Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1443

 

                                                                  

 

 

 

 

 

Д.Хосбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04251 дүгээр шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: Д.Хосбаярын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Б.Баярмагнайд холбогдох

 

Орон сууцнаас албадан нүүлгүүлэх тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Нямдорж,

         Хариуцагч: Б.Баярмагнай,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 12 дугаар сарын 15-нд иргэн Дэлгэрмөрөнгөөс Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 56в байр, 5 тоотод байрлах 130 м.кв байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан. Дэлгэрмөрөнд 68 000 000 төгрөгийг дансаар, үлдэх 22 000 000 төгрөгт бартераар 2 машин оролцуулж өгсөн. Нийт 90 000 000 төгрөгийг давхар зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. 2016 оны 3 дугаар сарын 15-нд зээлийн гэрээний хугацаа дуусахад Дэлгэрмөрөн надад зээлийн эргэн төлөлт хийхгүй болохоор, байраа авна гээд очиход Б.Баярмагнай гэдэг хүн байранд амьдарч байсан. Б.Баярмагнайд орон сууцыг худалдаж авсан учраа хэлээд “байрандаа ормоор байна” гэхэд энэ хүн “Сайхан тэнгэр” ХХК-тай гэрээ байгуулсан, зуслангийн байрыг баригдаж дуустал гарах боломжгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би өөрийн худалдаж авсан байрандаа орох хүсэлтэй байна. Б.Баярмагнай болон “Сайхан тэнгэр” ХХК-ийн хоорондын гэрээ надад хамааралгүй. Тэр зуслангийн байрыг нь очиж үзэхэд барилгын ажил нь 80 хувьтай байсан. Барилгын ажил зогссон гэдэг нь худлаа, иймд Баярмагнайг нүүлгэн гаргаж байрыг минь чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 56в байрны 5 тоот орон сууцанд гэр бүлээрээ амьдардаг. Манай гэр бүлийн өмч бөгөөд байраа жижигрүүлэх зорилгоор орон сууцаа зарах зар өгсөн байсан юм. Зарын дагуу “Сайхан тэнгэр” ХХК-ийн эзэд гэх Дэлгэрмөрөн, Цэнд-Аюуш нар удаа ирж уулзаад 260 000 000 төгрөгөөр худалдахаар үнэ тохирсон. Орон сууцны гэрчилгээ манай эхнэр Бодьгэрэлийн нэр дээр байдаг тул 3 төрлийн гэрээг эхнэртэй байгуулсан. “Сайхан тэнгэр” ХХК-ийн барьж байгаа орон сууц удахгүй ашиглалтанд орно гэж зуслангийн байрнаасаа 102.8 м.кв байрыг санал болгож, зөрүү 100 000 000 төгрөгийн тооцоог бэлэн хийхээр тохирсон боловч одоо хүртэл байр ч байхгүй, мөнгө ч байхгүй өөрсдөө олдохгүй алга болсон. Тухайн үедээ бидний амьдарч байгаа орон сууцыг өөрсдийн нэр дээрээ шилжүүлж өгөөч, барьцаанд тавьж мөнгийг хурдан өгье гэж гуйсаар байгаад манай байрны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулаад түүнээс хойш 100 000 000 төгрөг ч өгөөгүй алга болсон. Зуслангийн байр ашиглалтанд орох хүртэл биднийг байрнаас гаргахгүй, манай байрыг зарахгүй гэж тохирсон байсан. Бид байр хугацаандаа ашиглалтанд ороогүй учраас 3 гэрээгээ хүчингүйд тооцуулах, өөрсдийн гэрчилгээг буцааж нэр дээрээ болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ хооронд Д.Хосбаяр гэдэг хүн ирээд энэ байрыг худалдаж авсан, байраа авна гэж хэлсэн. Бид шүүхээр асуудлаа шийдтэл энэ байрнаас гарах боломжгүй, Дэлгэрмөрөн биднийг залилсан байна. Өмнөх шүүх хуралдааны дараа “Сайхан тэнгэр” ХХК-ийн хуулийн зөвлөх над руу ярьж, Д.Хосбаяртай хийсэн гэрээ хуурамч, Оюундарь гэж хүнээс мөнгө авсан энэ хүнийг шүүхэд өгсөн байгаа. Та нарыг байрнаас гаргахгүй гэсэн. Би эдгээр хүмүүсийг хоорондоо холбоотой гэж бодож байна. Энэ хүмүүс 3 сарын хугацаатай зээлийн гэрээ хийхээсээ өмнө худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь анхнаасаа үгсэн тохиролцоод энэ байрыг түр хүний нэр дээр шилжүүлсэн гэдэг нь батлагдаж байна. Тийм учраас бид өөрсдийн байрнаас гарахгүй гэжээ.

                                                                                                                                                

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д  зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 56в байрны 5 тоот сууцнаас Б.Баярмагнайг албадан нүүлгэхийг хүссэн Д.Хосбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Хосбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие  Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 56в дугаар байр, 5 тоотод байрлах 130 м.кв орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. Би Б.Баярмагнайтай орон сууцны талаар маргаан байхгүй, зөвхөн Дэлгэрмөрөнгөөс худалдан авсан. Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар миний өмчлөх эрх хөндөгдөж байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

           

                                                                   ХЯНАВАЛ:

                                        

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Хосбаярын нэхэмжлэлтэй, Б.Баярмагнайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Нэхэмжлэгч Д.Хосбаяр нь хариуцагч Б.Баярмагнайд холбогдуулж орон сууцнаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Хосбаяр нь “… 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  “Сайхан тэнгэр” ХХК-ийн захирал Ц.Дэлгэрмөрөнтэй худалдах, худалдах авах гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 56В байр, 5 тоотод байрлах 130 м.кв, 3 өрөө орон сууцыг 90 000 000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн эрх миний өмчлөлд шилжсэн. Уг орон сууцанд Б.Баярмагнай хууль бусаар амьдарч байна …” гэж,

Хариуцагч Б.Баярмагнай нь “… дээрх орон сууц нь манай гэр бүлийн дундын өмч бөгөөд эхнэр Б.Бодьгэрэлийн өмчлөлд бүртгэлтэй байсан. “Сайхан тэнгэр” ХХК-ийн захирал Ц.Дэлгэрмөрөн нь орон сууцыг 260 000 000 төгрөгөөр худалдаж авна, төлбөрийг төлөхийн тулд барьцаанд тавих шаардлагатай гэж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг компанийнхаа нэр дээр шилжүүлсэн. Гэвч одоо болтол төлбөрөө төлөөгүй атлаа Д.Хосбаярт орон сууцыг худалдсан байх тул “Сайхан тэнгэр” ХХК-тай байгуулсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан …” гэж тус тус тайлбарлажээ.

 

Энэхүү маргааны үндэслэл болсон орон сууцны арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Баярмагнайн эхнэр Б.Бодьгэрэл нь “Сайхан тэнгэр” ХХК-д холбогдуулж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 49-52  дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Хосбаярын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон орон сууцны өмчлөх эрх шилжсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой өөр хэргийг шүүх шийдвэрлэж байх тул нэхэмжлэгч Д.Хосбаярын нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр Д.Хосбаярын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04251 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Б.Баярмагнайг орон сууцнаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэгч Д.Хосбаярын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1,  59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Хосбаяраас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             Н.БАТЗОРИГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА  

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ