| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/12649/И |
| Дугаар | 210/МА2026/01190 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/01190
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр 13-ны 192/ШШ2026/00599 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 29,994,015 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хариуцагч *******, ******* нар нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ******* ХХК-тай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 27,200,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд ******* ******* улсын дугаартай ******* арлын дугаартай Toyota Prius маркийн хар өнгийн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг барьцаалан ******* тоот фидуцийн гэрээ байгуулсан. Хариуцагч *******, ******* нар нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 2,497,831.49 төгрөг, зээлийн хүүд 6,396,429.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,949.88 төгрөг буюу нийт 8,905,210.60 төгрөг төлсөн байна. Хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээний үүргээ 2025 оны 02 дугаар сараас эхэлж зөрчсөн. Хариуцагч *******, ******* нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулан утсаар холбогдож байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн зээл, зээлийн хүүгийн төлбөр шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 24,702,168.51 төгрөг, зээлийн хүү 5,224,294.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,552.35 төгрөг нийт 29,965,015.26 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.2. *******той 27,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, сар бүрийн 02-ны өдөр хуваарьт төлөлт хийхээр тохиролцсон бөгөөд эхний саруудад гэрээний графикийн дагуу төлөлтөө хийж байсан. Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх талаар удаа дараа сануулсан боловч 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 6, 7, 9 дүгээр саруудад төлөлт хийгээгүй тул барьцаа хөрөнгийг хураах мэдэгдлийг хэд хэдэн удаа хүргүүлсэн. Хариуцагч нь ажил дээр ирээд аваарай гэж мэдэгдсэн тул зээл төлөлтийн мэргэжилтэн уулзан автомашиныг хураан авсан. Зээлдэгч нар 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаа хүсэж, энэ хугацаанд тэтгэврийн зээл авч бүх өрөө төлнө гэж мэдэгдэж байсан. Мөн зээлдэгч *******той зөвшилцөн автомашины түргэн борлуулагдах үнийг тогтоосон бөгөөд энэ нь гэрээнд тусгагдсан. Одоогоор маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байгаа тул автомашиныг худалдаагүй байна. Автомашиныг хураан авах үед жолоочийн талын урд кирлан байхгүй, сэвтэй байсан талаар тэмдэглэл үйлдсэн. Нэхэмжлэл гаргах өдөр буюу 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон бөгөөд түүнээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцоогүй. Зээл төлөгдсөн тохиолдолд барьцааны зүйл болох автомашиныг буцаан олгоно. Автомашиныг 10 дугаар сарын 02-ны өдөр хураан авсан. Хөндлөнгийн үнэлгээгээр автомашины үнэлгээ 20,500,000 төгрөгөөр тогтоогдсон.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, мөн зээлийн гэрээний 6.2.1-д заасны дагуу хариуцагч *******, ******* нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 29,965,015.26 төгрөг, нотариатын зардал 29,000 төгрөг, нийт 29,994,015.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга:
2.1. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ******* ХХК-тай ******* дугаар зээлийн гэрээ байгуулж, 27,200,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар сарын 3.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан нь үнэн. Уг зээлээр худалдан авсан ******* улсын дугаартай, асфальтан саарал өнгийн Toyota prius автомашиныг фидуцийн гэрээгээр барьцаалуулж, өмчлөх эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн, зээлдэгч нар эзэмшиж ашиглаж байсан. Гэвч үйл ажиллагаа доголдож, зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүй тул ******* ХХК-аас 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр автомашиныг хураан авч, тэмдэглэл үйлдэн *******оор гарын үсэг зуруулсан боловч баримтын хувийг өгөөгүй. Үүнээс хойш автомашиныг худалдан борлуулж, зээлийн төлбөрөөс хасах талаар ярилцсан боловч өнөөдрийг хүртэл автомашиныг зарсан эсэх, үнэлгээ болон тооцооллын талаар ямар нэгэн баримт өгөөгүй. Ийм байхад автомашиныг хураан авсан атлаа нийт 29,994,015.26 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Автомашины үнэлгээ болон борлуулалтын үнийг хасаж, бодитоор хэдэн төгрөг төлөх үүрэгтэйг тодорхой болгосон тохиолдолд төлбөр барагдуулах боломжтой.
2.2. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний дагуу аль аль тал үүргээ биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2, 5.1.5-д зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлах, нийт төлбөрийг шаардах, нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй гэж, мөн 6.2, 6.2.6, 6.2.7-д үндсэн төлбөр, хүүг 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн, төлбөрийн чадвар буурсан, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг цуцлах талаар тус тус заасан байдаг. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн эргэн төлөлтийн хуваариар хариуцагч сар бүр 1,104,885.62 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч 2024 оны 10 сараас эхлэн төлөлтөө зөрчиж, хэсэгчлэн төлөлт хийж ирсэн. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэхийг шаардсан, мэдэгдэх хуудас хүргүүлсэн, автомашин хураан авах талаар урьдчилан мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч талаас нийт 8,905,209 төгрөг төлсөн бөгөөд үүнээс үндсэн зээлд 2,497,831 төгрөг, хүүд 6,396,429 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,949 төгрөг тус тус суутган тооцсон байна. Мэргэжлийн байгууллагын хувьд нэхэмжлэгч гэрээний дагуу эрхээ тухай бүр хэрэгжүүлж, автомашиныг хугацаанд нь хураан авч асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Мөн автомашины үнэлгээг 20,000,000 гаруй төгрөгөөр тогтоосон нь бодит үнэлгээнд нийцэхгүй гэж маргаж байгаа бөгөөд уг автомашиныг 2024 онд 30,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж, мөн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг зохих ёсоор биелэгдсэн бол үүрэг дуусгавар болно гэж тус тус заасан.
Иймд автомашиныг хураан авч бодитоор гаргуулан авсан тул фидуцийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,994,015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг зээлийн гэрээний үүргийг барьцаа (фидуцийн) хөрөнгөөр бүрэн хангагдсан, улмаар үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д зааснаар фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд үндсэн үүргээс хамаарах дагалдах шинжтэй эрх юм. Өөрөөр хэлбэл, фидуцийн гэрээ нь үндсэн үүргийг орлох бус, зөвхөн хангах зорилготой бөгөөд үүргийг дуусгавар болгох бие даасан үндэслэл болохгүй. Мөн үүрэг гүйцэтгүүлэгч нь фидуцийн зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авч үүргийг хаах эсэх, эсхүл мөнгөн төлбөрийг шаардах эсэхийг сонгох эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн тээврийн хэрэгслийн үнэ нь зээлийн үлдэгдэлд хүрэхгүй гэж үзэн худалдан борлуулаагүй, мөнгөн төлбөрийг шаардах байр сууриа илэрхийлсэн байхад анхан шатны шүүх үүнийг үл харгалзан үүргийг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүрэг дуусгавар болохын тулд үүргийг бүрэн гүйцэтгэсэн эсхүл хуульд заасан бусад үндэслэл бий болсон байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч фидуцийн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авч үүргийг хаахаас татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр шаардах эрхээ хэрэгжүүлсэн, мөн үүргийн үлдэгдэл бодитоор хангагдаагүй байхад шүүх үүргийг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна. Иймд барьцаа хөрөнгийг хураан авсан үйлдлийг үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй бөгөөд үндсэн зээлийн үүрэг хэвээр үргэлжилж байна.
4.2. Анхан шатны шүүх барьцаа хөрөнгийн үнэлгээг 32,500,000 төгрөгөөр тогтоосон нь нотлох баримтыг бодитой, иж бүрэн үнэлэх зарчимд нийцээгүй байна. Уг дүн нь 2024 оны 09 дүгээр сард автомашиныг худалдан авсан үнэ бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх үеийн бодит зах зээлийн үнэлгээг илэрхийлэхгүй. Тээврийн хэрэгсэл нь ашиглалтын элэгдэл, зах зээлийн үнийн бууралт, техникийн гэмтлээс шалтгаалан үнэлгээ буурсан байх боломжтой бөгөөд өнөөдрийг хүртэл худалдагдаагүй байгаа нь шүүхийн тогтоосон үнэлгээ бодит бус болохыг харуулж байна. Шүүх мэргэжлийн үнэлгээний дүгнэлт гаргуулаагүй, зах зээлийн бодит ханшийг тогтоогоогүй, нотлох баримтыг харьцуулан дүгнээгүй атлаа өндөр үнэлгээ тогтоосон нь нотлох баримтыг нэг талд ашигтайгаар үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй.
4.3. Хэрэгт зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүрэн төлөгдөөгүй нь тогтоогдож байхад анхан шатны шүүх үүргийг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хууль зүйн болон логикийн зөрчилтэй байна. Шүүх үүргийн бодит үлдэгдлийг тооцоогүй, тодорхойлоогүй байж үүргийг хаагдсан гэж үзсэн нь шийдвэрийн үндэслэлд ноцтой нөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх, эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,994,015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигч маргааны зүйлийн талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Тус эвлэрлийн гэрээгээр хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн үнийн болох 29,994,015 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгө болох ******* улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг 20,500,000 төгрөгийн төлбөрт тооцож, нэхэмжлэгч ******* ХХК-д шилжүүлэх, үлдэгдэл 9,494,015 төгрөгийг хариуцагч *******, ******* нар төлөхийг хүлээн зөвшөөрч 6 сарын дотор сар бүр 1,582,336 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцжээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2026/00599 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 29,994,015 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгө болох ******* улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг 20,500,000 төгрөгийн төлбөрт тооцож нэхэмжлэгч ******* ХХК-д шилжүүлэх, үлдэх 9,494,015 төгрөгийг 6 сарын хугацаанд сар бүр 1,582,336 төгрөгөөр ******* ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,920 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Ч.БАТЧИМЭГ