| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0278/Э |
| Дугаар | 0274 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 0274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Од холбогдох эрүүгийн 1925006090352 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ж.О,
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 08 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 13-07 тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Бтай маргалдаж нүүрэн тус газар нь заазуураар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Б хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох
баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Б.Бгийн ...“өөрийн хамаатан Ж.Огийн гэрт нь очиж 2 шил архи хувааж уусан. Ж.О гал тогооныхоо өрөөнөөс заазуур аваад мах эвдэж байхад нь би согтуу байсан учраас маргалдсан. Ж.О гартаа барьсан байсан заазуураараа миний зүүн талын шанаа руу 1 удаа цохиход нилээд хэмжээний цус гарсан. Би сандарсандаа заазуурыг нь салгаж авах гэж байгаад гарын хуруу болон алгаа зүсчихсэн. Цус их гарсан тул хэсэг зуур ухаан алдсан. Нэг сэрсэн чинь түрэгний эмч ирээд намайг аваад явж байх шиг байсан. Миний толгойн зургийг 150.000 төгрөгөөр авахуулж өгсөн. Эм тарианы мөнгө гэж 60.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 хуудас/
3. Гэрч Ж.П-гийн ...“2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай дүү Ж.О над руу залгаад би өчигдөр Баясаа ахтай архи уугаад зодчихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19 хуудас/
4. Гэрч Ж.А-гийн ... “Б.Бгийн ээж нь над руу залгаад Ж.О, Б.Бг заазуураар зүссэн байна гэхээр нь би эмнэлэг дээр очиж Б.Бтай уулзахад Ж.Отай архи ууж байгаад муудалцаад намайг зүссэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20 хуудас/
5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 571 дугаартай ...“Б.Бгийн биед духанд зүүн талд, зүүн шанаанд, баруун гарын дунд хуруу, чигчий хуруу, алганд 5 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Духанд үүссэн 2 тооны зүсэгдсэн шарх, баруун гарын дунд хурууны шарх нь түс бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 23 хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 13-07 тоотод өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Бтай маргалдаж нүүрэн тус газар нь заазуураар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Бгийн мэдүүлэг, гэрч Ж.А-гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуур, 1 ширхэг архины шилийг устгах саналтай байна. Мөн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй байна. Шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бгийн мэдүүлэг, гэрч Ж.П-гийн болон Ж.А-гийн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.О нь 2019 оны 08 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг баг 13-07 тоот гэртээ Б.Бтай маргалдаж нүүрэн тус газар нь заазуураар цохиж биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Огийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Од оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС