Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 0269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй 

 

Нарийн бичгийн дарга Б.А

Иргэдийн төлөөлөгч Б.У    

Улсын яллагч Г.Б  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А-У

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 11.6 дугаар зүйлийн 1, 2, 17.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 1815000000169 тоот хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1. М.Б/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 10 сарын 31-ний өдрийн орой 23 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3-А хэсгийн 10 дугаар гудамжинд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу шунахай сэдэлтээр 41 настай, эмэгтэй Ж.О-гийг онц харгис хэрцгийгээр 8 удаа хутгалан алж амь насыг нь хохироосон, Самсунг маркийн цагаан өнгийн гар утсыг авч 60 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 10 сарын 31-ний өдрийн орой 19 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт хамтран амьдрагч Г.Уийг хардаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

2018 оны 08 сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Лийн эд хөрөнгийг хүч

 

 

хэрэглэж авахаар довтлох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, 70 000 төгрөгийг нь дээрэмдэн авсан, 

 

2018 оны 10 сарын 08-ны өдрийн орой 22 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 сарын 08-ны өдрийн орой 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Б-Энийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн 28-66 БУЗ улсын дугаартай хар өнгийн мотоциклийг дээрэмдэн авч 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах гэмт хэрэгт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар, 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ “Хамтран амьдрагч Г.Уийг зодсон, Д.Б-Э-ний мотоциклийг дээрэмдсэн хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүний амь нас хохироосон хэрэг, Л.Лийг дээрэмдсэн гэх хэргүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эдгээр хэргүүдийг үйлдээгүй” гэв.

 

Хохирогч Ч.Д, Г.У, Л.Л, Д.Бат-Эрдэнэ нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хуралдаанд оролцохгүй тухайгаа мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдааны оролцогчдоос шинээр нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р х/х-ийн 23 хуудас/

 

2. 2018 оны 10 сарын 31-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 27-31-р хуудас/

 

3. 2018 оны 11 сарын 01-ний өдөр амь хохирогч Ж.О-гийн амьдарч байсан хашаа, байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 32-34-р хуудас/

 

4. 2018 оны 11 сарын 01-ний өдөр хэргийн газарт нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 35-37 хуудас/

 

5. Хэргийн газрын схем зураг, ул мөр, эд мөрийн баримт хүлээлцсэн тэмдэглэл. /1-р хх-ийн 38-41 хуудас/

 

6. “Дэлгэрэх” дэлгүүрийн хяналтын камерьт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 44-48 хуудас/

7. Цагдаагийн газрын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 49-51 хуудас/

 

8. Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 42-43 хуудас/

 

9. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 220-224 хуудас/

 

10. М.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг.  /1-р хх-ийн 57-62 хуудас/

 

11. Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 97-98 хуудас/

 

12. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2018 оны 12 сарын 31-ний өдрийн тогтоол. /1-р хх-ийн 101-р хуудас/

 

13. М.Ч-ийн бие болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл. /1-р хх-ийн 63-64 хуудас/

 

14. Хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлж авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 68-69 хуудас/

 

15. Б.О-рын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 65-67 хуудас/

 

16. М.О-нгийн өмсөж байсан гуталд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 70-71 хуудас/

 

17. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 83-85 хуудас/

 

18. Хэрэг учралын үеийн орон нутгийн цаг агаарын мэдээ. /2-р хх-ийн 111 хуудас/

 

19. 99221726 дугаартай хэрэглэгчийн ярианы дэлгэрэнгүй жагсаалт. /2-р хх-ийн 114-115 хуудас/

 

20. Хохирогч Ч.Дын ...“2018 оны 10 сарын 31-ний өдөр ажил дээрээ байсан. Шөнө нь ээжийн дүү ярьж ээж өнгөрснийг хэлсэн. Ирж камерын бичлэг харсан. Манай ээж Самсунг, SKY маркийн 2 утастай. Миний хувьд гомдолтой. Ажил явдлын хохирол 6.950.000 төгрөг дээр сэтгэл санааны хохирол нийт 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.  Шүүгдэгчид ялын дээд хэмжээг олгож өгнө үү гэж хүсч байна” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 109-110-р хуудас/

 

21. Гэрч М.Ч-гийн ...“Би ажлаасаа тараад гэртээ ирсэн. Бид 2 орой харанхуй болсон байхад дэлгүүр орж тамхи авахаар явсан. Дэлгүүр орчихоод буцаад харанхуй гудмаар явж байхад араас 1 залуу ирээд танайд очьё гэхэд эхнэр гэрт оруулахгүй гэж байсан. Би түрүүлээд явж байсан. Тэгтэл ард ийм зүйл болсон. Дэлгүүрт байхад хар малгайтай залуу сайн уу гэж асуусан. Би сайн гэж хэлсэн. Харанхуй гудамжны тэнд танайд очиж архи ууя гэж байсан. Манай эхнэр 2 гар утастай нэг нь цагаан өнгийн утас байсан. 2 утсаа хоёуланг нь авч явсан. Дэлгүүрт байсан хар хувцастай, хар малгайтай хүн бид хоёрын араас дагаж явсан. Тэр хүн бол энэ шүүгдэгч мөн.  Би дэлгүүрт буцаж ороод манай эхнэрийг хүн алчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 142-143, 145-148-р хуудас/

 

22. Гэрч М.Ө-гийн ...“Би Дэлгэр нэртэй дэлгүүрт худалдагчаар ажилдаг. 22 цаг 45 минутын үед байх дэлгүүрээ хаах гээд мөнгө төгрөгөө тоолоод байж байтал гаднаас Чамбуу түрүүлээд, араас нь түүний эхнэр Сэлэнгээ цуг орж ирсэн. Сэлэнгээ 1 архи, бас тамхи авъя гэхээр нь 0.33 литрийн Ерөөл нэртэй архи 1 шил, Алтаннавч нэртэй тамхи 1 хайрцаг, Дирол нэртэй бохь 1 боодлыг авч нийт 7 800 төгрөг болж Сэлэнгээ тооцоогоо хийгээд гарсан. Тэр хоёрыг худалдан авалт хийж байхад зүс таних залуу ард зогсож байгаад Чамбууг эргэх гэхэд нь хоорондоо гар бариад юм яриад зогсоод байсан.  Тэр 3 хэсэг хоорондоо хэсэг яриад зогсож байгаад гарахад зөрөөд Ганбаа гэх настайвтар ах орж ирээд 1 хайрцаг нарийн LD тамхи аваад гарсан. З-4 минутын дараа манай дарга Оюунбаатар орж ирэхээр нь орлогоо тушаагаад хамт гарах гэж байхад гаднаас Чамбуу орж ирээд манай эхнэрийг хүн хутгалаад алчихлаа цагдаа дуудаад өгөөч гэсээр орж ирсэн.  Гадаа гараад дэлгүүрээ хаагаад зогсож байхад Чамбуу хашгираад гүйгээд байхаар нь үнэн яриад байна уу, худлаа яриад байна уу гээд араас нь О ах бид 2 очиж гудамжны үзүүрээс хартал Оюунбаатар ах гудамжинд 1 хар юм байна гэхээр нь айгаад очилгүй би Цагдаагийн газарт утсаар мэдэгдсэн. Мөн эмнэлэгт буюу 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Үүний дагуу эмнэлэг цагдаагийн ажилтан ирсэн. Чамбуу болон Сэлэнгээ нар дэлгүүрт хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй. Сэлэнгээ Чамбууд хандаж тамхи авах уу? өвгөөн гэхэд Чамбуу ав ав гэж байсан. Чамбуу халамцуу, эхнэр нь эрүүл байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 132-134 хуудас/

 

23. Гэрч Д.Г-рын ... “Би 2018 оны 10 сарын 31-ний өдрийн орой өөрийн Rashin маркийн 61-18 БУЛ улсын дугаартай хүрэн улаан өнгийн машинаараа сумын төв дотроо хүн тээвэрлэж яваад 22:50 цагийн орчимд  Дэлгэрэх хүнсний дэлгүүрээс тамхи авах гээд очоод машинаасаа бууж дэлгүүр ороход хаалган дээр архи үнэртүүлсэн эрэгтэй хүн өөдөөс зөрж гарсан. Дэлгүүр дотор Чамбуу эхнэртэйгээ байсан. Нарийн LD тамхи 1 хайрцгыг авч хэтэвчнээсээ 10 000 төгрөг гаргаж ирэхэд Чамбуу, Ганбаа ах надад архи аваад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь элэнцэгийн чинь архи надад мөнгө байхгүй гэхэд тэгвэл хоёулаа хамт ууя гэсэн. Тэгэхээр нь би Чамбууд чи намайг архи уудаггүйг мэднэ биздээ гэж хэлчихээд дэлгүүрээс гарах үед Чамбуу миний ардаас эхнэрийн хамт дагаж гарсан. Намайг дэлгүүр лүү орох үед өөдөөс зөрж гарсан залуу дэлгүүрийн хаалганы баруун талд доошоо тонгойгоод бөөлжиж байх шиг байсан. Би тэгж харсан. Намайг машиндаа суух үед Чамбуугийн эхнэр Чамбууг гэрлүүгээ чирээд явж байсан. Нөгөө залуу тэр хоёрын араас дагаад явсан.  Намайг машин дээр суух үед пид пад хийх чимээ гарч байсан. Тухайн үед Чамбуу над руу тэмүүлж зүтгээд эхнэр нь цааш нь чирээд байх шиг байна гэж бодсон. Эхнэр нь чи Ганбаа ахаар яах гээд байгаа юм бэ гэж хэлэх сонсогдсон. Тэр 3 намайг хөдлөхөөс өмнө миний машины араар тойроод явж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 135-136 хуудас/

 

24. Гэрч Э.Э-нгийн ...“2018 оны 10 сарын 31-ний өдөр жижүүртэй байсан бөгөөд орой 22 цаг 59 минутад 9921-9401 гэх дугаараас “Хүн зодуулсан байна” гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу эмнэлгийн машинтайгаа жолооч Б-дын хамт очиход гудамжны дунд эмэгтэй хүн дээшээ харсан байдалтай, их хэмжээний цус алдсан, ухаангүй байсан. Нөхрийг нь цагдаа аваад явсан гэж байсан. Цагдаа нар ирсэн байсан. Тухайн эмэгтэйг чагнаж үзэхэд зүрх ганц нэг бүдэг цохилж, амьсгал сайн мэдэгдэхгүй байсан. Би адерналин гэдэг зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг тариа булчинд хийсэн. Зүрхний иллэг хийсэн ба хэвлийн дээд хэсэгт нэвтэрсэн шархтай байсан. Тэр шархыг хараад яаралтай эмнэлэг авч явах шаардлагатай гэж үзээд авч явсан. Замдаа зүрхний иллэг хийж явсан бөгөөд эмнэлэг дээр ирээд чагнахад зүрх зогссон, хүүхэн хараа гэрлийн урвалгүй, нас барсан байсан. Би авах ёстой арга хэмжээг авсан боловч амь аврагдах боломжгүй байсан. Намайг тухайн газар очиход 2 цагдаа байсан, өөр гадны хүн байгаагүй. Амь хохирогчийн толгой урд зүгт харсан байдалтай хэвтэж байсан. Толгойных нь хажууд Ерөөл нэртэй архи газар хэвтэж байгаа харагдсан. Өөр зүйл анзаарагдаагүй гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 137 хуудас/

 

24. Гэрч Л.О-рын ...“Манайх “Дэлгэрэх” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Манай дэлгүүр 23 цаг гэж хаадаг бөгөөд дэлгүүрийн худалдагч нараа гэрт нь хүргэж өгдөг. 23 цагийн үед дэлгүүрээ хаалгах гээд ирсэн бөгөөд бараагаа хянаад, дүгнэж гарын үсэг зурдаг, би гарын үсгээ зурчихаад хаахаасаа өмнө зуухаа үзэх гээд хойд өрөө лүү орох гэж байтал зүс таних Чамбуу орж ирээд авгайг маань хүн хутгалчихлаа, цагдаа дуудаарай гэж хэлээд гараад явчихсан. Яасан, юу болсон гэж асууж амжаагүй. Би зуухаа үзчихээд дэлгүүрээ гаднаас нь цоожилж байхад нөгөө залуу дахиад цагдаа дуудаарай гээд гүйгээд ирсэн. Тэгээд худалдагч бид 2 машинд суугаад энэ залуу үнэн ярьж байна уу гээд гудамж руу эргээд гэрэл тусгахад гудамжинд хүн хэвтэж байхаар нь үнэн ярьж байна гээд худалдагч Өлзий өөрийнхөө утсаар цагдаа болон түргэн тусламж руу дуудлага өгсөн. Тэгэхэд 23 цаг өнгөрсөн байх. Бид 2 тэр гудамжаар явж хэвтэж байгаа эмэгтэй хүний хажуугаар өнгөрсөн, Сэлэнгэ гэдэг хүүхэн мөн байсан. Хажууд нь шилтэй архи, бас нэг модны өөдөс байгаа харагдсан. Сэлэнгийн нөхөр гэх залуу бараан өнгийн куртиктэй явж байсан санагдаж байна. Тэр залуу нилээн халамцуу байх шиг байсан. Сэлэнгийн толгой урагшаа харсан байдалтай, дээшээ хараад хэвтэж байсан санагдаж байна, цус урссан байна уу гэж харсан толгой талдаа харлаад харагдсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 138-140 хуудас/

 

25. Гэрч Г.Уийн ...“Би М.Б гэдэг залуутай 2017 оны 9 сард танилцаж байсан. 2017 оны 11 сараас  Улаанбаатар хотод очиж хамт амьдарч байгаад 2018 он гараад төрсөн эгчтэйгээ хамт амьдрах болсон. Би цагаан сар өнгөрөөд Булганд ирэхэд М.Б миний араас манайд хүрээд ирсэн. Би анх Сүхээ гэдэг залуутай амьдарч байгаад таарч тохирохгүй байсан болохоор салсан. 2018 оны 3 сараас хойш Булганд амьдарч байгаа юм. М.Б бас л нэг болж бүтэхгүй шинжтэй архи дарс их уудаг, архи уухаараа агсам согтуу тавиад байдаг болсон. М.Бд өөрийн гэр орон гэж байдаггүй. М.Б манайд байж байгаад сүүлийн 1 сар гэрт байгаагүй, хаагуур явсан гэдгийг мэдэхгүй. 2018 оны 10 сарын 31-ний орой манайд халамцуу орж ирсэн. Тухайн өдөр М.Б манайд ирэхдээ хар өнгийн саравчтай малгай цагаан өнгийн эмблемтэй байсан. Дээгүүрээ саарал өнгийн ханцуйгүй доод хэсгээрээ улаан өнгийн судалтай ноосон цамцтай байсан. Доогуураа хар өнгийн өмдтэй, ногоон эрээн өнгийн хагас түрийтэй гуталтай явж байсан. Эдгээр хувцаснууд нь өөрийнх нь өмсдөг хувцаснууд. М.Б манайхаас намайг зодчихоод гарсан. Тэгээд унтах гээд хэвтэж байтал шөнийн 00 цагийн орчимд гэрийн хаалга нүдсэн, аав босч хаалга онгойлгож өгсөн. Тэгтэл орж ирээд би эхнэр хүүхдээ нэг үнсчихээд явъя гээд хүү бид хоёрыг нэг нэг үнсээд хэсэг сууж байгаад 10 жилийн дараа уулзана гээд яриад байсан. М.Б шөнө орж ирэхдээ өдөр ирсэн хувцсаа сольсон байх шиг байсан. Бариу хар өнгийн жинсэн өмдтэй, доогуураа пүүзтэй явж байсан. Дээгүүрээ задгай энгэртэй цамц байсан санагдаж байна” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 122-123, 125-126-р хуудас/

 

26. Гэрч Б.О-рын ...“М.Б миний ээжийн төрсөн дүү нь байгаа юм.  2018 оны 10 сарын 31-ний орой 22 цагийн орчимд өөрийн найз Г-Э-нийн гэрлүү явсан. Гэрт М.О ганцаараа үлдсэн. Цагдаа нар М.Бг хайж яваад намайг М.О-гийн хамтаар цагдаа дээр авч ирсэн байх. М.Бгийн чихэн дээр шалбарсан гэмээр сорви байсан. М.Б архи уухаараа тавьтаргүй, жаахан агсам зантай гэж хэлж болно” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 154-157 хуудас/ 

27. Гэрч Б.О-лийн ...“2018 оны 10 сарын 31-ний өдөр 23 цагийн үед Өлзийхишиг гэдэг хүнээс дуудлага ирсэн. Жижүүрийн цагдаа Г намайг хурдан яваарай, хүн амины хэрэг гарсан юм шиг байна гэж хэлсэн. Дуудлагын дагуу цагдаагийн машинтай, замын цагдаа Б-гын хамт очсон. Гудамж руу ороход эрэгтэй хүн орилж хашгирсан байдалтай, газарт 1 эмэгтэй хүн хэвтэж байсан. Нөгөө эрэгтэй хүн манай эхнэрийг хүн алчихлаа ш дээ гээд тэврээд сууж байсан. Газарт нилээн цус гоожсон, тэр эмэгтэй хүний хувцас хунар нь нил цус болсон байсан. Удалгүй араас түргэний машин ирсэн. Хэргийн газарт анх очиход Чамбуу эхнэрээ тэврээд сууж байсан. Өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 160-161 хуудас/

 

28. Насанд хүрээгүй гэрч М.С-тын ...“Би хөдөөнөөс 2018 оны 11 сарын 07-ны өдөр ирэхэд манай гэрт байсан миний ногоон эрээн өнгийн пүүз байхгүй байсан. Би О ахаас пүүзээ асуусан чинь О Улаанбаатараас ирээд чиний пүүзийг өмсөөд Хутаг-Өндөр яваад ирсэн. Тэгээд О өмсөж байгаад цагдаа дээр хураалгасан байгаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 164 хуудас/

 

29. Гэрч Б.Т-гийн ...“Манайх Булган сумын 3-р багийн За-9-5 тоотод амьдардаг. 2018 оны 10 сарын 31-ний орой нөхөр бид хоёр  21 цаг гээд эрт унтаад өгсөн. Манай хашаанд хүн орж ирсэн талаар мэдэхгүй нам унтаад өгсөн. Манай байшингийн ард арзгар хээтэй гутлын мөр гарсан байсан гэж хэлсэн. Дөрвөлжин хээтэй гутлын мөр нь манай нөхрийнх, арзгар хээтэй гутлын мөр нь хэнийх гэдгийг мэдэхгүй байна”  гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 172 хуудас/

 

30. Гэрч Г.Б-гийн ...“Би дэлгүүрт олон жил ажиллаж байгаа болохоор тэр хавийнхаа хүмүүсийг андахгүй танина. Чамбуу, талийгаач 2-ын өмнө орж ирээд ундаа авч гарч байгаа залуу манай найз Б-ын хүү Б мөн байна. Хүн амины хэрэг гарахаас 2-3 хоногийн өмнө Б нас барсан юм. Тэгэхэд Батцэнгэл ажил явдлаар ирсэн байх” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 170 хуудас/

 

31. Гэрч Д.Э-ны ...“Батцэнгэл миний төрсөн хүүхэд байгаа юм. Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Камерийн бичлэг дээр гарч байгаа хүн миний хүү мөн байна. Манай нөхөр 2018 оны 10 сарын 30-ны өдөр цус харваад нас барсан юм. Хүмүүст ундаа авч ирнэ гээд Батцэнгэл ганцаараа явсан 2 том ундаа авч ирсэн санагдаж байна. Ундаа авахдаа удалгүй хүрээд ирсэн. Батцэнгэл эрүүл байсан. Хэрэгтэй холбоотой зүйл яриагүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 171 хуудас/

 

32. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 21-ний өдөр 78 дугаартай дүгнэлтийн ...“Талийгаач Ж.О-гийн цогцост баруун 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний хөндийг нэвтэрч баруун уушигны доод дэлбэн, цээжний хөндий, аюулхайд нэвтэрч элэгний 6-р сегментийг гэмтээж хутгалагдсан гүн шарх, цээжний хөндий дахь 1500 мл цус, нүүр, баруун хөх, хэвлий, умдаг, цавь, өгзөгт хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун өвдгөнд хуучин зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Талийгаач нь баруун 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний хөндийг нэвтэрч баруун уушигны доод дэлбэн, цээжний хөндий аюулхайд нэвтэрч элэгний 6-р сегментийг гэмтээсэн хутгалагдсан гүн шарх гэмтлийн улмаас хурцаар цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 217-р хуудас/

 

33. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 05-ны өдөр 281 дугаартай дүгнэлтийн ... “М.Бгийн биед эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи үүссэн гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 209-р хуудас/

 

34. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 6418 дугаартай дүгнэлтийн ...“Шинжилгээнд ирүүлсэн “Талийгаачийн хувцас” гэж хаягласан хувцаснуудад гэмтэл гарсан байна. Бор шаргал хантаазанд гарсан 23мм, 85х23мм, 22мм, 21х13мм, малгайтай хар цамцанд гарсан 19мм, 29мм, 17мм, 17мм, 5х5мм, хар хөх цамцанд гарсан 19мм, 23мм, 15х12мм, 5х8мм, 17мм, хөх хөхний даруулганд гарсан 20мм, хар эрээн өмдөнд гарсан 15х10мм, хар өмдөнд гарсан 17х7мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Дээрх бор шаргал хантаазанд гарсан 23мм, малгайтай хар цамцанд гарсан 19мм, хар хөх цамцанд гарсан 19мм, хөх хөхний даруулганд гарсан 20мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, бор шаргал хантаазанд гарсан 85х23мм, малгайтай хар цамцанд гарсан 29мм, хар хөх цамцанд гарсан 23мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, бор шаргал хантаазанд гарсан 22мм, малгайтай хар цамцанд гарсан 17мм, хар хөх цамцанд гарсан 17мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, бор шаргал хантаазанд гарсан 21x1 Змм, малгайтай хар цамцанд гарсан 17мм, хар хөх цамцанд гарсан 15х12мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, малгайтай хар цамцанд гарсан 5х5мм, хар хөх цамцанд гарсан 5х8мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, хар эрээн өмдөнд гарсан 15х10мм, хар өмдөнд гарсан 17х7мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. Бор шаргал хантаазанд гарсан 12мм, хөндлөн хар саарал судалтай саарал хос оймсонд гарсан 20мм, хар өмдөнд гарсан ЗхЗмм, 4х4мм, 5х5мм, 5х5мм, 5х53мм, 9х5мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ гэмтлүүд байна. Ягаан дотоожинд гарсан 70мм, 100 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ ханзралтууд байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Ягаан пүүзэн гуталд гарсан 30x17мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад гарсан хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хар бариултай хутган дээрээс утасны сэмэрдэс илрээгүй тул дээрх хувцсанд гарсан зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн хар бариултай хутгаар гарсан эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн дээрх хувцсанд гарсан гэмтлүүд нь ямар цаг хугацаанд гарсан, хэрэг гарахаас өмнө эсхүл дараа гарсан эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 233-р хуудас/

 

35. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шижээчийн 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 6415 дугаартай дүгнэлтийн ...“Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гэмтэл гарсан байна. Чамбуугийн гэх хар хүрмэнд гарсан 20x10 см хэмжээтэй талбайд, 10 мм, 8мм, 70х50мм, 55x17мм, 17х34см хэмжээтэй талбайд, 20x16мм, 130х20мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад гарсан хуучин гэмтлүүд байна. Дээрхи гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Чамбуугийн гэх хар хүрмэнд гарсан 95x14мм, 5хЗмм, 25мм, улаан дотоожинд гарсан 2x1 мм, Оюунбаатарын гэх хар хүрмэнд гарсан 25х30мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан гэмтлүүд байна. Дээрх 95х14мм, 25х30мм хэмжээтэй гогодолтууд шинэ, 5хЗмм гогодолт, 25мм урагдалт, 2x1мм цооролт хуучин байна.Чамбуугийн гэх саарал малгайнд гарсан 10мм, улаан болон хөх хөндлөн судалтай богино ханцуйтай саарал цамцанд гарсан 135мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан ханзралт, урагдалт байна. Саарал малгайнд гарсан 10мм хэмжээтэй гэмтэл хуучин, цамцанд гарсан 135мм хэмжээтэй гэмтэл шинэ байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Чамбуугийн гэх улаан болон хөх хөндлөн судалтай богино ханцуйтай саарал цамцанд гарсан 43х20см талбайд, 55х24см талбайд, саарал өмдөнд гарсан 5х4мм хэмжээтэй гэмтлүүд нь дулааны нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан хуучин түлэгдэлтүүд байна. Оюунбаатарын гэх хар хүрмэнд гарсан 190х180мм, 680x130мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад татаж чангаах хүчний үйчлэлээр тус тус гарсан хуучин гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн дээрх хувцсанд гарсан гэмтлүүд нь ямар цаг хугацаанд гарсан, хэрэг гарахаас өмнө эсхүл дараа гарсан эсэхийг тогтоох боломжгүй. Бусад хувцас гэмтэлгүй” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 241-243-р хуудас/

 

36. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 6416 дугаартай дүгнэлтийн ...“Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч М.Бгийн хувцас гэж хаягласан хувцаснуудад гэмтэл гарсан байна. Улаан хүрэн футболканд гарсан ЗОмм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. Улаан хүрэн футболканд гарсан 12мм, хар дотуур өмдөнд гарсан 45мм, саарал алаг пүүзэн гуталд гарсан 23мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан ханзралт, урагдалт байна. Улаан хүрэн футболканд гарсан 12мм хэмжээтэй гэмтэл хуучин, бусад гэмтлүүд шинэ байна Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Хар өмдөнд гарсан 5х7мм хэмжээтэй гэмтэл нь дулааны нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин түлэгдэлт байна. Хөх алаг оймсонд гарсан Зх2мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан Хуучин гогодолт байна. Саарал алаг пүүзэн гуталд гарсан 20x1Змм, 25х14мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад гарсан хуучин урагдалтууд байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Бусад хувцас гэмтэлгүй” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 249-250-р хуудас/

 

37. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 86 дугаартай дүгнэлтийн ...“М.Б нь сэтгэцийн хувьд эрүүл. М.Б нь сэтгэцийн хувьд эрүүл учир өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай. М.Б нь хэрэг хариуцах чадвартай. Хэрэг хийх үедээ өөрийн үйлдлээ ухамсарлах, өөрийгөө удирдан жолоодох чадвартай” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 4-5 хуудас/

 

38. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 11930 дугаартай дүгнэлтийн ...“Талийгаач Ж.О-гийн гэх ногоон өнгийн жилетка, хар өнгийн юүдэнтэй цамц, хар хөх өнгийн хөхний даруулга, хар хөх өнгийн цамц, хар эрээн ноосон өмд, хар өнгийн трико, ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн судалтай оймс зэрэгт цус илэрч байна. М.Бгийн гэх улаан хүрэн өнгийн футболка, улаан судалтай саарал өнгийн жилетка, саарал өнгийн бэлтгэлийн өмд, хоёр хажуу дээрээ халаастай хар саарал өнгийн жинсэн өмд, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн зузаан трико, хар хөх улаан сараал өнгийн оруулгатай бэлтгэлийн цамц, хар өнгийн пүүз 1 хос, саарал хөх эрээн оймс зэрэгт цус илрээгүй. М.Чамбуугийн гэх хар өнгийн гялгар уутанд хар өнгийн куртика, саарал өнгийн ажлын өмд, улаан цэнхэр судалтай футболка, хар өнгийн трико, улаан өнгийн дотоож, саарал өнгийн дугуй малгай, бор өнгийн сандаал зэрэгт цус илрээгүй. Б.О-рын гэх цайвар саарал өнгийн бэлтгэлийн өмдөнд цус илэрч байна. Б.О-рын гэрээс хураан авсан гэх хар өнгийн савхин куртиканд цус илэрч байна. Харьцуулах шинжилгээнд хүрэлцэхгүй байна. Хэргийн газраас хураан авсан гэх 2 ширхэг саравчтай малгай дээр цус илрээгүй. Хэргийн газраас хураан авсан гэх хар өнгийн бариултай хутга дээр цус илэрч байна. Б.О-рын гараас авсан гэх арчдаст цус илэрч байна. М.Чамбуугийн гараас авсан гэх арчдаст цус илэрч байна. М.Бгийн гараас авсан гэх хумсанд цус илрээгүй. Ж.О-гийн гараас авсан гэх хумсанд цус илэрч байна. Талийгаач Ж.О-гийн гэх ногоон өнгийн жилетка, хар өнгийн юүдэнтэй цамц, хар хөх өнгийн хөхний даруулга, хар хөх өнгийн цамц, хар эрээн ноосон өмд, хар өнгийн трико, ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн судалтай оймс зэрэгт илэрсэн цус нь Ж.О-гийн буюу түүний өөрийнх нь цусны ДНХ- ийн тогтоцтой тохирч байна. Б.Оюунбаатарын гэх цайвар саарал өнгийн бэлтгэлийн өмдөнд илэрсэн цус нь Б.О-рын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 15-17-р хуудас/

 

39. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 008 дугаартай дүгнэлтийн ... “Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан №3 гэж дугаарласан, хэргийн газраас зүүн урд байх хашаанд үүссэн №13 гэж дугаарласан, О-рын гэх айлын хашаанд үүссэн № 23 гэж дугаарласан гутлын улны мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гутлын улны мөрнүүд нь М.О-гээс хураан авсан 1 хос хагас түрүүтэй гутлын зүүн хөлийн гутлын улны хээтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 22-24-р хуудас/

 

40. Хохирогч Г.Уийн ...“2018 оны 10 сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд гэртээ төрсөн эгч А-гийн 13 настай Э, танил А эгчийн охин С /4-р анги/, миний 3-5 насны 2 хүүхэд гээд бид 5-ыг байхад манай нөхөр М.Б гаднаас ганцаараа жаахан халамцуу орж ирсэн. Тэгээд чи муу янхан хүүгийнхээ эцэгтэй эргээд нийлэх гэж байгаа гэлүү хухай янхан минь гээд баруун гараараа миний шилэн хүзүүрүү 2-3 удаа цохиж аваад, орон дээр арагш нь дарж унагаагаад 2 хөхний дунд маягтай газарт арзгар ултай, хагас түрийтэй гуталтай хөлөөрөө 2-3 удаа дэвсэж цохиж зодсон. Гэрийн гадна машин ирж зогсонгуут чи муу янхан пизда цагдаа дуудчихлаа гээд гэрээс гараад арын хашаа даваад зугтаагаад явсан. Ээж С.Д-гийн утасруу залгаж болсон явдлыг хэлсэн. Зодуулсны улмаас миний цээжээр хөндүүрлэж өвдөөд байсан, одоо бол толгой өвдөөд, нүд бүрэлзээд байгаа. Манай нөхөр М.Б тэгж явснаас хойш 21 цагийн орчим нууцалсан дугаараас залгаад янхан минь чи Сүхээтэй нийлэх гэж байгаа гэлүү чи надаас үхэл хүсээд байна уу, би өөрийгөө боомилоод алчихна шүү, эсвэл 1-2 хүн ална шүү гэж ярихаар нь юу яриад байгаа юм бэ гээд өөр нэг их юм яриагүй. Тэрнээс хойш манай нөхөр ганцаараа хар өнгийн бариу жинсен өмдтэй, пүүзэн гуталтай, дээгүүрээ хөндлөн улаан судалтай ноолууран гэмээр саарал өнгийн ноосон цамцтай, цагаан бичигтэй хар өнгийн саравчтай малгайтай орж ирээд та хоёрыг үнсчихье гээд хүү бид хоёрыг үнсээд 10 жилийн дараа уулзана гэж хэлсэн. Миний хувьд М.Бд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 112-113-р хуудас/

 

41. Насанд хүрээгүй гэрч А.Э-лын ... “Бид 5-ыг гэртээ байж байхад Тулгаа агаа ганцаараа орж ирсэн. Архи уучихсан юм шиг халамцуу байсан. Орж ирээд У эгээг толгой руу нь гараараа 3-4 удаа цохиж аваад, яг энэ дээр нь гээд цээжний тушаа гараараа заагаад хөлөөрөө 2 удаа дэвссэн. Тэгсэн чинь гадаа машин дуугараад ирсэн чинь Тулгаа агаа цагдаа ирлээ гэж бодоод гараад зугтаачихсан. Машинтай хүн нь Солонгоогийн ээж Ариукаа эгээ ирсэн юм билээ. Орой унтаж байхад Тулгаа агаа ганцаараа ирчихсэн байсан. Тэгээд цагдаагийн машин ирлээ гээд зугтаагаад явчихсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 127-р хуудас/

 

42. Насанд хүрээгүй гэрч Б.Н-гын ...“орой бид нарыг байж байсан чинь гаднаас Бороо эгээгийн нөхөр Тулгаа агаа ганцаараа орж ирсэн. Тэгээд нөхөр нь тэр эгээг хоёулаа Сүхээ дээр чинь очих уу гээд хэрүүл хийж байгаад цээж рүү өшиглөж толгой руу нь бас өшиглөөд байсан. Тэгээд гадаа чирч гаргасан. Тэр үед манай ээж залгахаар нь утсаа аваад ярьсан чинь гадаас Тулгаа агаа орж ирээд чи цагдаа дуудаад байгаа юм уу гээд над руу чанга хашгираад цохих гэхээр нь би дуудаагүй, ээжтэйгээ ярьсан гээд гараад гэр рүүгээ харьсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 129-р хуудас/

 

43. Гэрч С.Д-гийн ...“Манай охин У утсаар залгаад Тулгаа намайг ирж зодчихоод явчихлаа гэж хэлэхээр нь би цагдаад хандсан. Цээжин дээр нь дэвсээд толгой руу нь 2-3 удаа цохисон гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь орой Тулгаа ганцаараа орж ирсэн ба 10 жилийн дараа буцаж уулзана гэж бид нарт хандаж байгаа бололтой хэлээд байж байхад гадаа машин ирсэн. Тэгсэн л гараад зугтаагаад явсан. Анх танилцахдаа Тулгаа гэж хэлж байсан. Энэ хэрэг болсны маргааш цагдаа дээр сууж байхад Хутаг-Өндөрийн бололтой 2 хүн коридорт сууж байгаад энэ манай Хутаг-Өндөрийн Мишкагийн хүү М.Б байна гэсэн. Түүнийг тийм нэртэй юм байна гэж мэдсэн” гэсэн мэдүүлэг. / 1-р хх-ийн 130-р хуудас/

 

44. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 05-ны өдрийн №278 тоот дүгнэлтийн ...“Г.Уийн биед дух, цээжинд зулгаралт, баруун хөх, цээж, баруун бугалганд цус хуралт, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх дух, цээжинд зулгаралт, баруун хөх, цээж, баруун бугалганд цус хуралт, гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шууны шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх дух, цээжинд зулгаралт, баруун хөх, цээж, баруун бугалганд цус хуралт, гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Баруун шууны шарх гэмтэл нь хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлийн аль аль нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 202-р хуудас/

 

45. Хохирогч Л.Лийн ...“2018 оны 08 сарын 15-ны өдөр 23 цаг өнгөрөөд 00 цаг болох гэж байхад би Булган аймгийн Булган сумын 6-р багийн А-Б хэсгийн дундуур явсан засмал замаар харих гээд явж байхад яг хойшоо давдаг хэсэг дээр ертөнцийн зүгээр зүүн талаас 1 хүн гарч ирээд намайг зодсон. Тухайн үед уг хүн миний нүүр, толгой зэрэг газар цохиж зодсон. Тэр хүн надаас мөнгө чинь хаана байна гэхээр нь би дотуур өмдний халаасанд байгаа гэж хэлсэн. Тэгээд миний мөнгийг аваад явсан. Миний халаасанд байсан 70.000 төгрөгийг авсан. Тэр орой би Г-тэй 1 шил Ерөөл нэртэй 0.75 литрийн архи уугаад гарч явахдаа Д-гаар засмал зам хүртэл гаргуулсан. Г-гийн хүргэн гэх залууг сэжиглэж байна. Надаас мөнгө аваад зугтаах үед нь араас нь хараад Гомбосүрэнгийн хүргэн гэдгийг таньсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 116-118, 120-121-р хуудас/

 

46. Гэрч Б.П-мын ... “2018 оны 08 сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим манай нөхөр гэртээ орж ирэхдээ хүнд зодуулчихлаа гээд нүүр нь нил цус болчихсон ирсэн. Би түргэн дуудаж үзүүлээд дух хэсгийг нь оёулсан. Яг  хэнд зодуулсан талаараа надад хэлээгүй, нэг хүнийг гадарлаад байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 179-180-р хуудас/

 

47. Гэрч С.Д-гийн ...“Л манай нөхөр Г-тэй хамт ажилладаг. 2018 оны 08 сарын 15-ны өдөр орой манай нөхөр Г-тэй архи уусан.  Манай нөхөр согтоод унтаад өгөхөөр нь Л гэртээ харина гээд байхаар нь манайхаас баруун зүгт байдаг засмал зам хүртэл гаргаж өгсөн. Тэгээд маргааш нь манайд ирээд хүнд зодуулчихлаа гэж байсан. Манайд орж ирээд мөнгөө тоолоод 70.000 төгрөг халаасандаа хийсэн. Тухайн үед манайд охин У, түүний нөхөр болох Тулгаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, манай нөхөр Г нар байсан. Өөр хүн байгаагүй. Тулгааг саяхан Хутаг-Өндөр сумын хүмүүсээс Мишкагийн М.Б гэдэг нэртэйг мэдсэн. Лийг гаргаж өгчихөөд буцаад ирэхэд М.Бг байсан эсэхийг санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 181-183-р хуудас/

 

48. Гэрч Г.Уийн ...“Л гэдэг хүн манай аавтай хамт ажилладаг. Манайхаар орж гараад явдаг аавын сайн найз байгаа юм. Л ахыг ирэх үед М.Б бид 2 аавынд байсан. Цалингаа авсан гээд мөнгөтэй ирсэн. Манай хүүхэд болон дүүгийн хүүхэд бүрт 1000 төгрөг өгөөд өөрийнхөө мөнгийг энгэриййн халаасандаа хийсэн санагдаж байна.  Манайд архи уугаад гарч яваад дээрэмдүүлсэн гэж байсан. М.Б хаана байсныг сайн санахгүй байна. Л ахыг гарч явсныг мэдэхгүй. М.Б надтай амьдрах болоод 1 жил болж байна. Анх өөрийгөө Тулгаа гэж танилцуулсан. Сүүлд М.Б гэдгийг нь мэдсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 114, 187-188-р хуудас/

 

49. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 сарын 17-ны өдрийн №211 тоот дүгнэлтийн ...“Л.Лийн биед духанд оёдол бүхий шарх, баруун, зүүн зовхинд цус хуралт, хамар, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. / 2-р хх-ийн 29-р хуудас/

 

50. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 91-96-р хуудас/

 

51. Хохирогч Д.Б-Э-ий ...“Би 2018 оны 10 сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд хөрөө раманд байдаг найз У-ын гэрээс орой болсон байхад гэртээ харих гээд гартал танихгүй, дунд зэргийн нуруутай, бор царайтай залуу ертөнцийн зүгээр хойд талаас гүйж ирээд намайг түлхэж унагаад миний 28-66 БУЗ улсын дугаартай хар өнгийн Мустанг мотоциклийг аваад явсан. Би архи уусан болохоор эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Миний мотоциклийг аваад баруун зүгт явсан.  Намайг түлхэж унагаасан, зодож, цохисон асуудал байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Уг мотоциклио худалдаж аваад 3 жил болж байна. Дээрэмдсэн залуу Гомбосүрэн гэх хүний хүргэн байсан гэдгийг сүүлд нь мэдсэн” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 147-151-р хуудас/

 

52. Гэрч Д.Э-тын ...“Манай ах Д.Б-Э мотоциклио хүнд дээрэмдүүлсэн гэж 2018 оны 10 сарын 09-ний өдөр надад хэлсэн. Тэгэхээр нь мотоцикл алдсан газар буюу У-ын гэрт очсон. У надад сүүлийн үед Г-гийн хүргэн манай энэ хавиар яваад байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Гомбосүрэнгийн гэрт очиход Гомбосүрэн, эхнэр Дулмаагийн хамт байсан. Манай хүргэн Тулгаа хар өнгийн мотоциклийг Хутаг-Өндөр сумын Уньт багт ангийн хүүхэд Отгоогийн үлдээгээд оронд нь шар өнгийн мотоцикль унаж ирсэн. Тэгтэл портертэй хүмүүс ирээд шар мотоциклийг ачаад явсан. Учрыг нь асуутал танай хүргэн хар өнгийн мотоцикль авч ирээд оронд нь миний мотоциклийг аваад явсан. Танай хүргэн мотоцикльгүй юм чинь хулгайнх байж таараа гэж портертой ирсэн хүмүүс хэлээд мотоциклио аваад явсан гэсэн. Хадам ээж Д загнахдаа манай гэрийн нэрийг гаргалаа, чи очиж очиж манай хүргэн Эрдэнэбатын ахын мотоциклийг авсан байна гэж хэлтэл Тулгаа яадгийн тэр мотоциклийг хэн ч танихааргүй болгосон гэж хэлсэн гэж байсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 152-153-р хуудас/

 

53. Гэрч Д.Т-гийн ...“Би М.Бтэй ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. 2018 оны 10 сард 2 цагдаа ирээд хар мотоцикль харсан уу, М.Б үлдээсэн байх ёстой гэж хэлж байсан. Нэг хар мотоцикль Бямбажав гэх айлд үлдээсэн сурагтай байсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 158-р хуудас/

 

54. Гэрч Д.Б-ын ...“2018 оны 10 сарын эхээр байх өвөлжөөн дээрээ засвар хийж байх үед манай нутгийн М.Б гэх залуу хар өнгийн Мустанг-5 гэсэн би