| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0267/Э |
| Дугаар | 0281 |
| Огноо | 2019-10-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 0281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тт холбогдох эрүүгийн 1925000000298 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Б.Т
2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 07 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг Их хаадын цуваа байрны 9а-37 тоот иргэн О.Нгийн гэрт түүний охин Н.Х-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт байхдаа иргэн О.Нгийн гар цүнхэнд байсан 170 швейцарь франк, 52 доллар буюу монгол мөнгөөр 613 300 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “Гэм буруугаа маш их хүлээж байгаа. Дахиж ийм хэрэг хийхгүй. Эхнэр сая төрсөн байгаа. Нялх хүүхэдтэй,
гэр бүлээ би ганцаараа авч явдаг. Эхнэр ажилгүй зэргийг харгалзан үзээд ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Хохирогч О.Н “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч О.Нгийн ...“2019 оны 07 сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд Булган аймгийн Сэлэнгэ сумын баяр наадамд эхнэр бага хүүхдийн хамт явсан. Тэр үед манай том охин Хулан гэрээ хараад үлдсэн юмаа. Эхнэр бид хоёр 2019 оны 07 сарын 26-ны өдөр 22 цаг өнгөрч байхад гэртээ ирж хоноод маргааш өглөө нь том өрөөний сервантан дээр байсан гар цүнхэнд байсан мөнгөө бүртгэж үзэхэд 170 швейцарь франк, 52 доллар зэрэг хулгайд алдсан байсан. Манай том охин Хулан гэртээ байсан. Б.Т миний хохирлыг барагдуулсан. Манай байрны гадаа 2019 оны 08 сарын 05-ны өдөр 600.000 төгрөгийг авч ирж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/
2. Гэрч Н.Х-гийн ... “Манай аавын түрийвч том өрөөний сервант дээр байсан. Б.Т өөрийн утсаа манай гэрт хайж байх үедээ сервантны дээр байсан аавын цүнхнээс юм аваад халаас руугаа хийж байсан. Тухайн үед би нээх юм бодоогүй болохоор аавын цүнхийг шалгаж үзээгүй. А найзтайгаа манай гэрээс явах үед би аавын цүнхийг шалгаж үзэхэд дотор нь байсан франк, доллар бүгд байж байсан. Б.Т аавын цүнхнээс доллар, франкыг хулгайлсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12-р хуудас/
3. Гэрч Ш.Та-ын “...Тиймээ. Би 2019 оны 07 сарын 26-ны өдөр Хүрэнбулаг багт байрлах Худалдаа хөгжлийн банкинд доллар, швейцарь франк зэргийг өөрийн бичиг баримттайгаа очиж солиулсан юм. Солиулаад тэр мөнгийг нь Б.Тт өгөөд би шууд явсан. Би тухайн үед Б.Төөс энэ хэний мөнгө юм бэ гэхэд эгчээс ирсэн юм гэж надад хариулсан. Б.Тийн эгч нь Швед улсад байдаг учраас эгчээс нь ирсэн мөнгө юм байна гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг. /хх- ийн 14-р хуудас/
4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл ...“5 дугаартай теллерийн урд нүдний шилтэй цагаан дээр цэнхэр судалтай хагас ханцуйтай футболктой 20- 25 насны эрэгтэй хүн сууж байх бөгөөд 00:00 секундээс 02:30 секунд хүртэл теллерийн өгсөн баримт болон бэлэн мөнгийг аваад 02:36 секундэд босоод гадагш гарах хаалга руу явсаар 02:42 секундэд хаалгаар гараад явав” тэмдэглэл. /хх-ийн 4-р хуудас/
5. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20-р хуудас/
6. Худалдаа хөгжлийн банкны валют худалдах, худалдан авах маягтын хуулбар /хх-ийн 40-р хуудас/
7. Яллагдагч Б.Тийн ...“13 цагийн үед тэдний гэрээс явах гэтэл миний утас байхгүй байсан. Тэгээд Х бид хоёр миний утсыг хайж байх үед том өрөөний сервантын дээр ил 170 швейцарь франк, 62 доллар байсныг би тухайн үед согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан болохоор тэр мөнгийг би авсан байсан. Тэгээд тэндээс 16 цагийн үед яваад тухайн мөнгийг найз Т-тай Хүрэнбулаг багийн нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкин дээр очиж солиулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15, 16-17-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Т 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг Их хаадын цуваа хотхоны 9а байрны 37 тоотод оршин суух Н-гийн гэрт түүний охин Хулантай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт байхдаа гар цүнхэнд байсан мөнгийг илээр нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдсон. Б.Т нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Х-гийн мэдүүлэг, гэр Тамирын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогч 613 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй байна. Өнөөдрийг шүүх хуралдаанаар Б.Тт ял шийтгэл оногдуулахаас гадна дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж сургамж болоод гарах ёстой. Хүнийг эд зүйлийг авч болохгүй хууль бус үйлдэл гэдгийг ойлгоод гарах хэрэгтэй. Өөрөө дээд боловсролтой, юм хэлэхэд ойлгох ухамсартай хүн. Цаашид аливаа гэмт хэрэгт холбогдохгүй талаар ойлгоод гараасай гэж хүсч байна. Шүүхээс Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нь урьдчилсан цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба, энэ өдрөөс эхлэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хадгалах, түүний иргэний бичиг баримт хэрэгт хавсаргагдаагүй байна.”гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Нгийн мэдүүлэг, гэрч Н.Х, Ш.Т нарын мэдүүлэг, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Худалдаа хөгжлийн банкны Валют худалдах, худалдан авах маягтын хуулбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 07 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг Их хаадын цуваа байрны 9а-37 тоот иргэн О.Нгийн гэрт түүний охин Н.Х-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт байхдаа иргэн О.Нгийн гар цүнхэнд байсан 170 швейцарь франк, 52 доллар буюу монгол мөнгөөр 613 300 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин Б.Т болтол шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС