Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ХШТ/11

 

Ч.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогч Ц.Б-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаар магадлалтай Ч.Г-д холбогдох 2336 00382 0013 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны ... дугаар сарын ...-ний өдөр Ховд аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., ...-ийн хамт Ховд аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овгийн Ч-ийн Г (РД: ... ).

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Ч.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 01 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт орших Ховд аймгийн Цагдаагийн газрын нэгдүгээр давхарт тодорхойгүй шалтгааны улмаас хохирогч Ч.Б нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хацарт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Г-оос 1.100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Б-т олгож, нэхэмжлэлээс 182.350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “... “Ц.Б-ын зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” (xx 52-53), гэрч Ц.А “2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би томилогдсон хуваарийн дагуу Эрүүлжүүлэх, саатуулах байранд 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ хугацаанд 27-28-нд шилжих шөнийн 01:10 цаг өнгөрч байх үед ахлах дэслэгч Т.Б нэг залуу дагуулж орж ирээд согтолтыг тодорхойлуулсан. Тухайн үед түүний согтолтыг тодорхойлох зорилгоор драйгер үлээлгэхэд нүүрэндээ барьж байсан хар өнгийн маскаа авахад зүүн хацар шалбарсан, цус нөждөө хутгалдсан байсан. Тухайн иргэн 2 хүнээр зодуулсан тухай хэлж байсан. ... Иргэн Ц.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хүнд зэргийн согтолттой, хар өнгийн маск нүүрэндээ барьсан, зүүн талын хацар нь шалбарсан байдалтай байсан” (xx 17-18),

гэрч Т.Б “... 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 08 цагаас 2023 оны 10 сарын 28-ны өдрийн 08 цаг хүртэл Ховд аймгийн цагдаагийн газрын жижүүрийн хэрэг бүртгэгчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2023 оны 10 сарын 27-28-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед Ц.Б гэх залуу цагдаагийн газарт ирээд “Би хүнд зодуулчих шиг боллоо” гэхээр нь согтолтыг нь тодорхойлоод “Таны биед ил харагдах гэмтэл бэртэл байхгүй байна, та хүлээж бай” гэж хэлчихээд дуудлагад яваад буцаж иртэл “Хүнтэй зодолдсон” гээд цагдаагийн Б байранд байх манай өрөөнд ороод, саатуулах байр руу ороод юу болсон талаар тодруулахад “Ч.Г гэх залуутай маргалдаад намайг цохичихлоо” гэхээр нь Ч.Г гэх залуугаас юу болсон талаар асуухад “Надтай хэрүүл маргаан үүсгэсэн, хэл амаар доромжлоод байхаар нь нэг удаа гараа цохилоо” гэж тайлбар хэлж байсан” (хх 38),

үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 01:17 цагт ахлах дэслэгч Т.Б иргэн Ц.Б-ыг дагуулан орж ирэх ба иргэн Ц.Б нь хар өнгийн маскаар нүүрээ дарсан байдалтай байх ба цагдаагийн ахлагч Ц.А согтолт тодорхойлох багажаар үлээлгэж байх ба үлээлгэх хугацаанд иргэн Ц.Б-ын зүүн хацар нь гэмтэж, цус гоожсон байдалтай байна. Мөн тус өдрийн 01:45 цагт цагдаагийн ахмад С.Ц иргэн Ч.Г-ыг дагуулан орж ирээд согтолтыг нь ахлагч Ц.А тодорхойлох ба тэмдэглэл үйлдэн 01:52 цагт саатуулж байна. Мөн иргэн Ц.Б-ыг 01:58 цагт ахлах дэслэгч Т.Б дагуулан авч орж ирээд саатуулж байна” гэх тэмдэглэл (хх 22-23),

хохирогч Ц.Б өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн хамт өгсөн “... нэг залуу “Гал байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “Тамхи татдаггүй” гэж хэлэхэд “Та гал харамлалаа” гээд намайг цохих гэхэд би булттал дагз руу 2 удаа цохичихсон. Тэгээд миний хамар руу гараараа 1 удаа цохисон. Миний хамраас цус гараад “Яаж байна дүү” гэхэд тэр залуу зугтаачихсан. Тэгээд би цагдаа оруулаад өгөөч гээд такси бариад үүдэн дээр нь ирсэн. Тэгэхэд надад хар өнгийн маск өгөөд буулгасан. Тэр маскийг зүүгээд жижүүр дээр ирээд дуудлага өгсөн. Тэгээд намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар асуугаад эрүүлжүүлэх дотор оруулаад согтолт тодорхойлох гэхээр нь би “Хүнд зодуулчихаад энийг үлээгээд хономооргүй байна, маргааш ирээд учраа олчихъё” гээд гуйхад “Маргааш ирж болно” гээд намайг явуулсан. Тэгээд би зогсоол дээрээс такси барих гээд явж байхад Ч.Г гэдэг таньдаг залуу таксинаас бууж ирээд мэнд ус мэдэлцээд жаахан маргалдсан. Тэгээд “Цагдаа дуудчихъя” гэхэд Ч.Г “Тэгвэл цагдаа орчихъё” гэсэн. Тэгээд бид хоёр цагдаа руу орсон. 2-3 цагдаа байсан. “Та хоёр хоёулаа уусан юм биш үү, учир зүйгээ олооч” гэсэн. Тэгээд байж байтал нэг тас гээд Ч.Г намайг цохиод авсан. Тэгээд ахмад С.Ц “Чамайг сая явуулж байхад буцаад ирлээ” гээд намайг бас эрүүлжүүлж хоносон”, “...Асуулт: Та Ч.Г-той таарч ирэхээсээ өмнө цагдаагийн байгууллага дээр ирэхдээ таны зүүн хацар шалбарсан байсан талаар ярина уу, Хариулт: Би тухайн үед хацар шалбарсан гэж ойлгоогүй, тэр хүн хамар руу цохисон гэж ойлгосон” (хх 13) гэх мэдүүлэг авагджээ.

Дээрх баримтуудаар хохирогч Ц.Б нь 2023 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллага дээр 2 удаа ирсэн байх ба эхний удаа 01:17 минутад ирэхдээ бусдад зодуулж, таксигаар цагдаагийн газар дээр ирээд, улмаар таксины жолоочоос хар өнгийн маск авч, хацрын шалбархайгаа далдалж орсныг ахлах дэслэгч Т.Б саатуулах байранд оруулан ахлагч Ц.А согтолтыг нь тодорхойлох зорилгоор драйгер үлээлгэх үедээ маскийг нь авахад хацар дээр нь шалбарсан шархтай байсан болох, тухайн үед хохирогч Ц.Б-ыг бусдад зодуулсан байсан тул буцааж явуулсан. Дараагийн удаа 01:45 минутад ирэхдээ хохирогч Ц.Б нь цагдаагийн газраас гараад зогсоол дээр шүүгдэгч Ч.Г-той таарч, улмаар маргалдаж дахин цагдаагийн байгууллага дээр хоёулаа очиж, тэнд шүүгдэгч Ч.Г түүнийг 1 удаа цохисон. Улмаар Ч.Г, Ц.Б нарыг эрүүлжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Гэтэл шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг дүгнэхдээ дээрх ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг буюу хохирогч Ц.Б-ын эхний удаа цагдаагийн байгууллага дээр ирэх үедээ зүүн хацар хэсэгтээ шарх учирсан байсан нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь буюу гэрч Ц.А-ийн мэдүүлэг, эрүүлжүүлэх байрны камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа болон нотлох баримтаар тооцож байгаа эсэх нь тодорхойгүй, мөн хохирогч Ц.Б-ыг зүүн хацар хэсэгт учирсан шархнаас бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт дангаараа хамаарах эсэхийг тогтоолгүйгээр гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн 39.7, 39.8-д заасны дагуу ойлгоно” гэж заасан байх бөгөөд 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол буруу хэрэглэсэн гэж үзэхээр заажээ.

Гэтэл Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлоогүй байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хохирогч Ц.Б-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч Ч.Г-д холбогдох хэргийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд шинээр нотлох баримт шаардлагатай гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 удаа шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогчийн биед шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Ч.Г-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болсон. Шүүгдэгч Ч.Г нь анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн гэм буруугийн хувьд маргаж оролцсон байдаг. Мөн давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга ч ижил байдаг. Хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогч хоёр хүнд зодуулсан үйл баримт байдаг ч тухайн цагдаагийн алба хаагчтай харьцаж байсан Цагдаагийн байгууллагын алба хаагчийн СД бичлэг болон тухайн үед жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдэд яригдсан цаг хугацаагаар хөөвөл шүүгдэгч Ч.Г хохирогчийн зүүн хацарт цохисон үйл баримт тодорхой харагддаг. Энэ нөхцөл байдлаар Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Харин хоёр шатны шүүхээс хохирогч Ц.Б-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 1,100,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Г-оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байхад хэрэгт мөрдөгч "Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоосон нь дээрх хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Шүүх шинжилгээний тухай хууль  2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсанаас хойш тухайн хуулийг хэрхэн хэрэглэх талаар хяналтын шатны шүүхээс хоёр өөр агуулга бүхий шийдвэр гарсаар ирсэн. Гэхдээ сүүлийн байдлаар хяналтын шатны шүүхээс Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрхэн ойлгож хэрэглэх талаар хууль хэрэглээний практик тогтоосон байхад хоёр шатны шүүхээс өөрөөр тайлбарлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нь энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид хамаарахгүй бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн хохирлын хэмжээ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Г-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ын сэтгэцэд хор уршиг учирч болох бөгөөд энэ нь тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоо байхгүй байна гэж харж байгаа. Харин энэ нь бусад хохирлын асуудалд хамаарч байх тул заавал эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх шаардлагагүй юм. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тайлбарт тодорхой тусгагдсан байна. Үүний агуулгыг үзэхээр иргэний журмаар жич нэхэмжлэх боломжтой байна гэж үзэж байна. Яагаад гэвэл хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын 5 дахь заалтад сэтгэцийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ заалтад сэтгэцэд хохирол учирсан гэж үзвэл хохирогч иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх гэсэн өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ч.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2.Эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, цагаатгах, эсхүл шийтгэх тогтоол гаргахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, хангалттай буюу гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн байх учиртай.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Ч.Г нь хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдалтай холбоотой хохирогч, шүүгдэгч нар болон гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд цагдаагийн газарт албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдаас мэдүүлэг авч, хохирогчид учирсан гэмтлийн зэргийг тодорхойлуулахаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн бол хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш нэр бүхий гэрчүүдээс шинээр болон дахин мэдүүлэг авч, хохирогчид гэмтэл учирсан цаг хугацааг нарийвчлан тодорхойлуулахаар нэмэлт шинжилгээ хийлгэсэн тул хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний нотлох баримтууд цугларсан байна гэж үзэв.

 

3.Прокуророос Ч.Г-ыг 2023 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Наран баг, Ховд аймгийн Цагдаагийн газрын 1 дүгээр давхарт хохирогч Ч.Б-ын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хацарт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна.

 

Хоёр шатны шүүх болсон үйл баримт, үйлдэл, үр дагаврын шалтгаант холбоог тогтоогдсон гэж үзэж, эрх зүйн дүгнэлт хийхдээ, яллах болон цагаатгах нотлох баримтуудыг бодитой үнэлж чадаагүйн улмаас хэргийн үйл баримтыг эргэлзээгүй байдлаар сэргээн тогтоож чадаагүй байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан этгээдийн гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байх ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь дан ганц шүүгдэгч Ч.Г-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хангалттай тогтоогдоогүй, уг гэмтлийг өөр бусад хүн учруулсан байж болзошгүй талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зэргээс үзэхэд тухайн гэмтлийг гарцаагүй Ч.Г учруулсан гэж тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхад шүүх гэм буруутай гэж дүгнэсэн нь эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2023 оны 10 дугаар сарын 27-оос   28-нд шилжих шөнө хохирогч Ц.Б нь таксины зогсоол дээр шүүгдэгч Ч.Г-той таарч маргалдсан, улмаар Ховд аймгийн Цагдаагийн газарт очиход Ц.Б нь Ч.Г өөрийг нь цохисон талаар хэлэхэд Ч.Г “Өөрийг нь цохиогүй байхад цохилоо гэж хэллээ” гэсэн шалтгаанаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохисон үйл баримт тогтоогджээ.

 

5.Харин шүүгдэгчийн ийнхүү цохисон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх талаар дараах үндэслэл бүхий эргэлзээ үүсч байна гэж хяналтын шатны шүүх үзлээ.

 

Мэдүүлгийн нотлох баримт нь мэдүүлэг өгөгч мэдүүлэг өгөх цаг хугацаанд ядарсан, согтуурсан байсан, эсхүл хэргийн талаарх хувийн ашиг сонирхол, ой тогтоолт зэрэг дотоод шалтгаанаас хамаарч хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тусган тогтоосон байдалд тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч болдог.

 

Харин компьютер техник, тоног төхөөрөмжөөс бэхжүүлсэн нотлох баримт нь мэдүүлгийн нотлох баримттай харьцуулахад нотломжийн түвшин харьцангуй өндөр буюу тэдгээрт тусгагдсан, бичигдсэн үйл явдал, эд зүйлс, мэдээллийг зохиомлоор урьдчилан бэлтгэх, өөрчилснөөс бусад тохиолдолд эргэлзээ үүсгэдэггүй болно.

 

Тодорхой үйл баримтын талаар өөр, өөр зүйлийг мэдүүлсэн баримтат мэдээллийг шалгаж үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг нэгэн ижил шалгуураар хэмжих ёстой бөгөөд аль нэг нотлох баримтад илүү ач холбогдол өгч нөгөөг нь үгүйсгэх бус харин бодит үнэнийг таньж олох, тогтооход ашигладаг эрх зүйн болон логик дүгнэлтэд үндэслэсэн дотоод итгэлээр үнэлэх ёстой байдаг.

 

6.Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ч.Г-той уулзахаас өмнө үл таних хүнд цохиулсан талаар “... “Та гал харамлалаа” гээд намайг цохих гэхээр нь булттал миний дагз руу хоёр удаа цохичихсон. Тэгээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. ...” (хавтаст хэргийн 13 дахь тал), “... нэг залуу ирээд гал асуухаар нь “Гал байхгүй” гэтэл “Гал харамлаад байгаа юм уу” гэж хэлээд миний хамар хэсэг рүү нэг удаа цохиж, хамраас цус гаргаад зугтаачихсан ...” (хавтаст хэргийн 34 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт “... “Ах гал байна уу” гэхээр нь “Ах нь тамхи татдаггүй юм, гал алга” гэхэд “Галгүй явж байдаг” гээд хамар руу нэг цохиод, тонгойх хооронд дагз руу хоёр удаа цохиод гүйсэн ...” (хавтаст хэргийн 155 дахь тал) гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар хохирогч Ц.Б нь шүүгдэгч Ч.Г-д цохиулахаас өмнө үл таних хүнд цохиулсан талаарх үйл баримтыг хоёр шатны шүүх үндэслэлтэй тогтоож, тус тусын шийдвэрүүддээ дүгнэсэн байна.

 

Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхүүд хохирогч Ц.Б нь Ч.Г-д цохиулахаас өмнө өөр хүнд цохиулсан байж болзошгүй буюу хэрэгт авагдсан өөр нөхцөл байдлуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд шалгасны үндсэн дээр бодит байдлыг тогтоох үүргийг хангаагүй, яллах талын нотлох баримтыг дангаар нь үнэлж, хэргийн бодит байдал гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

 

7.Хэрэг үйлдэгдсэн гэх Ховд аймгийн цагдаагийн газрын “хүлээлгийн өрөө”-ний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг шинжлэн судлахад хохирогч Ц.Б нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 01:17:57 цагт (бичлэгт тусгагдсан цагаар) хар өнгийн амны хаалтаар нүүр хэсгээ дарж орж ирсэн, 01:18:35 цагт гэрч, цагдаагийн ахлагч Ц.А хохирогчоор драйгер үлээлгэхэд амны хаалтыг авсан ба энэ үед түүний зүүн хацар дээр шарх бүхий гэмтэл учирсан байсан болохыг тэрээр харсан талаар “... Тухайн хүний согтолтыг тодорхойлох зорилгоор драйгер үлээлгэхэд нүүрэндээ барьж байсан хар өнгийн маскаа авахад зүүн хацар шалбарсан, цус нөждөө хутгалдсан байсан. ... Иргэн Ц.Б нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, хүнд согтолттой, хар өнгийн амны хаалт нүүрэндээ барьсан, зүүн талын хацар нь шалбарсан байдалтай байсан. ...” гэж тодорхой мэдүүлсэн, дээрх нөхцөл байдал нь эрх бүхий албан тушаалтны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-23 дахь тал)-ээр давхар нотлогджээ.

 

Гэтэл анхан, давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдалтай огт нийцэхгүй буюу “... бичлэгт бичигдсэн үйл баримтыг шүүх хуралдаан дээр шинжлэн судалж үзэхэд тухайн бичлэгээр бэхжүүлэгдсэн үйл баримтаар хохирогч Ц.Б-ын “зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал” гэх шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон гэмтэл нь түүнийг 2023 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 01:17 цагийн үед Ховд аймгийн Цагдаагийн газарт орж ирэхэд үүссэн байсан гэмтэл гэж үзэх боломжгүй байна ...” гэсэн хэргийн бодит байдалтай нийцэхгүй, ташаа дүгнэлт хийсэн байна.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын үүднээс хийгдэх шүүхийн үйл ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон, түүнд ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад мөн адил чиглэгдэх ёстой болохыг анхаарч, уг ажиллагааны үр дүнд цугларсан бүхий л  нотлох баримтыг шалгасны эцэст гэм буруутай болох нь нотлогдоогүй, энэ талаар эргэлзээ үүсвэл хэрэгт холбогдсон тухайн хүнд ашигтай байдлаар шийдвэрлэх нийтлэг үндэслэлийг баримтлах чиг үүргийг шүүх хүлээдэг.

 

Өөрөөр хэлбэл, хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “In dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан дүгнэлт хийвэл зөвхөн шүүгдэгч Ч.Г-ын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсч байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцнэ.

 

Иймд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын хамтран гаргасан “... шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон нотлох баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтээ тодорхойлоогүй ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, Ховд аймгийн Прокурорын газраас Ч.Г-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

9.Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1979 оны 34/169 дүгээр тогтоолоор баталсан “Хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйн дүрэм”-ийн дагуу хууль сахиулах байгууллагын ажилтнууд гагцхүү нэн шаардлагатай тохиолдолд, үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хэр хэмжээгээр л хүч хэрэглэж болох ба ямар ч тохиолдолд зүй зохистой хэмжээнээс давах ёсгүй юм.

 

Мөн Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар аливаа этгээд нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, саад учруулсан тохиолдолд л албадан гүйцэтгэх, хүч хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.

 

Хэрэгт авагдсан камерын бичлэгээс үзэхэд цагдаагийн газрын байранд шүүгдэгч Ч.Г нь саатуулагдахын өмнө цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг зориуд биелүүлээгүй, саад учруулсан үйлдэл хийгээгүй байхад нэр бүхий цагдаагийн албан хаагч нь түлхэж унагаах, толгой дээрээс нь дарах, түлхэх зэргээр түүнтэй зүй бус харьцжээ.

 

Хэдийгээр цагдаагийн албан хаагчийн энэхүү үйлдэл нь хэргийн үйл баримтыг өөрчлөхгүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй боловч эрх бүхий албан тушаалтан, төрийн албан хаагч нь дээрх байдлаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, аливаа дарамт шахалт үзүүлэх нь үл хүлээн зөвшөөрөгдөх хууль бус үйлдэл болохыг зориуд тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Ч.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

 

ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

 

Б.БАТЦЭРЭН

 

М.ПҮРЭВСҮРЭН

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ