| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 193/2026/00068/И |
| Дугаар | 210/МА2026/01264 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2026/01264
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 193/ШШ2026/00709 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Хохирол 11,145,481 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******д 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр яаралтай тусламжийн тасагт сувилагчийн албан тушаалд ажиллаж байгаад 2025 оны 11 дүгээр сард жирэмсний болон амаржсаны амралтаа авсан.
1.2. *******т эмнэлгийн магадалгаа хүргүүлсэн боловч жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй гэх хариу өгсөн бөгөөд энэ талаар ажил олгогч нь 2024 оны 10 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй байсан.
1.3. Ингээд эмнэлгийн удирдлагуудтай уулзсан боловч эрүүл мэндийн төвийн санхүүжилт хүрэлцэхгүй, ажилтны цалин хөлсийг тогтмол өгөхийн тулд бусад зардлыг түр хугацаанд хойшлуулсан гэх хариу өгсөн. Гэтэл миний бие cap бүрийн цалин хөлснөөс хуульд заасан хэмжээгээр холбогдох шимтгэлийг суутгуулж байсан атлаа жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадахгүй хохирсонд гомдолтой байна.
Иймд ажил олгогч нийгмийн даатгалын санд хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас тэтгэмж авах боломжгүй болсон тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д зааснаар жирэмсний тэтгэмжид 5,702,339 төгрөг, амаржсаны тэтгэмж 5,443,142 төгрөг нийт 11,145,481 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Тус төвөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд өр үүссэн бөгөөд энэ нь ажил олгогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болоогүй, дараах нөхцөлөөс үүссэн. Үүнд:
2.1.1. 2021 оны 3 дугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн, 2023 оны 7 дугаар сараас эхлэн Сангийн яам болон Эрүүл мэндийн яамнаас зардлын эрхийг нээж эхэлсэн, Засгийн газрын 240 дугаар тогтоолоор 2023 оны 7 дугаар сараас эхлэн ажилтнуудын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн, энэ үед бүхий л санхүүгийн эрхийг хаасан. Эдгээр өөрчлөлтүүдийн улмаас нийгмийн даатгалын шимтгэлд төлөх өр үүссэн.
2.1.2. Мөн 2024 оны 1 дүгээр сард зардлын эрх тавигдсан хэдий ч санхүүжилтэд хязгаарлалт хийж, нийгмийн даатгалын шимтгэлийг 50-56 сая төгрөг төлөхөөр бууруулсан. Гэвч манай байгууллага бодит байдалд нийгмийн даатгалын шимтгэлд 160-180 сая төгрөг зарцуулдаг бөгөөд сард 104-124 сая төгрөгийн өр үүсэх нөхцөл үүссэн.
2.1.3. Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 128 дугаар тогтоолоор цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн боловч суурь үнэлгээ нэмэгдээгүй, мөн оны 382 дугаар тогтоолоор алслагдсан дүүргийн 20 хувийн цалингийн нэмэгдэл олгох шийдвэр гарсан. Гэтэл нөхөн олговор төсвөөс олгоогүйгээс гүйцэтгэлийн санхүүжилтээсээ гарган олгож байгаа нь төсөвлөсөн санхүүжилт хүрэхгүй, хүндрэл үүссэн.
Иймд тус төвөөс тухай бүр, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүргүүлж байсан. Уг асуудлыг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.
2.2. ******* газраас 2025 оны 307 дугаар албан бичгээр өгсөн тайлбартаа “жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх гэдэгт” Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасан. Иймд таны нийгмийн даатгалын шимтгэл 2024 оны 10 дугаар сараас хойш төлөгдөөгүй байгаа нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй байна” гэсэн хариултыг өгсөн байна.
*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой өр нь тус төвийн удирдлага, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас огт шалтгаалаагүй өр бөгөөд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй гүйцэтгэлийн санхүүжилт, Сангийн яамнаас олгож байгаа квоттой холбоотой өр юм.
2.3. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар *******д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үүрэг нь ******* газрын харьяалах ажил, үүрэгтэй холбоотой асуудал тул *******өөс уг тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д зааснаар хариуцагч *******өөс 11,145,481 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,340 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******өөс 198,140 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Тэтгэмж авах эрх үүсээгүй байхад хохирол гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 33 дугаар зүйлийн 33.1.6 дахь хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүснэ. Хэрэгт *******гийн нийгмийн даатгалын шимтгэл 2024 оны 10 дугаар сараас хойш төлөгдөөгүй тул Нийгмийн даатгалын газар албан ёсоор эрх үүсээгүй гэсэн тайлбарыг өгсөн.
4.2. ******* нь *******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, 2024 оны 10 дугаар сараас хойш сангийн яамнаас олгогдсон квот эрхийн дагуу сард 20-213 сая төгрөгийг төлж байснаар нотлогдох бөгөөд энэ нь шимтгэл төлөлтөд холбоотой гэж үзэж байна. *******гийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар ажил олгогч биш, нийгмийн даатгалын байгууллагын бүрэн эрхэд хамаарах бөгөөд нийгмийн даатгалын сангаас олгогдох хуулийн зохицуулалттай. Харин ажил олгогч нь шимтгэл төлөөгүй нь хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэлтэй хэдий ч энэ нь нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэмжийн шинжийг өөрчилж ажил олгогчоор шууд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг орлуулан төлүүлэх эрх зүйн үндэслэл болохгүй.
4.3. Тус төвийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой өр нь тус төвийн удирдлага, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас огт шалтгаалаагүй өр бөгөөд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй гүйцэтгэлийн санхүүжилт, Сангийн яамнаас олгож байгаа квоттой холбоотой өр юм. Иймд ******* газар *******гийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хуульд зааснаар бүрэн олгох ёстой гэж үзэж байна.
4.4. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6 дахь заалтыг хэрэглэхийн тулд юуны түрүүнд ажил олгогч буруутай эсэх, даатгуулагчид тэтгэмжээс гадна хохирол учирсан эсэх, ажил олгогчийн үйлдэл болон нэхэмжлэгчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох шаардлагатай. Хуулийн шаардлагаар энэ гурван нөхцөл байдал заавал тогтоогдох ёстой.
Шимтгэлийн өр нь гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд Сангийн яамнаас тавьсан квот, төрийн санхүүжилтийн саатал, Засгийн газрын шийдвэрүүд зэрэг ажил олгогчийн хяналтаас гадуур нөхцөлөөс үүссэн зэргийг анхан шатны шүүх зөв үнэлж дүгнээгүй, зөвхөн “шимтгэл төлөгдөөгүй” баримтад тулгуурлаж шийдвэр гаргасан.
Эдгээр нөхцөл байдалд холбогдох нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитой үнэлэх зарчим зөрчигдсөн. Мөн уг иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нотлох баримтаар хүргүүлсэн материалд төрийн байгууллагуудын хооронд албан бичиг харилцдаг “E DOC” системээр явуулдаг QR кодтой албан бичгүүд /эх хувь гэж үзнэ болон Сангийн яамны “Е ХУУЛГА” системээс татаж авсан эх хувь материалыг нотлох баримтаар үнэлээгүй талаар уг шүүхийн шийдвэрийн 6.1-д дурдаж, уг иргэний хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын хэмжээнд огт үнэлээгүй.
4.5. Шүүх нэгэн зэрэг “эрх үүсээгүй” гэж тогтоосон “хохирол учирсан” гэж дүгнэсэн нь өөрөө өөрийгөө үгүйсгэсэн. Иймд анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн, шалтгаант холбоог тогтоогоогүй, процессын зөрчил гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Тэтгэмж авах эрх үүсээгүй шалтгаан нь ******* 2024 оны 10 дугаар сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой бөгөөд үүний улмаас ******* жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадахгүй нөхцөл байдал үүссэн.
Энэхүү нөхцөл байдал нь хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан нэхэмжлэгч *******гийн нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолтоор нотлогдоно. Хариуцагч тал нийгмийн даатгалын шимтгэлийг Сангийн яамнаас олгодог санхүүжилт, төсвийн хязгаарлалттай холбоотойгоор хугацаанд нь төлж чадаагүй бөгөөд ажил олгогчийн буруу байхгүй гэж тайлбарлаж байгаа. Мөн сар бүр 20,000,000-213,000,000 төгрөгийн нийгмийн даатгалын өр төлсөн бөгөөд уг төлөлтөд *******гийн нийгмийн даатгалын шимтгэл багтсан гэж тайлбарласан. Гэвч энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь төлөгдсөн гэх 20,000,000-213,000,000 төгрөгийн аль хэсэг нь 2024 оны аль сарын, эсхүл 2025 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд хамаарч байгаа нь тодорхойгүй.
5.2. Түүнчлэн *******гийн нийгмийн даатгалын шимтгэл 2024 болон 2025 онд ямар хэмжээгээр төлөгдсөн, төлөгдсөн өрнөөс хэдэн төгрөг нь *******гийн шимтгэлд тооцогдсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн хариуцагч “ажил олгогчийн буруу байхгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь Сангийн яамнаас олгодог санхүүжилт, төсвийн квоттой холбоотой үүссэн” гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь *******ийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, эсхүл тодорхой хугацаагаар хойшлуулах эрхтэй гэх Сангийн яам, Эрүүл мэндийн яам, эсхүл Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн шийдвэр, чиглэл гаргасан зүйл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
5.3. Хариуцагч тал Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д заасан шаардлага хангагдаагүй гэж тайлбарласан. Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолоор нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн зарим зүйл, заалтыг тайлбарласан. Уг тайлбарт “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй” гэж нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх ажиллагааг ажил олгогч уг хуульд заасан хэмжээ, хугацаа, журмын дагуу явуулаагүй, эсхүл зөрчиж явуулсныг ойлгоно” гэж тодорхойлсон. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт ажил олгогчийн хүлээх үүргийг хуульчилсан бөгөөд 32.2.2-т “орон тоо, цалин хөлсний сан болон түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл хариуцагч ******* нь 2024 оны 10 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй байгаа нь ажил олгогчийн буруугаас шимтгэл төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй.
5.4. *******өөс гаргаж өгсөн, төрийн байгууллагуудын дотоод харилцаанд ашиглагддаг EDOC болон EHUULGA системээс татан авсан гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй. Иймээс анхан шатны шүүх эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлээгүй нь хуульд нийцсэн. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан жирэмсний тэтгэмж 5,702,339 төгрөг, амаржсаны тэтгэмж 5,443,142 төгрөг нийт 11,145,481 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.4 дэх хэсэгт хамаарах тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх нэхэмжлэлийг хүлээн авч, ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно.
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2025 оны 11 дүгээр сард жирэмсний болон амаржсаны амралтаа авч, эмнэлгийн магадалгааг нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлсэн боловч ажил олгогч ******* нь 2024 оны 10 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байснаас дээрх тэтгэмжийг олгохоос татгалзсан тул тэтгэмжийн хэмжээгээр учирсан хохирлыг ажил олгогчоор төлүүлнэ гэж, харин хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нь өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэх агуулгаар маргасан байна.
Өөрөөр хэлбэл, талууд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6, 33 дугаар зүйлийн 33.1.6 дахь хэсэгт заасан эрх, үүргийн хүрээнд маргажээ.
4. Харин ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй буруутай үйл ажиллагааны улмаас нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулийн дагуу ажилтанд тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэмжийн хэмжээгээр ажил олгогч нь Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зохицуулалтаар эд хөрөнгийн хариуцлага хүлээх болохыг Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолоор тайлбарласан.
4.1. Энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар1 бүлэгт заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэргийг хянан шийдвэрлэх байжээ.
Мөн нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлага гаргасан боловч энэ нь ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаан биш хохирол гаргуулахтай холбоотой шаардлагын үндэслэл болсон байх тул бие даасан шаардлага гэж тодорхойлохгүй болохыг шүүх анхаараагүй байна.
5. Хэдийгээр Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх тусгайлсан болон ердийн журмын аль алинаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боловч иргэний хэрэг үүсгэх хугацаа, хариу тайлбар гаргах хугацаа, зарим төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх эсэх, хэргийг шүүгч дангаар эсхүл бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх эсэх, шүүхийн шийдвэрийг гардуулах хугацаа, давж заалдах журмаар гомдол гаргах, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох журам зэрэг нь ялгаатай зохицуулагдсан.
Түүнчлэн тус шүүхийн хувьд харьяалал зөрчиж тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тохиолдолд зохих захирамж гаргаж ердийн журмаар үргэлжлүүлж болох боловч ердийн журмаар явуулж буй ажиллагааг тусгайлсан журамд шилжүүлэх зохицуулалт хуульд тусгагдаагүй.
5.1. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн харьяалал зөрчсөн зөрчлийг залруулж, хэргийн харьяаллыг өөрчилж, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
6. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд материаллаг хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 193/ШШ2026/00709 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох хохиролд 11,145,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Т.ГАНДИЙМАА