| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0247/Э |
| Дугаар | 0257 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 0257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Г.Т
Хохирогч Г.С
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Од холбогдох эрүүгийн 1925004270293 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Д.О
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 дугаар цэцэрлэгт иргэн Г.Сийг ажилд оруулж өгнө гэж” хуурч мэхлэн 1000000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Оыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ “Би
С-гийн эгчтэй найз, ээжтэй нь хуурай эгч дүүс. Тэр утгаараа ээж нь “охиныгоо ажилд оруулчихаар байна” гэж асууж, ярилцаж байсан. Би ерөнхий чиглэлийг өгч байсан. “Нягтлангууд орж гараад орон тоо зөндөө байгаа. Бичиг баримтаа өгөөд, шалгалтаа өгчих юм бол нээлттэй байгаа” гэж хэлж байсан. Тухайн үед надад 1 000 00 төгрөг хэрэг болж байсан. Ээжээс нь мөнгө асуухад “эгчид нь мөнгө байхгүй байна. Сайханчимэгээс асууя” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал “С-гээс асуулаа чамд 1 000 000 төгрөг зээлье” гэж байна гэсэн. Орой намайг ажлаа тараад явж байхад энэ хэд бас ажлаа тараад явж байна гээд захиргааны гадаа уулзсан. Тэгж уулзаад 1 000 000 төгрөг авсан. Тухайн үед би цаасан дээр ямар нэгэн бичиг хийж өгөөгүй. Надад 5 хувийн хүүтэй зээлсэн. Дараа нь ээж нь С-гийг “нөхөртэйгээ маргаантай байна. Ажилд төрөлд орно гээд чамд мөнгө өгчихсөн болохоор чи нэг бичиг хийгээд өгөөч” гэхээр нь хоорондоо асуудалтай байгаа юм байна гэж бодоод бичиг хийж өгсөн” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.С мэдүүлэхдээ “Энэ хүний одооны ярьж байгаа зүйл нь худлаа байна. Ээж рүү залгаад 1 500 000 төгрөгөөр ажилд оруулж өгнө гэсэн. Эхний ээлжинд 1 000 000 төгрөгийг өгөөд орсон хойноо 500 000 төгрөгийг өгч болно гэсэн. Зээлсэн зүйл огт байхгүй. Эхлээд захиралтайгаа ярина гээд миний дипломын хуулбарыг хамт авсан. О өчигдөр хохирол барагдуулсан” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Сийн ... “2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нутгийн захиргааны байрны баруун талын зогсоол дээр машин дотроо нөхөр Одхүүгийн хамт Орхон аймгийн 10 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Д.Отай уулзаж 1000000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед О дэвтрийн цаасан дээр ажилд оруулж өгнө бэлэн 1000000 төгрөг авсан нь үнэн болно гэж баталгаа бичиж өгсөн. Тухайн үед мөнгөө цэцэрлэгийн эрхлэгчдээ өгнө гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 7-р хуудас/
2. Гэрч Я.О-гийн ...“О над руу залгаад би жирэмсний амралтаа авах гэж байгаа миний орон тоон дээр охиноо ажилд оруулах уу, би даргатай яриад оруулаад өгье 1500000 төгрөг байдаг юм, эхний ээлжинд 1000000 төгрөг өгчих гэж хэлсэн. Удаад байхаар нь мөнгөө авах талаар хэлэхэд удахгүй дарга ирээд шийдэж өгнө гэж хэлсэн. Сүүлдээ дарга мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлээд өнөөдрийг хүрсэн” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 10-р хуудас /
3. Гэрч Ц.О-гийн ...“О өгсөн мөнгийг би “Тэгш саятан" ББСБ-аас 600000 төгрөгийн зээл авч, үлдэгдэл 400000 төгрөгийг хадам эх О-гаас зээлж өгсөн. 1000000 төгрөгийг өгөх үед О би энэ мөнгийг өөрөө авахгүй захиралтайгаа ярилцана гэж байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 12-р хуудас/
4. Гэрч Т.Э-гийн ... “манай байгууллагын нягтлан бодогчийн албан тушаалд Орхон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс хүн томилж ирүүлдэг. Манай байгууллага өөрсдөө сонгох боломжгүй байдаг. Д.Оыг жирэмсний амралтаа авахад нь манай байгууллагаас Орхон аймгийн санхүү, төрийн сангийн хэлтэст сул орон тоонд хүн томилуулахаар албан бичиг хүргүүлсэн. Орхон аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсээс томилогдсон хүний нэр, холбогдох бичиг баримтыг ирүүлсэн. Түүнийг үндэслэж эрхлэгчийн тушаал гаргаж баталгаажуулдаг. О жирэмсний амралт авахдаа нягтлан бодогчийн орон тоонд хэн нэгэн хүний нэрийг санал болгож, анкетийг нь надад өгсөн удаа байхгүй” гэсэн мэдүүлэг. /х-х-ийн 14-р хуудас / болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Д.Од холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Д.О нь хавтаст хэрэгт авсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өсгөн мэдүүлэг зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилж 1 000 000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Өөрөө 10 дугаар цэцэрлэгт ажилладаг ч гэсэн орондоо хүн оруулж өгнө гэж боломжгүй зүйлийг болох мэтээр хохирогч С-т ойлгуулж, итгэл үнэмшил төрүүлсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийг баримтаар ирсэн зүйлгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг гаргаж байна” гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Сийн мэдүүлэг, гэрч Я.О, Ц.О, Т.Э нарын мэдүүлэг, Д.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.О нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 дугаар цэцэрлэгт иргэн Г.Сийг ажилд оруулж өгнө гэж хуурч 1000000 төгрөг авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Оыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ “О өчигдөр хохирол барагдуулсан тул гомдол санал байхгүй” гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС