Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00727

 

 

   2026           04              01                                        210/МА2026/00727

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10669 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс учирсан хохиролд 25,408,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч нь хууран мэхэлж, итгэл төрүүлэх замаар нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тосгоны *******  дүгээр хэсэг, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай улсын бүртгэлийн ******* дугаартай ******* өрөө орон сууцыг барьцаанд тавих итгэмжлэл хийлгэн “*******” ХК-д 68,092,356 төгрөгөөр барьцаанд тавьсан бөгөөд нэхэмжлэгчээс өөр бусад этгээдийг залилан мэхэлж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2022/ШЦТ/602 дугаар шийдвэрээр тогтоогдсон.

1.2.Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 101/ШШ2023/04753 дугаар шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийг амьдрах орон сууцгүй болгосон тул орон сууцны үнэ болох 17,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,388,000 төгрөг, нотариатын зардал 100,000 төгрөг, нийт 25,408,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож ******* дугаартай орон сууцыг зээлийн барьцаанд тавих гэрээ хийх, бүртгүүлэх эрхийн итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай хийсэн. Цар тахлын улмаас бизнес эрсдэлд орж, зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Нэхэмжлэгчийг залилах ямар ч санаа зорилго байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

3.1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох орон сууцны үнэ болох 17,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,388,000 төгрөг, нотариатын зардал 100,000 төгрөг, нийт 25,408,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/602 дугаартай тогтоолыг бүхэлд нь үнэлж 37,145,000 төгрөгийг *******оос гаргуулж, *******д олгож шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрээр гаргуулан авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тус тогтоолын *******д холбогдох хэсгийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2022.11.23-ны өдөр 2022/ДШМ/1126 дугаартай магадлалаар хүчингүй болгосон.

4.2. Нотлох баримт гаргаж өгөх хүсэлт байгаа талаар шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргад хэлсэн. Албан ёсны хүсэлтээ имэйл хаягаар илгээсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй. Эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй. Хариуцагч талын гаргаж өгсөн баримтууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтууд болон хэргийн материалтай танилцуулаагүй, тайлбар гаргах боломжийг хязгаарласан, нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

4.3. Хурал болох өглөө 8 цаг 30 минутад шүүгчийн туслах руу “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр шүүхэд очих боломжгүй тул цахимаар холбож өгнө үү” гэж мессеж бичиж хэд хэдэн удаа залгаж холбогдсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн журмын дагуу цахимаар оролцох хүсэлтийг 3 хоногийн өмнө илгээх ёстой гэх хариу өгч цахимаар оролцуулаагүй. Миний зүгээс цахимаар холбож өгнө үү, гэнэтийн нөхцөл байдал гарсан гэдгийг өөрөө учирлан тайлбарлаж, тодорхой хэмжээний нотлох баримтыг шүүхэд тайлбарлаж өгье гэсэн боловч шүүх хүлээж аваагүй. Шүүхийн нарийн бичгийн дарга руу 3 удаа албан бичиг хүргүүлсэн, энэ албан бичгийг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймээс шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг биечлэн оролцох эрхээр хангаагүй тул гомдолтой байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

5.1. *******д холбогдох хэсгийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 онд одоо нэхэмжилж байгаа үнийн дүнгээс илүү 37,145,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэв боломжгүй тохиолдолд шүүхийн журмаар гаргуулах боломжтой. Гэтэл нэг жилийн хугацаанд арга хэмжээ аваагүй, үүргээ биелүүлээгүй байж шийдвэр гарсны дараа ийм асуудал ярих нь үндэслэлгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн журмаар цахимаар оролцох хүсэлтийг 3 хоногийн өмнө гаргана гэж заасан ба хүсэлтийг хүлээн авсан шүүгчийн туслах бэлтгэл хангаж оролцогчид мэдээлэх үүрэгтэй. Биеийн байдал муудсан тухай мэдээлэл ирүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                      ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцны үнэ болох 17,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,388,000 төгрөг, нотариатын зардал 100,000 төгрөг, нийт 25,408,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...цар тахлын улмаас бизнес эрсдэлд орж, зээлээ төлж чадахгүйд хүрсэн... нэхэмжлэгчийг залилаагүй” гэж тайлбарлан маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдоогүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2022/ШЦТ/602 дугаар шийтгэх тогтоолоор *******оос 37,145,000 төгрөгийг гаргуулан *******д олгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2022.11.23-ны өдөр 2022/ДШМ/1126 дугаартай магадлалаар *******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байтал эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүх үнэлсэн” гэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.11.23-ны өдрийн 2022/ДШМ/1126 дугаартай магадлал хэрэгт авагдаагүй бөгөөд уг магадлалаар *******д холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хийгээд маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Талуудын маргааны үйл баримтыг бодитой тогтооход ач холбогдол бүхий хэрэгт хамааралтай дээрх нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх зохигчдоос тодруулах, түүнчлэн зохигчид нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ нотлох талуудын чиг үүргийн хүрээнд шүүхэд тайлбарлах, гарган өгөх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

3.2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.10.20-ны өдрийн 192/ШЗ2025/43750 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.31-ний өдрийн 101/ШШ2023/04753 дугаар шийдвэр, 101/ГХ2024/00879 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу *******д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон эсэх, ажиллагааны явцад шинжээч томилж, дүгнэлт гарсан эсэх, дуудлага худалдаа явагдсан эсэх талаар холбогдох мэдээллийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийн дагуу Банкны өр барагдуулах газрын 2025.12.10-ны өдрийн албан бичиг, хавсарган ирсэн холбогдох баримтуудыг нэхэмжлэгч талд танилцуулж, мэтгэлцүүлээгүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон маргааныг шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах эрхтэй ба шүүх уг эрхийг эдлэх боломжийг олгон танилцуулах үүргийг хүлээнэ.

4. Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдлыг хангахгүй орхив. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын 3.3-т зааснаар шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтээ 3 хоногийн өмнө гаргаагүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн, түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10669 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,990  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.ОЮУНТУЯА

 

             ШҮҮГЧИД                                           С.ЭНХБАЯР

 

                                                                                                Г.НЯМСҮРЭН