Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 0277

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х

Улсын яллагч Н.Д

Хохирогч Т.Ү

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад холбогдох эрүүгийн 1925004320281 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г.А

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 12 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт иргэн Т.Үыг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж хуурч 9 000 000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Аг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ “Дахиж ийм хэрэг хийхгүй. Гэмшиж байна. Хохирлыг төлнө” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.Ү мэдүүлэхдээ “Анх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г.А гэх найздаа Эрдэнэт үйлдвэрт оруулж өгүүлэх талаар ажил ярьж 9 000 000 төгрөг өгсөн. Өөрийгөө залилуулж байгаа гэж мэдсэнгүй. Одоогоор хохирол 9 000 000 төгрөгийг барагдуулж аваагүй байна. Эхний шүүх хурал

 

 

 

 

 

 

 

 

болсны дараа надаа 3 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Завсарлаад дараагийн шүүх хурлаас өмнө 1 000 000 төгрөг өгч үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгнө гэж тохиролцсон” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Т.Үын ...“2018 оны 12 сарын 14-ний өдөр найз Дөлгөөнөөр дамжуулан танилцаж байсан Г.А гэх эмэгтэй танай найзуудаас мөнгийг нь өгөөд Эрдэнэт үйлдвэрт ажилд орчих хүмүүс байхгүй юу гэхээр нь би өөрөө орчихоё гэсэн чинь Фабрикт тоног төхөөрөмжний засварчны орон тоо байгаа би чамайг ажилд оруулж өгч чадна чи 9000000 төгрөг өг гэхээр нь би тухайн үед цалингийн зээл аваад Г.Ад 9 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэрнээс хойш би 2019 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл хүлээсэн. Тэрнээс хойш юу болж байгаа талаар асуухад худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-р хуудас/

 

2.  Гэрч А.Т-рын ...“Г.А нь бусдыг ажилд оруулах албан тушаалтан биш, ажилтан авах солих асуудлыг бид мэдэхгүй, зөвхөн хүний нөөцийн хэлтэс л энэ асуудлыг шийднэ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10-р хуудас/

 

3.  Зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 13-р хуудас/

 

4. Т овогтой Т.Үын 5023224350 дугаартай Хаан банкны дансны хуулга, уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 14-15-р хуудас/

 

5. Т.Ү, Г.А нарын хоорондоо харилцсан чат болон мессежний гэрэл зургууд /хх-ийн 16-23-р хуудас/

 

6. Яллагдагч Г.Агийн яллагдагчаар мэдүүлсэн …“би Т.Үыг Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах цехэд ажилд оруулж өгнө гэж хэлээд 9 000 000 төгрөгийг бэлнээр Т.Үаас авсан. Т.Үад худлаа хэлээд авчихсан юм. Надад ямар нэгэн шалтгаан байхгүй, надад мөнгөний хэрэг гараад л худлаа яриад авчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/ “Манай нөхөр нойр булчирхайн хавдартай, мөн хараагүй хөгжлийн бэрхшээлтэй байдаг учраас байнгын хэвтэрт байдаг юм. 2018 оны 12 дугаар сард байрны түрээс төлөх, мөн нөхрийн эмчилгээний зардалд мөнгө зарцуулах, мөн хүмүүсээс зээлж авсан хэд гурван төгрөгөө төлж барагдуулах гээд мөнгөний хэрэг гарсан. Тэр үед 2018 оны зун найзаараа дамжуулж танилцаж байсан Т.Үад үйлдвэрт ажилд орох хүн байна уу гэж асуухад Т.Ү би ажилд ормоор байна гэж хэлсэн. Т.Ү тухайн үед үйлдвэрийн туслах цех буюу РСЦ-д ажилладаг байсан бөгөөд үндсэн цех рүү ороод орондоо ахыгаа оруулмаар байна гэж хэлж  байсан. Тэгээд би Т.Үыг үндсэн цех руу оруулж өгнө гэж хэлээд 9 сая төгрөгийг 4-р микрийн Хаан банкны АТМ дээрээс бэлнээр авсан. Дээрх 9 сая төгрөгийг байрны түрээс, нөхрийн эмчилгээний зардалд зарцуулаад дуусгасан. Т.Үыг ажилд оруулах талаар хэн нэгэн албан тушаалтантай уулзаж байгаагүй, ажилд оруулна гэж анхнаасаа худлаа хэлж мөнгө авсан” гэсэн мэдүүлэг болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д би Прокурорын тухай хуулийн 19, 17 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож байна. Г.А нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн Т.Үыг Уулын баяжуулах  Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэн 9 000 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь Г.Агийн нөхөр нь гэртээ группт буюу хорт хавдар өвчтэй тул ажилгүй байдаг, өр зээлтэй, нөхөр нь гэр хороололд амьдрах боломжгүй учраас байр түрээслэж амьдардаг. Эдгээр шалтгаануудын улмаас мөнгөний хэрэг болсон тул хохирогчийг “Ажилд оруулаад өгье” гэж залилж хуурч мэхлэн 9 000 000 төгрөгийг авсан. Авсан мөнгөө дээрх байдлаар үрээд дуусгасан байдаг. Ямар ч хүнд мөнгөний хэрэг гардаг, хэцүү үе байдаг. Тэр болгондоо бусдыг залилж, хуураад явах юм бол эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, шүүгдэгч гэсэн нэр зүүж Монгол Улсын нэрийн өмнөөс ял шийтгэл оногдуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд энэ шүүх хурал нь Г.Ад үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулах, энэ төрлийн болон бусад гэмт хэргийг үйлдэхгүй байхаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байх ёстой. Энэ тал дээр шүүгдэгч Г.А анхаарах хэрэгтэй. Хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа шүүгдэгч Г.Аг урьдны харьцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан бусдыг хуурч мэхлэн 9 000 000 төгрөг залилан үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хэргийн улмаас хохирогчид 9 000 000 төгрөгийг хохирол учирсан. Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байна. Зээл авч төлнө гэдэг. Шүүх хуралдаан дээр 3 000 000 төгрөг авчирсан ч хохирогчид өгөөгүй байна. Хохирогчид 9 000 000 төгрөгийг Г.Агааас гаргуулж төлүүлэх саналтай байна Шүүхээс Г.Аг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн ял хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид 4 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлөхөө илэрхийлж байгаа. Иймд Г.Аг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна. Торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоногггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна. Хүн залилаад яваад байж болохгүй гэдгийг шүүгдэгч Г.А өөрөө ойлгох хэрэгтэй. Хохирлыг хугацаандаа төлөөд ойлгоод яваасай гэж хүсч байна” гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Үын мэдүүлэг, гэрч А.Төрбаярын мэдүүлэг, зээлийн гэрээний хуулбар, Т.Үын 5023224350 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Т.Ү болон Г.А нарын хоорондоо харилцсан чат болон мессежний гэрэл зургууд, Г.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Г.А нь 2018 оны 12 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд иргэн Т.Үыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж 9000000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Аг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.А  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 сая төгрөгийн хохирол төлсөн бөгөөд 5 сая төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр хохирогчтой тохиролцон, хохирол төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгчээс 5 сая төгрөг гаргуулан хохирогчид олгуулахаар шийтгэх тогтоол дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агаас 5 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Үад олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС