| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2026/00866/И |
| Дугаар | 210/МА2026/01278 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/01278
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2026/11942 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
эд хөрөнгө хураах, битүүмжлэх, шинжээч томилсон тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний шинжтэй өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн эд хөрөнгө хураах, битүүмжлэх, шинжээч томилсон тогтоолуудыг нэг өдөр үйлдсэн, үнийн санал аваагүй атлаа шинжээч томилсон, гүйцэтгэх хуудсанд заасан төлбөрөөс илүү үнэлгээ бүхий хөрөнгүүдэд ажиллагаа хийсэн үндэслэлээр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хэргийн үйл баримтыг дутуу тогтоосон, маргаанд эрх зүйн дүгнэлт өгөөгүй зэрэг алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.
3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0602 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 416 дугаар магадлалаар *******-иас 25,752,500 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэжээ.
3.1. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эхэлсэн байх бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч *******д холбогдуулан гүйцэтгэх хуудсанд бичигдсэн төлбөр барагдуулах ажиллагааг явуулж эхэлсэн байна.
3.2. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийтийн 1 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрших 200 м.кв талбайтай хувийн орон сууц, 30 тоот хаягт байрших 695.49 м.кв талбайтай газрыг битүүмжилж, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хураан авчээ.
Мөн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хураан авах тогтоолоор дээрх хувийн орон сууц, газраас гадна морины зүчээ, суурин газрын хамт хураан авсан байна. Энэхүү морины зүчээ, суурин газрыг мөн өдөр битүүмжилсэн болно.
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор морины зүчээ, суурин газрын хамт битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хураан авах тогтоолоос морины зүчээ, суурин газарт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
3.3. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлбөр авагчийн гаргасан хүсэлт, төлбөр төлөгчөөс авсан тайлбарт үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хураан авсан хувийн орон сууц, газрын үнэлгээг тогтоолгохоор ********-ийг шинжээчээр томилж, шинжээч нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хөрөнгийн үнэлгээг тогтоосон байна.
3.4. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдов.
4. Хариуцагч нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч болох ******* эд хөрөнгөөр гүйцэтгэх хуудсанд заасан төлбөрийг барагдуулах ажиллагаа явуулсан байна.
4.1. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийтийн 1 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрших 200 м.кв талбайтай хувийн орон сууц, 30 тоот хаягт байрших 695.49 м.кв талбайтай газрыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хураан авсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Уг тогтоолоос морины зүчээ, суурин газрын хамт хураан авсан ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд хассан байна.
Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхийнхээ дагуу хураан авах тогтоолд өөрчлөлт оруулсан нь 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хураан авах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Харин морины зүчээ, суурин газрын хамт битүүмжилсэн тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хүчингүй болгосон тул үүнийг дахин шүүхийн журмаар хянан шийдвэрлэхгүй.
4.2. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийтийн 1 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрших 200 м.кв талбайтай хувийн орон сууц, 30 тоот хаягт байрших 695.49 м.кв талбайтай газрыг хураан авах ажиллагааны үеэр шийдвэр гүйцэтгэгч нь *******гээс тайлбар авахад тэрээр төлбөр төлөх үндэслэлгүй, тэтгэврээс суутган төлсөн, шүүхэд хандана гэсэн тайлбар өгсөн байна /хх 145/.
Иймд шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаан хугацаанд үргэлжилсэн, төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч төлбөрийг сайн дураар барагдуулах байр суурь илэрхийлээгүй, төлбөр авагч хөрөнгийн үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хураан авсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор мөн өдөр шинжээч томилсныг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь дээрх хуулийн зохицуулалтын агуулгаар төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээтэй холбоотой санал гаргаагүй, эсхүл үнэлгээ тогтоох ажиллагаанд хамтран ажиллаагүй тохиолдолд шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар ******* нь төлбөрийг сайн дураар төлөх, хөрөнгийн үнэлгээний талаар санал гаргасан, эсхүл үнэлгээ тогтоох ажиллагаанд оролцох хүсэл зоригоо илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Түүнчлэн төлбөр авагчийн хүсэлт болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг харгалзан үзвэл шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураан авсан өдөртөө шинжээч томилсон нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг бодитой, шуурхай биелүүлэх зорилгод нийцсэн байна.
4.3. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан төлбөрийн хэмжээнээс өндөр үнэлгээтэй эд хөрөнгөд ажиллагаа явуулсан гэх гомдлыг хангахгүй.
Учир нь хураан авах ажиллагаа явуулах үед тухайн эд хөрөнгийн үнэлгээ тогтоогдоогүй байсан бөгөөд хожим шинжээчээр үнэлгээ тогтоолгосон. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг хэсэгчлэн хураан авах боломжгүй тул зөвхөн төлбөрийн хэмжээнээс өндөр үнэлгээтэй байж болзошгүй гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хууль бус гэж тооцохгүй болно.
4.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцжээ.
Харин шүүх маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглээгүй байгааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн орхигдуулсан үйл баримт болон хууль хэрэглээний дүгнэлтийг нэмж дүгнээд шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2026/11942 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.7 гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Т.БАДРАХ