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар зээлсэн.

1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр *******ын өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 15 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 15 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

1.3. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн, энэ талаар зээлдэгч нарт мэдэгдэж, зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.

1.4. Банк нь зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсгүүдэд заасны дагуу зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй тул 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25,105,247.30 төгрөг, үндсэн хүү 17,313,235.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,192,213.11 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдсон зардал 20,000 төгрөг нийт 44,630,695.71 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.5. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох *******ын өмчлөлийн 2 ширхэг автозогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. *******-тай 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 13 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө 2019 оны 12 сарын байдлаар 11,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гэтэл банкны зээлийн эдийн засагчийн зүгээс дарамт шахалт үзүүлж эхэлсэн бөгөөд зээлийн хугацааг сунгах хүсэлт гаргахад шинээр зээл авч өмнөх зээлээ төлөхийг шаардсан. Ингээд арга буюу 1 жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, барьцаа хөрөнгө олж ирэхийг шаардсан тул *******ын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан.

Банк нь өмнөх зээлийг төлүүлэхийн тулд банкны зээлийн үйл ажиллагааны шалгуур хангаагүй байсан компанийн нэр дээр зээл гаргаж хамтран зээлдэгч нэмж, зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1901/200108 дугаартай зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

2.2. Мөн банк нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандан 29,532,450.11 төгрөг  гаргуулах, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү хэрэг шүүхэд хянагдаж байх явцад шүүгчийн захирамжид заасан нотлох баримтыг шүүхэд ирүүлэхгүй, удаа дараа шүүх хуралдаандаа ирэхгүй байсан тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Гэтэл өөрсдөө үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас нэмэгдүүлэн шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. *******-тай байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 11,702,368 төгрөгийн зарлага гаргаж, банк зээлийг хаасан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан ******* дугаартай гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ******* дугаартай, *******-ийн эзэмшилд бүртгэлтэй барааны тэмдгийг барьцаанаас чөлөөлөөгүй тул уг хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү.

3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 2020 оны 1 дүгээр сард хадам ах болох *******гийн гуйлтаар банканд барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, туслаач гэсэн хүсэлтийн дагуу хөрөнгөө барьцаалуулсан. Тухайн зээлийн гэрээнд барьцаалуулагчийн зүгээс гарын үсэг зурах юм байна гэсэн ойлголттой нотариат дээр очиход хамтран зээлдэгч болгосон. Тухайн үед 27 сая төгрөгийн зээл авсан боловч миний дансанд ороогүй, зээлийн зарцуулалтад оролцоогүй. Иймд нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөх үүрэг хүлээхгүй.

4. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. *******-ийн харилцаанд хамааралгүй бөгөөд зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулсан байсан. Энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 

5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Зээл авах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу *******-аас *******-ийн зээлийн дансанд 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 27,000,000 төгрөгийг олгосон нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор нотлогдоно.

5.2. *******, *******, ******* нар 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсгээ зурж, зээлийг төлж байсан тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нарыг сайн дураар хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг байгуулж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлсөн гэх үндэслэлээр зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг нийт 29,532,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,098,245 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас *******-ийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн ЗГ1901/200108 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *******-ийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, барааны тэмдгийн ******* гэрчилгээний дугаартай, Оюуны өмчийн газар бүртгэгдсэн, *******-ийн эзэмшилд бүртгэлтэй барааны тэмдгийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч *******ын өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, тус бүр 15 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн *******, ******* дугаарт бүртгэлтэй, авто зогсоолын зориулалттай 2 ширхэг үл хөдлөх хөрөнгүүдээр гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  451,303 /381,103+70,200/ төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,351 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 375,812 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дүгээр хуудасны 2 дахь талд “Дээрхээс дүгнэн үзэхэд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй хэдий ч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хайнга хандсан гэж үзэхээр байх тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн буцааснаас хойш дахин гаргаж шийдвэрлүүлэх хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хариуцагчийг чөлөөлөх үндэслэлтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаар зээлдэгч нарын төлөх төлбөрийн хэмжээ ихсэх нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байна” гэж шүүх дүгнэсэн.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дүгээр талд “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан улмаар 2024 оны 04 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэх үндэслэлээр *******ны нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 102/Ш32024/08581 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамжаар буцаасан байна. *******наас өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхээс буцааснаас хойш 3 сарын дараа дахин шүүхэд нэхэмжлэлээ 2024 оны 08 сарын 06-ны өдөр гаргахдаа 44,630,693 төгрөг болгон нэмэгдүүлэн гаргасныг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас зээлдэгч нарын төлөх төлбөрийн нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байна” гэсэн нь тодорхой хууль хэрэглээ байхгүй, ямар үндэслэл, хуулийн зүйл заалтаар нэхэмжлэгчийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүнгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим, үндэслэл бүхий байх зарчмуудыг ноцтой зөрчиж байна.

7.2. Хариуцагч нар нь *******-тай 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийн харилцаа үүсэж, зээлдүүлэгчээс зээл олгох ажиллагаа нь хуульд нийцсэн, гэрээнд үндэслэсэн, олгосон зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашигласан, зээлийн гэрээний төлбөрийг зээлдэгч төлсөн нь нотлох баримтаар тогтоогдсон. Иймд шүүх хариуцагчийн биелүүлээгүй үүргийг хангаж, нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэж байгаа нь үүрэг гүйцэтгэх зарчимд нийцэхгүй байна.

7.3. Нэхэмжлэгч тал гэрээний дагуу үүргийн биелэлтийг шүүхийн журмаар шаардсан, шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн маргааныг шийдвэрлэхэд баримталсан хуулийн зүйл, заалтыг тодорхой зааж, тайлбарлаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу зээлийг бүрэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Иймд 15,098,245 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

8. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн төлөөлөгч, *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Нэхэмжлэгч тал өмнөх шүүх хуралдаанд удаа дараа ирээгүй учраас нэхэмжлэл дахин гаргах үндэслэл болсон гэж үзэж байна. Хэрвээ нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд оролцсон бол өмнөх нэхэмжлэлийн шаардлагаар 29,000,000 төгрөгөөр шийдвэрлэгдэх боломжтой байсан. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж гаргасанд гомдолтой байна.

8.2. *******-ийн зүгээс 16,000,000 төгрөгийг буцааж татсан бөгөөд үлдсэн 27,000,000 төгрөгөөс нийт 11,000,000 төгрөгийг хариуцагч нар төлсөн. Одоогийн байдлаар бид нар 40 гаруй сая төгрөгийн хохирол амссан байгаа учраас дахиад 40,000,000 төгрөгийн төлбөр гаргуулах гэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

8.3. Мөн 29,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 44,630,695.71 төгрөг болгохдоо яаж тооцоолсон талаар танилцуулаагүй. *******-ийг хохироосон үйлдэл гаргасан гэж үзэхгүй байна. Иймд 15,098,245 төгрөгийг хангаж шийдвэрлүүлэх гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

9. Давж заалдах гомдолд хариуцагч *******ын гаргасан тайлбарын агуулга:

9.1. Нэхэмжлэгч талаас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаа дараа хойшлуулсан гэж үзэж байгаа учраас 15,098,245 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан үндсэн зээл 25,105,247.30 төгрөг, хүү 17,313,235.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,192,213.11 төгрөг зээлийн гэрээний үүрэгт нийт 44,610,695.71 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг нийт 44,630,695.71 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн 2 ширхэг автозогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* нь 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1901/200108 дугаартай зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, мөн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн барьцааны гэрээний зүйл болох барааны тэмдгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* болон *******, *******, ******* нар 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ1901/200108 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 27,000,000 төгрөгийг жилийн 21,60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, *******, *******, ******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх, уг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 17-20/

3.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан ЗБГ1901/200108 дугаартай ”Барьцааны гэрээ”-гээр *******ын өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 15 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 15 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. /1хх-ийн 22-25/

3.3. Дээрх гэрээнүүдийг байгуулсан болон гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг *******-д шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй, тэд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хариуцагч *******, ******* нар үүрэг гүйцэтгэх этгээд мөн эсэх, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох хугацааны асуудлаар маргасан.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн талаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулж, хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар шүүх зөв дүгнэсэн.

Түүнчлэн, ******* нь *******-ийг өөртөө нэгтгэж, эрх, үүргийг шилжүүлэн авч, улмаар тус банкны байгуулсан гэрээний үүргийг хариуцагч нараас шаардсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6, 123.8 дахь хэсэгт нийцсэн, энэ талаарх үйл баримтыг шүүх зөв тогтоосон. 

4.2. Хариуцагч ******* нь *******-тай 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр 20,000,000 төгрөгийг жилийн 13 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, гэрээний үүрэгт 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нийт 11,702,368.06 төгрөг төлөгдсөн /1хх-237-239, 3хх-101-103/ байх боловч энэ нь тус гэрээний үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан гэж дүгнэх үндэслэл болохгүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

Шүүх дээрх үндэслэлээр 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд нийцүүлэн шийдлийг хэвээр үлдээнэ. Хэдийгээр дээрх шаардлага нь бие даасан шаардлагын агуулгагүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэл байх боловч талуудын зарчмыг үндэслэн шүүх сөрөг нэхэмжлэлээр хүлээн авч шийдвэрлэснийг буруутгахгүй.

4.3. Хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээний хүсэл зориг илэрхийлсэн баримтад гарын үсэг зурснаар гэрээний нэг тал болж, хууль зүйн хувьд эрх, үүрэг үүсэх тул зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгүүлэхээр шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцнэ.

Өөрөөр хэлбэл, зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан эсэхээс үл хамааран хамтран хариуцах үүргээс чөлөөлөгдөхгүй тул энэ талаарх хариуцагч нарын тайлбар, татгалзал үндэслэлгүй болжээ.

5. Дээрх гэрээгээр хариуцагч нар сар бүрийн тогтсон хугацаанд зээл, зээлийн хүүг тодорхой дүнгээр хэсэгчлэн төлөх, ийнхүү төлснөөр гэрээний хугацаа дуусахад зээл болон түүний хүүг төлж дуусах, төлөөгүй хугацаа хэтэрвэл уг хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцсэн.

5.1. Харин зээлдэгч нар 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үндсэн зээлд 1,894,752.70 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хүүнд 7,984,592.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 165,166.49 төгрөг төлж, зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, энэхүү зөрчлийг арилгах талаар нэхэмжлэгч байгууллагаас удаа дараа мэдэгдсэн боловч уг үүргийн зөрчил арилаагүй, гэрээний хугацаа 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр дууссан үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй. /1хх-28-32, 34-37/ 

6. Иймд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

6.1. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйн улмаас нэхэмжлэл буцаагдсан, энэ буруутай үйлдэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж дүгнэж, анх нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, нэхэмжлэлээс 15,098,245 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсон. Учир нь:

Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 29,532,450 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/02129 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 210/ТМ2023/01776 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Улмаар шүүх нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэж, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2024/08581 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааснаар 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дахин нэхэмжлэл гаргажээ. /1хх-ийн 100-124, 137-139/ 

Талуудын байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч, ашигласан тул шүүх маргааныг хэрхэн шийдвэрлэхээс үл хамааран хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт нийцэх юм.

Харин хариуцагч нар 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш гэрээний үүргээ огт биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгаж, нэхэмжлэлээс зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцэхгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол хангагдана.

7. Иймд хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын баримтаар зээлдэгч нар нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 25,105,247.30 төгрөг, хүү 19,505,448.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,192,213.11 төгрөг нийт 44,610,695.71 төгрөг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.  

8. Мөн хариуцагч нар гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохиролд нотариатын зардал 20,000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ. 

9. Талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн. Энэ шийдэлд хариуцагч нар гомдол гаргаагүй.

10. Хариуцагч ******* нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үндэслэлээр уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан, ******* дугаартай гэрчилгээтэй барааны тэмдгийг барьцаанаас чөлөөлөх сөрөг нэхэмжлэл гаргасан.

10.1. Анхан шатны шүүх дээрх шаардлагыг *******-ийг зөвшөөрсөн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хэвээр үлдээнэ.

11. Анхан шатны шүүх хохирол шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй хуулийн зүйл, хэсэг баримталсныг залруулсан өөрчлөлт оруулна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01531 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас 44,630,695.71 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгч *******-д холбогдуулан гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1901/200108 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

4 дэх заалтын “...56.2” гэснийг “56.1” гэж, “...375,812” гэснийг “451,303” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,441 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ЗОЛЗАЯА

                                          ШҮҮГЧИД                                         Б.УУГАНБАЯР

                                                                                                   Т.ГАНДИЙМАА